| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2023/0786/З |
| Дугаар | 128/ШШ2024/0201 |
| Огноо | 2024-03-06 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2024/0201
2024 03 06 128/ШШ2024/0201
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.Э*******, А.М*******
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: М.А*******
Хариуцагч: “Монголын хөрөнгийн бирж” ХК
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.О*******
Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Г*******, М.Г*******, Д.Г
Нэхэмжлэлийн шаардлага: “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаар тогтоолын 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Э*******, А.М*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.А*******, Д.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Г, Б.Г*******, М.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчээс “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаар тогтоолын 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагаар маргаж байна.
2.Маргааны үйл баримтын талаар дурдвал:
2.1.Нэхэмжлэгч А.М*******г анх Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “А.М*******г албан тушаалд томилох тухай” Б-62 дугаар тушаалаар Хяналт, зохицуулалтын газрын захирлаар томилжээ.
2.2.Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Х.Э*******г бүр мөсөн шилжүүлэн ажиллуулах тухай” Б/144 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Х.Э*******г Захиргаа, санхүүгийн газрын захирлаар 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн томилжээ.
2.3.”Монголын хөрөнгийн бирж” хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Гүйцэтгэх захирал, газрын захирлуудын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлах тухай” 47 дугаар тогтоолоор “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ.
2.4.Тус шүүх нэхэмжлэгч нараас “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаар тогтоолын 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3.Нэхэмжлэгч Х.Э******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Иргэн Х******* овогтой Э******* би “Монголын хөрөнгийн бирж” ХК-д 2015 оноос, Захиргаа, санхүүгийн газрын захирлын албан тушаалд 2023 оноос тус тус ажиллаж байна. МХБ нь 1991 онд үүсгэн байгуулагдсан. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.28, 24.1.11-д заасны дагуу үнэт цаасны арилжаа эрхлэх үйл ажиллагаа явуулдаг. Захиргааны ерөнхий хуулийн 5.1-д "Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно.
5.1.4.Үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа" гэж тус тус заасан. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 3.1-д "Энэ хуулиар үнэт цаасыг нийтэд санал болгон гаргах, арилжих, бүртгэх, төлбөр, тооцоог гүйцэтгэх, хадгалах, бусад зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна." гэж мөн зүйлийн 3.4-д "Үнэт цаасны зах зээл дээр мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон нийтлэг харилцааг энэ хуулиар, үйл ажиллагааны онцлогтой холбогдсон бусад харилцааг тус тусын хуулиар зохицуулна." гэж тус тус заасан.
МХБ-ийн нийт хувьцааны 66 хувийг төр, 34 хувийг нь иргэд олон нийт эзэмшдэг ба хуулиар заасан үнэт цаасны арилжаа эрхлэх чиг үүрэг бүхий байгууллага тул үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн захиргааны байгууллагад хамаарна. Мөн урьд өмнө захиргааны хэргийн шүүх тус компанийг захиргааны байгууллага гэж тооцон хариуцагчаар татаж маргааныг хянан шийдвэрлэж байсан болно. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 59 дүгээр тогтоолоор уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг МХБ-иар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл МХБ-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх нэрийн дор 2023 оны 12 сарын 7-ны өдөр 47 дугаар тогтоол гаргаж, уг тогтоолын 1 дэх хэсэгт зааснаар Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт явуулахаар тогтоосон байна. Мөн уг тогтоолын 3 дахь хэсэгт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Газрын захирлуудын нээлттэй сонгон шалгаруулалтыг гүйцэтгэх захирлыг томилсны дараа зохион байгуулахыг Нэр дэвшүүлэх хороонд даалгаж шийдвэрлэжээ.
