| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/04621/И |
| Дугаар | 102/ШШ2024/04075 |
| Огноо | 2024-08-27 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2024/04075
2024 оны 08 сарын 27 өдөр Дугаар 102/ШШ2024/04075 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, Ерөнхий шүүгч Н.Хангал, шүүгч Ш.Оюунтуул нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Х.Түвшинзаяаг оролцуулан, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ..............,
Хариуцагч: Дорноговь аймгийн За................,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэмт хэргийн улмаас нас барсан хохирогчийн хүүхдүүд тэжээгчээ алдсаны тэтгэлгийн зөрүү 194,821,992 төгрөг, хүүхдүүдийн сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 198,000,000 төгрөг, нийт 392,821,992 /гурван зуун ерэн хоёр сая найман зуун хорин нэгэн мянга есөн зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ....., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүү /ШТЭД:2139/, хариуцагч ........... нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Урантэс хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ........ шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
1.1. Хууль ёсны дагуу шүүх хурал болж хэрэгтэн ........ 8 жилийн хорих ял авч, бүтэн өнчин үлдсэн 2 хүүхдүүдэд тэтгэвэр тогтоогдолгүй орхигдсон. Талийгаачаас хойш ............ нарт тэжээгчээ алдсан тэтгэвэрээс өөр орлого байхгүй. Хоёр хүүхдийн сарын нийт тэтгэвэр 500,000 төгрөгөөр тогтоосон. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар шаардлааг гаргахдаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсан. Иймд ялтан Ц...........бүтэн өнчин үлдсэн .......... нарт 2022 оны 2 дугаар сарын 03-ны өдрөөс нөхөн олгуулах, мөн эдгээр хүүхдүүдийг 18 нас хүртэл нь тэтгэвэр олгуулж өгнө үү. Хүүхдүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэрийн зөрүүд сар бүр хоёр хүүхдийн дунд 1,082,345 төгрөгийг гаргуулах, Д...........9 наснаас 18 насанд хүртэл сар бүр 541,172 төгрөг буюу нийт 108 сарын 58,446,576 төгрөг, Д...........г 4 наснаас 12 нас хүртэл сар бүр 541,172 төгрөг буюу 108 сар 58,446,576 төгрөг, үргэлжлүүлэн 1,082,345 төгрөгийг 18 нас хүртэл буюу 72 сарын 38,964,384 төгрөг, нийт 194,821,992 төгрөг шаардаж байна...гэжээ.
1.2. Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад: Нэхэмжлэгч Ө..........нь хариуцагч Ц............үйлдсэн гэмт хэргийн улмаас өнчин болсон охин Д........., хүү Д............нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэрийн зөрүүд 194,821,992 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд дээрх шаардлага дээр нэмэгдүүлэн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсэгт зааснаар охин Д............, хүү Д.Х.......... нарт гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 198,000,000 төгрөг /660,000*150*2/, нийт 392,821,992 төгрөгийг хариуцагч Ц........ гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна...гэжэ.
1.3. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хууль ёсны дагуу шүүх Ц.........8 жилийн хорих ял оногдуулсан. Тэжээгчээ алдсаны тэтгэвэрт сард хүүхдүүдэд 500,000 төгрөг тогтоогдсон байгаа. Тэжээгчээ алдсаны тэтгэврийг 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс тогтоолгон, энэ өдрөөс авч эхэлсэн. Ц....... эрүүгийн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байсан талийгаач ах Ө........ тохиролцсон талаар мэдэж байсан. Тухайн үед тэр шилжүүлсэн тээврийн хэрэгслийг нь ажилд гаргаад явуулж байвал хэрэгтэй юмуу гэж хэлж байсан болохоос биш бүрмөсөн хохирлыг хаана гэж яриагүй. Оршуулгын зардал хэд болсныг санахгүй байна...гэв.
1.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болон хүүхдүүдийн сэтгэцэд учирсан нөхөн төлбөр гаргуулахаар шаардаж байгаа. Анх хариуцагчийн хувьд 2022 оны 2 дугаар сарын 03-ны өдөр талийгаач Ө...........таарамжгүй харилцааны улмаас зодолдож алсан. Гэм буруутай болох нь шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдсон. Шийтгэх тогтоолоор 11 жил хорих ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх 8 жил болгож хөнгөрүүлсэн. Шийтгэх тогтоолд хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасан. Хариуцагч хууль буцаан хэрэглэхгүй талаар яриад байна. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.6 дахь хэсэгт заасныг төсөөтэй хэрэглэж, тэтгэмжийн зөрүүг нэг удаа олгох боломж байгааг харгалзан үзнэ үү...гэв.
2. Хариуцагч Ц..........шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1. Ц........миний бие хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, талийгаачийн төрсөн ах Ө.Бат-Эрдэнэд 2022 оны 6 дугаар сарын 22-нд бүтэн өнчин үлдсэн Д.......нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр болгож 29-05ДГС дугаартай чирэвч толгой, 29-05ТЧ дугаартай чиргүүлтэй тээврийн хэрэгслийг буцааж авахгүйгээр бэлэглэн шилжүүлж өгсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...... нь “Ц........санал гомдолгүй, өр төлбөргүй. Иймд ялын бага хэмжээгээр яллаж өгнө үү” хэмээх хүсэлтийг дээд шүүхэд гаргаж өгсөн нь миний өмгөөлөгч Ж.Чимэгт байгаа болно. Миний бие өөрийн биеэр ял эдэлж байгаа, ам бүл 6, эхнэр зүрх судасны өвчтэй, ажилгүй. Том охин хөгжлийн бэрхшээлтэй...гэжээ.
2.2. Ихэсгэсэн шаардлагын хариу тайлбарт: Ц.........би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-ээр 8 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Охин болох Д.А........ нарт бэлэглэлийн гэрээгээр “Норд бенз” машин чиргүүлийн хамт хууль ёсны төлөөлөгч болох .........шилжүүлж өгсөн. Одоо .........нь нэхэмжлэл гаргаж, сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн миний бие хууль зүйн туслалцаа авч шийдвэрлүүлнэ...гэжээ.
2.3. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, талийгаачийн ах ......... давж заалдах шатны шүүхийн дараа хоёр хүүхдэд нь тэтгэмж болгох үүднээс өөрийн унаж байсан машиныг бэлэглэлийн гэрээгээр өгч, ингээд дууссан гэж ойлгосон. Сэтгэл санааны хохирол гэж яриад байна. Энэ хэрэг 2022 оны 2 дугаар сарын 03-ны өдөр үйлдэгдэж, 2022 оны 4 дүгээр сарын 15-нд анхан шатны шүүх хурал, 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр давж заалдах шатны шүүхээр таслагдсан. ........йн нэхэмжилж буй сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөр шаардаж байгаа хуулийн заалт нь 2023 оноос хойш мөрдөхөөр байгаа учир зөвшөөрөхгүй. Бэлэглэлийн гэрээгээр тээврийн хэрэгслийг шилжүүлэхдээ хоёр хүүхдийг бодоод эхнэртээ хэлж байгаад өөрт байгаа машиныг өгөөд, хүүхдүүдийг асрахад дэм болгох үүднээс өгсөн...гэв.
3. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: ....... иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, ..........нарын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-3-5/, талийгаач .......ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-6-7/, Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас /хх-8/, ........ нарын асран хамгаалагчаар тогтоосон Дорноговь аймаг, Замын-Үүд сумын засаг даргын захирамж /хх-9/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-10-11/, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 42 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-12-20/, Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 20 тоот магадлалын хуулбар /хх-21-28/, Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, Замын-Үүд сумын онцгой байдлын хэлтсээс .......д гаргасан 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн тодорхойлолт /хх-66/, .......2023 оны 2 дугаар сарын 07-ны өдөр нас барсан бүртгэлийн лавлагаа /хх-67/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.
4. Хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбар, татгалзлаа нотлохоор: Ц.......... итгэмжлэгдсэн төлөөлөгч Д........нарын 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Тээврийн хэрэгсэл бэлэглэлийн гэрээний хуулбар, Ц........ Д......олгосон итгэмжлэлийн хуулбар /хх-46-48/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.
5. Хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хангаж, шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 00270 дугаар тогтоолоор нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж, тогтоолын дагуу Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн тусгай архиваас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө........хяналтын шатны шүүхэд гаргасан тайлбар, Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоолын хуулбар зэргийг ирүүлсэн. /хх-104-105/
6. Иргэдийн төлөөлөгч Х.........дүгнэлтдээ: Нэхэмжилж буй мөнгөн дүн нь хууль ёсны дагуу тогтоогдож гарсан бол нэхэмжлэлийг төлөх нь зүйтэй гэж үзэж байна...гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх бүрэлдэхүүн Ө.........нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Гэмт хэргийн улмаас нас барсан хохирогч Ө.........насанд хүрээгүй хүүхдүүд болох ......... нарын асран хамгаалагч Ө.......нь хариуцагч Ц........ холбогдуулан “Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хүүхдийн тэтгэлэгт 194,821,992 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 198,000,000 төгрөг, нийт 392,821,992 /гурван зуун ерэн хоёр сая найман зуун хорин нэгэн мянга есөн зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: “нас барсан хохирогч Ө..........насанд хүрээгүй хүүхдүүдэд өөр асран хамгаалагч байхгүй учир талийгаачийн эгч Ө.......асран хамгаалагчаар тогтоогдсон. Хүүхдүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэрт сард 500,000 төгрөг авдаг. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар ........ нарыг 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүд сар бүр хоёр хүүхдийн дунд 1,082,345 төгрөг гаргуулах, Д........9-18 насанд хүртэл сар бүр 541,172 төгрөг буюу нийт 108 сарын 58,446,576 төгрөг, ......г 4-12 нас хүртэл сар бүр 541,172 төгрөг буюу нийт 108 сарын 58,446,576 төгрөг, үргэлжлүүлээд 1,082,345 төгрөгийг 18 нас хүртэл буюу 72 сарын 38,964,384 төгрөг, нийт 194,821,992 төгрөгийн хохирол, Иргэний хуулийн 511.4, 511.5-д зааснаар хүүхдүүдэд гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 198,000,000 төгрөг шаардана. Эрүүгийн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байсан Ө.Б.........нь хүүхдүүдийн асран хамгаалагч байгаагүй, түүнд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн тээврийн хэрэгсэл нь одоо байхгүй учир Ө.Ц.....хохирол шаардах эрхтэй” гэж тодорхойлсон.
4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: “хохирогчийн насанд хүрээгүй хүүхдүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэмжид тооцож 2022 оны 6 дугаар сард хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .......эр дамжуулан Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн учир одоо төлөх төлбөр байхгүй, сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийг шаардах эрхгүй, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа нь хуулийн үйлчлэлд хамаарахгүй учир хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан маргав.
5. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
5.1. Хариуцагч Ц.......нь 2022 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Ө........ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож, хана руу түлхэж алсан гэмт хэрэгт холбогдон, тухайн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 11 жил хорих ялаар шийтгэгдсэн байна. Дээрх шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүхээс хянаад, Ц........8 жилийн хорих ялаар шийтгэсэн байна.
5.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ц.........хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шаардсан нэхэмжлэлээс 19,500,000 төгрөг төлснийг дурдаж, хүүхдүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр гаргуулах нэхэмжлэлээ баримтаар нотлоогүй гэж дүгнэн, иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн шаардах эрхтэйг дурдсан байна.
5.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж..........шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гарган, уг гомдлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө....... дэмжиж Улсын дээд шүүхэд тайлбар гаргасан байна. Харин Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 515 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзжээ.
5.4. Нас барсан хохирогч Ө......... нь 2013 оны 2 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Д........, 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү .........р нарын хамт ам бүл гурвуулаа амьдарч байсан. Хохирогч нас барснаар хүүхдүүдийн нагац эгч Ө.........Дорноговь аймгийн ....... сумын засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Б/03 тоот захирамжаар тэдний асран хамгаалагчаар тогтоосон байна.
5.5. Хохирогч нас барах үедээ ......-ын харьяа, .....4 дүгээр ангид ажиллан, тогтмол цалин авч, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байжээ.
5.6. Насанд хүрээгүй хүүхдүүдийн хууль ёсны төлөөлөгч Ө........хүсэлт гаргаснаар ........ нарт 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоогдож, сард олгох тэтгэврийн хэмжээ 587,445 төгрөг байхаар тогтоон, 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс олгогдохоор шийдвэрлэгдсэн байна.
5.7. Хариуцагч Ц........ эрүүгийн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон Ө...........д өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .....р төлөөлүүлэн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Тээврийн хэрэгсэл бэлэглэлийн гэрээгээр 29-05 МЧ улсын дугаартай чиргүүлийг 29-05 ДГС дугаартай зүтгүүртэйгээр дагалдуулан “.......н төрсөн дүү талийгаач Ө..........хүүхдүүд болох хүү ........... нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж болгож буцааж авахгүйгээр бүр бэлэглэв. Тээврийн хэрэгслийг үл маргах журмаар бүр шилжүүлэв” гэсэн үндэслэлээр шилжүүлж, гэрээг нотариатаар гэрчлүүлжээ.
