Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 20

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 153/ШШ2020/00218 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 8-19 тоотод оршин суух, Ботохара нура овогт Авилхааны Дарыга /ПО80072224/-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Харахас овогт Халамиягийн Өмөрбек, Ботохара нура овогт Авилхааны Дарыга нарын 2007 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын гэрлэлтийн бүртгэлийн 0042 дугаарт бүртгэсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: ******* миний бие Харахас овогт *******ээс жирэмсэн болж 2004 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр охин Шолпаныг төрүүлсөн. Өмөрбекээс жирэмсэн болсон тул миний бие үндэсний ёс заншлаа дагаж Х.Өмөрбектэй гэр бүлээ батлуулсан.

Х.Өмөрбек бид 2-т гэр бүл болох зорилго байгаагүй. Нэг гэр бүлд хамтран амьдраагүй. Өмөрбек нь хүүхдээ өсгөлцөөгүй, хүүхдийн тэтгэвэр төлөөгүй.

Х.Өмөрбек нь 2013 онд Казакстан улсын иргэн болж, 2013 оноос хойш надтай болон охинтойгоо уулзаагүй.

Миний бие 2013 онд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэн Ительхүик овогт Нурзатын Эрхэмбайтай сайн дурын үндсэн дээр гэр бүл болж хамтран амьдрах хугацаанд бидний дундаас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр охин *******төрсөн. Охин *******эрүүл бойжиж байна.

Миний бие Х.Өмөрбектэй бүртгүүлсэн хүчин төгөлдөр бус гэрлэлтийн улмаас одоогийн нөхөртэйгээ гэрлэлтээ бүртгүүлж чадахгүй, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин А.Айгулымыг төрсөн эцэг болох *******гаар овоглож чадахгүй хүүхдийн болон манай гэр бүлийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хохирч байна.

Надад байгаа баримтуудыг үндэслэн Харахас овогт *******, Ботохара нура овогт Авилхааны Дарыга бидний 2007 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын гэрлэлтийн бүртгэлийн 0042 дугаарт бүртгэсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр буст тооцож шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 153/ШШ2020/00218 дугаар шийдвэрээр: “1.Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.10-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй, Харахас овогт Халамиягийн Өмөрбек /ПЭ80030619/, Ботохара нура овогт Авилхааны Дарыга /ПО80072224/ нарын 2007 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын гэрлэлтийн бүртгэлийн 0042 дугаарт бүртгэсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Х.Өмөрбек нь гэр бүл болох зорилгогүй, 2004 онд охин Ө.Шолпанд хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийх зорилгоор гэрлэлтээ бүртгүүлсэн нь охин Ө.Шолпаныг тэжээн тэтгэх, харж асрамжлах, тэтгэлэг төлөх үүргээ одоог хүртэл биелүүлээгүй байгаа, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 103 дугаар зарлигаар Монгол улсын харъяатаас гарч, Казастан улсын иргэн болсноор нотлогдсоор байхад шүүх Х.Өмөрбекийг хүлээх үүргээс зайлсхийгээгүй байна гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. 2004 онд төрсөн охин Х.Өмөрбекийн Шолпаны хуулиар хамгаалагдсан эцэг эхийн хайр халамжинд өсөж бойжих, тэжээн тэтгүүлэх эрх зөрчигдсөөр байхад шүүх хэн нэгний эрх зөрчигдөөгүй байна гэж дүгнэсэн нь хууль зөрчиж хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хохирооход хүргэж, гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаалах Үндсэн хуулийн зарчим алдагдаж байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангасан байна.

Хүсэлт гаргагч ******* нь Харахас овогт Халамиягийн Өмөрбек, Ботохара нура овогт Авилхааны Дарыга нарын 2007 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын гэрлэлтийн бүртгэлийн 0042 дугаарт бүртгэсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх *******гийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Х.Өмөрбек, ******* нарын дундаас 2005 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр охин Ө.Полпан төрсөн бөгөөд 2006 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Х.Өмөрбек, ******* нар гэр бүл болсныг 2007 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын гэрлэгсэдийн бүртгэлийн 0042 дугаарт бүртгүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл Х.Өмөрбек, ******* нар нь хүүхдээ төрүүлснээс хойш 1 жил 7 сар 20 хоногийн дараа гэр бүл болсон, гэр бүл болсноос хойш 6 сар 5 хоногийн дараа гэрлэлтээ бүртгүүлсэн байна.

Иймд тэдгээрийн гэрлэлтийг гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн гэж дүгнэх боломжгүй байна.

Мөн Х.Өмөрбек, ******* нарын гэрлэлтэд Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан гэрлэхэд харшлах шалтгаан байсан гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай болон Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрт өөрчлөлт оруулах, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийдвэрийг хэвээр үлдээсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 153/ШШ2020/00218 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.ТУЯА

 

                                          ШҮҮГЧИД                                       Б.ДАМБА

                                  

                                                                                                 М.НЯМБАЯР