Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2024/04080

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 28 өдөр                  Дугаар 102/ШШ2024/04080                   Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Орхон аймгийн ...........,

            Хариуцагч: Сүхбаатар дүүргийн ........,

            Гуравдагч этгээд: Сүхбаатар дүүргийн ..........,

            Нэхэмжлэлийн шаардлага: .........ийн өмчлөлийн Орхон аймгийн.....сум, Уртбулаг баг, ......дугаар хороолол, ....дугаар байрны ........тоотод байрлах 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 22370517/16 дугаар тогтоол, Эд хөрөнгө хураах тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 22370517/11 дугаар тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 1/6 дугаар “Шинжээч томилох тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лочин, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Урантэс хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэлийн шаардлага:

            1.1. Нэхэмжлэгч Б.......шүүхэд гаргасан нэхэмжлэлд:

а/ Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 30087 дугаар шийдвэрээр .......... нараас 434,598,362 төгрөгийг гаргуулж “....банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ........... тоотод байрлах 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 06 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 11 дүгээр тогтоолоор хураан авсан. Эд хөрөнгө хураах тогтоолыг үйлдэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг зөрчсөн. Учир нь шийдвэр гүйцэтгэгч нь маргаан бүхий хураах тогтоолд Орхон аймгийн Яргуйт баг, ........нарыг хөндлөнгийн гэрчээр оролцуулсан гэж хураах тогтоолд үйлдэж, тэмдэглэл хөтөлсөн байна. Шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгө хураах тогтоол үйлдэхдээ манай гэрт энэхүү 2 гэрчийг авч ирээгүй, харин манай гэрт цэрэг хувцастай 2 хүн орж ирээд, өөрсдийгөө шийдвэр гүйцэтгэгч гэж хэлээд нэг нь гэрийн доторх зураг авч, нэг нь үл хүндэтгэсэн байдлаар харилцаж, намайг төлбөр төлөхгүй байгаа учир эд хөрөнгийг хурааж байна гэж хэлээд цаасан дээр гарын үсэг зур гэхэд нь би татгалзсан. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 22370517/11 дугаар Эд хөрөнгө хураах тогтоол үйлдэхдээ 2-оос дээш хөндлөнгийн гэрч оролцуулаагүй байж эд хөрөнгийг хураахдаа байлцуулсан мэтээр хураах тогтоол, тэмдэглэл үйлдсэн. Шийдвэр гүйцэтгэгч нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг хураах тогтоол үйлдэхдээ 2-оос доошгүй гэрч оролцуулах үүргээ хэрэгжүүлээгүй, гэрчээр оролцсон иргэдийн нэр, хаягийг ашиглаж хураах тогтоол үйлдсэн нь тогтоогдож байх тул энэ тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

б/ Шийдвэр гүйцэтгэгч 22370517/16 дугаар тогтоолыг үйлдэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасныг зөрчсөн буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцыг тэмдэглэлээр баталгаажуулаагүй, ажиллагааны талаар төлбөр төлөгч нарт мэдэгдэх ажиллагааг хийгээгүй. Хуульд зааснаар мэдэгдэх хуудсыг хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулаагүй.

в/ Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 1/6 дугаар шинжээч томилох тухай тогтоолыг үйлдэж, томилогдсон үнэлгээчинд хуучин хүчингүй болсон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгсөн. 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр эрх үүрэг тайлбарлан өгөхдөө шинээр буюу 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Шүүх шинжилгээ хийсэн шинжээчид хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгөөгүй нь тухайн дүгнэлт гаргаж буй шинжээч хуульд заасан эрх үүрэгтэйгээ танилцаагүй нь уг дүгнэлт үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй юм. Нэхэмжлэгч миний бие төлбөр төлөгч биш, өмчлөгчийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т заасны дагуу гуравдагч этгээдийн хувьд тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна...гэжээ.

            1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хураан авах үйл ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч зохион байгуулж маргаан бүхий тогтоолыг үйлдэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан 2-оос доошгүй хөндлөнгийн гэрч оролцуулах, тухайн газар дээр очиж хураах тогтоол үйлдэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй. Хөндлөнгийн гэрчүүд оролцоогүй, очоогүй болох нь тэдний гэрчийн мэдүүүлгээр тогтоогддог. Хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй учир энэ тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Б........өмчлөлийн орон сууцыг битүүмжилсэн тогтоол, шинжээч томилсон тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар мөн шаардсан. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг үйлдэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлийг зөрчиж ажиллагааны явцыг тэмдэглэлээр баталгаажуулаагүй, эрх үүргийг тайлбарлаж өгөөгүй, төлбөр төлөгч бус этгээдэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэдэгдэж, харин төлбөр төлөгчид мэдэгдээгүй. Шинжээч томилох тогтоол үйлдэхдээ шинжээчээр томилогдсон үнэлгээчинд хүчингүй болсон хуулиар эрх үүргийг тайлбарлаж өгсөн. 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Шүүх шинжилгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор шинжээчийн эрх үүргийг шинээр өөрчилж оруулсан. Иймд шинжээч томилсон тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардаж байгаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль дээдлэх зарчмыг баримтлана гэж заасан. Хуулийн энэ зарчимд тулгуурлан нийтлэг шаардлага дээр “эрх үүргийг тайлбарлах” гэж заасан. Энэ нь талуудад болон эрх ашиг нь хөндөгдөж байгаа гуравдагч этгээдэд эрх, үүргийг тайлбарлаж өгөх ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлд “шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хориглох үйлдэл, эс үйлдэхүй” гэж, 8.1-д “хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй” гэж заасан. Мөн хуулийн 41 дүгээр зүйлд “төлбөр төлөгчийн орон байранд эд хөрөнгийг хураах ажиллагаа хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийн оролцоотой байна” гэж заасан. Маргаан бүхий тогтоол дээр хөндлөнгийн гэрчээр оролцсон 2 иргэний гэрчийн мэдүүлгээр “бидэнд эрх үүрэг тайлбарлаж өгөөгүй, гарын үсэг зур гэсэн, ямар нэгэн асуудал гарахгүй юу гэхэд зүгээрээ гээд зуруулсан” гэдэг. Энэ мэдүүлгүүдээр шийдвэр гүйцэтгэгч хуулийн 41 дүгээр зүйлд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэдэг нь тогтоогдож байна. Хэн нэгэнд эрх үүрэг тайлбарлаагүй, тэмдэглэл үйлдэлгүйгээр хөрөнгө хураах ажиллагаа хийгдэж хууль дээдлэх зарчим алдагдсан. Хуулийн үндсэн зарчмыг хэрэгжүүлээгүй. Хуульд тавигдах нийтлэг шаардлагыг мөн биелүүлээгүй гэж үндэслэлээ гаргаж байна. Шинжээч томилох тогтоол дээр шинэ хуулийг тайлбарласан гэдэг боловч тогтоол шинэчлэгдээгүй байсан. Шинэ хуулиар тайлбарласан баримт хэрэгт байхгүй байна. Иймд 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжсэн хуулийн заалтыг үндэслэн тайлабрлаж өгөх ёстой байтал хүчингүй болсон хуулийн заалтуудыг үндэслэж эрх үүргийг нь тайлбарлаж өгсөн байна...гэв.

            2. Хариу тайлбар:

            2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лочин шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ......дугаар шийдвэрээр ........нараас 434,598,362 төгрөгийг гаргуулж “.......банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч М...........үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын Ү-...........дугаарт бүртгэлтэй О............ тоот хаягт байрлах 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн .....дугаар зүйлд зааснаар Шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар хүргүүлж, эд хөрөнгийг .....аймгийн 57 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ......../06 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ....../.дугаар тогтоолоор хураахад нэхэмжлэгч Б....нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд биечлэн оролцож тайлбар агч хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулж, эд хөрөнгийг хураасан нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Б.........болон хөндлөнгийн гэрүүдийн гарын үсэг зэргээр тогтоогдож байна.

Б......зүгээс эд хөрөнгийг хураахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх заалтыг зөрчсөн буюу хөндлөнгийн гэрчгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан талаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Дээрх зүйл заалт нь төлбөр төлөгчийн эзгүйд төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, төлбөр төлөгчийн эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, үзлэг нэгжлэгээр илэрсэн буюу орон байранд байрлаж байгаа эд хөрөнгийг хураан авахад хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг оролцуулахаар зүйлчилсэн байна. Төлбөр төлөгчийн орон байранд нэвтрэх бүрт хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчтэй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулна гэж үзвэл төлбөр төлөгчид мэдэгдэл хүргүүлэх, төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, төлбөр төлөгчөөс тайлбар авах зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд зайлшгүй хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчтэй явуулах шаардлагатай мэтээр тайлбарлаж байна.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл хүргүүлэх, тайлбар тодорхойлолт гаргуулж авах, эд хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь мөн төлбөр төлөгчийн орон байранд нэвтэрч явагддаг ажиллагаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар хөндлөнгийн гэрчгүй явагдаж болохоор зүйлчлэгдсэн байна. Мөн эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах гэдэг нь төлбөр төлөгчийн эд хөрөнгөнд үзлэг нэгжлэг хийж, эд хөрөнгө илэрсэн тохиолдолд илэрсэн хөрөнгийг хураан авахыг ойлгож байна. “Авах” гэдэг үг нь Монгол хэлний их тайлбар тольд тусгаснаар “аливаа юмыг өөрийн болгох, эзэмших” гэсэн утгыг агуулж байх бөгөөд өнөөдрийн байдлаар хураан авсан гэх эд хөрөнгө нь нэхэмжлэгч Б.........өмчлөлд байгаа. Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс эд хөрөнгийг хурааж Б..........хадгалалт, хамгаалалтад үлдээсэн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эд хөрөнгө хураах тогтоолоор нотлогдож байгаа нь хууль зөрчөөгүй байна.

Б.......нь өөрийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй ч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны процесстой холбоотой гомдлоо хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан өдрөөс 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргах ёстой боловч тухайн хугацаандаа гаргаагүй, 1 жил 2 сарын дараа гаргаж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлилйн 44.3 дахь хэсэгт заасныг зөрчиж байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар нэхэмжлэгч, өмчлөгч Б.........2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр эд хөрөнгийг хураахад үнийн саналыг авахад 190,000,000 төгрөгөөр үнийн саналыг өгч, төлбөр авагч “.......банк” ХК-ийн зүгээс шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлтийг ирүүлсэн. Тус газраас 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр мэргэжлийн үнэлгээчин Ц......томилж, зах зээлийн үнэлгээг тогтоолгоход 127,229,700 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч М........болон нэхэмжлэгч Б...........нарт 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 4-145/01010 дугаартай албан бичгээр мэдэгдсэн.

Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар 89,060,790 төгрөгөөр оруулах мэдэгдлийг 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 4-145/2664 дугаартай албан бичиг, 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 2/8 дугаар тогтоолыг өмчлөгч Б......., төлбөр төлөгч М.......нарт албан бичгээр мэдэгдэж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 116 тоот дахь орон сууцыг 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд оролцогч “Хас банк” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас нь 93,060,790 төгрөгийн үнийн саналаар ялагчаар тодорсон. Б......., М....нар нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах болон орон сууцыг худалдсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар гомдол гаргасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 02273 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 01676 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01290 тоот тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээр татгалзаж шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч М......, нэхэмжлэгч Б.......нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.13-т зааснаар 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагчид шилжүүлэх болохыг мэдэгдлээр мэдэгдэж, баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч төлбөр төлөгч М........тухайн хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул өмчлөх эрх шилжүүлэх 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 145/17 дугаар тогтоол, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01-145/24984 дүгээр албан бичгээр өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагч “......банк” ХК-д шилжүүлж, нэхэмжлэгч болон төлбөр төлөгч нарт 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 4-145/24403 дугаар мэдэгдлээр Үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхийг мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү...гэжээ.

