Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/1519

 

 

 

Д.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Бямбасүрэн,

хохирогч З.Ө, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин,

шүүгдэгч Д.А,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 897 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч З.Өын өмгөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Ат холбогдох 1909018450384 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

/;

 

Шүүгдэгч Д.А нь 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 12 цагийн үед зуслангийн задгайд байрлах хохирогч З.Өын эзэмшлийн хөрөнгө болох монгол гэрт гал тавин шатааж хууль бусаар устгасны улмаас 6.895.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Хулууд овгийн Д.А-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад 6.895.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Аыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Ат оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт зааснаар Д.Ааас 6.895.000 төгрөг гаргуулж хохирогч З.Өт олгож, хохирогчийн нэхэмжлэлээс түрээсийн төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж цаашид иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Д.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Хохирогч З.Өын өмгөөлөгч Г.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Д.А 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дугаар хороо Шарга Мортын зуслангийн задгайд байрлах З.Өын эзэмшлийн хөрөнгө болох монгол гэрийг дотор нь байсан бөө мөргөлийн зан үйлд хэрэглэгдэх хэрэнгэрэг, өмсгөл гэх мэт эд агуурсуудын хамт /4 хүний хэрэглэл/ галдан шатааж бусдын эд хөрөнгө устгах гэмт хэргийг үйлдсэн. Шүүгдэгч үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөөгүй, мэлзэж, булзаж байгаа боловч үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Яллагдагч, шүүгдэгч үйлдсэн хэргийн талаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэм буруугаа хүлээх үүрэггүй тул хэргийн нотлох баримтын үндсэн дээр шийдвэрлэх ёстой болно. Шүүх Д.Аын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэж дүгнэж хэргийн шийдвэрлэсэн. Гэтэл уг хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т “Олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар” гэж хуульчилсан бөгөөд энэ нь гал түймэр тавих замаар олон хүний амь бие, ой мод, байгаль орчин иргэдийн эд хөрөнгөд ер нь хэнд ч хохирол учирч болох аюултай олон нийтэд чиглэсэн галдан шатаах аргыг сонгосон гэмт хэрэг байтал хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэхгүйгээр шийдвэрлэсэн нь буруу бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дугаар зүйлийн 5 дах хэсгийн 5.3-т “шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасны дагуу зүйлчлэгдэх’’ гэсэн заалтыг хангаагүй мэргэжлийн алдаа гаргасан гэж үзэж байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирол төлбөрийг огт төлөөгүй байхад ялыг хөнгөрүүлж, оногдуулсан нь хохирогч нарын эрхийг дээдлээгүй, хохирол нь хожим хэзээ ч төлөгдөхгүй нөхцөл байдлыг бий болгож байна.

Шүүгдэгчийн биеийн эрүүл мэндийг чухалд үзэж, хэргийг шийдвэрлэхдээ мөрдөгч, прокурор, шүүгч алдаа гаргасан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн" үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийн прокурорт буцааж хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлж хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хохирогч З.Ө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна” гэв.

Шүүгдэгч Д.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний согтуудаа хийсэн үйлдэл дээр дөрөөлж надаас мөнгө л авах гээд байх шиг байна. Надад өгөх мөнгө байхгүй, хариуцлагаа хүлээхэд бэлэн гэж би хэлсэн” гэв.

Прокурор П.Бямбасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Уг гэмт хэрэг 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр үйлдэгдсэн. Шүүгдэгч Д.А, хэрэгт гэрчээр тогтоогдсон Уранчимэг нар нь 2019 оноос өмнө 2 жилийн хугацаанд хамтран амьдарч байсан гэр бүлийн хамааралтай хүмүүс байсан. Тухайн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Шарга морьт зуслангийн задгай тоотод байрлах газарт бөө мөргөлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай газар гэр барьсанаас болж маргааны асуудал өрнөсөн. Өдөр болгон хүн амьдарч байсан нөхцөл байдал тогтоогдоогүй, 7 хоногт 1 удаа буюу 2 дахь өдөр болгон очиж шашины үйл ажиллагаагаа явуулдаг нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Давж заалдах гомдолд дурдсанаар олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахуйц байдлаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй. Хоёр хүний хоорондын маргаанаас болж үүссэн асуудал учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзсэн учраас гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хэргийг шилжүүлсэн. Шүүгдэгч Д.А эрүүл мэндийн хувьд насан туршийн хөдөлмөр алдалттай тул прокурорын зүгээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй гэж үзэн торгуулийн ял оногдуулах санал гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.А нь 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 12 цагийн үед зуслангийн задгайд байрлах хохирогч З.Өын эзэмшлийн хөрөнгө болох монгол гэрт гал тавин шатааж хууль бусаар устгасны улмаас 6.895.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  болох нь:

хохирогч З.Өын “....2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр шатсан задгайд байрлах монгол гэр нь миний эзэмшлийн гэр байгаа юм. 2018 оны 8 дугаар сарын сүүлээр агаарт бөөгийн зан үйл хийх гээд Д.Аын байшингийн гадна гэрээ барьсан. Сүүлд Д.А архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Х.Утэй хэрэлдээд юм авч шидээд байсан. Х.У эгч хэлэхдээ “бөөгийн үйл хийлээ, эд нарыгаа зайлуул, шатаана шүү” гэж байнга дарамталдаг талаар хэлж байсан. ...” /1хх 48-49/,

гэрч Х.Уийн "...би 2018 оны 4 дүгээр сараас эхлэн Д.Атай хамтран амьдрах болсон. 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Д.А архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “энэ бөөгийн чинь гэрийг шатаана" гээд гэрт байхдаа зуухны урд таг руу цаас хийгээд гал асаагаад шидээд, миний үснээс үсдээд толгой руу 2-3 удаа цохиод байхаар нь арай гэж босоод галыг ус цацаж унтраасан. Д.А 10 хоног баривчлагдсан. Д.А нь удаа дараа намайг заналхийлж гэрийг шатаана гэж дарамталдаг байсан бөгөөд гал гарсан өдөр гэрийн ойролцоо явж байсныг харсан хүн байгаа. ...” /1хх 51-52/,

гэрч Г.Дэлгэрмаагийн “би 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр нөхөр Эрдэнэбилэгийн хамт гэртээ байсан. Унтлагын өрөө рүү ороод хувцсаа өмсөж байхдаа баруун тал руу харсан цонхоор хартал хөл муутай эрэгтэй хүн баруун талаас зүүн тийш чиглэлтэй ганцаараа алхаж байхаар нь баруун талын айлын нөхөр нь явж байна даа гэж харсан. Тэрнээс биш тэр хүнийг нэг их сайн танихгүй учраас зүс царайг нь хараагүй. Тэгээд 10-20 минутын дараа байхаа сайн санахгүй байна, нөхөрийн хамт хашаанаасаа гарч байхад гал командын машин манай гудамжаар орж ирж байхыг харсан. ...” /1хх 59-60/,

гэрч Д.Эрдэнэбилэгийн "...2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр манай хөрш айл болох Уранчимэгийн байшингийн цаанаас цэнхэр цайвар өнгийн утаа гарахаар нь би бодохдоо “энэ айлын хогийг шатаагаад байгаа юм болов уу, гал гарвал яана” гээд бодоод цонхоор харж байсан. Манай байшин хоёр давхар бөгөөд унтлагын өрөө нь 2 давхарт ба цонх нь баруун тийшээ харсан байдаг учраас бүх юм тодорхой харагдаж байсан. Би хувцсаа өмсөж дуусаад гэрээсээ гарахын өмнө “ямар их гал түлж байна, нэг л биш байна даа” гээд дахин цонхоор харахад хажуу айлын Уранчимэгийн нөхөр Амгаланбаатар нь ганцаараа манай байшингийн хажуугаар гараад явж байгаа харагдсан, Амгаланбаатар гэх хүн нь хөл муутай хазганаж явдаг учраас би шууд таньсан. Бид хоёр байшингийнхаа гадаа 10-15 минут утсаар яриад зогсож байхад байшингийн цаанаас гарч байгаа утаа маш их болж эхэлсэн, би бодохдоо “энэ нэг л биш болж байна” гээд машиндаа суухад доороос галын машин ирж байсан. ...” /1хх 64/,

гэрч М.Мөнхжаргалын "... З.Ө, Б.Алтантуяа, Х.У бид дөрөв нийлж бөөгийн зан үйл хийдэг, танилцаад 10 жил болж байна, миний эзэмшлийн бугийн арьсан хэнгэрэг 1 ширхэг, ямааны арьсан хэнгэрэг 1 ширхэг, гоёлын торгон дээл 1 ширхэг, эд зүйл шатаж устсан, үлдсэн эд зүйл нь шатаагүй гайгүй байсан, тус хэрэгт хохирогчоор оролцох боломжгүй байна, З.Ө миний өмнөөс мөрдөн шалгах ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг гаргаж өгнө, шүүхийн шийдвэр гарсны дараа би З.Өтай тооцоо нийлж хохирлоо барагдуулж авах болно, хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна. ..." /1хх 206-207/,

гэрч Б.Аптантуяагийн "...миний эзэмшлийн ямааны арьсан хэнгэрэг 1 ширхэг, гоёлын торгон дээл 2 ширхэг, бөөгийн иж бүрэн хувцаснууд, малгай /баатрын, хатны/ 2 ширхэг, монгол гутал 1 ширхэг, хонины ноосон хөнжил 1 ширхэг, тэмээний ноосон цамц 1 ширхэг, ууж 1 ширхэг, тэмээний ноосон өмд 1 ширхэг, биеийн тамирын малгайтай цамц 2 ширхэг, биеийн тамирын өмд 2 ширхэг, эд зүйлс шатаж устсан, хохирогчоор оролцох боломжгүй, ажил ихтэй байна, хохирлоо барагдуулж авмаар байна. ...” /1хх 209-210/,

"...Шинжилгээнд ирүүлсэн цахилгаан дамжуулагч утсанд цахилгааны богино холболт, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл үүсээгүй. Хэрэв богино холболт, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл болсон тохиололд дамжуулагч утсанд бөмбөлөг үүснэ, бөмбөлөг үүсээгүй..., ...шатах тослох материал илрээгүй” гэх Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн дүгнэлтүүд /1хх 80, 86-87/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 18-23/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 35-44/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 72-74/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

Шүүгдэгч Д.Аыг 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн задгайд байрлах хохирогч З.Өын эзэмшлийн хөрөнгө болох монгол гэрт гал тавин шатааж, монгол гэр болон дотор нь байсан бөөгийн зан үйлд хэрэглэдэг эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас хохирогч З.Өт 6.895.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, Д.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд Д.Ат 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ,  гэм буруугийн хэлбэрт  тохирсон гэж үзэв.

Хохирогч З.Өын өмгөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн" үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж, хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлж өгнө үүгэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь,

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч Д.Аын үйлдсэн гэмт хэргийн үр дагавар нь хэдийгээр санаатай боловч хүний амь нас хохирох,  олон хүний эрүүл мэндийн байдал муудах, мал амьтан устах, ургамал сүйдэх, их хэмжээний эд хөрөнгө үрэгдэх зэрэг аюултай аргаар үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Аын гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хөдөлмөрийн чадвараа алдаж группд байдаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.

 Мөн шүүгдэгч Д.Ааас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 6.895.000 төгрөг гаргуулж хохирогч З.Өт олгож, хохирогчийн түрээсийн төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Харин прокуророос Д.Аын үйлдлийг бусдын эд хөрөнгийг устгасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байхад шүүх, гэмтээсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна. Учир нь,  хохирогч З.Өын эзэмшлийн монгол гэр болон гэрт байсан эд зүйлсийг дахин ашиглах, хэрэглэх ямар ч бололцоогүй бүрэн устсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогджээ. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Д.А-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад 6.895.000 төгрөгийн хохирол учруулсан...” гэснийг “...Д.А-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бусдад 6.895.000 төгрөгийн хохирол учруулсан...” гэж өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

Магадлалд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, хохирогч З.Өын өмгөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 897 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Д.А-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад 6.895.000 төгрөгийн хохирол учруулсан...” гэснийг “...Д.А-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бусдад 6.895.000 төгрөгийн хохирол учруулсан...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, З.Өын өмгөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БАТСАЙХАН

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Б.АРИУНХИШИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