Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2024/0304

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э******* ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамноров нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/8******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах

2. Хэргийн үйл баримт, процессын түүх:

2.1. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/913 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 105,186 м.кв газрыг Э******* ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэжээ.

2.2. Маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/8******* дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5 дахь заалтыг тус тус үндэслэл болгон Э******* ХХК нь газрын төлбөр, газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлж барагдуулах удаа дараагийн мэдэгдэлд заасан хугацаанд газрын төлбөр, газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэсэн үндэслэлээр Э******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон.

2.3. Нийслэлийн Газар зохион байгуулалтын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01-08/1558 тоот албан бичгээр дээрх захирамжийг нэхэмжлэгч Э******* ХХК-д мэдэгдсэнээр нэхэмжлэгч нь шүүхэд 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

3. Нэхэмжлэгч Э******* ХХК-иас шүүхэд бичгээр ирүүлсэн болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

3.1. Тус компани нь Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт мод үржүүлэг, ногоон төгөл байгуулах зориулалтаар нийт 105186 м2 газрыг Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 сарын 26-нд "Газар эзэмших эрх олгох тухай" А/913 тоот захирамжаар нэгж талбарын 1332705629 дугаартай газрыг эзэмших эрхийн гэрчилгээний дагуу эзэмшиж ирсэн.

3.2. Уг хүчингүй болгох захирамжийн 1-р хэсэгт "газрыг эзэмшигч "*******" ХХК нь газрын төлбөр болон газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлж барагдуулах удаа дараагийн мэдэгдэлд заасан хугацаанд газрын төлбөр болон газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй байх тул газар эзэмших эрхийг дуусгавар болгосугай "гэжээ. Энэ үед хөл хорио болон хязгаарлалтын дэглэм үйлчилж байсан учраас Газар зохион байгуулалтын албанд утсаар ярьж мэдэгдэх гэтэл утсаа огт авахгүй байсан.

3.3. Ингээд 2022 оны 8 сарын 09-ний өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас хариу хүргүүлэх тухай гэсэн албан бичиг ирсэн байх бөгөөд уг бичигт "Нийслэлийн дотоод аудитын газрын улсын байцаагчийн 2020 оны 12 сарын 07-ны өдрийн 16-38/03 дугаар бүхий шаардлагаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 36 дугаар зүйлийн 36.1-т заасны дагуу мөн газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлж барагдуулах дүгнэлт гарсан гэж үндэслэлээ тайлбарлан хүргүүлэн сонсох ажиллагааг хийсэн гэж үзээд эрхийг цуцалсан байна. Үнэхээрийн хууль бус захирамж гаргасан гэж үзнэ. Учир нь энэхүү Нийслэлийн засаг даргын захирамж нь 2021 оны 10 сарын 28-ны өдөр гарч байхад манай компанид огт мэдэгдээгүйгээс гадна үүнээс хойш 2022 оны 8 сарын 1-ны өдрийн 01-09/3966 тоот хариу хүргүүлэх тухай мэдэгдэл нь ирж Газар эзэмших нөхцөл бүрдсэн байгааг мэдэгдье " гэжээ. Гэтэл манай компаниас захирамжийн гол үндэслэл болгосон Нийслэлийн дотоод аудитын газрын улсын байцаагчийн 2020 оны 12 сарын 07-ны өдрийн 16-38/03 дугаартай албан шаардлагаар дуудлага худалдааны анхны үнийг төлж барагдуулахыг шаардсан гэх тул арга буюу уг албан бичигт дурдсан Нийслэлийн Дотоод аудитын албанд хандан улсын байцаагчийн дүгнэлт, түүнд манай компани багтсан эсэхийг тодруулах хүсэлтийг гаргасан байдаг.

3.4. Ингээд Нийслэлийн дотоод аудитын албанаас 2022 оны 12 сарын 02-ны өдрийн 2/222 дугаартай албан бичгийн хариуг ирүүлсэн байдаг. Уг хариунд улсын ахлах байцаагчийн 2020 оны 12 сарын 07-ны өдрийн "Зөрчил арилгуулах тухай" 16- 28/03 дугаартай албан шаардлагад манай компани багтаагүй болохыг мэдэгдсэн байсан. Гэтэл Нийслэлийн Засаг дарга нь 2021 оны 10 сарын 28-нд А/8******* тоот хууль бус захирамж гаргасан тул тус компаниас удаа дараагаар энэхүү захирамжаа эргэн харахыг хүссэн албан бичгийг явуулсан боловч одоог хүртэл хариу ирээгүй юм. Харин 2023 оны 4 сарын 17-ны өдөр гэнэт Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын албанаас 01-08/1558 тоот Захирамж хүргүүлэх тухай албан тоотыг ирүүлсэн байх ба уг албан бичигт "Нийслэлийн засаг даргын 2021 оны А/8******* дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгон шийдвэрлэсэн байна" гэжээ.

3.5. Гэтэл манай компанийн зүгээс 2020 оны 12 сарын 7-ны өдрийн Нийслэлийн дотоод аудитын албаны улсын байцаагчийн "Зөрчил арилгуулах тухай" 16-38/03 дугаартай албан шаардлагад багтаагүй байх тул бүсчлэлийн хувьд хүчин төгөлдөр хууль тогтоомжийн дагуу Х-9 үнэлгээний тойрогт хамаарч байгаа тул харьяалах бүсчлэлээр газрын дуудлага худалдааны үнийг төлөхөө илэрхийлсээр ирсэн. Гэтэл Нийслэлийн Засаг дарга Д.С******* нь газрын эрхийг цуцлах шийдвэр гарахдаа хуульд заасан үндэслэл журмыг баримтлалгүй цуцлах захирамж гаргасан гэж үзнэ. Иймд Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 зарын 28-ны өдрийн А/8******* тоот захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

4.1. Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/8******* дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

4.2. Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах мод үржүүлэг зориулалтаар 105186 м.кв газрыг эзэмшигч ******* ХХК нь газрын төлбөр, газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлж барагдуулах удаа дараагийн мэдэгдэлд заасан хугацаанд газрын төлбөр, газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй байна.

4.3. Газрын тухай хуулийн 40.1 дэх хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно. 40.1.5 дахь хэсэгт эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэж заасан.

4.4. Иймээс захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5 дахь заалтын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Э******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/913 дугаар захирамжаар нэхэмжлэгч Э******* ХХК-д Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт мод үржүүлэг /ногоон төгөл байгуулах/ зориулалтаар 105,186 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байна. Харин газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй, гэрчилгээ олгоогүй байх бөгөөд талууд үүнд маргаагүй.

2. Маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/8******* дугаар захирамжаар Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5 дахь заалтыг гол үндэслэл болгон Э******* ХХК нь газрын төлбөр, газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлж барагдуулах удаа дараагийн мэдэгдэлд заасан хугацаанд газрын төлбөр, газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэсэн үндэслэлээр Э******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн гэж үзлээ.

3. Учир нь, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно., 33.2-т Энэ хуулийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу газар эзэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна. гэж заасан.

4. Мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа ...аж ахуйн нэгж газрын төлбөр төлөгч байна гэж, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ: ...35.3.3.газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх, 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: ...40.1.5 эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй; гэж тус тус зааснаар газар эзэмшүүлэх шийдвэр гарснаар аж ахуйн нэгж нь газрын төлбөр төлөх үүрэгтэй болох бөгөөд хуулиар хүлээсэн энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульд тусгайлан заажээ.

5. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай №03-09/6522[1] дугаартай Танай компанид нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/913 дугаар захирамжийг үндэслэн 105186 мкв газрыг олгосон. Тус газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ болох 471,233.280 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 23-ны дотор төлж барагдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг авахыг анхааруулъя. Дээрх хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдье гэх албан бичгийг нэхэмжлэгчид компанид хүргүүлсэн.

6. Үүний дагуу тус компаниас 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 13[2] дугаартай албан бичгээр ...дээрх төлбөрийг заасан хугацаанд төлөх санхүүгийн боломжгүй нөхцөл байдалд байна. Монгол Улсад корона вирусын цар тахал бүртгэгдэн бүхий л аж ахуйн нэгжүүд санхүүгийн хүнд байдалд байна. Үүсээд буй нөхцөл байдлыг харгалзан төлбөр төлөх хугацааг хойшлуулж, хуваан төлөх нөхцөлөөр хангаж өгнө үү... гэх агуулгатай хариуг хүргүүлсэн байх бөгөөд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03-09/6771[3] дугаар албан бичгээр хүсэлтийг хүлээж авах боломжгүй хариуг өгч байжээ.

7. Мөн Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 02-09/2457 дугаар албан бичгээр дахин мэдэгдэл хүргүүлж байсан нь тус компанийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 1/11[4] дугаар албан бичгээр тогтоогдож байна.

Түүнчлэн газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт[5]-аар 2020-2021 онд газрын төлбөр төлөгдөөгүй байх бөгөөд үлдэгдэл 3,646,*******8 төгрөг байна.

8. Ийнхүү нэхэмжлэгч нь 2020 онд газар эзэмших эрх үүссэн байхад газрын гэрчилгээний үнийг төлөөгүйн улмаас гэрчилгээ олгогдоогүй, газар эзэмших гэрээ байгуулагдаагүй, улмаар газрын төлбөр төлөгдөөгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

9. Эдгээр үйл баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч компани нь Газрын тухай хуульд заасны дагуу газрын дуудлага худалдааны анхны үнэ болох газрын гэрчилгээний үнийг төлөөгүй болох нь, уг үнийг болон газрын төлбөр төлөх талаар захиргааны байгууллагын зүгээс удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан болох нь тус тус нотлогдож байх тул нийслэлийн Засаг дарга нь газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуульд нийцэх бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй шийдвэр болжээ.

10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/8******* дүгээр захирамжийг нэхэмжлэгчид огт мэдэгдээгүй бөгөөд Нийслэлийн Дотоод аудитын албаны 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2/212 тоот албан бичгээр Зөрчил арилгуулах тухай 16-38-03 дугаартай албан шаардлагад нэхэмжлэгч Э******* ХХК багтаагүй байх тул бүсчлэлийн хувьд хүчин төгөлдөр хууль тогтоомжийн дагуу Х-9 үнэлгээний тойрогт хамаарч байгаа тул харьяалах бүсчлэлээр газрын дуудлага худалдааны үнийг төлөхөө илэрхийлсэн ба үүний дагуу Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/8******* дүгээр захирамжийг эргэн харахыг хүссэн албан бичгийг явуулсан боловч одоог хүртэл хариу өгөөгүй гэсэн агуулгаар тайлбарлан маргасныг хүлээн авах үндэслэлгүй.

11. Учир нь Нийслэлийн дотоод аудитын газрын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 16-38/03[6] дугаар албан шаардлагад Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь 2019 онд шинээр олгогдсон, хэмжээ, зориулалт өөрчлөн шинэчлэлт хийсэн 23 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ болох нийт 4,892,765.3 мянган төгрөгийг төсвийн орлогын дансанд төвлөрүүлэхийг даалгасан байна. Эдгээр 23 иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалтад нэхэмжлэгч компани ороогүй[7], маргаан бүхий актад ч энэ албан шаардлагыг үндэслэл болгоогүй.

12. Түүнчлэн дээр дурдсанчлан дуудлага худалдааны анхны үнийг төлөх, төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай мэдэгдлийг удаа дараа явуулсан тул хариуцагчийг Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

13. Харин Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ.,40.3-т Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй. гэж заасан байхад маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/8******* дүгээр захирамжийг нэхэмжлэгчид 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 01-08/1558[8] дугаар албан бичгээр мэдэгдсэн, газар эзэмших эрхийг 2020 онд дуусгавар болгосон атлаа 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 01-09/3966[9] дугаар албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн талаар мэдэгдсэн, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Өдрийн сонинд[10] сонсох ажиллагааны мэдэгдэл гаргасан зэрэг нь хуулийн зөрчилтэй боловч нэгэнт газрын гэрчилгээний болон газрын төлбөр төлөөгүй зөрчил нь тогтоогдсон энэ тохиолдолд маргаж байгаа актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 35 дугаар зүйлийн 35.3.3, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5-д заасныг тус тус баримтлан Э******* ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/8******* дүгээр захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