Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 130/ШШ2024/00635

 

 

 

 

     2024           06            26     

                           130/ШШ2024/00635

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгчид А.Жархынгүл, К.Бүлдирген нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн С сумын 5 дугаар багт оршин суух, Т овогт Ш.Ө

Хариуцагч: Б аймгийн С суманд үйл ажиллагаа явуулах, АААААА дүгээр анги /захирагч дэд хурандаа Х.З/

Нэхэмжлэлийн шаардлага: 4 настай соёолон адууны үнэ 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б

Иргэдийн төлөөлөгч Ш.Бахытхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч Ш.Ө нь хариуцагч АААААА дүгээр анги /захирагч дэд хурандаа Х.З/-д холбогдуулан 4 настай соёолон адууны үнэ 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Б аймгийн С сумын  нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн өглөөний 7 цагийн үед миний 4 настай адууг АААААА дүгээр ангийн албаны эрэлч нохой нь  идэж гэмтэл учруулсан байсан. Адууг сумын малын эмчид үзүүлсэн боловч адуугийн нарийн гэдэснээс 3 метрийн нохой идсэн тул эмчлэх боломжгүй, махыг хүнсэндээ хэрэглэж болохгүй гэж хэлсэн. Улмаа уг адууг казахын заншлын дагуу алж, устгал хийлгэсэн. АААААА дүгээр ангийн холбогдох алба хаагч нарт удаа дараа уулзаж энэхүү асуудлыг ярихад төлбөрийг нь зохих журмын дагуу гаргаж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул шүүхэд хандаж байна. Уг нөхцөл байдал нь хэрэгт авагдсан эмчийн дүгнэлт, гэрч нарын тодорхойлолт, мэдүүлгүүдээр тогтоогдсон. Тийм учраас уг эрэлч нохойг өмчилдөг С суманд байрладаг АААААА дүгээр ангийн төсвөөс энэхүү хохирлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Иймд 4 настай соёолон адууны үнэ 1,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагч АААААА дүгээр анги /захирагч дэд хурандаа Х.З/-д хариу тайлбартаа: Тус АААААА дүгээр ангийн албаны эрэлч нохой нь 2023 оны 05 дугаар сард таван сар хүрсэн гөлгөн нохой байсан тул адуу гэмтээх, барих боломжгүй байсан болно. Нэхэмжлэгч Ш.Ө нь ангийн холбогдох алба хаагч нартай уулзаж дээрх асуудлаар нэхэмжлэл гаргаж байгаагүй. Б аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан “төлбөрийг зохих журмын дагуу гаргаж өгнө” гэсэн хариу тайлбар ангийн зүгээс өгөөгүй. Мөн тухайн үед албаны нохой нь уг гэмтсэн гэх адуу малыг хазаж байсныг харсан, үзсэн, уг нөхцөл байдлуудыг батлах гэрэл зургууд хэрэгт авагдаагүй. Тийм учраас энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс С.Н-т олгосон итгэмжлэл, малын үнэлгээ тогтоолгох баримт, 5-р багийн малын бага эмч С тодорхойлолт, А.Х, К.Б, Ж.А нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, фото зураг, СД бичлэг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас Х.Б-д олгосон итгэмжлэл, Б аймгийн С сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Х.Ж, Д.А, Н.Ч нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. 

5. Хариуцагч талын хүсэлтээр шүүх Б аймгийн Цагдаагийн газраас Ш.Ө-ийн гаргасан гомдлыг шалгаж, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн материалыг, нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх Х.Н, С.К нарыг гэрчээр асуусан тэмдэглэлийг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

6. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

7. Нэхэмжлэгчийн Ш.Ө болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б аймгийн С сумын нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн өглөөний 7 цагийн үед 4 настай адууг АААААА дүгээр ангийн албаны эрэлч нохой нь идэж гэмтэл учруулсан байсан. Адууг сумын малын эмчид үзүүлсэн боловч адуугийн нарийн гэдэснээс 3 метрийн нохой идсэн тул эмчлэх боломжгүй, махыг хүнсэндээ хэрэглэж болохгүй гэж хэлсэн. АААААА дүгээр ангийн холбогдох алба хаагч нарт удаа дараа уулзаж энэхүү асуудлыг ярихад төлбөрийг нь зохих журмын дагуу гаргаж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Уг нөхцөл байдал нь хэрэгт авагдсан эмчийн дүгнэлт, гэрч нарын тодорхойлолт, мэдүүлгүүдээр тогтоогдсон. Иймд 4 настай соёолон адууны үнэ 1,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

8.Хариуцагч АААААА дүгээр анги /захирагч дэд хурандаа Х.З/ нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Тус АААААА дүгээр ангийн албаны эрэлч нохой нь 2023 оны 05 дугаар сард таван сар хүрсэн гөлгөн нохой байсан тул адуу гэмтээх, барих боломжгүй байсан болно. Нэхэмжлэгч Ш.Ө нь ангийн холбогдох алба хаагч нартай уулзаж дээрх асуудлаар нэхэмжлэл гаргаж байгаагүй. Мөн тухайн үед албаны нохой нь уг гэмтсэн гэх адуу малыг хазаж байсныг харсан, үзсэн, уг нөхцөл байдлуудыг батлах гэрэл зургууд хэрэгт авагдаагүй. Тийм учраас энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

8.1. Нэхэмжлэгч Ш.Ө нь хариуцагч Б аймгийн С сумын 5 дугаар багт байрлах АААААА дүгээр ангид холбогдуулан 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн өглөөний 7 цагийн үед миний 4 настай адууг АААААА дүгээр ангийн албаны эрэлч нохой нь идэж гэмтэл учруулсны хохирол 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

8.2. Хариуцагч  АААААА дүгээр анги нь ... АААААА дүгээр ангийн албаны эрэлч нохой 2023 оны 05 дугаар сард таван сар хүрсэн гөлгөн нохой байсан тул адуу гэмтээх, барих боломжгүй байсан болно. ... төлбөрийг зохих журмын дагуу гаргаж өгнө гэсэн хариу тайлбар ангийн зүгээс өгөөгүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэсэн тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтаа гарган өгч үгүйсгэж чадаагүй болно.

8.3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасан ба хариуцагч АААААА дүгээр ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй нь танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.

9. Хавтаст хэрэгт авагдсан Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан материалд 2023 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн өглөөний 08 цагийн үед С сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт тус сумын 5 дугаар багийн иргэн Ш.Ө-ийн эзэмшлийн даагыг ААААА дүгээр цэргийн ангийн албаны нохой хазаж гэмтээсэн байна гэх мэдээллийн дагуу шалгасан байна.

9.1.Энэ нь гомдол мэдээллийг хүлээн авсан тухай 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, үнэлгээ хийлгэх байгууллагад эрх бүхий албан тушаалтны хүсэлт, А билгүүн ХХК-ийн үнэлгээний дүгнэлт болон хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан фото зургаар дээрх үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.

9.2. Мөн гэрч С.К-ийн ... миний бие тухайн үед хэсгийн цагдаагаар ажиллаж байсан. Ш.Ө-ээс миний 4 настай адууг АААААА дүгээр ангийн албаны нохой нь идэж гэмтсэн гэж дуудлага өгсөн. Дуудлагын дагуу тухайн газарт очиж танилцсан. Тухайн гомдол гаргагчийн адууг нохой хазсан байдалтай гэдэс нь гарсан газарт хэвтэж байсан. Гомдол гаргагчийг АААААА дүгээр ангид дагуулж очиход ангийн хойд талын хашаанд нохой явж байсан. ... Нохойны хүзүүвчний уя нь тасарсан богинохон уятай байсан бөгөөд нохойг харахад нохойны нүүр хэсэг буюу ам нь цустай байсан. Тэгээд танай нохой хохирогчийн адууг хазаж гэмтээсэн байна гэж хэлсэн ... гэх мэдүүлэг,

гэрч Х.Н-ийн  ... надад миний 4 настай адууг АААААА дүгээр ангийн албаны нохой нь хазаж гэмтээсэн түүнийг манай сумын зарим иргэн харсан гэж дуудлага өгсөн. Би албаны ажлаар аймгийн төвд ирж байсан. Тийм учраас би хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч С.К-д тэр талаарх хэлж, газар дээр нь очиж зургийг нь авч хажууд нь байгаа хүмүүсээс нь тодруулга аваарай гэж үүрэг даалгавар өгсөн.Тэгээд хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч С.К нь тухайн газарт очиж танилцсан. Гомдол гаргагчийн адууг нохой хазсан байдалтай байсан. Хуулийн хугацаандаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчлийн хэрэг нээхээс татгалзаж, материалаа прокурорт хүргүүлсэн. Ш.Ө-т энэхүү хохирлоо шүүхэд хандаж, аваарай гэж бичгээр хариу өгөөд тайлбарлаж өгсөн. Жилийн өмнө болсон явдал болохоор сайн санахгүй байна. Тухайн үед 2 настай хүрэн зүсмийн өнгөтэй даага байсан. Одоо байсан бол соёолон байсан байхаа. Би түүнийг яагаад санаж байна гэвэл тухайн үед  А билгүүн компаниар үнэлгээ тогтоолгосон гэх мэдүүлгээр нэхэмжлэгч Ш.Ө-ийн эзэмшлийн 2 настай адууг АААААА дүгээр ангийн албаны нохой хазаж гэмтээсэн болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.  

   9.3. Мөн 5-р багийн малын бага эмч С-ийн ... Х голын ойролцоо Дэрс дунд бэлчээрт явж байсан үед цэргийн өнгийн нохой барьж, уг адууг унгааж хойд хочхонгийн бүдүүн гэдсийг амьдаар нь идэж байсныг гаднаас хүн үзсэн байна малын эмч би дуудлагаар очиж үзсэн. Энэ үед хойноос нь нилээн цус гарч, нарийн гэдэс 3м гаруй нохой идсэн тул мал болох ямар ч боломжгүй болсон байна гэсэн тодорхойлолт,

мөн А.Х-ын 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр голын эрэгт хонь хариулж байхад цэргийн ангийн аврагч нохой Ш.Ө-ийн хүрэн халзан хязааланг  хазаж дайрч байсныг би аварч нохойг хөөж явуулсан нохой цэргийн ангийн хашаанд ороод явсан гэсэн тодорхойлолт,

К.Б-ийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өглөө 7 цагийн үед миний бие мал хариулж байхад тус сумын ААААА ангийн хашааны гадаа бэлчээрт байгаа тус сумын иргэн Ш.Ө-ийн хүрэн халзан хязаалан моринд тус ангийн авчерке халтар нохой хашаанаас гарч дайран морийг үргээж унгаад тус нохой малыг хазуулан үхсэн үнэн болхыг тодорхойлов гэсэн тодорхойлолт,

Ж.А-ын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өглөөний 7 цагт адуу тууж явж байхад голын эрэгт хүрэн халзан адуу малыг цэргийн ангийн авчаарк нохой дайрч хазаж байсан нь үнэн. Би хашхирахад тус нохой цэргийн ангийн хашаанд эргэж орсон болно гэх тодорхойлолтуудаар нэхэмжлэгч Ш.Ө-ийн хүрэн халзан адууг ангийн нохой хазаж гэмтээсэн болох нь дээрх бичмэл нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.  

9.4. Нэхэмжлэгч Ш.Ө нь 4 настай соёолон адууны үнэ гэж нэхэмжилж байгаа боловч хавтаст хэрэг цугларсан нотлох баримтуудаар АААААА дүгээр ангийн албаны нохой хазаж гэмтээсэн адуун тухайн үед 2 настай шүдлэн байсан бөгөөд хөрөнгөд үнэлгээ тогтоосон эрхий бүхий байгууллагын үнэлгээний дүгнэлтээр хүрэн зүсмийн 2 настай шүдлэн буюу 650,000 төгрөг гэж үнэлгээ тогтоосон байх ба дээрх үнэлгээний талаар тухайн үед нэхэмжлэгч Ш.Ө маргаагүй байна.

9.5. Нэхэмжлэгч Ш.Ө нь нэхэмжлэлд хавсаргасан малын үнэлгээ тогтоолгох баримтыг 2024 оны 03 дугаар сарын байдлаар 4 настай соёолон адуу гэж, нэг бүрийн үнийг 1,000,000 төгрөгөөр үнэлгээ хийлгэсэн байна.

Нэхэмжлэгчийн  гаргаж өгсөн малын үнэлгээ тогтоолгох баримтыг үндэслэн хариуцагчаас гаргуулах  боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь, маргаан бүхий үйл явдал нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр болсон тухайн үед буюу 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хөрөнгийн үнэлгээний дүгнэлт гаргуулсан байх тул дээрх хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлтийг үндэслэх зүйтэй байна.

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүйгээр үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан байна.

10.1. Дээрх нотлох баримтууд болон зохигч нарын шүүхэд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Ш.Ө-ийн эд хөрөнгө буюу  2 настай шүдлэн адууг АААААА-р ангийн албаны нохой хазаж гэмтээсэн болох нь үйл баримт тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч АААААА дүгээр ангиас  2 настай шүдлэн адууны үнэ 650,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 350,000 төгрөг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11. Хариуцагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн С сумын 5 дугаар багийн иргэн Х.Ж-ын “АААААА дүгээр ангийн захирагчийн зөвшөөрлөөр 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ангийн байрлалд 8 тооны адуу байрлуулж тэжээсэн. Тухайн үед албаны нохой адуу луу дайрч, гэмтээж байгаагүй нь үнэн болно“ гэх, Б сумын 2 дугаар багийн иргэн Н.Ч-ийн АААААА дүгээр ангийн захирагчийн зөвшөөрлөөр 2024 оны 02 дугаар сарын 20-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл ангийн байрлалд 27 тооны адуу байрлуулж тэжээсэн. Тухайн үед албаны нохой адуу луу дайрч, гэмтээж байгаагүй нь үнэн болно” гэх, Д.А-ийн ... 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Ж.А-тай Х голын эрэг дагуу адуу хариулж явсан. Ө-ийн морь луу дайрсан нохой ангийн нохой биш байсан. Би тухайн нохойг танихгүйн үнэн болно гэх тодорхойлолтууд нь үйл явдлын эх сурвалжийг тодорхой зааж чадаагүй бөгөөд бусад хөндлөнгийн нотлох баримтаар нотлогдоогүй байна.  

11.1. Б аймаг  С сумын 5 дугаар багийн засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 83 дугаартай АААААА-р ангийн захирагч дэд хурандаа Х.З танаа “тус сумын 5  дугаар багийн нутаг дэвсгэрт 2023 оны 06 сарын байдлаар 30 гаруй золбин нохой байсан нь үнэн болно гэх албан бичиг нь энэхүү маргааны үйл баримтад хамааралгүй гэж үзлээ. Учир нь маргаан бүхий үйл баримт 2023 оны 05 сарын 17-ний өдөр болсон байна.

12. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ш.Б “Ш.Ө-ийн нэхэмжлэлтэй холбоотой нэг сая төгрөгийн соёолон адууны мөнгийг төлүүлж өгөхийг хүсэж байна“ гэсэн дүгнэлт гаргасан боловч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж буюу 20,150 төгрөгийг хариуцагч АААААА дүгээр ангиас гаргуулан нэхэмжлэгч Ш.Ө-т олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч АААААА дүгээр ангиас 650,000 /зургаан зуун тавин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ө олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 350,000 /гурван зуун тавин мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч АААААА дүгээр ангиас улсын тэмдэгтийн хураамжид 20,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ө-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Х.МЕЙРАМБЕК

                                     ШҮҮГЧИД                                   А.ЖАРХЫНГҮЛ

                                                                                         К.БҮЛДИРГЕН