Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
Хэргийн индекс | 130/2024/00057/И |
Дугаар | 130/ШШ2024/00638 |
Огноо | 2024-06-26 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 130/ШШ2024/00638
2024 06 26 | 130/ШШ2024/00638 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б аймгийн Н сумын 02 дугаар багт оршин суух, Ж овогт Х.К,
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Н сумын 2 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарны 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С
Гэрч Ш.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М-д 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Х.К нь анх шүүхэд Б аймгийн Н сумын 2 дугаар багт 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл мал маллаж малчин байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх явцад хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С хүсэлт гаргагчийн Б аймгийн Н сумын 2 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарны 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоож өгөхийг хүсэж хүсэлтийн шаардлагаа тодруулсан болно. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд
1.1. Хүсэлт гаргагч Х.К 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Н сумын П нэгдэлд малчнаар 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тасралтгүй ажиллаж байсан. 1991 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Б аймгийн Н сумын Ч 02 дугаар багт оршин суудаг Р овогт Ш.Б-тай гэрлэсэн. 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдөр П нэгдэл хувьчлагдсан тул хувиараа мал аж ахуйн эрхэлж ажил болгон улсын нэгдсэн тооллогод малын тоог өрхийн тэргүүн болох Ш.Б-ы нэр дээр бүртгүүлж одоо хүртэл Н сумын 2 дугаар багт малчнаар аж төрж амьдарч байна.
1.2.Нийгмийн даатгалын сангаас даатгуулагчийн ажилласан жил, тэтгэврийн шимтгэлийг нөхөн тооцуулах гэсэн боловч 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний хүртэлх жилийг Н сумын мал тоолуулсан материал архивд тушаагаагүй гэх үндэслэлээр тогтоох боломжгүй гэсэн тул тухайн жилийг шүүхээр тогтоолгохоос өөр аргагүй байдалд хүрч байна.
1.3.Хүсэлт гаргагч зундаа Чихтэй гэх газарт зусдаг, өнөөдрийн байдлаар 60 гаруй бог, мал байгаа. Хэдийгээр тэдний нэрт бүртгэлтэй хадлангийн болон өвөлжөө, хаваржааны гэрчилгээ байхгүй ч түүний хадам ахын нэр дээр бүртгэлтэй хашаа хороотой. Тэд нартай хамт оршин сууж мал малладаг. Х.К багаасаа малчин айлд мал малласан, малаас өөр орлогогүй болно.
1.4.Иймд архиваас гарсан нотлох баримт, хамт мал маллаж байсан хүмүүсийн тодорхойлолт, бусад нотлох баримтуудыг үндэслэн Х.К-ы Б аймгийн Н сумын 2 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарны 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтдээ 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №01 дугаартай Б аймгийн Н сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн хурлын тэмдэглэл болон тус зөвлөлийн 1/01 дугаартай зөвлөлийн тогтоол, Б аймгийн архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1283 дугаартай Архивын лавлагаа, Б аймгийн Н сумын 2 дугаар багийн малчин, өрхийн тэргүүлэгч Ш.Б-ы мал маллаж байсан хугацаанд тоолуулсан малын тоо, Н сумын мал тооллогын А дансны баримтаас Ш.Б-ы 1999, 2001-2008 онуудын жилийн эцсийн мал тооллогод бүртгэгдсэн малын тоо, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2022/00089 шийдвэр, 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтэр-ийн хуулбар, Х.К-ы НДД№А000240641 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, 2014 оны 06 дүгээр сарын 05-ны өдрийн №020200525 дугаартай Баталгаажилтын хуудас, Б.Ж 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн №0000651284 Төрсний гэрчилгээ, Б.А 1997 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн Г№102 Төрсний гэрчилгээ, Б.Н 1994 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн №0254566-199 Төрсний гэрчилгээ, Х.К-ы Ш.Б-тай гэрлэсэн IIА№14 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээ, А.О, Х.Т, Ш.Б, З.Д нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Ш.Б-д 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдөр олгосон №0078 бүртгэлийн дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэх, малчны тамга, Б.А-ын №А-3 дугаартай Сурагчийн хувийн хэрэг, Х.К-ы БӨ№587321 дугаартай БНМАУ-ын Паспорт, Б аймгийн Н сумын Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/32 дугаартай тодорхойлолт, Б аймгийн Н сумын Ч багийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/02 дугаартай тодорхойлолт, фото зураг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Х.М-д олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн байна.
4.Шүүхийн журмаар Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 143 дугаар албан бичгээр Х.К-ы ХААТР маягтуудыг, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 245 дугаар албан бичгээр Б.А-ын ХААТР маягтууд, Х.Т, З.Д, А.О нарыг гэрчээр асуусан гэрчийн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
6. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Хүсэлт гаргагч Х.К нь насаараа малчин байсан хүн ба Н сумын 2 дугаар багийн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний хүртэлх жилийн мал тоолуулсан материал архивд тушаагаагүй байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүхээс Х.К-ы Б аймгийн Н сумын 2 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл мал маллаж малчин байсныг тогтоож өгөхийг хүсэж байна гэв.
7. Хүсэлт гаргагч Х.К нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргасан байх ба мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу мал маллаж малчин байсныг тогтоох нь зүйтэй байна.
7.1. Малчин гэж Хөдөлмөрийн эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д зааснаар мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэн, түүнчлэн аж ахуй нэгж байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр мал маллаж байсан малчин, цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан мөн сайн дурын даатгалд даатгуулж шимтгэл төлсөн малчин Монгол Улсын иргэнийг тус тус ойлгоно гэжээ.
8. Б аймгийн Н сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/01 дугаартай тогтоолд “Б аймгийн Н сумын 2 дугаар багийн иргэн Х.К-ы 1995-2000 онууд нийт 5 жилийг малчнаар ажилласанд тооцохгүй” гэх боловч хүсэлт гаргагч Х.К нь Б аймгийн Н сумын 2 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл мал маллаж малчин нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
8.1. Хүсэлт гаргагч Х.К 1991 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Ш.Б-тай гэр бүл болж, гэрлэлтээ 1992 оны 02 дугаар сарын 19-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн болох нь 1992 оны 02 дугаар сарын 19-ний өдөр олгосон IIА№14 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээ-ээр нотлогдож байна.
8.2. Б аймгийн архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн баримтаас малчин Ш.Б-ны 1999, 2001-2008 оны алын тоог хуулбарлан хүснэгтээр хүргүүлсэн байна.
Б аймгийн Н сумын 2 дугаар багийн малчин, өрхийн тэргүүлэгч Ш.Б мал маллаж байсан хугацаанд 1999 онд тэмээ-0, адуу-1, үхэр-4, хонь-12, ямаа-24, бүгд 41 толгой мал; 2001 онд тэмээ-0, адуу-0, үхэр-2, хонь-0, ямаа-30, бүгд 32 толгой мал; 2002 онд тэмээ-0, адуу-0, үхэр-1, хонь-0, ямаа-38, бүгд 39 толгой мал; 2003 онд тэмээ-0, адуу-0, үхэр-2, хонь-0, ямаа-47, бүгд 49 толгой мал; 2004 онд тэмээ-0, адуу-0, үхэр-1, хонь-0, ямаа-47, бүгд 48 толгой мал; 2005 онд тэмээ-0, адуу-0, үхэр-1, хонь-2, ямаа-43, бүгд 46 толгой мал; 2006 онд тэмээ-0, адуу-2, үхэр-2, хонь-24, ямаа-28, бүгд 56 толгой мал; 2007 онд тэмээ-0, адуу-1, үхэр-2, хонь-2, ямаа-55, бүгд 60 толгой мал; 2008 онд тэмээ-0, адуу-4, үхэр-0, хонь-15, ямаа-50, бүгд 69 толгой мал тус тус тоолуулсан байна.
8.3. Мөн аймгийн архиваас хуулбарлан өгсөн Н сумын 2-р багийн иргэдийн Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 1999 оны тооллого-ын нэрсийн жагсаалтын 23-д Ш.Б хувийн малтай өрхийн тоо 1, түүний ам бүлийн тоо 5 гэж бүртгэгдсэн байна.
8.4. Хүсэлт гаргагч Х.Кны 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0202000525 дугаартай Баталгаажилтын хуудсаар иргэн /даатгуулагч/ Ж овогт Х.К /РД:БЗ*******/ нь “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-д заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 11 жил, 0 сар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав. Иргэн/даатгуулагч/-ийн 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон байна.
8.5. Б аймгийн Н сумын Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/32 дугаартай “Н сумын Ч 2-р багийн иргэн Х.К нь 54 настай, эмэгтэй, 1991 оны 01 дүгээр сарын 01-ээс одоо хүртэл тус багт мал маллаж, амьдарч байгаа нь үнэн гэх, Б аймгийн Н сумын Ч багийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/02 дугаартай “Н сумын Чихтэй 2-р багийн иргэн Х.К нь 54 настай, эмэгтэй. Нөхөр нь болох Ш.Б-ы хамт 1991 оны 01 дүгээр сарын 01-ээс одоо хүртэл тус багт насаараа мал маллаж амьдарч байгаа нь үнэн” гэх тодорхойлолтуудыг тус тус олгожээ.
9. Хүсэлт гаргагч Х.К-тай хамт мал малладаг А.О, Х.Т, З.Д, Ш.Б нарын “Н сумын Ч 2-р багийн иргэн малчин Х овогтой К-тай 1991 оноос 2000 оны хооронд малчин байсан нь үнэн ” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгүүд,
9.1. Хүсэлт гаргагч Х.К-ны 1997 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, Г№102 Төрсний гэрчилгээ-тэй охин Б.А-ын №А-3 дугаартай Сурагчийн хувийн хэрэг-т эцэг эхийн мэргэжил, ажил гэдэгт: эцэг эх нь малчин гэж бичигдсэн байдал,
9.2. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 245 дугаар албан бичгээр хүргүүлсэн Б.А-ын Төрсний бүртгэлийн анкет №0102 буюу ХААТР-11 (А) маягтын 8-д Эхийн овог нэр: Х.К, нийгмийн бүлэг: малчин, эрхэлдэг ажил: мал аж ахуй, 11-д Эцгийн овог нэр: Ш.Б, нийгмийн бүлэг: малчин, эрхэлдэг ажил: мал аж ахуй гэж 1997 оны 07 дугаар сарын 14-ний өдөр бүртгэсэн байдал болон хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн фото зураг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
10. Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2022/00089 шийдвэрээр хүсэлт гаргагч Т.К-ы Б аймгийн Н сумын П нэгдэлд малчнаар 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж малчин байсныг тогтоож, хүсэлтийн үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
11. Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг тус тус үндэслэн хүсэлт гаргагч Х.К-ы Б аймгийн Н сумын 2 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарны 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоож шийдвэрлэв.
12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж овогт Х.К нь Б аймгийн Н сумын 2 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарны 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.К-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН