Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 130/ШШ2024/00654

 

 

 

 

    2024           07             03     

                       130/ШШ2024/00654

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суух, Ж овогт С.А

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Ш овогт Ж.Е

Нэхэмжлэлийн шаардлага: Үлдэгдэл барилгын материалын үнэ 1,630,150 /нэг сая зургаан зуун гучин мянга нэг зуун тавин/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М /цахимаар/

Хариуцагч Ж.Е

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч С.А нь хариуцагч Ж.Е-д холбогдуулан Үлдэгдэл барилгын материалын үнэ 1,630,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч С.А нь Б аймгийн Ө суманд барилгын материалын бөөний худалдаа эрхэлдэг. Хариуцагч анх 5,530,150 төгрөгийн барилгын материалыг зээлээр авсан ба үүний дараа 2023 оны 20 дугаар сарын 04-ний өдөр нэмж 2 сая төгрөгийн материалыг зээлээр авсан. Гэвч тухайн үеэс хариуцагч зээлээр авсан барилгын материалын мөнгийг төлөхгүй өдий хүрсэн. Харин Ж.Е-аас бид 300 шуудай цемент зээлээр авсан үнэ болох 5,700,000 төгрөгийг хасаж одоо үлдэгдэл 1,630,150 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

2.Хариуцагч Ж.Е татгалзал: Миний бие Х аймгийн Т гэх компанид менежерээр ажилладаг. Тус компани нь Б аймгийн Ө сумын 10 дугаар багт байрлалтай 940 суудалтай сургуулийн барилгын ажил гүйцэтгээд явж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжилж буй 7,330,150 төгрөгт авсан барааг би тус барилгад хэрэглэсэн байдаг. Тийм учраас тухайн барилгын бараа материалыг би хувьдаа аваагүй гэдгийг хэлье. Иймд 7,330,150 төгрөгийг Т компани даргаас нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Ковид-19 сар тахал гарсан үед нэг шуудай цемент нь 43,000 төгрөгийн зах зээлийн ханштай байсан. Тухайн үед аймгийн хэмжээнд цемент тасарсан байсан. Тэгэхэд надаас нэхэмжлэгч тал нэг шуудай цементийг 30,000 төгрөгөөр бодож, 300 шуудай цементийг надаас зээлээ авсан. Миний бодож байгаагаар манай байгууллага нэхэмжлэгч талаас авах авлагатай гэж боддог. Манай байгууллага 7,330,150  төгрөгийн барилгын бараа бүтээгдэхүүнийг авч хэрэглэснийг би хүлээн зөвшөөрч байгаа гэжээ.

3.Нэхэмжлэгчээс Е.М-т олгосон итгэмжлэл, 2 ширхэг тэмдэглэлийн дэвтэр,  улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

4. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

5. Нэхэмжлэгч С.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

5.1. Хариуцагчийн зээлээр авсан барилгын материалын үнээс бид нарын зээлээр авсан 300 шуудай цементийн үнэ болох 5,700,000 төгрөгийг хасаж одоо үлдэгдэл 1,630,150 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.   

6. Хариуцагч Ж.Е нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

6.1. Манай байгууллага 7,330,150 төгрөгийн барилгын бараа бүтээгдэхүүнийг авч хэрэглэснийг би хүлээн зөвшөөрч байгаа. Би нэхэмжлэгчээс барилга материалыг авахдаа байгууллагад хэрэглэх зорилгоор авсан тул би төлөхгүй гэв.

7. Хариуцагч Ж.Е-д  2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн нэг хувийг гардуулж, хуульд заасан эрх, үүргийн танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа үндэслэлээ өөрөө нотолж, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргийг хүлээсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т дугаар зүйлд зааснаар  хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй болно.

8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

8.1. Нэхэмжлэгч С.А, хариуцагч Ж.Е нарын шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлаж байгаа тайлбараар үйл баримт нотлогдох ба талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ-г амаар байгуулсан байна гэж үзлээ.

8.2. Хариуцагч Ж.Е нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ барилгын материалыг зээлээр авсан, гэхдээ би хувьдаа аваагүй компанид авсан би Т компанид менежерээр ажиллаж байгаа, би төлөхгүй компани төлнө гэж тайлбарлаж маргасан болно. 

8.3. Хариуцагч Ж.Е-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй нь танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.

8.4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэжээ. 

9. Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар барилгын материалыг зээлээр авсныг тэмдэглэсэн талаарх тэмдэглэлийн дэвтрийн хуулбарыг гаргаж өгсөн ба уг тэмдэглэлийн дэвтрийн эх хувь буюу 2 ширхэг дэвтэрт  /хар, бор өнгийн дэвтэр/ Е ах ******** гэж тэмдэглэл хийсэн байх ба үүнийг шүүх хуралдааны шатанд үзлэг хийж, энэ талаар хариуцагч Ж.Е-аас тодруулахад “ барилгын материал авсан нь үнэн, түүнийг жагсааж бичсэн зарим нэгэн бараанд зурсан гарын үсэг миний гарын үсэг мөн байна, гэхдээ уг бараа материалыг компани төлөх ёстой” гэж үгүйсгэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх үгүйсгэсэн нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

9.1.Зохигч нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль нь биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

9.2. Нэхэмжлэгч /худалдагч/  С.А нь хариуцагч /худалдан авагч/ Ж.Е нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээгээр бараа материалыг худалдан авагч Ж.Е-ын өмчлөлд шилжүүлж өгсөн буюу түүнийг хүлээж авсан нь хариуцагч Ж.Е-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон нотлох баримтаар гаргаж өгсөн тэмдэглэлийн дэвтэрт бичигдсэн бичмэл нотлох баримтаар нотлогдож байна.

10. Иймд нэхэмжлэгч С.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ж.Е-аас үлдэгдэл барилгын материалын үнэ  1,630,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.А-т олгох нь зүйтэй байна.

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132,233 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагчид хариуцуулна гэж зааснаар хариуцагч Ж.Еаас 41,032 төгрөг гаргуулан   нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ж.Е-аас үлдэгдэл барилгын материалын үнэ 1,630,150 /нэг сая зургаан зуун гучин мянга нэг зуун тавин/ төгрөгийг гаргуулан С.А-т олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132,233 /нэг зуун гучин хоёр мянга хоёр зуун гучин гурван/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Е-аас 41,032 /дөчин нэгэн  мянга гучин хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  К.БҮЛДИРГЕН