Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 21

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Практикал даатгал ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 153/ШШ2020/00206 дугаар шийдвэртэй, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-4, Экспресс таур 9 давхар, Практикал даатгал ХХК /РД:2813017/-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг, 1-24 айлын орон сууц, 17 тоотод оршин суух, ХП65060164 дугаарын регистртэй, Дарам овогт Бадамын Одончимэгт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баянмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цоггэрэл түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг, нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 5,881,704 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Б.Одончимэг нь Ховд аймгийн Улаан загалмайн хороонд нягтлан бодогчоор ажиллаж байх үедээ буюу 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 6,900,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1,50%-ийн хүүтэйгээр Капитал банкнаас зээлж авсан боловч 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдөж, 2014 оны 11 дүгээр сараас хойш зээлийн төлбөрөө төлж чадахгүй, үүргийн зөрчил үүсгэсэн. Зээлдүүлэгч Капитал банк нь манай даатгалын компанитай 2012 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ байгуулсан ба Б.Одончимэг нь зээлийн хугацаа хэтрэлт 30 хоногоос хэтэрснээр даатгалын тохиолдол бий болсон. Ийнхүү Капитал банкны нөхөн төлбөр хүссэн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 618, 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 8/1418 дугаар албан тоотуудыг хүлээн авч, компанийн гүйцэтгэх захирлын 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 3011501331 дүгээр тушаалын дагуу нөхөн төлбөрт тооцож 5,881,704 төгрөгийг Капитал банк ХХК-д төлсөн. Иймд хариуцагч Б.Одончимэгээс 5,881,704 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагчийн хариу тайлбар: Б.Одончимэг миний бие нь Капитал банкны Ховд салбараас 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 6,900,000 төгрөгийн цалингийн зээл авсан. Тэр үед миний бие нь Ховд аймгийн Улаан загалмайн хороонд нягтлан бодогчоор ажиллаж байсан. Цалингийн зээлээ хэвийн хэмжээнд төлж байгаад 2013 оны 07 дугаар сард ажлаасаа чөлөөлөгдөөд зээлийг төлж чадахгүй эрсдэл бий болсон. Тухайн үед зээл авахад Капитал банк нь даатгалын төлбөр гэж зээлээс тодорхой хувийг суутган авсан. Зээлийг төлөх орлоггүй болсон тухайгаа Капитал банкинд мэдэгдэхэд зээлийн эдийн засагч нь эрсдлийн санд оруулах талаар анхаарч үзье гэж хэлсэн. Удалгүй надад таны даатгалаас зээлийг нөхөн төлүүлсэн гэдгийг мэдэгдсэн. Гэтэл Практикал даатгал нь надаас зээлийн төлбөр нэхэж шүүхэд ханджээ. Даатгалын байгууллагын үйл ажиллагааны үндсэн зорилго нь даатгуулагч иргэн эрсдэлд орсон тохиолдолд эрсдлийг хариуцах үүргийг хүлээдэг гэж ойлгож байна. Б.Одончимэг миний бие нь сонсголын бэрхшээлээр 60 хувийн группд байдаг. Орлого багатай. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 153/ШШ2020/00206 дугаар шийдвэрээр:” 1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар Практикал даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Одончимэгт холбогдох 5,881,704 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Практикал даатгал ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын банкны 100160000945 тоот дансанд төлсөн 109,100 /нэг зуун есөн мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж шийдвэрлэжээ.

 

 Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг нотлох үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан байна. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэсэн дүгнэлтийг хийж байх боловч, яг ямар баримтыг дутуу гаргаж өгсөн гэж үзээд байгаа нь тодорхойгүй, үнэхээр тийм баримт байсан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан үндэслэлээр шүүх өөрөө шаардан авах боломжтой байсан хэдий ч энэ эрхээ хэрэгжүүлсэнгүй. Б.Одончимэгийг ажлаас чөлөөлсөн тушаалыг Ховд аймгийн Улаан загалмайн хороо буюу хариуцагчийн аль нэгээс гаргуулж авах тухай хүсэлтийг шүүхэд   шүүх хангаж шийдвэрлэсэн атлаа уг баримт шүүхэд  ирээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаарлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч Практикал даатгал ХХК нь “....5.881.704 төгрөг гаргуулах“ тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Одончимэгт холбогдуулан гаргажээ.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч давж заалдах журмаар  гаргасан гомдолдоо “...бидний зүгээс шүүхэд  нэхэмжлэлээ нотлох үүднээс  шаардлагатай нотлох баримтуудыг гаргаж өгснөөс гадна өөрсдийн зүгээс нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгөх боломжгүй Б.Одончимэгийг ажлаас чөлөөлсөн Ховд аймгийн Улаан загалмайн хорооны даргын тушаалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн гаргуулж авах тухай хүсэлтийг шүүхэд гаргасныг шүүх хангаж   шийдвэрлэсэн атлаа уг баримт шүүхэд  ирээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн...” гэжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дараах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ. Үүнд:

1.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 5.881.704 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр уг маргааныг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.  Шүүх уг шаардлагын үндэслэлийг тодруулаагүй байжээ. Тодруулбал хариуцагч нь зээлийн гэрээний дагуу банканд хэдэн төгрөг төлөх үүрэгтэй байсан нь тодорхойгүй байна. Энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл, шалтгаан, зорилго үр дагавар тус бүрийг шүүхээс тодруулаагүй байна. Энэ талаар шүүх нэг бүрчлэн тодруулах байжээ.

2.Нэхэмжлэгчийн шаардлагаа нотлохоор /хавтаст хэргийн 12-19 дүгээр хуудас/ шүүхэд ирүүлсэн бичгийн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн  44.2, 44.4-т заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй байхаас гадна тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үнэлэх боломжгүй байна.

3.Нэхэмжлэгчээс хэргийн үйл баримтыг тогтоолгохоор уг маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий Ховд аймгийн Улаан загалмайн хорооны даргын 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б.Одончимэгийг ажлаас чөлөөлсөн тушаалыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр Ховд аймгийн Улаан загалмайн хороо болон хариуцагч нарын  аль боломжтой талаас гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна. Гэтэл уг захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалттай нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх захирамжийн  биелэлт хангагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь дээрх хуулийг зөрчжээ. Энэ талаар гаргасан  нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

4.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Капитал банкны Ховд салбар нь Б.Одончимэгтэй 2013 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр 2013/308 дугаар цалингийн зээлийн гэрээ байгуулж, 6.900.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр хүртэл буюу 36 сарын хугацаагаар 1.50 хувийн хүүтэй зээлдүүлжээ. Зээлдэгч нь зээлийн төлбөрийг цалин түүнтэй адилтгах орлогоор төлөх, зээлдүүлэгч банк нь зээлдэгчийн цалинг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр тодорхойлж, цалингаас шууд төлүүлэхээр /гэрээний хавсралт-1-ээр/ тохиролцжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжилдээ Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-т заасны дагуу даатгуулагчийн шаардах эрх Капитал банканд олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр манай компанид шилжсэн гэжээ.

Хэргийн 6-9 дүгээр талд талуудын хооронд байгуулсан цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ байх ба гэрээний зорилгыг “дэд даатгуулагч зээл болон хүүгийн үлдэгдлийг төлж барагдуулахад даатгалын эрсдэлийн улмаас учирч болох хохирлоос даатгуулан хураамж төлж, даатгагч, даатгалын хугацаанд гэрээнд заасан нөхцөлөөр даатгалаар хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж тодорхойлжээ. Мөн гэрээний 2.2.-т  банкнаас зээл авч буй этгээдийг “дэд даатгуулагч” гэж тодорхойлон, гэрээний хугацаа дуусгавар болсон ч дэд даатгуулагч тус бүрийн хувьд даатгалын баталгаанд бичигдсэн хугацаагаар даатгал үйлчлэхээр гэрээний 3.1-т зохицуулсан байх ба уг даатгалын баталгаа хэрэгт авагдаагүй байна. Шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.

Хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхаас гадна шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар тодорхой дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 118 дугаар зүйлийн 118.4-д заасан шаардлагад нийцээгүй гэж  үзнэ.

Хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх дээр дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлүүдийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас залруулж,  шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах  нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 109100 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгож шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нотлох баримтын дугаарыг зөрүүтэй бичсэн байгааг цаашид анхаарвал зохино.Тодруулбал хариуцагч Б.Одончимэгийн 40.463 төгрөгийг Практикал даатгалын дансанд шилжүүлсэн гэх  баримтыг хэргийн 63-64 дугаар хуудаст гэж тэмдэглэсэн байх боловч уг хуудаст тухайн баримт байхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 153/ШШ2020/00206 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Практикал даатгал  ХХК-ний давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 109100 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, түүнд буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.НЯМБАЯР

 

                                          ШҮҮГЧИД                                        Б.ДАМБА

 

                                                                                                   Н.ТУЯА