2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лочин шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, даалгаврын дагуу Орхон аймгийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эд хөрөнгө битүүмжлэх, эд хөрөнгө хураах тогтоолуудыг үйлдсэн. Хөрөнгө хураахад Б....биечлэн оролцож, хөндлөнгийн гэрчүүд оролцуулж тогтоол үйлдсэн болох нь гарын үсгүүдээр тогтоогдож байгаа. Нэхэмжлэлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар хөндлөнгийн гэрчгүй явуулсан гэдэг шаардлага гаргасан. Хуулийн энэ заалт төлбөр төлөгчийн үндсэн төлбөр, төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нь нэвтрэх, төлбөр төлөгчийн эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, үзлэг нэгжлэгээр илэрсэн буюу орон байранд байрлаж байгаа эд хөрөнгийг хураан авахад хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг оролцуулахаар зүйлчилсэн байна. Төлбөр төлөгч нь орон байранд нэвтрэх бүрд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчтэй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулна гэж үзвэл төлбөр төлөгчид мэдэгдэл хүргүүлэх, төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, төлбөр төлөгчөөс тайлбар авах зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд зайлшгүй хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчтэй явуулах шаардлагатай мэтээр тайлбарлаж ойлгоод байна. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг хүргүүлэх, тайлбар, тодорхойлолт гаргуулан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь төлбөр төлөгчийн орон байранд нэвтэрч явагддаг ажиллагаа юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар хөндлөнгийн гэрчгүй явагдаж болохоор зүйлчилсэн гэж үзэж байгаа. Эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах гэдэг нь төлбөр төлөгчийн эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийж, эд хөрөнгө илэрсэн тохиолдолд илэрсэн хөрөнгийг хурааж авахыг ойлгоно. Авах гэдэг  нь Монгол хэлний тайлбар тольд тусгаснаар “Аливаа юмыг өөрийн болгох, эзэмших” гэсэн утгыг агуулдаг. Өнөөдрийн байдлаар хураан авсан эд хөрөнгөд нэхэмжлэгч Б........өөрөө амьдарч эзэмшиж, ашиглаж байгаа. Гүйцэтгэгчийн зүгээс эд хөрөнгийг хурааж, Б.....хадгалалт, хамгаалалтад үлдээсэн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эд хөрөнгө хураасан тогтоолоор нотлогдоно. Энэ нь хууль зөрчөөгүй байна. Нэхэмжлэгч Б......өөрийн эрх ашгийг зөрчсөн гэж үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй ч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны процесстой холбоотой гомдлоо хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгч гаргах ёстой боловч тухайн хугацаандаа гаргаагүй 1 жил 2 сарын дараа гаргаж байгаа  нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д заасныг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч Б......болон төлбөр төлөгч Э........нар нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ШГ23-020 дугаар үнэлгээг хүчингүй болгуулах, орон сууцыг худалдсан 2023 оны 02  дугаар сарын 17-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар гаргасан гомдлын дагуу Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2273 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1676 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1290 дүгээр тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Э.Сүхбаатар болон нэхэмжлэгч Б.......нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.13-д зааснаар 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагчид шилжүүлэхийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 4-145/3790 дүгээр мэдэгдлээр мэдэгдэж, баталгаат шуудангаар хүргүүлсэн. Гэвч төлбөр төлөгч Э.......тухайн хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул өмчлөх эрхийг шилжүүлж, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1-145/24984 дүгээр албан бичгээр өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагч ......банк ХК-д шилжүүлсэн. Нэхэмжлэгч болон төлбөр төлөгч нарт 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 4-145/24403 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх тухай” мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...гэв.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар:

3.1. Гуравдагч этгээдээс шүүхэд бичгээр гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч нар “...... банк” ХК-д төлөх 434,598,362 төгрөг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн ба шийдвэрийн дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл 163,714,213 төгрөг байна. Төлбөр төлөгч сайн дураар төлбөрөө төлөөгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэрт заагдсан хөрөнгө болох маргаан бүхий, Б......өмчлөлийн 116 тоот дахь орон сууцыг битүүмжлэн хурааж, шинжээч томилон үнэлгээг тогтоолгох, албадан дуудлага худалдаанд оруулан худалдан борлуулах ажиллагааг явуулсан. Төлбөр авагч “.......банк” ХК нь 20232 оны 2 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд орж тухайн орон сууцыг 93,060,790 төгрөгөөр худалдаж авсан. Дуудлага худалдааны ялагч “....банк” ХК нь хуульд заасан хугацаанд төлбөрийг төлснөөр 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийн гэрчилгээг авч хууль ёсны өмчлөгч болсон. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасан тул “.....банк” ХК нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс хойш уг орон сууцны хууль ёсны өмчлөгч нь мөн болно.

Гэтэл Б.........нь “.......банк” ХК өмчлөгч болсноос хойш 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул уг орон сууцны өмчлөгч этгээд биш, бие даасан шаардлага гаргах эрхгүй этгээд нэхэмжлэлийг гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.3 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэл гаргасан гэжээ. Дурдсан хуулийн 122.1 дэх заалт нь уг орон сууцны өмчлөх эрхтэй холбоотой маргаан шүүхэд үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж болохоор зохицуулсан. Өөрөөр хэлбэл эд хөрөнгийг битүүмжлэх жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх талаар нэхэмжлэл гаргах тухай зохицуулалт байна. Гэтэл уг орон сууцны өмчлөх эрхтэй холбоотой шүүхийн маргаан үүсээгүй байхад хуулийн дээрх заалтаас өөр шаардлага буюу шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан тогтоол, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд нь шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан шийдвэр, явуулсан үйл ажиллагаанд гомдол гаргах эрхтэй байна. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “төлбөр авагч, төлбөр төлөгч нарыг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ” гэж заасан тул нэхэмжлэгч Б.......нь уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад хамаарах этгээд биш учраас шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан шийдвэр, явуулсан ажиллагааны талаар гомдол гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш гэж үзэж байна. Б...........нь тус шүүхэд уг орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах, албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, энэ асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Нэгэнт эд хөрөнгийн үнэлгээ болон албадан дуудлага худалдааг хүчин төгөлдөр болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад дахин шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж буй нь үндэслэлгүй юм...гэжээ.

3.2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.....банк” ХК нь тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр авагч тал юм. Шүүхийн шийдвэр гарснаас хойш одоогийн байдлаар 163,700,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Орхон аймагт байрлах 2 орон сууцаар төлбөрийг барагдуулах ажиллагаа явагдсан. Төлбөр авагч нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 2 дугаар сарын 17-нд зохион байгуулсан албадан дуудлага худалдаанд оролцоод 116 тоот дахь 3 өрөө орон сууцыг худалдаж авсан. Хуульд заасан хугацаанд төлбөрийг төлснөөр 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийн гэрчилгээг авч, хууль ёсны өмчлөгч болсон. Иргэний хуулийн 183 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэл үнэн зөв гэж тооцогдоно гэж заасны дагуу ...банк ХК уг орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон. Үүнтэй холбоотой нэхэмжлэгч өмчлөлийн маргаан гаргаагүй. Гэтэл Б......өмчлөгч биш этгээд, бие даасан шаардлага гаргах эрхгүй этгээд байхад энэ нэхэмжлэлийг гаргасан байна. Хэрэв өмчлөх эрхтэй этгээд байсан байлаа гэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.3-т заасныг үндэслэл болгосон нэхэмжлэл гаргасан гэдэг. Б.Цэндсүрэн өмчлөгч биш гэдэг нь тогтоогдсон. Орон сууцны өмчлөх эрхийн маргаан үүссэн тохиолдолд хуулийн 122.1 хамаарна. Өмчлөлийн маргаан үүсээгүй байхад битүүмжилсэн хөрөнгийг жагсаалтаас хасуулах ёстой байтал энэ хуулийн зохицуулалтад хамараалгүй асуудлаар нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэлд дурдсан, хүчингүй болгуулахаар шаардаж буй шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолууд нь хуулиар зохицуулагддаг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа юм. Энд бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг баримтлах ёстой. Хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд л уг ажиллагаатай холбоотой гомдлоо гаргах ёстой. Талууд гэдэгт хуулийн 32.1-т зааснаар төлбөр авагч, төлбөр төлөгч байхаар тусгасан. Б......төлбөр авагч болон төлбөр төлөгч биш байна. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдол гаргах, нэхэмжлэл гаргах, тогтоол шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар тогтоолуудыг хүчингүй болгуулахаар мэдсэнээс хойш тодорхой хугацаанд шат дараалалтай гомдол гаргаж шийдвэрлүүлэх ёстой. Шүүхэд хандахаас өмнө урьдчилан шийдвэрлүүлэх нөхцөлийг хангаагүй байна. Шууд шүүхэд хандах асуудал биш, заавал дээд шатны байгууллагад хандсан байх ёстой. Урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн байна. Жилийн дараа, хоёр жилийн дараа гомдол гаргаж байгаа нь хуульд заасан хугацааг мөрдөөгүй, гомдол гаргах эрхээ алдсан байна.

Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаад орон сууцны үнэлгээ, албадан дуудлага худалдаа зэргийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, хүчин төгөлдөр шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн байгаа. Уг шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д эд хөрөнгө хураах тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.6-д нийцсэн ажиллагаа явуулсан гэж дүгнэсэн байна. Шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй байна гээд хэвээр үлдээсэн байгаа. Нэгэнт хураах ажиллагааг шүүх шийдсэн, үнэлсэн учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар энэ үйл баримтыг дахин нотлохгүй. Иймд нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна. Нэхэмжлэх асуудал нь тусдаа хуулийн зохицуулалтаар явах ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлд шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд тавигдах шаардлагуудыг нарийвчлан заасан байгаа. Тогтоолууд нь хуульд заасан шаардлагуудыг хангасан байна. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5-д зааснаар зөвхөн тэмдэглэлд оролцогчид гарын үсэг зурна гэж хуульчилсан байгаа учир заавал хөндлөнгийн гэрчээр гарын үсэг зуруулах шаардлагагүй байна. Хөндлөнгийн гэрчүүд мэдүүлэг өгөхдөө өөрөө тогтоолд гарын үсэг зурсан талаар мэдүүлсэн. Асуулт хариултын шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.......уг ажиллагааны оролцогч тал биш гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна...гэв.

4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-3, 2-р хх-4/, шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар /1-р хх-4, 2-р хх-6/, Анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар /1-р хх-5-8/, шийдвэр гүйцэтгэгчийн даалгаврын хуулбар /1-р хх-9/, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбар /1-р хх-10/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /1-р хх-11/, Эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбар /1-р хх-12/, 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн даалгаврын хуулбар /1-р хх-13/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 4-145/951 тоот мэдэгдлийн хуулбар /1-р хх-18/, Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 03 тоот мэдэгдэх хуудас /1-р хх-62, 2-р хх-12/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 4/360 тоот хариу мэдэгдэх хуудасны хуулбар /1-р хх-215/, Шинжээч томилох тухай 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 1/6 тоот шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын хуулбар /2-р хх-5/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын хуулбар /2-р хх-7-8/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4-145/24403 дугаар мэдэгдлийн хуулбар /2-р хх-9, 11/, 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 24/01 тоот хариу мэдэгдэх хуудсын хуулбар /2-р хх-19/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

5. Хариуцагч тал татгалзлаа нотлохоор: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн хуулбарыг нотлох баримтаар гаргасан байна. /1-р хх-71-214/

6. Гуравдагч этгээдээс шүүхэд “Хас банк” ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-27, 2-р хх-27/, Шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар /1-р хх-28, 2-р хх-35/, Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн хуулбар /1-р хх-29, 2-р хх-36/, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоолын хуулбар /1-р хх-30/, анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар /1-р хх-31-34/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбар /1-р хх-35-43, 2-р хх-37-42/, Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар /1-р хх-44-46/, “Хас банк” ХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /1-р хх-47, 2-р хх-30/, Өмчлөх эрх шилжүүлэх тухай 145/17 тоот тогтоолын хуулбар /1-р хх-48, 2-р хх-31/, Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоолын хуулбар /1-р хх-49/, М........... нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар /1-р хх-50-54/, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 22370517/21 тоот Битүүмжилсэн, хураасан хөрөнгө чөлөөлөх тухай тогтоолын хуулбар /2-р хх-31-р талын арын хуудас/, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 22370517/20 тоот Хөрөнгийн эрх сэргээх тухай тогтоолын хуулбар /2-р хх-32/, Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэлийн хуулбар /2-р хх-32-р талын арын хуудас-34/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

7. Шүүхээс бүрдүүлсэн баримтууд:

7.1. Нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж, шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 10423 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас “Эд хөрөнгө хураах тухай” шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд хөндлөнгийн гэрчээр оролцож гарын үсэг зурсан ...........нарын оршин суух хаягийн лавлагаа гаргуулахаар шийдвэрлэн /2-р хх-3-4/, захирамжийн дагуу лавлагааг ирүүлсэн байна. /2-р хх-7-11/

7.2. Нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж, шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 11805 дугаар захирамжаар .........нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулахаар шийдвэрлэж, тэднээс гэрчийн мэдүүлэг авч, тэмдэглэл үйлдэн ирүүлэхийг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд даалган, даалгавар биелэгдэх хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шүүгчийн захирамжийн дагуу гэрчүүдийг асууж, тэмдэглэл үйлдэн ирүүлсэн байна. /2-р хх-59-60, 63-70/

7.2.1. Гэрч ......... “...Эд хөрөнгө хураах тогтоол үйлдэх үйл явдалд оролцоогүй, гарын үсэг зурсан. Тогтоолын “хөндлөнгийн гэрч” хэсэгт зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн. Тогтоолд гарын үсэг зурсан. Шийдвэр гүйцэтгэгч надад эрх үүрэг танилцуулаагүй. Шийдвэр гүйцэтгэгчийг танихгүй. Шийдвэр гүйцэтгэгч Б........болон хөрөнгийн өмчлөгч Б......нарыг танихгүй. Харин нөгөө хөндлөнгийн гэрч М.........танина..” гэжээ.

7.2.2. Гэрч М..........“...Эд хөрөнгө хураах тогтоолд гарын үсэг зурчих гэхээр нь зурсан. Би хэрэгт орчихгүй биз дээ гэж асуухад танд хамаагүй гэсэн учраас гарын үсэг зурсан. Хөндлөнгийн гэрч хэсэгт зурагдсан байгаа гарын үсэг миний гарын үсэг мөн. Надад уншуулаагүй, энд зур гэж заагаад зуруулсан. Тогтоолд гарын үсэг зурсан. Шийдвэр гүйцэтгэгч надад эрх үүрэг танилцуулаагүй. Шийдвэр гүйцэтгэгч Б......болон хөрөнгийн өмчлөгч Б......нарыг танихгүй. Харин нөгөө хөндлөнгийн гэрч Б.....танина, манай эхнэрийн дүүгийн хүүхэд юм. Би Д.........д харуулаар ажилладаг...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх Б.......нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. Б........нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ...... дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн.......дугаар Эд хөрөнгө хураах тогтоол, 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 1/6 дугаар Шинжээч томилох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар шаарджээ.

            3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ: “шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгө хураах тогтоолыг үйлдэхдээ хуульд заасны дагуу хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, хураах явцад байгаагүй хүмүүсээр тогтоолд гарын үсэг зуруулсан нь хууль зөрчсөн. Эд хөрөнгө битүүмжлэхдээ шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцыг тэмдэглэлээр баталгаажуулаагүй, ажиллагааны талаар төлбөр төлөгч, өмчлөгч нарт мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүй, хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжээч томилохдоо хүчингүй болсон хуулийн дагуу шинжээчид эрх үүрэг танилцуулсан учир шинжээч хуульд заасан эрх үүрэгтэйгээ танилцаагүй нь уг дүгнэлт үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй” гэж тодорхойлсон.

            4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзлын үндэслэлээ “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, эд хөрөнгө хураах тогтоолыг үйлдэхэд заавал хөндлөнгийн гэрч оролцуулахаар хуульчлаагүй, хөрөнгийн өмчлөгч болон төлбөр төлөгчийн эзгүйд энэ ажиллагааг хийх тохиолдолд хөндлөнгийн гэрч оролцуулахад хамаарна. Эд хөрөнгө битүүмжлэх болон хураах тогтоолыг шийдвэр гүйцэтгэгчийн даалгаврын дагуу Орхон аймгийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үйлдсэн. Шинжээчид эрх үүргийг тайлбарлахдаа шинэ хуулийн холбогдох заалтыг тайлбарлаж, акт үйлдсэн” гэж тайлбарлаж байна.

            5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлтэй холбогдуулан “Б......нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч биш, хөрөнгийн өмчлөгч Хас банк ХК болсноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч тал биш учир нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэхгүй. Маргаан бүхий орон сууцны өмчлөлтэй холбоотой маргаан үүсээгүй байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122.1-д зааснаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй” хэмээн тайлбарлав.

            6. Талууд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн “Даалгавар гүйцэтгүүлэх” тогтоолын дагуу эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагаа хийгдсэн, гуравдагч этгээд “.......банк” ХК нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, Б.......нь тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш, харин барьцаа хөрөнгө буюу хураагдсан орон сууцыг төлбөр төлөгч М.........хамтран өмчилдөг зэрэг үйл баримтын талаар маргаагүй.

            Харин шийдвэр гүйцэтгэгч нь Эд хөрөнгө битүүмжлэх болон хураах тогтоолуудыг үйлдэхдээ хууль зөрчиж үйлдсэн эсэх, эд хөрөнгө хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцох шаардлагатай эсэх, нэхэмжлэгч Б........нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх, шинжээчид эрх үүргийг тайлбарлахдаа хууль зөрчсөн эсэх талаар өөр өөрийн үндэслэл зааж маргасан.

            7. Хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад асуугдсан гэрчүүдийн мэдүүлэг зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо.

            7.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/01845 дугаар “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар хариуцагч “.....” ХХК, Г.....нар нэхэмжлэгч “......банк” ХХК-д зээлийн гэрээний үүрэгт 434,598,360 төгрөгийг хувааж төлөх, тохирсон хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд фидуцийн гэрээний зүйлүүдийг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэх, Л.......өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, ШЗТ 7 дугаар байрны 76 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээг батлан, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

            7.2. .........нарт холбогдуулан гаргасан “барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/03087 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан, ........ нар нь тус шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/01845 дугаар захирамжийн дагуу 434,598,362 төгрөгийг “..... банк” ХХК-д төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ...М....... өмчлөлийн О.......тоот хаягтай, 38 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-......... дугаартай, 3 өрөө орон сууц...зэрэг эд хөрөнгүүдийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэн, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар магадлалаар уг шийдвэрийг хянаад хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 001/ШХТ2022/00320 дугаар тогтоолоор Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна.

            7.3. Дээрх шийдвэр биелэгдээгүй учир “........банк” ХХК-ийн хүсэлтээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШЗ2022/07699 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, мөн өдрийн 102/ГХ2022/00711 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 22370517 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

            7.4. Маргаан бүхий........ тоот дахь 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг төлбөр төлөгч М........., энэ хэргийн нэхэмжлэгч Б..........нар хамтран өмчилж байсан, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс тус хөрөнгийн өмчлөгчөөр төлбөр авагч “......банк” ХК улсын бүртгэлд бүртгэгдэж, 001179830 тоот гэрчилгээ олгогджээ.

            7.5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгчид шийдвэр гүйцэтгэх мэдэгдлийг хүргүүлж байсан байна. Шийдвэр гүйцэтгэгч Б.Лочин 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 22370517/05 дугаар “Шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар”-аар М.........өмчлөлийн 116 тоот орон сууцыг битүүмжилж, хураан фото зургаар баримтжуулах ажиллагааг гүйцэтгэхийг 53 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид даалгаж, уг даалгаврын дагуу Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эд хөрөнгө битүүмжлэх болон эд хөрөнгө хураах ажиллагааг хийж, биелэлтийг ханган 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр буцаан хүргүүлсэн байна.

            7.6. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үйлдэж, төлбөр төлөгч М........эхнэр Б........байлцуулан, Б.........нь “санал хүсэлт байхгүй” гэснийг тогтоолд тусгаж, мөн Б........гарын үсэг зурахаас татгалзсаныг тэмдэглэсэн ба энэ өдрөө тэмдэглэл үйлдэж, фото зураг авсан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд мөн Б..........гарын үсэг зурахаас татгалзсаныг тэмдэглэжээ. /1-р хх-123-124/

            7.7. Улмаар 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 22370517/11 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг “Шийдвэр гүйцэтгэх албаны Маягт №24”-ийн дагуу шийдвэр гүйцэтгэгч Т........үйлдэж, хөндлөнгийн гэрчээр ........ нарыг оролцуулан, битүүмжилсэн эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийг үндэслэж хураан авсан гэж тусгасан байна. /1-р хх-131/

            7.8. Дээрх тогтоолд хөндлөнгийн гэрчүүд гарын үсэг зурж, тогтоол үйлдэхэд байлцсан хөрөнгийн өмчлөгч Б........гарын үсэг зурахаас татгалзсан талаар тэмдэглэсэн ба энэ үйл явцыг баталгаажуулан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэж, тэмдэглэлд “уг тэмдэглэлийг 116 тоотод үйлдсэн, шийдвэрийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны дотор биелүүлэх хугацаа өгсөн талаар, мөн Б......гарын үсэг зурахаас татгалзсан талаар” тэмдэглэсэн байна.

            7.9. Эд хөрөнгө хураах ажиллагаанд оролцсон гэх хөндлөнгийн гэрчүүд, тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө “эд хөрөнгө хураах ажиллагаанд оролцоогүй, шийдвэр гүйцэтгэгчээс гарын үсгээ зур гэсний дагуу зурсан, эрх үүрэг тайлбарлуулаагүй” гэж мэдүүлсэн.

