Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 130/ШШ2024/00636

 

 

 

 

     2024           06            26     

                           130/ШШ2024/00636

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгчид А.Жархынгүл, К.Бүлдирген нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн А сумын * багт оршин суух, Х овот Ш.А

Хариуцагч: Б аймгийн А сумын * дүгээр багт оршин суух, Ж  овогт С.Г

Нэхэмжлэлийн шаардлага: Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, гэм хорын хохиролд 30,000,000 төгрөг гаргуулах, худал мэдээлэл тараасан хэлбэрээр няцаалт хийж уучлалт гуйхыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ш.А, түүний өмгөөлөгч Х.З,

Иргэдийн төлөөлөгч Ш.И

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

Хариуцагч С.Г-д шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хариуцагч хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш.А нь хариуцагч С.Г-д холбогдуулан Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, гэм хорын хохиролд 30,000,000 төгрөг гаргуулах, худал мэдээлэл тараасан хэлбэрээр няцаалт хийж уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие Б аймгийн А сумын Засаг даргаар 2020 онд сонгогдсон юм. Тухайн үе хариуцагч болох С.Г ардчилсан намаас сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон. Намайг сумын Засаг даргаар сонгохдоо хамтран ажиллах боломжтой гэж тэд нар сонгосон. Гэхдээ түүнээс хойш буюу 2021 оноос эхлэн хариуцагч С.Г янз бүрээр намайг гүтгэж эхэлсэн. Миний хийсэн үйл ажиллагаа болгоныг Авлигатай тэмцэх газарт мэдэгдэж, гомдол гаргаад намайг удаа дараа шалгуулж байсан. Мөн хариуцагч өөрийн фейсбуук цахим хуудсаар намайг гүтгэж лайв буюу шууд дамжуулалт хийсэн. Намайг бүхэл бүтэн 3 жил гүтгэж ирснийг би тэвчиж өдийд хүрсэн. Бас багийн Засаг даргын сонгууль явуулж байхад, намайг шонхор хулгайлсан гэх мэтээр өдөөн хатгаж, миний нэр хүндэт халдсан. Би ямар нэгэн хулгай хийсэн болохыг хариуцагч ерөөсөө нотолж чадаагүй. Зөвхөн амаараа янз бүрээр намайг доромжилж, нэр хүндэт маань халдаж, ард түмний өмнө намайг гутаан доромжилдог. Өөрийн цахим сүлжээгээр тараасан гүтгэлгийг зөвхөн манай сумын хүмүүс биш дэлхийн өнцөг буланд байгаа хүмүүс харж үзсэн байна. Миний хувьд хариуцагчийн өөрт нь уулзаж, дахин тийм үйлдэл гаргахгүй байхыг удаа дараа сануулж байсан. Гэхдээ миний үгийг хэзээ ч тоож байгаагүй. Бас Захиргааны хэргийн шүүхэд захиргааны маргаан байсан. Тэгээд уг нэхэмжлэлтэй холбогдуулан хэргийн газарт үзлэг хийхээр шүүхийн хүмүүс очиход С.Г миний биед халдсан. Үүнтэй холбогдуулан цагдаагийн газраас 100,000 төгрөгөөр торгуулсан. Би шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтуудыг хэрэгт өгч хавсаргуулсан. Бас Ковид-19 сар тахал гарах үед би сар тахал тарааж байгаа гэх мэтээр шууд дамжуулалт хийгээд олон нийтэд худал мэдээлэл тарааж, миний нэр хүндэт халдаж байсан удаатай. Намайг удаа дараа Авлигатай тэмцэх газарт шалгуулсан боловч миний ямар нэгэн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй. Мөн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч н.Күлида гэх хүнд намайг тендер өгсөн хэмээн худал мэдээлэл тараасан. Гэхдээ бодит байдал дээр би түүнд ямар нэгэн тендер өгөөгүй байгаа. Хариуцагч намайг өөрийн фейсбуук цахим хуудсаар шууд дамжуулалт хийгээд олон нийтэд муулж, нэр хүндэд маань халдсан. Тийм учраас би нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин сэтгэл санааны хохирол хэмээн 30,000,000 төгрөгийг гаргуулах эсэх нь шүүхийн бүрэн эрх хэмжээний асуудал юм. Миний хувьд заавал 30,000,000 төгрөг заавал гаргаж өгнө үү гэж хэлэхгүй. Гэхдээ гаргах хуулийн зохицуулалт байх бол гаргуулан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Миний хувьд уг 30,000,000 төгрөг нэхэмжилсэн учир маань дахин тийм зүйл битгий гаргаасай гэдэг үүднээс сануулга болох болов уу гэж бодсон. Иймд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, гэм хорын хохиролд 30,000,000 төгрөг гаргуулах, худал мэдээлэл тараасан хэлбэрээр няцаалт хийж уучлалт гуйхыг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч С.Г хариу тайлбартаа:

2.1. Хариуцагч С.Г би нэхэмжлэгч Ш.А-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Сумын Засаг дарга багийн сонгууль хийхийн оронд айлуудаас шонхор шувуу хулгайлж, амьдралаа залгуулж явна” гэх асуудлын тухайд: 2022 оны намар байх А сумын иргэн Р.Б гэх залуугийн гэрийн гаднаас шонхор шувуу хулгайлж аймгийн төв руу зугтаж явсан байдаг. Үнийг Б хүүхэд нь харж араас нь хөөгөөд А нь шонхрыг буцааж өгсөн.Энийг А сумын ард иргэд бүгдээрээ мэдэж байгаа.Би энэ талаар сумын ИТХ-ын хуралдаан дээр асуухад хүлээн зөвшөөрч дуугүй сууж байсан.

2.2. “А адгуусаас ард иргэдийн эрх ашгийг хамгаалж...А-ийн мал гэдгийг дахин тогтоолоо...Авлигачид сөнөтүгэй” гэх асуудлын тухайд гэвэл А сумын Засаг дарга Ш.А-ийн буруутай үйл ажиллагаанаас болж аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын байцаагч Б.Ж иргэн Х-ыг 500,000 төгрөгөөр торгосон. Х.Х энэ шийдвэрийг эс зөвшөөрч Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 110/ШШ2024/0001 шийдвэрээр Х.Х-ы нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Би энэ талаар бичсэн. Энэ нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зүйл.

2.3. "А ард түмнийг шулж сорохоос өөр ажил хийсэнгүй... Би чамд баяртай гэж хэлье" гэх"...төслийг Д.К авсан, А өгсөн. Иднэ гэж энэ дээ" гэх асуудлын тухайд 2021 онд орон нутаг хөгжүүлэх сангийн 18,000,000 төгрөгөөр баригдах хүүхдийн парк, тоглоомын талбайн ажлыг төлөөлөгч Д.К-д өгсөн байсан.Д.К нь энэ мөнгийг аваад торон хашаа татаад хагас дутуу юм хийсэн байхаар нь би энэ талаар пост хийсэн нь үнэн.Тухайн үед хийсэн ажлын байдал нь постонд хавсаргасан зурагт тодорхой байгаа.Энэ ажлыг хагас дутуу хийж байхаар нь иргэд над руу утасдаж би тэрний дагуу тухайн газарт очиж үзээд, Ш.А, Д.К нартай уулзаж энэ талаар шаардлага тавьж байсан. Намайг пост тавьж, шаардлага хүргүүлсний дараа өмнө хийсэн ажлыг бүхэлд нь буулгаж тухайн ажлыг Н ХХК-ийн захирал Ж.Е дахин хийж гүйцэтгэсэн. Ш.А нар нь анх тендер зарлахдаа Н ХХК-ийн нэр дээр гэрээ байгуулаад ажлыг Д.К-ийн нэр дээр хагас дутуу чанаргүй хийлгэсэн байсан.Намайг шаардлага тавьсны дараа Н ХХК-ийн захирал Ж.Е ажлыг дахин хийсэн.Энэ бол үндэслэлгүй зүйл биш, бодит болсон асуудал юм.

2.4. "А чи ингэж зогсох цаг удахгүй" гэж бичээд шоронд хоригдсон Б-ийн зургийг зүйрлэж тавьсан гэх асуудлын тухайд Ш.А-тэй холбоотой хэд хэдэн авлигын хэрэг Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа. Мөн Ш.А нь эрүүгийн 20164000093 дугаартай хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэгдэж, яллагдагчаар татагдаж, Б аймгийн Прокурорын газрын орлогч прокурор А.Т-ийн тогтоолоор хэрэг нь анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болж байсан. Би тэр утгаар нь энэ асуудлыг тавьж байсан.

2.5."1   адуу 10 хонь нэхдэг, А мэт авлигачдыг зайлуулахад надад нийлээрэй" гэх асуудлын тухайд Ж.Б гэх хүн өөрийн фейсбуук хаягт авлигатай холбоотой материал нийтлүүлсэн байсан. Би тухайн материал доор өөрийн үзэл бодлоо илэрхийлж сэтгэгдэл бичсэн. Тэр нь дотор А нь бусдаас 1 адуу, 10 хонь нэхсэн гэж бичээгүй, ер нь нийгэмд ийм асуудал байгаа гэдгийг бичсэн. Харин тухайн сэтгэгдэлд ард иргэдийг хамгаалах гэж зүтгэж байхад Ш.А 14 удаа цагдаад намайг гүтгэж гомдол гаргаад юу ч олж долоосонгүй. Учир нь минийх зөв байсан гэж бичсэн. Энэ нь бусдыг гүтгэсэн асуудал биш юм. Ш.А нь намайг удаа дараа цагдаад өгч шалгуулж миний буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй.

2.6. Мөн Ш.А нь надаас сэтгэл санааны хохиролд 30,0 сая төгрөг нэхсэн нь үндэслэлгүй. Би түүний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол учруулаагүй, сэтгэл санааны дарамт шахалт үзүүлээгүй. Иймд түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс цахим хаягт байршуулсан мэдээлэл болон түүний орчуулгын хамт,  өмгөөлөгч Х.З-тай байгуулсан өмгөөллийн гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн байримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

4. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

5. Нэхэмжлэгчийн Ш.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Б аймгийн А сумын Засаг даргаар 2020 онд сонгогдсон юм. 2021 оноос эхлэн хариуцагч С.Г янз бүрээр намайг гүтгэж эхэлсэн. Миний хийсэн үйл ажиллагаа болгоныг Авлигатай тэмцэх газарт мэдэгдэж, гомдол гаргаад намайг удаа дараа шалгуулж байсан. Мөн хариуцагч өөрийн фейсбуук цахим хуудсаар намайг гүтгэж лайв буюу шууд дамжуулалт хийсэн. Намайг бүхэл бүтэн 3 жил гүтгэж ирснийг би тэвчиж өдийд хүрсэн. Иймд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, гэм хорын хохиролд 30,000,000 төгрөг гаргуулах, худал мэдээлэл тараасан хэлбэрээр няцаалт хийж уучлалт гуйхыг даалгаж өгнө үү гэв.  

6. Хариуцагч С.Г нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Миний бие Ш.А-ийн нэр төрд халдсан зүйл хийгээгүй цахим сүлжээнд өөрийн үзэл бодлоо нийтэлсэн тул Ш.А нь надаас сэтгэл санааны хохиролд 30,0 сая төгрөг нэхсэн нь үндэслэлгүй. Би түүний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол учруулаагүй, сэтгэл санааны дарамт шахалт үзүүлээгүй. Иймд түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ  үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж заажээ.

Нэр төр, алдар хүнд гэдэг нь тухайн иргэний зан суртахуун, ажил үйлс, ёс зүйн талаарх тухайн иргэнд нийгэм, хамт олон, бусдаас өгч байгаа эерэг үнэлгээнд үндэслэн тухайн иргэний өөрийнх нь хувийн үнэлэмжийг ойлгоно.

7.1. Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэдэгт бодит байдалд нийцэхгүй, өөр хэн нэгэн этгээдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээ болон бусад байдлаар мэдээлэл хүргэгдсэн байхыг ойлгох тул нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

8.1. Нэхэмжлэгч Ш.А нь хариуцагч С.Г-д холбогдуулан нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, худал мэдээлэл тараасан хэлбэрээр няцаалт хийж уучлалт гуйхыг даалгах, гэм хорын хохиролд 30,000,000 төгрөг гаргуулахыг хүссэнийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

8.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа ... 2021 оноос эхлэн хариуцагч С.Г янз бүрээр намайг гүтгэж эхэлсэн. Миний хийсэн үйл ажиллагаа болгоныг Авлигатай тэмцэх газарт мэдэгдэж, гомдол гаргаад намайг удаа дараа шалгуулж байсан. Мөн хариуцагч өөрийн фейсбуук цахим хуудсаар намайг гүтгэж лайв буюу шууд дамжуулалт хийсэн. Намайг бүхэл бүтэн 3 жил гүтгэж ирснийг би тэвчиж өдийд хүрсэн. Бас багийн Засаг даргын сонгууль явуулж байхад, намайг шонхор хулгайлсан гэх мэтээр өдөөн хатгаж, миний нэр хүндэт халдсан. Би ямар нэгэн хулгай хийсэн болохыг хариуцагч ерөөсөө нотолж чадаагүй. Зөвхөн амаараа янз бүрээр намайг доромжилж, нэр хүндэт маань халдаж, ард түмний өмнө намайг гутаан доромжилдог. Өөрийн цахим сүлжээгээр тараасан гүтгэлгийг зөвхөн манай сумын хүмүүс биш дэлхийн өнцөг буланд байгаа хүмүүс харж үзсэн байна хариуцагч С.Г нь Facebook хаягнаас буруу ташаа мэдээ тарааснаас болж миний нэр төр, ажил хэргийн нэр төр гутаагдсан гэжээ.

9. Хариуцагч С.Г нь ... би тухайн материал доор өөрийн үзэл бодлоо илэрхийлж сэтгэгдэл бичсэн. Тэрэн дотор А нь бусдаас 1 адуу 10 хонь нэхсэн гэж бичээгүй, ер нь нийгэмд ийм асуудал байдаг гэдгийг бичсэн. Харин тухайн сэтгэгдэлд ард иргэдийг хамгаалах гэж зүтгэж байхад А 14 удаа цагдаад намайг гүтгэж гомдол гаргаад юу ч олж долоосонгүй. Учир нь минийх зөв байсан гэж бичсэн. Энэ нь бусдыг гүтгэсэн асуудал биш юм. А нь намайг удаа дараа цагдаад өгч шалгуулж миний буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй. Мөн Ш.А нь надаас сэтгэл санааны хохирол 30,0 сая төгрөг нэхсэн нь үндэслэлгүй. Би түүний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол учруулаагүй, сэтгэл санааны дарамт шахалт үзүүлээгүй. Иймд түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан болно.

9.1. Хариуцагч С.Г-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй нь танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.

10. Хавтаст хэрэгт нотлох баримт авагдсан хариуцагч С.Г нь өөрийн Facebook хаягаар G S 2021 оны 12 дугаар сарын 20-ний өдөр “орон нутаг хөгжүүлэх сангийн 18,000,000 төгрөгөөр баригдсан хүүхдийн парк, тоглоомын талбайн төрх. Уг төслийг төлөөлөгч Д.К авсан харин А өгсөн. Иднэ гэж энэ дээ. МАН-н бүлэг сумыг маань сүйрүүлэх нь ... гэж бичиж зураг нийтэлснийг нийт 123 лайк дарж, 44 хүн сэтгэгдэл бичиж, 55 шэйр хийсэн байна.

Мөн J S G гэсэн өөрийн Facebook хаягаар “А чи ингэж зогсох цаг тун удахгүй ирнээ. Хаш багийн бүтээн байгуулалтын асуудалд санаатай гацаа хийснээр чиний бүх будилаан ил болж өч төчнөөн хүн хэрэгт холбогдож зарим нэгэн нь ажлаас гарах нь тодорхой. Засгийн газраас хэрэгжүүлсэн шүүр ажиллагааг үл ойшоож хуулийг уландаа гишгээд зүгээр хэвтэнэ гэвэл алдаа болно шүү ! Би эхэлсэн бол дуусгадаг шүү ... !!! гэж тус тус бичсэн байх ба тэр нь олон нийтэд тараагдаж түүнд хүмүүс янз бүрийн сэтгэгдэл бичсэн байна.

10.1. Энэ нь хариуцагч С.Г-ий Facebook хуудсанд бичигдсэн зүйлийг хэвлэсэн хуудас, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн Facebook хуудаст бичигдсэн байдал, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байна. 

10.2. Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэдэгт хэн нэгний талаарх бодит байдалд нийцэхгүй мэдээллийг өөр этгээдэд мэдээлсэн байдал хамаарах бөгөөд уг мэдээлэл нь олон нийтэд түгээгдсэн байдлаар илэрдэг ба хариуцагч С.Г-ийн Facebook хуудсанд нэхэмжлэгч Ш.А-ийн талаар бичигдсэн мэдээлэл нь Facebook хуудсаар тараагдсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

10.3. Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д мэдээлэх хэрэгсэл гэж телевиз, радио, холбооны шугам сүлжээ, компьютерын сүлжээ, тусгай программ, хэвлэл болон бусад арга хэрэгслийг ойлгоно гэж заасан байгаагаас үзэхэд хариуцагч С.Г нь компьютерын сүлжээ ашигласан Facebook хуудсанд нэхэмжлэгчийн талаар мэдээлэл байршуулсан нь бодит байдалд нийцэхгүй мэдээллийг тараагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хариуцагч С.Г нь дээрх нийтэлсэн мэдээллийн үнэн зөвийг нотолж чадаагүй тул нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1-ийн 2-т зааснаар Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн үүргээ ёсчлон биелүүлэх үүргийг хариуцагч зөрчсөн байна гэж үзлээ.  

10.4. Хариуцагч С.Г-ны нэхэмжлэгчийн талаар Facebook хуудсанд бичсэн мэдээлэл нь үнэн зөв мэдээлэл болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

10.5. Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн хариуцагчийн G S хаягаар Facebook хуудсанд хариуцагчийн бичсэн “... А ээ, намайг хоёр эхнэр авч, ард түмнээс хахууль авдаг хүмүүсийн эсрэг байгууллагын дарга болгоорой гэж дарамталчихъя. Юмыг яаж мэдэх арл түмний шахалтыг даалгүй огцорчхож ч магадгүй, хахаха”, “Хурлын даргыг засаг дарга болгож, би өөрөө хурлын дарга болохоос. А ард түмнийг мөжихөөс өөр ажил хийгээгүй. Статсикийн мэдээгээр аймгийн ихэвчлэн Төлек омгийнхон удирдсан. Сумын удирдлагыг Төлекүүдэд өгье?! Залуу хүн ажил хийдэг гэдэг! А уншчихаад орилоорой. Би чамд баяртай гэж хэлье... Б даргын араас яваарай !!!”, “А суманд Орон нутгийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр чанартай фитнесс нээгдэж, сумын ард иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газартай боллоо. 1-р сарын 4-нөөс эхлээд хэвийн үйл ажиллагаатай болно. Тус төслийг дэмжсэн ИТХ-ын зарим төлөөлөгчдөд болон ЗДТГ-ын дарга А.Е, засаг даргын орлогч Ш.Ш нарт баярлалаа. Идэж завшилгүй хийсэн төсөл ийм байдаг юм шүү. Ард түмэн минь. Сайн үйлс дэлгэрэх болтугай. Баяр хүргэе! /Харин үхэн хатан хууль зөрчиж, тус төслийг эсэргүүцсэн засаг дарга болон хурлын даргыг очих ёстой газар луу нь явуулах болно/”, “Аймгийн Засаг дарга, ноён Б.Д, Та 9 цагийн радиогийн нэвтрүүлгээр багийн сонгууль явуулаагүй У сум л үлдлээ гэж худлаа хэлсэн. А суманд ч гэсэн багийн сонгууль явагдаагүйг яагаад хэлээгүй юм бэ? Та дандаа шударга ёсыг тогтооно гэж зарладаг байсан чинь хаачхав? Таны хамгаалаад байдаг сумын Засаг дарга А чинь багийн сонгуульд санаа тавихгүй айл амьтнаас шонхор хулгайлж амь зууж байна. Хүмүүс дандаа өөрийнхөө чаддаг юмаа л хийдэг шүү дээ.”, “. За энэ Ж гэдэг төлөөлөгч сонгогдсон дүүргийнхээ иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж байна. Манай аймгийн хувьд төлөөлөгчид дээд боловсролтой, Монгол хэлээр чөлөөтэй ярьдаг, хуулийн тодорхой хэмжээний мэдлэгтэй байх нь маш чухал. Учир нь Ж шиг өөрийнхөө сонгогдсон багийн болон бусад 3 багийн иргэдийн надад гаргасан гомдлын дагуу Цагдаа, прокурор, шүүх гээд явж асуудлуудыг нь хуулийн дагуу шийдвэрлүүлж өгөв ...” гэж тус тус бичигдсэн бичмэл нотлох баримтаар нэхэмжлэгч Ш.А-ийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан байна гэж үзэх боломжгүй байна.

11. Нэхэмжлэгчээс нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан тул гэм хор учруулсан гэж эдийн бус гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар 30,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан шаардлагын үндэслэлээ тодорхойлж чадаагүй бөгөөд уг шаардлагаа нотлох баримтаар нотлоогүй байна.

12. Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан гэм буруутай этгээд эд хөрөнгийн хохирол арилгасан эсэхээс үл хамааран мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах эдийн бус гэм хорын хэмжээг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2.-т зааснаар мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан тодорхойлно.

 13. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “нэг нэгээ уучилж, нэг нэгээ хүндэтгэж хоорондоо хэлэлцэх нь зөв. Нэхэмжлэгчийн 30,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Харин хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байгаа тул уучлалт хүсэх нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасан ба иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

14. Нэхэмжлэгч Ш.А нь эдийн бус гэм хор 30,000,000 төгрөг гаргуулахад ач холбогдолтой нотлох баримт гаргаагүй тул нэхэмжлэгчийн мөнгөн хэлбэрээр гэм хор арилгуулах тухай, мөн нэхэмжлэгчийн уучлалт гуйлгахыг Габиденд даалгах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасны дагуу нэхэмжлэгч Ш.А-ийн   нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээ тараасан хэлбэрээр няцаахыг хариуцагч С.Г-д үүрэг болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

15. Нэхэмжлэгчээс нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, худал мэдээлэл тараасан хэлбэрээр няцаалт хийж уучлалт гуйхыг даалгах, гэм хорын хохиролд 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг нэхэмжлэлийн шаардлагаас эдийн бус гэм хор болох 30,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 308,000 төгрөгийг, нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг /нийт 378,200 төгрөг/ тус тус төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.А-ийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээ тараасан хэлбэрээр няцаахыг хариуцагч С.Г-д үүрэг болгож, нэхэмжлэгчийн уучлалт гуйлгахыг Г-д даалгах, хохирол 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.А-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

           

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Х.МЕЙРАМБЕК

                                              ШҮҮГЧИД                                   А.ЖАРХЫНГҮЛ

                                                                                                  К.БҮЛДИРГЕН