5.8. Бэлэглэлийн гэрээний дагуу тээврийн хэрэгслийг хүлээн авсан Ө........ 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдөр нас барж, тухайн тээврийн хэрэгсэл 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 14:13 цагт гал түймэрт өртөж шатсан талаар Дорноговь аймгийн .... сумын Онцгой байдлын хэлтсээс тодорхойлолт гаргасан байна.
6. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс Ө............Ц........... нэхэмжилж буй мөнгөн дүн хууль ёсны дагуу тогтоогдож гарсан тохиолдолд нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
7. Зохигчид хариуцагчийн үйлдсэн гэмт үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн асрамжид буй ....... нарын төрсөн эцэг Ө........нас барсан, хариуцагч Ц.......үйлдсэн гэмт хэрэгтээ хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн, Ц..... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон Ө......... бэлэглэлийн гэрээгээр тээврийн хэрэгсэл шилжүүлсэн, ийнхүү шилжүүлэхдээ хүүхдүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэмжид зориулсан, тухайн тээврийн хэрэгсэл гал түймэрт өртөж шатсан, Ө.Б......... 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдөр нас барсан, хүүхдүүдэд сар бүр 587,445 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр улсаас олгогддог зэрэг үйл баримтын талаар маргаагүй.
7.1. Харин тээврийн хэрэгсэл бэлэглэлийн гэрээгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шилжүүлсэн тээврийн хэрэгслийг тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүнд тооцох эсэх, нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдүүдэд тогтоогдсон тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү болон сэтгэцэд учирсан гэм хорын хохирол шаардах эрхтэй эсэх талаар өөр өөрийн үндэслэл заан маргав.
8. Хариуцагч Ц...........нь хохирогч Ө.........зодож алсан гэмт үйлдэлдээ 8 жил хорих ял шийтгүүлсэн болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүх хариуцагчийн гэм буруугийн талаар дахин нотлох шаардлагагүй.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас гэм хорын хохирол шаардах эрхтэй.
9.1. Нэхэмжлэлийн шаардлагаар талийгаач Ө........хүүхдүүд ......... нарыг 18 насанд хүртэл хугацааны тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг тогтмол хугацаанд буюу сар бүрээр бус, харин нэг удаа урьдчилан тооцож гаргуулахаар шаардсан.
9.2. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3 дахь хэсэгт “Эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан, эсхүл хэрэглээ зардал нь нэмэгдсэн бол гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид сар тутам мөнгө /тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлэг/ төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 228.6 дахь хэсэгт “Хүндэтгэн үзэх шалтгаан байвал хохирогч энэ хуулийн 228.3-т заасан сар тутмын мөнгөн төлбөрийн оронд нэг удаагийн нөхөн төлбөр авахаар шаардаж болно” гэж заасны дагуу хүүхдүүдийг 18 нас хүртэл хугацааны тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг нэг удаагийн нөхөн төлбөрөөр нэгтгэн шаардах эрхтэй гэж үзлээ.
9.3. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт заасны дагуу нас барсан хохирогч Ө.........дундаж цалин хөлсийг тооцвол: 2021 оны 11 дүгээр сард 721,895 төгрөг, 2021 оны 12 дугаар сард 1,197,349 төгрөг, 2022 оны 1 дүгээр сард 1,454,091 төгрөгийн цалин тус тус авч, сүүлийн 3 сарын хугацаанд авсан нийт цалин 3,373,335 төгрөг, үүнээс сарын дундаж цалин 1,124,445 төгрөг байна.
9.4. Талийгаач Ө.........хоёр хүүхдийн хамт амьдарч байсан учир түүний сарын дундаж цалин 1,124,445 төгрөгийн гэр бүлийн нэг гишүүнд ногдох хэсэг 374,815 төгрөг болох бөгөөд насанд хүрсэн гишүүн Ө.........ногдох хэсгийг хасвал 2 хүүхдэд 749,630 төгрөг ногдохоор байна.
9.5. Хүүхдүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэрт сар бүр 587,445 төгрөгийг дундаа авдаг ба эцэг Ө.........дундаж цалин хөлсөөс тэдэнд ногдох 749,630 төгрөгөөс тэжээгчээ алдсаны тэтгэвэр 587,445 төгрөгийг хасахад 162,185 төгрөгийн зөрүү гарч байна.
9.6. Тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг хүүхэд тус бүрээр тооцоход сар бүр олгогддог тэтгэвэр 587,445 төгрөгийг 2 хүүхдэд хуваавал нэг хүүхдэд ногдох тэтгэвэр 293,722 төгрөг болох ба үүнийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт заасан төлбөр гаргуулах хэмжээгээр нэг хүүхдэд ногдох 374,815 төгрөгөөс хасахад нэг хүүхэд 81,093 төгрөгийн тэтгэврийн зөрүү авахаар шаардах эрхтэй байна.
9.6.1. Талийгаачийн охин Д..........2013 оны 2 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 11 настай бөгөөд тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгогдож эхэлсэн 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 18 нас хүрэх хүртэл 92 сард нийт 7,460,556 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. /81,093*92сар=7,460,556/
9.6.2. Талийгаачийн хүү Д........2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 5 настай бөгөөд тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгогдож эхэлсэн 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 18 нас хүрэх хүртэл 164 сард нийт 13,299,252 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. /81,093*164сар=13,299,252/
9.7. Нэхэмжлэгч Ө.......шүүх хуралдааны явцад хүүхдүүдэд 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгогдсон гэж тайлбарласан боловч түүний тайлбар хэрэгт нотлох баримтаар авагдсан “Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас”-аар үгүйсгэгдсэн ба энэ тайлбараа баримтаар нотлоогүй тул шүүх .........нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгогдсон гэж дүгнэн, энэ хугацаанаас эхлэн тооцооллыг нэгтгэж хариуцагч Ц...........20,759,808 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.........олгож, тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүд шаардсан нэхэмжлэлээс илүү шаардсан 174,062,184 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
10. Хариуцагчаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байсан Ө.Бат-Эрдэнэтэй байгуулсан бэлэглэлийн гэрээг хийх үед хүүхдүүдийн асран хамгаалагчаар Ө.Б.... бус, харин Ө..... тогтоогдсон байна. Иймд хүүхдүүдийг хуульд зааснаар төлөөлөх эрх бүхий этгээдтэй уг гэрээг байгуулаагүй, эрүүгийн хэргийн хохирогчийн төлөөлөгчид гэрээний дагуу шилжүүлсэн, улмаар тухайн этгээд нас барж, тээврийн хэрэгсэл галд өртсөн байх тул эрүүгийн хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй байгуулсан бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн тээврийн хэрэгслийг хүүхдүүдэд олгогдох тэжээгчээ алдсаны тэтгэвэрт тооцсон гэж үзэх үндэслэлгүй байна.
11. Нэхэмжлэлийн дараагийн шаардлагаар хариуцагчаас хүүхдүүдийн сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 198,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсэгт заасныг үндэслэж шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
11.1. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтооно” гэж, 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж тус тус хуульчилсан байна.
11.2. Гэмт хэрэг 2022 оны 2 дугаар сарын 03-ны өдөр үйлдэгдсэн ба Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсэгт заасан зохицуулалтуудыг хуульд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулиар нэмсэн байна.
11.3. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан бөгөөд мөн хуулийн 511.4, 511.5 дахь хэсгүүд нь Шүүхийн шинжилгээний тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилсан.
11.4. Хариуцагчийн гэм буруутай үйлдэл хуулийн дээрх нэмэлт өөрчлөлтөөс өмнө үйлдэгдсэн байх тул Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй. Иймд нэхэмжлэгч нь хүүхдүүдийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирол гаргуулахаар шаардах үндэслэлгүй байна гэж дүгнэн, нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
12. Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх ба нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээс хангаж шийдвэрлэсэн 20,759,808 төгрөгт тооцогдох тэмдэгтийн хураамж 261,749 төгрөгийг хариуцагч Ц...........гаргуулан улсын төсвийн орлогод оруулвал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.3, 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц......... 20,759,808 /хорин сая долоон зуун тавин есөн мянга найман зуун найман/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.........олгож, нэхэмжлэлээс үлдэх 372,062,184 /гурван зуун далан хоёр сая жаран хоёр мянга нэг зуун наян дөрвөн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, 261,749 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ
ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