Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2024/0093

 

 

 

 

 

      2024         01           26                                   128/ШШ2024/0093     

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,   

Нэхэмжлэгч: Б.Б*******    

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Д*******, Б.Б  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.А

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б, Ц.Л       

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга  

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.С, Л.Г*******   

Гуравдагч этгээд: Л.Э*******  

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Э*******

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Ж.Д*******, М.М*******

Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/492 дугаар захирамжийн Л.Э*******д холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ******* дүгээр захирамжийн мөн Л.Э*******д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч Нийслэлийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранбилэг нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчээс “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/492 дугаар захирамжийн Л.Э*******д холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ******* дүгээр захирамжийн мөн Л.Э*******д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлагаар маргаж байна.

2.Маргааны үйл баримтыг дурдвал   

2.1.Гуравдагч этгээд Л.Э*******гийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан хүсэлт, хүсэлтэд хавсаргасан баримтуудыг үндэслэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/492 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоот ******* тоотод байрлах 630 м.кв газрыг гуравдагч этгээд Л.Э*******д эзэмшүүлж шийдвэрлэжээ.    

2.2.Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын дээрх захирамжийг үндэслэн маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ******* дүгээр захирамжаар маргаан бүхий Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоот ******* тоотод байрлах 630 м.кв газрыг гуравдагч этгээд Л.Э*******д өмчлүүлж шийдвэрлэжээ. 

2.3.Тус шүүх нэхэмжлэгчээс гаргасан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/492 дугаар захирамжийн Л.Э*******д холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ******* дүгээр захирамжийн мөн Л.Э*******д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.     

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Б.Б******* нь Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоот 83-1196 Е тоот хаягт байрлах газарт 2011 оноос хойш тасралтгүй амьдарч байгаа бөгөөд 2013 онд газартаа 5х8 хэмжээтэй байшин барьж байсан. 2015 онд гал түймрийн улмаас байшин шатсан боловч одоогоор байшингийн суурь болон ханын блокын үлдэгдэл байсаар байгаа болно. Тухайн газраа хуулийн дагуу эзэмших эрхтэй болохыг хүсч дүүргийн Засаг дарга болон Газар зохион байгуулалтын албанд удаа дараа хандаж байсан. 2011 онд анх хандаж байсан бөгөөд 08 дугаар сарын 08-ны өдөр кадастрын зургаа хийлгэж хүсэлтдээ өгч байсан. Түүнээс хойш 2012 болон 2014 онд удаа дараа өргөдөл, хүсэлтээ гаргаж байсан боловч Газрын албаны мэргэжилтнүүд удахгүй шийдвэрлэнэ гэж хэлсээр өнөөдрийг хүрсэн.

Улмаар 2020 оны онд дахин бичиг баримтуудаа бүрдүүлэн Чингэлтэй дүүргийн Засаг даргад өргөдөл гаргасан. Уг өргөдлийнхөө хариуг асуухад сүүлийн хоёр жилийн хугацаанд эзэмших эрхийн гэрчилгээ гаргаагүй гэдэг байсан. Хамгийн сүүлд 2022 оны 10 дугаар сарын эхээр очиход газар эзэмших эрхийн гэрчилгээ хэвлэгдэж байгаа 25-ны өдрөөс хойш ирж аваарай гэж хэлсэн.

Гэтэл 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хажуу айлын Л.Э******* гэрт ******* ирээд "Би энэ газрын өмчлөх эрхийг авсан, та нүүгээрэй" гэж хэлсэн. Маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албан очиж тодруулахад нийслэлийн Засаг даргын 2020 оны ******* дүгээр захирамжаар Л.Э*******д өмчлүүлсэн болохыг мэдэгдсэн. Энэ захирамжийн улмаас миний 2011 оноос хойш тасралтгүй эзэмшиж амьдарч байсан газрыг хамааралгүй эзэмшиж, ашиглаж байгаагүй Л.Э*******д олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэж заасныг илтэд зөрчсөн байна.

Иймд, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ******* дүгээр захирамжийн Л. Э*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоот 83-1196 Е тоот хаягт байрлах газрыг Б. Б*******ид эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй Чингэлтэй дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тухайн газрыг эзэмшүүлсэн шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү.” гэв.

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Б******* нь 2011 оноос хойш маргаад байгаа газар болох Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 83.1196Е гэх газарт анх ямар нэгэн хүн амьдардаггүй байхад очиж амьдарч түүнээсээ хойш одоог хүртэл амьдарч байгаа. 2013 онд тухайн газартаа 5:8 хэмжээтэй байшин барьсан. 2015 онд тухайн газарт нь түймэр гарч байшин шатчихсан. Гэхдээ байшингийн суурь нь одоог хүртэл байгаа. Шүүхээс үзлэг хийхэд ч тэр бусад байдлаар ч тэр байшингийн суурь байгаа гэдэг нь тодорхой харагддаг. 2011 онд газраа хуулийн дагуу эзэмших хүсэлтээ гаргаад кадастрын зургаа 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хийлгээд 2012, 2014 онуудад удаа дараа хүсэлтээ гаргаад газрын албад хандаж байсан боловч газрын албанаас өргөдлийг удахгүй шийдвэрлэнэ гэсэн хариу өгөөд байдаг байсан. Нэхэмжлэгч ямар нэгэн шийдвэр гарахыг нь хүлээж байсан. 2020 онд дахин баримт бичгээ бүрдүүлээд Засаг даргад дахин өргөдөл гаргасан. Энэ өргөдлийнхөө хариуг асуухад сүүлийн 2 жилийн хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй байгаа. Тийм учраас хүлээж бай гэсэн хариу өгсөн. Хамгийн сүүлд 2022 оны 10 сард дахин газар эзэмших хүсэлтээ гаргасан. Тэгэхэд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш хариугаа аваарай гэсэн хариу өгсөн. Гэтэл 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч гэртээ байж байх үед Л.Э******* ******* ирээд энэ газрыг би өмчлөх эрхтэй болчихсон учир танайх нүүгээрэй гэж хэлсэн байдаг. Энэ асуудлаар дүүргийн газрын албан дээр очиход тухайн газрыг Нийслэлийн Засаг даргын 2020 оны захирамжаар Л.Э*******д өмчлүүлчихсэн байна гэсэн тайлбарыг өгсөн. Үүнийг мэдсэний үндсэн дээр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Б.Б******* 2011 оноос хойш тухайн газарт тасралтгүй амьдарч ирсэн. Гэтэл тухайн газарт амьдарч байгаагүй Л.Э*******д тухайн газрыг олгочихсон байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэсэн заалтыг зөрчсөн байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох журамд тухайн газрыг эзэмших хүсэлт гаргасан тохиолдолд тухайн газар дээр нь очиж хээрийн судалгаа хийнэ. Тухайн газрын хөрш залгаа этгээдүүдтэй уулзаж тэмдэглэл хөтөлнө гэсэн заалтуудыг зөрчсөн байгаа учир тухайн шийдвэр нь бодит байдалд нийцээгүй, тухайн газарт амьдарч байгаагүй этгээдэд газар олгосноос үүдэж Б.Б*******ийн эрх зөрчигдөж байгаа учир Л.Э*******д газар эзэмших эрх олгосон 2018 оны захирамж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны өмчлөх эрхийг олгосон захирамжийг тус тус хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагч 2012 онд өргөдөл гаргаснаасаа хойш шийдвэрлэж өгөхгүй байгаа талаар нэхэмжлэгч өөрөө зохих байгууллагуудад хандах ёстой байсан гэж хэлж байна. Бид хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд 2012 онд анх хүсэлт гаргаад 2014 онд өөрсдөө тэмдэглэл хийчихсэн. Шийдвэрлэхдээ 2015 он буюу дараагийн онд шийдвэрлэнэ гэсэн байдлаар тэмдэглэл хийчихсэн байсан.

2020 оны албан бичигт мөн Л.Э******* хууль бусаар газар эзэмшсэн байна. Тийм учраас газрыг хүчингүй болгоно гэсэн албан тоот явсан байсан. Үүний дараа 2022 онд дахин газар эзэмшүүлсэн захирамжийг Б.Б*******ид холбогдуулж гаргаж байгаа учраас захиргаа Б.Б*******ид чиглэж эзэмшүүлэх асуудлыг бид нар шийдвэрлэж өгнө. Шат дараатай, дараа, дараагийн ажиллагаа явагдаж байгаа юм байна гэсэн ойлголтыг өгсөн байсан. Үүнд нь ч гэсэн захиргаанд итгэх иргэний итгэл үнэмшлээр итгэж явсаар эцэст нь шүүхэд хандсан асуудал гарсан. Тийм учраас шууд нэхэмжлэгчийн буруутгах үндэслэл байхгүй.

Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан үүсэх бодит нөхцөл байдал хэн энэ газар дээр байсан бэ гэдэг нь Б.Б******* гуайн 2012 оноос хойших өрхийн бүртгэлийн дэвтэр дээрээс харагдана. 2018 оны 06 дугаар сараас хойших цахилгааны хэрэглээний гэрээгээ өгсөн. Мөн нэхэмжлэгч болон хариуцагчаас гаргаж өгсөн агаарын зургуудаас ч гэсэн Б.Б******* амьдраад явж байсан гэдэг нь нотлогдож байна. Харин Л.Э*******ий тухайд маргаан бүхий газарт амьдарч байсан гэдгийг хөндлөнгийн байдлаар нотлох баримт байхгүй байна.  

Мөн гэрчилгээ олгох журмаа зөрчиж хээрийн судалгаа хийгээгүй байна. Үүнээс үүдэж хууль бус захирамж гарсан. Өмнөх шүүх хурал дээр үүнтэй холбоотой баримт байгаа эсэх талаар хариуцагч нараас асуухад тэмдэглэл баримт байхгүй гэдгийг хариуцагчаас хүлээн зөвшөөрсөн.

Улсын дээд шүүхээс хуулийг нэг мөр хэрэглэхтэй холбоотой хэрэг шийдвэрлэх замаар тайлбар өгөөд явж байсан. Үүнтэй төстэй маргаан Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн гэрчилгээ олгох журмыг хэрхэн хэрэглэх талаар Улсын дээд шүүхийн тогтоол мөн гарсан байдаг. Тиймээс тухайн газрыг бодитойгоор эзэмшиж, ашиглаж байгаагүй этгээдэд газрыг эзэмшүүлж байгаа нь хууль бус байна. Мөн анх эзэмшүүлсэн захирамжийн зорилго нь тухайн газраа амьдраад, суурьшаад олон жил болсон этгээдүүдэд гэрчилгээ олгоё гэсэн агуулгатай захирамж гарсан байхад эдгээр шаардлагыг хангаагүй этгээд Л.Э*******д газар эзэмшүүлсэн нь хууль бус байна. Тиймээс  Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Нийслэлийг Засаг даргын захирамжийг хүчингүй болгож өгсөн үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Газрыг эзэмшүүлэхийг даалгах Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох шаардлага нь дүүргийн Засаг даргын төлөөлөгч танай өргөдлийн дагуу 2022 оны 287 дугаар захирамж гарчихсан гэж тайлбарлаж байгаа учир энэ шаардлагаасаа татгалзаж байна.” гэв.       

5.Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Б.Б*******ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн дүүргийн Засаг даргад холбогдуулах гаргасан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмшүүлсэн шийдвэр гаргахыг даалгах тухай хэрэгт Чингэлтэй дүүргийн дүүргийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Б.С би хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Иргэн Б.Б*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Иргэн Л.Э*******д "Газар өмчлүүлэх” тухай Нийслэлийн дүүргийн Засаг даргын 2020 оны ******* дугаартай захирамж гарснаар тус дүүргийн Засаг даргын 2018 оны А/492 дугаар захирамж иргэн Л.Э*******д эзэмшүүлсэн газрын эрх дуусгавар болсон, дүүргийн Засаг даргын 2022 оны А/287 дугаар захирамжаар иргэн Б.Б*******ид 700м2 газрыг иргэний ахуйн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гарсан байх тул нэхэмжлэгчийн "эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмшүүлсэн шийдвэр гаргахыг даалгах" нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

6.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй Б.Б*******ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн засаг даргад холбогдох Нийслэлийн засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай захирамжийн Л.Э*******д холбогдох хэргийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэн Б.Б******* нь 2012, 2014 онуудад газар эзэмших гэрчилгээ хүссэн өргөдөл гаргасан нь Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтэрт бүртгэсэн байх ба өргөдөл шийдвэрлэлтийн талаар тэмдэглэл үйлдээгүй, архивд тус иргэний өргөдөл хадгалагдаагүй байна.

2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гаргасан өргөдлийн дагуу 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дүүргийн Засаг даргын 2022 оны А/287 дугаар захирамжаар иргэн Б.Б*******ид 700м2 газрыг иргэний ахуйн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Иргэн Л.Э******* нь газар эзэмших хүсэлт гаргасны дагуу тус дүүргийн газар зохион байгуулагч судалж үзсэний үндсэн дээр Нийслэлийн Засаг даргын 2020 оны ******* дугаартай захирамжаар 630 м2 газрыг Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар тус газрыг өмчлүүлсэн.

Дээрх маргаан бүхий эрхийн акт нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөөгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

7.Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Анх Л.Э******* хүсэлт гаргасны дагуу дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 492 дугаар захирамжаар Газрын тухай хуульд заасны дагуу уг газрыг эзэмшүүлсэн. Шүүхэд нотлох баримтаар өгсөн материал дунд нэхэмжлэгч амьдарч байсан гэдэг зураг, хөрөг, нотлох баримт байхгүй байсан. Тиймээс энэ захирамжид ямар нэгэн хууль бус зүйл байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлын тухай хуулийн дагуу 30 хоногийн дотор шийдэхгүй бол дээд шатны Засаг даргад гомдлоо гаргана. Дахиад 30 хоногийн дотор шийдвэрлэхгүй бол шүүхэд гомдлоо гаргана гэж заасан байна. Тиймээс өмнөх гаргасан хүсэлтүүдийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Нэхэмжлэгч нь тухайн газар дээр биш газрынхаа хойно баригдсан байшин дотор амьдарч байсан гэдэг нь тодорхой байгаа учир маргаан бүхий газар нэхэмжлэгч амьдарч байсан гэж би үзэхгүй байна.” гэв.

8.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2020 оны 08 сарын 03-ны өдөр гаргасан өргөдлийн дагуу 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дүүргийн Засаг даргын 2022 оны А/287 дугаар захирамжаар иргэн Б.Б*******ид 700м2 газрыг ахуйн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гарсан байдаг. Иргэн Л.Э******* нь газар эзэмших хүсэлт гаргасны дагуу тус дүүргийн газар зохион байгуулагч судалж үзсэний үндсэн дээр Нийслэлийн Засаг даргын 2020 оны ******* дүгээр захирамжаар 630м2-аар газрыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар тус газрыг өмчлүүлсэн. Дээрх маргаан бүхий эрхийн акт нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж байгаа учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Л.Г*******ийн тайлбартай санал нэг байна. Сансраас авсан зураг, кадастрын зургаас харахад Б.Б******* гуайн барьсан барилга нь Л.Э*******ий барьсан барилгын ар талд нь байгаа зурагт тодорхой харагдаж байсан. Гэрчийн мэдүүлэг авч байхад миний санаж байгаагаар гуравдагч этгээдийн ээж нь байх хугацаандаа хүүдээ газраа өгнө гэж ярьж байсан гэж гэрч мэдүүлэг өгч байсныг би санаж байна. Б.Б******* гуай сүүлд ирж амьдарсан гэж байгаа. Тэгэхээр гуравдагч этгээдийн ээж нь хүүдээ өгөх гээд төлөвлөчихсөн, ярьж байсан газар байна гэж үзэж байна. Нэгэн цагт нэг ам бүл, эцэг хүү болоод амьдарч байсан хүн байж сүүлд нь нэхэмжлэл гаргаад явж байгаа нь нэг бодлын харамсалтай байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.  

9.Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Л.Э******* миний бие, нэхэмжлэгч Б. Б*******ээс Нийслэлийн засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгч Б.Б******* нь уг нэхэмжлэлийнхээ шаардлагад дурдахдаа: "Нийслэлийн засаг даргын 2020-06-23 өдрийн ******* дугаартай захирамжийн Л.Э*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах... гэжээ. Б.Б*******ийн шаардлагыг миний зүгээс хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Учир нь Л.Э******* миний бие, Чингэлтэй Дүүргийн 16-р хороо, Согоотын 83-1196Г тоот газарт 2015-2020 он хүртэл өмнө амьдарч байсан бөгөөд Нийслэлийн засаг даргын 2020 оны ******* тоот захирамжаар дээрх газрыг хууль ёсоор өмчлөх эрхтэй болсон билээ. Нэхэмжлэгч Б.Б******* нь 2010-2016 он хүртэл манай ээж Бтай хамтран амьдарч байхдаа маргаан бүхий дээрх газартай хил залгасан өөр газарт байшин барьж, тэр нь шатсан нь үнэн боловч шатсан байшин байсан тэр газар нь миний хууль ёсоор авсан дээрх газартай давхцаагүй учраас Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дэх хэсгийн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч Б.Б*******ийн: "Нийслэлийн засаг даргын 2020-06-23 өдрийн ******* дугаартай захирамжийн Л.Э*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах..." гэсэн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд харин манай ээж Б, Б******* ах тэр хоёр 2014 онд бариад шатсан тэр байшин байсан хэсэг газрыг Б.Б*******ид олгох, эсэх нь газрын албатай холбоотой өөр асуудал юм.” гэжээ.

10.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Газар эзэмших гэрчилгээ авахад хашааг заавал хашаалсан байх шаардлагатай байдаг. 630м.кв газрыг манайх хашаалаад эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Б.Б*******ийн эгч Б.Б, Б.Б******* 2 хашаалж байх хугацаанд мэдэж байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д******* энэ хугацаанд гадаадад байсан.” гэв.

11.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Гуравдагч этгээд Л.Э*******д хуульд заасны дагуу гэрчилгээ олгосон байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-д заасны дагуу Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар өмчилж авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших ашиг эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авч болно гэж заасан учир гуравдагч этгээд Л.Э*******ий Газар эзэмших ба өмчлөх эрхийн тухай хуулийн 1 дүгээрт заасны дагуу өмчилж авсан гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Гуравдагч этгээд Л.Э******* анхнаасаа энэ газар дээр байсан нь хавтаст хэргийн нотлох баримтаар нотлогдож байна. Анх өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн талаас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Тухайн газар дээр Л.Э*******ий ээж нь Б.Б*******тэй хамтран амьдарч байсан. Мөн нэхэмжлэгч Б.Б******* маргаан бүхий тэгшилсэн газар дээр нэхэмжлэгч Б.Б******* өөрөө байхгүй байсан гэж хариуцагч тал хэлж байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх эрхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-д зааснаар анх энэ газрыг хэн түрүүлж газар эзэмших гэрчилгээг хууль зүйн дагуу авсан бэ гэхээр Л.Э******* авсан. Энэ хүн хууль зөрчөөд ч юм уу ямар нэгэн хуурамч нотлох баримт үйлдүүлээд газар эзэмших болон өмчлөх эрхийн гэрчилгээ аваагүй.

Тухайн маргаан бүхий газар дээр нэхэмжлэгч гэрээ барьчихсан байгаа. Хүний өмчлөлийн газар дээр хууль бусаар амьдарч байгаа нь байгаа хууль бус байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.   

2.Нэхэмжлэгчээс “... Миний эзэмшиж, өмчлөхөөр 2011 оноос хойш хүсэлт гаргаж байсан газрыг мань 2018 онд анх Л.Э*******д эзэмшүүлсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж”, хариуцагч нараас “... Маргаан бүхий дүүргийн болон Нийслэлийн Засаг даргын захирамжуудаар гуравдагч этгээд Л.Э*******д маргаан бүхий газрыг эзэмшүүлж, өмчлүүлсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж”, гуравдагч этгээдээс “... Миний бие маргаан бүхий газрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр өмчилж байгаа гэж” тус тус маргажээ. 

3.Нэхэмжлэгчээс “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/492 дугаар захирамжийн Л.Э*******д холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ******* дүгээр захирамжийн мөн Л.Э*******д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тул шүүх дээрх шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

4.Гуравдагч этгээд Л.Э*******гийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан хүсэлт, хүсэлтэд хавсаргасан баримтуудыг үндэслэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/492 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоот ******* тоотод байрлах 630 м.кв газрыг гуравдагч этгээд Л.Э*******д эзэмшүүлж шийдвэрлэжээ.

5.Дээрх захирамжийг үндэслэн Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гуравдагч этгээд Л.Э*******д 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр газар эзэмших эрхийн 000744618 дугаартай гэрчилгээг бичиж олгосон байна.

6.Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын дээрх захирамжийг үндэслэн маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ******* дүгээр захирамжаар маргаан бүхий Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоот ******* тоотод байрлах 630 м.кв газрыг гуравдагч этгээд Л.Э*******д өмчлүүлж шийдвэрлэжээ.

7.Гуравдагч этгээд Л.Э******* нь дээрх байдлаар маргаан бүхий Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоот ******* тоотод байрлах 630 м.кв газрыг өмчилж байна.

8.Нэхэмжлэгч Б.Б******* нь 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Гурван Хорол” ХХК-аар Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоот 83-1196Е тоотод байрлах 700 м.кв газрын кадастрын зургийг хийлгэжээ.   

9.Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлгүүдээс үзвэл нэхэмжлэгч Б.Б******* маргаан бүхий Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоот 83-1196Е тоот хашаанд 2011 оноос хойш амьдарч байх бөгөөд  нэхэмжлэгч нь 2011 онд дээрх газрын кадастрын зураг хийлгэсэнтэй холбоотойгоор дээрх Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоот 83-1196Е тоотод байрлах 700 м.кв газрыг эзэмшиж, өмчлөх талаарх хүсэлтүүдийг 2012 оны 07 дугаар сарын 05-ны, 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн газрын албанд гаргаж байсан байна.

10.Нэхэмжлэгчийн дээрх хүсэлтүүдийг Чингэлтэй дүүргийн газрын алба болон Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь тухайн цаг хугацаанд нь шийдвэрлэж хариу өгөөгүй байна.

11.Харин нэхэмжлэгч Б.Б*******ийн 2021 онд гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан /2011 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Гурван Хорол” ХХК-аар Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоот 83-1196Е тоотод байрлах 700 м.кв газрын кадастрын зураг/ баримтуудыг үндэслэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/287 дугаар захирамжаар  нэхэмжлэгч Б.Б*******ид Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоот 83-1196Е тоотод байрлах 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэжээ. 

12.Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/287 дугаар захирамжийн нэхэмжлэгч Б.Б*******ид холбогдох хэсэг нь одоо хүчин төгөлдөр байх бөгөөд уг газрыг эзэмших эрхтэй гэж үзэхээр байна. 

13.Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Нотлох баримт хүргүүлэх тухай”1/332 дугаар албан бичигт: “... Албан бичгийн хавсралтаар ирүүлсэн “Гурван Хорол” ХХК-ийн 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Б.Б*******ийн нэр дээр үйлдсэн 700 м.кв талбайтай газрын кадастрын зургийн солбицлын утгыг  боловсруулан, “Гурван Хорол” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Л.Э*******гийн нэр дээр үйлдсэн 630.5 м.кв талбайтай газрын кадастрын зурагтай давхцуулан үзэхэд 517 м.кв талбайгаар давхцалтай байна. /Хавсралт 1/

Харин Газрын кадастрын мэдээллийн сангийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн мэдээлэлд иргэн Л.Э*******д эзэмших эрхээр бүртгэгдсэн нэгж талбарын 1500910158 дугаар бүхий 630 м.кв талбайтай газрыг “Гурван Хорол” ХХК-ийн үйлдсэн Б.Б*******ийн 700 м.кв талбайтай газартай давхцуулан үзэхэд мөн адил 517 м.кв талбайгаар давхцалтай байна. /Хавсралт 2/.” гэжээ.

14.Дээрх албан бичгээс үзвэл, нэхэмжлэгч Б.Б*******ийн 2011 онд газрын кадастрын зураг хийлгэж, 2012 онд эзэмшиж, өмчлөхөөр хүсэлт гаргаж байсан газартай давхцуулан хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь маргаан бүхий Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/492 дугаар захирамжаар маргаан бүхийг газрыг гуравдагч этгээд Л.Э*******д эзэмшүүлсэн байна гэж үзэхээр байна.

15.Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Иргэн Л.Э******* танаа” 15/637 дугаар албан бичигт: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/492 дугаар захирамжаар тус дүүргийн 16 дугаар хороо согоотын ******* тоот 630 м.кв газрыг иргэний ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон. 

Та иргэн Б.Б*******ийн 2015 оноос хойш оршин сууж байсан газрыг хууран мэхэлж эзэмшиж авсан байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмших эрх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдье.

Үүгээр Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу сонсгох арга хэмжээ авч байгаа болно.” гэжээ. 

16.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйл.“Газар эзэмшүүлэх”, 27.1.“Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 31 дүгээр зүйл.“Газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага”, 31.1.“Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна.”, 31.3.“Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж тус тус заажээ. 

17.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, газрыг хуульд заасан зориулалтын дагуу Монгол Улсын иргэнд эзэмшүүлж болохоор байх бөгөөд эзэмшихээр хүсэлт гаргаж байгаа газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байхаар байна.   

18.Маргаан бүхий тохиолдолд, хариуцагч нар нь  маргаан бүхий захиргааны актуудаар нэхэмжлэгч Б.Б*******ийн эзэмшиж, өмчлөхөөр хүсэлт гаргаж байсан газартай давхцуулан гуравдагч этгээд Л.Э*******д маргаан бүхий газрыг эзэмшүүлж, өмчлүүлсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагууд үндэслэлтэй байна гэж үзэв. 

19.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Б*******ээс Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/492 дугаар захирамжийн Л.Э*******д холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ******* дүгээр захирамжийн мөн Л.Э*******д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

20.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоот 83-1196Е хаягт байрлах газрыг Б.Б*******ид эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй Чингэлтэй дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тухайн газрыг эзэмшүүлсэн шийдвэр гаргахыг даалгах.” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.     

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б*******ийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоот 83-1196Е хаягт байрлах газрыг Б.Б*******ид эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй Чингэлтэй дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тухайн газрыг эзэмшүүлсэн шийдвэр гаргахыг даалгах.” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай. 

2.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/492 дугаар захирамжийн Л.Э*******д холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ******* дүгээр захирамжийн мөн Л.Э*******д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ГАНБАТ