            7.10. Шийдвэр гүйцэтгэгч Б.Лочин 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 1/6 дугаар “Шинжээч томилох тухай” тогтоол гаргаж, уг тогтоолоор 76 тоот болон 116 тоот хаягт байрлах хоёр үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Ц.........шинжээчээр томилон, тогтоолын 2 дахь заалтаар: “Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 13, 14 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан эрх үүргийг тус тус танилцуулж, шинжээчийн дүгнэлтийг ирүүлэх хугацааг зааж, 3 дахь заалтаар: шинжээчид дүгнэлт өгөхөөс зайлсхийх, татгалзах, санаатайгаар худал дүгнэлт гаргах, тогтоосон хугацаанд дүгнэлт, тайлан ирүүлээгүй тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулсан байна. /1-р хх-135/

            7.11. Улмаар 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн “Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл”-д төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээ тогтоолгохтой холбогдуулан Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.1-д заасан үндэслэлийг тодруулахаар шинжээчид холбогдох мэдээллийг тодруулж, мөн өдрөө “Шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх акт” үйлдэж, актад Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.2-д заасан үндэслэлийг тогтоогдсоны дагуу шинжээчид тогтоол гардуулан өгч тэмдэглэл үйлдсэн гэж,

- Ц..........шинжээчээр оролцуулахтай холбогдуулан Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9, 11, 13, 14, 16, 45 дугаар зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14, 15 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43.1, 43.4 дэх заалтыг танилцуулж, хүлээх хуулийн хариуцлагыг тайлбарлан өгсөн талаар тэмдэглэж, шинжээчээр гарын үсэг зуруулсан байна.

7.12. Шинжээчийн дүгнэлт гарч, 116 тоот орон сууцыг 127,229,700 төгрөгөөр үнэлсэн ба төлбөр төлөгч болон орон сууцны өмчлөгч ........ нар тухайн үнэлгээг хүчингүй болгуулах, мөн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шүүх 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хэргийг хянаад, тэдний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн, уг шийдвэрийг давж заалдах шатны шүүх 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хянаж, хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /1-р хх 190-199, 200-204/

7.13. Улмаар Б........ нарын өмчлөлийн 116 тоот орон сууцыг Өмчлөх эрх шилжүүлэх тухай 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарч, төлбөр төлөгч болон өмчлөгч нарт 11 дүгээр сарын 24-ний өдөр тогтоолыг мэдэгдэн, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Хөрөнгийн эрх сэргээх, Битүүмжилсэн хураасан хөрөнгө чөлөөлөх, Албадан дуудлага худалдаа хүчингүй болгох” зэрэг тогтоолууд гарч, Өмчлөх эрх шилжүүлэхийг Орхон аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст мэдэгдэж, албадан дуудлага худалдааны ялагч “Хас банк” ХК 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс уг орон сууцны өмчлөгч болсон байна. Маргаан бүхий орон сууц одоогоор Б........эзэмшилд байгаа.

8. Нэхэмжлэгч Б.........шаардах эрхийн талаар:

8.1. Б........нь .............. тоот хаягтай, 38 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-.......дугаартай, 3 өрөө орон сууцыг М.......хамт өмчилж байсан болох нь тогтоогдсон. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.3 дахь хэсгүүдэд заасны дагуу шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тодорхойлсон.

8.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт “Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно” гэж заасан нь Б........шүүхэд гаргасан “тогтоол хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.

8.3. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 44.3, 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй” гэж заасан бөгөөд хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно” гэж, 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй” гэж тус тус хуульчилсан байна.

8.4. Хуулийн дээрх заалтаар “бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд” буюу Б..........өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргах талаар зохицуулсан ба тэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч тал биш, тухайн маргаан бүхий орон сууцыг төлбөр төлөгчтэй хамтран өмчилж байсан учир өөрийн өмчлөх эрх хөндөгдсөн асуудлаар гомдол гаргасан байх тул шаардах эрхтэй байна.

8.5. Б........маргаан бүхий орон сууцны өмчлөгч биш учир шаардах эрхгүй гэх гуравдагч этгээдийн тайлбарын тухайд уг орон сууцны өмчлөгчөөр “.....банк” ХК 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр бүртгэгдсэн ба өмнөх өмчлөгч Б........2024 оны 2 дугаар сарын 06-ны өдөр энэ нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хэдийгээр өмчлөх эрх бусдад шилжсэн боловч тийнхүү өмчлөх эрх шилжих болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан “Эд хөрөнгө хураах тухай” тогтоол хууль зөрчсөн гэж үзэж, өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар шүүхэд гомдол гаргасан учир түүнийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй юм.

9. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

9.1. Нэхэмжлэлийн уг шаардлагыг шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасныг зөрчиж явуулсан гэж нэхэмжлэгч тайлбарласан ба нэхэмжлэлийн үндэслэлээ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үйл явц, үр дүнг баталгаажуулах зорилгоор тэмдэглэл үйлдэнэ” гэж, 14 дүгээр зүйлийн 14.4-т “шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, ...мэдэгдэж болно” гэж, 14.6-д “мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, ..хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулаагүй гэж тус тус заасныг зөрчсөн гэж тодорхойлсон.

9.2. Шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр явуулсан Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааны дагуу тогтоол гаргахдаа дээрх хуульд заасны дагуу тэмдэглэл үйлдсэн болох нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргээр тогтоогдсон ба уг тэмдэглэлд хөрөнгийн өмчлөгч гарын үсэг зурахаас татгалзсан талаар тэмдэглэсэн байна.

9.3. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч талд мэдэгдэх хуудсаар мэдэгдэл өгөөгүй гэж маргасан боловч мэдэгдлийг шуудангаар явуулж байсан болох нь хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн уг шаардлагаа баримтаар нотлоогүй бөгөөд Б.Цэндсүрэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч тал биш гэдгийг зохигчид хэн аль нь шүүх хуралдаанд тайлбарласан.

9.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгч, авагч зэрэг уг ажиллагааны оролцогч талд мэдэгдэхээр хуульчилсан ба Б......нь өөрийн нэрээр нэхэмжлэл гаргасан, уг ажиллагааны төлбөр төлөгч М......нэхэмжлэл гаргаагүй тул түүнд мэдэгдэх хуудас хүргүүлсэн эсэх талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй юм. Иймд дээрх үндэслэлээр 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

10. Нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

10.1. Нэхэмжлэгчээс уг шаардлагын үндэслэлээ: “Хууль дээдлэх зарчмыг зөрчиж, хөндлөнгийн гэрч оролцуулахаар хуульд заасныг зөрчиж оролцуулалгүйгээр, тухайн ажиллагаанд оролцоогүй хүмүүсээр тогтоолд гарын үсэг зуруулсан. Б...... шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэг хамаарахгүй ба хөрөнгийн талаар эрх хөндөгдсөн этгээд учир урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэхгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.3 дахь хэсгүүдэд заасны дагуу шаардах эрхтэй” гэж тайлбарласан.

10.2. Харин хариуцагчийн зүгээс татгалзлын үндэслэлээ: “Хөндлөнгийн гэрчийг төлбөр төлөгч болон өмчлөгчийн эзгүйд тухайн хөрөнгөд нэвтрэн орох, нэгжих, хураан авах ажиллагаа явуулахад хөндлөнгийн гэрч байлцуулж болно. Хөндлөнгийн гэрчүүд болон оролцогчид тогтоолд заавал гарын үсэг зурах шаардлагагүй. Харин тэмдэглэлд гарын үсэг зурахаар заасан. Хөндлөнгийн гэрчүүд гарын үсэг зурсан. Уг ажиллагааг 53 дугаар тойргийн гүйцэтгэгч явуулсан” гэж тайлбарлаж байна.

10.3. Гуравдагч этгээдийн зүгээс уг нэхэмжлэлтэй холбогдуулан: “Тухайн хөрөнгийн өмчлөгч Б.........биш, хөрөнгийн өмчлөлтэй холбоотой маргаан үүсээгүй, шийдвэрлэгдээгүй. Одоо хөрөнгийн өмчлөгч нь “.......банк” ХК болсон учраас өмчлөгч бус этгээд нэхэмжлэл гаргах эрхгүй. Б..........шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч тал биш учраас ажиллагааг хүчингүй болгуулахаар шаардах эрхгүй” гэж тайлбарлав.

10.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3 дахь хэсэгт “Жагсаалтыг эд зүйл, баримт бичгээ хураалгасан, эсхүл ажиллагаанд байлцсан хүний гарын үсэг, эсхүл хурууны хээгээр баталгаажуулж, хувийг тухайн эд зүйлийг эзэмшигчид, эсхүл түүний өмгөөлөгчид даруй гардуулна” гэж заасан ба хуулийн энэхүү зохицуулалтад эд хөрөнгө хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрч заавал оролцуулах талаар тусгайлан заагаагүй байна.

10.5. Талууд нэхэмжлэлийн уг шаардлагын хүрээнд эд хөрөнгө хураах шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйл хэрхэн хамаарах талаар мэтгэлцсэн ба хуулийн 41.1 дэх хэсэгт “Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна” гэж, 41.2 дахь хэсэгт “Шаардлагатай бол энэ хуулийн 41.1-д зааснаас бусад ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчийг оролцуулж болно” гэж заасан байна.

10.6. Эд хөрөнгө хураах ажиллагааг явуулсан шийдвэр гүйцэтгэгч нь тухайн ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулах шаардлагатай гэж үзэн, тогтоолд энэ талаар тусгаж, 2 иргэнийг хөндлөнгийн гэрчээр оролцуулсан талаар тэмдэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “энэ ажиллагаанд заавал оролцуулах шаардлагагүй” гэх тайлбар үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл: шийдвэр гүйцэтгэгч өөрөө хөндлөнгийн гэрч оролцуулах шаардлагатай гэж үзээд, тогтоол болон тэмдэглэлд хөндлөнгийн гэрч оролцсон талаар дурдсан бол бодитоор хөндлөнгийн гэрчүүдийг ажиллагаанд оролцуулах үүрэг хүлээнэ.

10.7. Эд хөрөнгө хураах тогтоолд оролцсон гэж тусгагдаж, гарын үсэг зурсан хоёр хөндлөнгийн гэрч нь бодитоор оролцоогүй болохоо шүүхэд тайлбарлаж мэдүүлэг өгсөн байх тул хуульд заасан журмын дагуу Эд хөрөнгө хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулаагүй гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй, хариуцагч тал тайлбар татгалзлаа нотлоогүй, гэрчүүдийн мэдүүлгийг няцаах баримт гаргаагүй байна.

10.8. Гэвч тухайн ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулаагүйн улмаас нэхэмжлэгч Б........эрх хэрхэн зөрчигдсөн нь нэхэмжлэлийн шаардлагаар тодорхой бус, мөн эд хөрөнгө хураах ажиллагаанаас хойш хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан гомдол шаардлага гаргаж шийдвэрлүүлсэн, эд хөрөнгө хураах үйл явцад хөрөнгийн өмчлөгч Б........байлцсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр нотлогдож байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

11. Шинжээч томилох тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 1/6 дугаар тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

11.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт “шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлана” гэж заасан бөгөөд шинжээчид эрх, үүргийг тайлбарлахдаа үйлчлэл хүчингүй болсон хуулийн заалтыг тайлбарласан, шинээр хэрэгжиж байгаа хуулийн заалтыг тайлбарлаагүй нь тухайн шинжээчийг томилсон тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

11.2. Түүнчлэн дээрх шинжээч томилсон тогтоол, уг тогтоолын дагуу томилогдож дүгнэлт гаргасан шинжээчийн үнэлгээг хууль зөрчөөгүй талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу нэгэнт тогтоогдсон үйл баримт байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

12. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчээс ...... тоот дахь орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тогтоол, Эд хөрөнгө хураан авах тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тогтоол, Шинжээч томилох тухай 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай Б........нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА