Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/1518

 

 

 

Б.Жд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Б.Жы өмгөөлөгч П.Учралгэрэл, Ц.Даваажаргал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, Ч.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1523 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал, хохирогч В.М нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Жд холбогдох 2006015891552 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

/,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан;

            Шүүгдэгч Т.Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн орчимд ... тоотод байрлах иргэн В.Мын эзэмшлийн монгол гэрт хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн, шалтгаангүйгээр түүний цээжин тус газарт нь хутгалж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Жы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж-ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсгийн чанартай хэрэглэн үйлдсэн” гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дах хэсэгт зааснаар Б.Жд оногдуулсан 5 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 32.5 см урттай, 20 см ажлын хэсэгтэй, 3.5 см өргөн хэмжээтэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, хохирогч В.М нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорин таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Ж давж заалдах гомдолдоо: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдал, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн хор уршиг зэрэг нөхцөл байдалд анхан шатны шүүх зөв үнэлж дүгнэлт өгөөгүй тул давж заалдах гомдол гаргаж байна. В.М нь над руу хутга барьж өөрөө эхэлж дайрахад би биеэ хамгаалж хутгатай гарыг нь түлхсэн, В.Мөнжаргал нь өөрийгөө гэмтээсэн. Хэрэв би тэр үед гарыг нь түлхэж өөрийгөө хамгаалаагүй байсан бол хутгалуулах байсан. Өмнө нь намайг 3 удаа хутгалж байсан. В.М нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “Тэр өдөр би өөрөө Ж руу хутга бариад дайрсан. Би архи уучихаад тавьтаргүй зан гаргаж хутга бариад дайрдаг муухай зантай хүн. Ж өөрийгөө хамгаалаад түлхэхэд нь би өөрийгөө хутгалсан байсан” гэсэн. Иймд өөрийгөө хамгаалсны төлөө 5 жилийн хорих ялаар шийтгэгдсэнд маш их гомдолтой байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, надад хилсээр оногдуулсан ялыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.Жы өмгөөлөгч Ц.Даваажаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлд үнэлэлт, дүгнэлт хийж тусгахаар хуульчилсан бөгөөд анхан шатны шүүхээс Б.Жыг “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн атлаа гэм буруутай нь ямар нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогдож байгаа, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хангалттай тогтоогдсон гэж үзэх үндэслэлүүдийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тодорхой дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Мөн хохирогчийн зөрүүтэй мэдүүлгүүдийн аль мэдүүлгийг үндэслэн эрүүгийн хариуцлага оногдуулж байгаа нь ойлгомжгүй байна.Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч В.Мын “...би тэр өдөр Ж руу хутга бариад дайрсан, тиймэрхүү асуудал болсон. Би архи уучихаад жаахан тавьтаргүй зан гаргаж хутга бариад дайрдаг муухай зантай хүн байгаа юм. Тэгээд Б.Ж өөрийгөө өмөөрөөд түлхэхэд нь би өөрийгөө хутгалсан асуудал болсон. ...” гэсэн Б.Жы гэм буруугүй талаар мэдүүлсэн мэдүүлгийг хэрхэн ямар баримтаар үгүйсгэгдэж байгаагаа дүгнэлгүй орхигдуулсан. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Б.Жыг гэм буруугүйд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Б.Жд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Жы өмгөөлөгч Д.Учралгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч Б.Жыг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож чадаагүй. Хэрэг үйлдсэн шалтгаан нөхцлийг бүрэн тогтоож, шүүгдэгч Б.Ж өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг чиглэсэн, тулгарсан довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хийсэн үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болох аргагүй хамгаалалтын шинжтэй нөхцөл байдлыг анхааралгүй орхигдуулсан. Хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй. Улмаар шүүгдэгчийг хүний биед хүнд хохирлыг санаатайгаар учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Ингэж шийдвэрлэхдээ холбогдох цагаатгах нотлох баримтуудад нэг бүрчлэн няцаалт хийлгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2.3 дахь заалтад нийцээгүй гэж үзэж байна. Өмгөөлөгч Ц.Даваажаргалын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Гэм бурууг тогтоохын тулд хуульд заасан арга хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсний эцэст шүүхийн шийдвэр гарах ёстой. Үүссэн эргэлзээтэй асуудлыг шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой. Хэрвээ няцаан үгүйсгэгдэхгүй бол тухайн эргэлзээг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх ёстой. Иймд шүүгдэгч Б.Жд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэв.

Хохирогч В.М давж заалдах гомдолдоо:“Б.Ж бид хоёр хар багаасаа найз нөхөд явж, зовлон жаргалаа хамтдаа туулж ирсэн. Би архи ууж согтохоороо жаахан тавьтаргүй зантай бөгөөд хутга мэс харагдвал бариад бусад руу дайрах гээд байдаг муу зуршилтай. 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр найзтайгаа өдөржин архи ууж согтуурсан. Тэгээд Б.Ж руу хутга барьж дайрах үед найз маань намайг өөрөөсөө холдуулах гээд түлхэхэд нь унахдаа өөрийгөө гэмтээсэн байсан. Би өмнө нь согтуу байхдаа бас Б.Ж руу хутга барьж дайраад түүний биед гэмтэл учруулж байсан. Тухайн үед согтуу байсан болохоор Б.Ж л буруутай гэж ойлгон мэдүүлэг өгсөн. Түүнээс Б.Ж надад гэмтэл учрууулаагүй юм. Би архийг хэтрүүлж хэрэглэж найзыгаа буруутан болгож 5 жилийн хорих ял эдлүүлэхээр болсондоо харамсаж байна. Хэргийг дахин хянаж үзээд Б.Жд оногдуулсан ялыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор Н.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.Жы үйлдэл нотлогдсон. Хохирогчид учирсан гэмтлээс харахад өөрөө өөртөө учруулах боломжгүй гэмтэл байдаг. Хохирогч, гэрч нарын мэдүүлэгт “..би хүн алчихлаа гээд орилоод яваад байсан” гэдэг. Хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж санаатай хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан болох нь нотлогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:                             

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Жыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 487а тоотод байрлах иргэн В.Мын эзэмшлийн монгол гэрт хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн, шалтгаангүйгээр түүний цээжин тус газарт нь хутгалж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Б.Жыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй бичигдсэн байхаар байна” гэсэн хуулийн шаардлагыг шүүх хангаагүй байна.  

Шүүх, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ хохирогч В.Мын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Ж өөрийгөө өмөөрөөд түлхэхэд нь би өөрийгөө хутгалсан байсан. Би өөрөө сайн санахгүй байгаа, эргээд санахад би өөрийгөө хутгалсан асуудал болсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “...нэг мэдэхэд Ж цээж рүү цохих шиг болохоор нь сэрэхэд миний цээжнээс цус гарч байсан. ...” /хх 202/, шүүгдэгч Б.Жы шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Мөнхжаргал над руу хутга бариад ирэхээр нь би гарын түлхээд унагаасан, тэгээд хутга орсон байсан...” /хх 201/ гэх зөрүүтэй мэдүүлгүүдийг үнэлжээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.3 дахь заалтад “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн...дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл;”, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах заалтад “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үнэдэслэлийг заагаагүй бол;” гэж тус тус заасан хуулийн шаардлагыг шүүх зөрчиж шүүгдэгч Б.Жыг гэм буруутайд тооцохдоо харилцан зөрүүтэй өгсөн хохирогчийн мэдүүлгүүдийг  үнэлж  хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл, хэргийн үйл баримтыг тогтоохдоо ямар нотлох баримтуудыг шинжлэн судалж үнэлсэн, ямар баримтуудыг үгүйсгэж, няцааж байгаа талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт огт хийлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх тухай хуулийг зөрчсөн байна.

Давж заалдах шатны шүүхийн ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин есдүгээр бүлэгт тодорхойлон хуульчилсан бөгөөд энэ хуулийн 39.6, 39.7, 39.8 дугаар зүйлд заасан үндэслэлийн аль нэг нь байвал анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан тул өмгөөлөгч Ц.Даваажаргал, П.Учралгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Жд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1523 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Жд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.Жд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАТСАЙХАН

 

                     ШҮҮГЧ                                                              Б.АРИУНХИШИГ

 

                     ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