МХБ-ийн ТУЗ-өөс гаргасан 2023 оны 12 сарын 7-ны өдөр 47 дугаар тогтоол нь Дараах байдлаар хуульд нийцэхгүй, хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Үүнд: Миний үзэж байгаагаар МХБ нь 1991 онд үүсгэн байгуулагдсан ба, гагцхүү Засгийн газрын тогтоолын дагуу уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг 2023 оноос гүйцэтгэж буй тул шинээр үүсгэн байгуулагдсан бирж гэж тооцогдохгүй. Учир нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 5.5-д "Уул уурхайн бүтээгдэхүүний бирж" гэсэн тэмдэглэгээг зөвхөн энэ хуулийн дагуу байгуулагдсан бирж оноосон нэрэндээ хэрэглэх бөгөөд бусад этгээдийн оноосон нэрэнд хэрэглэхийг хориглоно гэж заасан. Иргэний хуулийн 26.1-д “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ" гэж заасан ба МХБ нь 1991 онд үүсгэн байгуулагдаж улсын бүртгэлд бүртгэгдсэн тул МХБ-ийг дан ганц уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хууль батлагдахад үүсгэн байгуулагдсан шинэ бирж гэж үзэх нь өрөөсгөл юм.
Иймд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 8.3-д заасан "Гүйцэтгэх захирал, газрын захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож, төлөөлөн удирдах зөвлөлөөс томилж, чөлөөлөх" зохицуулалт нь МХБ-ийн хувьд хамааралгүй гэж үзэж байна. ” гэжээ.
2.Түүнчлэн миний бие МХБ-д хувьцааны арилжаа эрхлэх байгууллага байх үеэс ажиллаж ирсэн бөгөөд нь тус компани нь хэдий төрийн өмч давамгайлсан компани боловч улс төрийн нөлөөнөөс ангид, боловсон хүчин нь тухайн бирждээ олон жил ажилласан мэргэшсэн туршлагатай хамт олон юм.
Гэтэл МХБ-ийн ТУЗ-өөс 2023 оны 12 сарын 7-ны өдөр 47 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Газрын захирлуудын нээлттэй сонгон шалгаруулалтыг гүйцэтгэх захирлыг томилсны дараа зохион байгуулахыг Нэр дэвшүүлэх хороонд даалгаж шийдвэрлэжээ.
Өөрөөр хэлбэл МХБ-ийн ТУЗ-өөс МХБ-д олон жил ажилласан мэргэшсэн туршлагатай боловсон хүчнийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж буй нь цаашдаа хөдөлмөрийн маргаан гарах эрсдэлийг дагуулж байна.
Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80-р зүйлд ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх 6 үндэслэлийг заасан байх ба уг зохицуулалтад дээр дурдсан сонгон шалгаруулах нөхцөл байдал хамаарахгүй байх тул ажил олгогч, ажилтны хөдөлмөрийн маргаан гарч хүний нөөцийн тогтворгүй байдалд хүргэх магадлалтай.
3 МХБ нь 1991 оноос 2022 оныг хүртэл дан ганц үнэт цаасны арилжааны үйл ажиллагаа явуулж ирсэн түүхтэй бөгөөд МХБ-ийн газрын захирлууд мөн адил үнэт цаасны арилжааны үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн олон жилийн туршлагатай юм.
Гагцхүү 2023 оноос Засгийн газрын тогтоолын дагуу уул уурхайн биржийн арилжааг хавсран гүйцэтгэж байгаа.
Өөрөөр хэлбэл МХБ нь дан ганц уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа явуулдаггүй. Олон жилийн турш үнэт цаасны биржийн үйл ажиллагаа явуулж ирсэн ба үндсэн суурь үйл ажиллагаа нь үнэт цаасны биржийн үйл ажиллагаа юм.
Гэтэл дан ганц Уул уурхайн биржийн бүтээгдэхүүний тухай хуулийг дагаж мөрдүүлэх нэрийн дор “сонгон шалгаруулалт” гэх нэрийдлээр мэргэжилтэй удирдлагын багийг солихыг санаархаж буй нь үндэслэлгүй юм.
Түүнчлэн, Компанийн тухай хуулийн 76.1.8 дэх заалт, МХБ-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хурлаар батлагдсан Компанийн дүрмийн "5.7.8. Компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох" гэж заасны дагуу ТУЗ нь компанийн гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах эрхтэй байтал газрын захирлуудын сонгон шалгаруулах тухай тогтоол гаргасан нь хууль тогтоомжоор олгосон ТУЗ-ийн бүрэн эрхийг хэтрүүлсэн гэж үзэж байна.
4. МХБ нь үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулдаг цэвэр мэргэжлийн байгууллага бөгөөд энэхүү байгууллагын хүний нөөцийн тогтвортой байдлаас шалтгаалж компанийн үйл ажиллагаа шууд шалтгаалдаг.
Гэтэл МХБ-ийн ТУЗ нь сонгон шалгаруулалт нэрийн дор өмнө олон жил ажилласан боловсон хүчнийг ажлаас шууд чөлөөлөх нь Монголын хөрөнгийн зах зээлийн үндсэн байгууллагын үйл ажиллагааны тогтвортой байдлыг алдагдуулах эрсдэлтэй юм.
5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4-д “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана" гэж заасан.
МХБ-ийн ТУЗ-ийн дээр дээд шатны захиргааны байгууллага хуулиар байхгүй тул МХБ-ийн ТУЗ-ийн 2023 оны 12 сарын 7-ны өдөр 47 дугаар тогтоолыг мэдсэн даруй энэхүү нэхэмжлэлийг хуулийн дагуу тус шүүхэд гаргаж байгаа болно.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу "Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТУЗ-ийн 2023 оны 12 сарын 7-ны өдөр 47 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
4.Нэхэмжлэгч А.М******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “ Иргэн Аня овогтой М******* би "Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ)-ийн Хяналт, зохицуулалтын газрын захирлын албан тушаалд 2017 оноос ажиллаж байна.МХБ нь 1991 онд үүсгэн байгуулагдсан. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.28, 24.1.11-д заасны дагуу үнэт цаасны арилжаа эрхлэх үйл ажиллагаа явуулдаг. Захиргааны ерөнхий хуулийн 5.1-д “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно. 5.1.4.Үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа” гэж тус тус заасан.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 3.1-д "Энэ хуулиар үнэт цаасыг нийтэд санал болгон гаргах, арилжих, бүртгэх, төлбөр, тооцоог гүйцэтгэх, хадгалах, бусад зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.” гэж мөн зүйлийн 3.4-д “Үнэт цаасны зах зээл дээр мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон нийтлэг харилцааг энэ хуулиар, үйл ажиллагааны онцлогтой холбогдсон бусад харилцааг тус тусын хуулиар зохицуулна." гэж тус тус заасан.
МХБ-ийн нийт хувьцааны 66 хувийг төр, 34 хувийг нь иргэд олон нийт эзэмшдэг ба хуулиар заасан үнэт цаасны арилжаа эрхлэх чиг үүрэг бүхий байгууллага тул үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн захиргааны байгууллагад хамаарна.
Мөн урьд өмнө захиргааны хэргийн шүүх тус компанийг захиргааны байгууллага гэж тооцон хариуцагчаар татаж маргааныг хянан шийдвэрлэж байсан болно.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 59 дүгээр тогтоолоор уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг МХБ-аар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн.
Гэтэл МХБ-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх нэрийн дор 2023 оны 12 сарын 7-ны өдөр 47 дугаар тогтоол гаргаж, уг тогтоолын 1 дэх хэсэгт зааснаар Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт явуулахаар тогтоосон байна.
Мөн уг тогтоолын 3 дахь хэсэгт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Газрын захирлуудын нээлттэй сонгон шалгаруулалтыг гүйцэтгэх захирлыг томилсны дараа зохион байгуулахыг Нэр дэвшүүлэх хороонд даалгаж шийдвэрлэжээ.
МХБ-ийн ТУЗ-өөс гаргасан 2023 оны 12 сарын 7-ны өдөр 47 дугаар тогтоол нь дараах байдлаар хуульд нийцэхгүй, хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Үүнд:
1.Миний үзэж байгаагаар МХБ нь 1991 онд үүсгэн байгуулагдсан ба, гагцхүү Засгийн газрын тогтоолын дагуу уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг 2023 оноос гүйцэтгэж буй тул шинээр үүсгэн байгуулагдсан бирж гэж тооцогдохгүй. Учир нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 5.5-д "Уул уурхайн бүтээгдэхүүний бирж" гэсэн тэмдэглэгээг зөвхөн энэ хуулийн дагуу байгуулагдсан бирж оноосон нэрдээ хэрэглэх бөгөөд бусад этгээдийн оноосон нэрд хэрэглэхийг хориглоно гэж заасан.
Иргэний хуулийн 26.1-д “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж заасан ба МХБ нь 1991 онд үүсгэн байгуулагдаж улсын бүртгэлд бүртгэгдсэн тул МХБ-ийг дан ганц уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хууль батлагдахад үүсгэн байгуулагдсан шинэ бирж гэж үзэх нь өрөөсгөл юм.
Иймд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 8.3-д заасан "Гүйцэтгэх захирал, газрын захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож, төлөөлөн удирдах зөвлөлөөс томилж, чөлөөлөх" зохицуулалт нь МХБ-ийн хувьд хамааралгүй гэж үзэж байна.
2.Түүнчлэн миний бие МХБ-д хувьцааны арилжаа эрхлэх байгууллага байх үеэс ажиллаж ирсэн бөгөөд нь тус компани нь хэдий төрийн өмч давамгайлсан компани боловч улс төрийн нөлөөнөөс ангид, боловсон хүчин нь тухайн бирждээ олон жил ажилласан мэргэшсэн туршлагатай хамт олон юм.
Гэтэл МХБ-ийн ТУЗ-өөс 2023 оны 12 сарын 7-ны өдөр 47 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Газрын захирлуудын нээлттэй сонгон шалгаруулалтыг гүйцэтгэх захирлыг томилсны дараа зохион байгуулахыг Нэр дэвшүүлэх хороонд даалгаж шийдвэрлэжээ.
Өөрөөр хэлбэл МХБ-ийн ТУЗ-аас МХБ-д олон жил ажилласан мэргэшсэн туршлагатай боловсон хүчнийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж буй нь цаашдаа хөдөлмөрийн маргаан гарах эрсдэлийг дагуулж байна.
Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80-р зүйлд ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх 6 үндэслэлийг заасан байх ба уг зохицуулалтад дээр дурдсан сонгон шалгаруулах нөхцөл байдал хамаарахгүй байх тул ажил олгогч, ажилтны хөдөлмөрийн маргаан гарч хүний нөөцийн тогтворгүй байдалд хүргэх магадлалтай.
МХБ нь 1991 оноос 2022 оныг хүртэл дан ганц үнэт цаасны арилжааны үйл ажиллагаа явуулж ирсэн түүхтэй бөгөөд МХБ-ийн газрын захирлууд мөн адил үнэт цаасны арилжааны үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн олон жилийн туршлагатай юм.
Гагцхүү 2023 оноос Засгийн газрын тогтоолын дагуу уул уурхайн биржийн арилжааг хавсран гүйцэтгэж байгаа.
Өөрөөр хэлбэл МХБ нь дан ганц уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа явуулдаггүй. Олон жилийн турш үнэт цаасны биржийн үйл ажиллагаа явуулж ирсэн ба үндсэн суурь үйл ажиллагаа нь үнэт цаасны биржийн үйл ажиллагаа юм.
Гэтэл дан ганц Уул уурхайн биржийн бүтээгдэхүүний тухай хуулийг дагаж мөрдүүлэх нэрийн дор “сонгон шалгаруулалт" гэх нэрийдлээр мэргэжилтэй удирдлагын багийг солихыг санаархаж буй нь үндэслэлгүй юм.
Түүнчлэн, Компанийн тухай хуулийн 76.1.8 дэх заалт, МХБ-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хурлаар батлагдсан Компанийн дүрмийн "5.7.8. Компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох" гэж заасны дагуу ТУЗ нь компанийн гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах эрхтэй байтал газрын захирлуудын сонгон шалгаруулах тухай тогтоол гаргасан нь хууль тогтоомжоор олгосон ТУЗ-ийн бүрэн эрхийг хэтрүүлсэн гэж үзэж байна.
4.МХБ нь үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулдаг цэвэр мэргэжлийн байгууллага бөгөөд энэхүү байгууллагын хүний нөөцийн тогтвортой байдлаас шалтгаалж компанийн үйл ажиллагаа шууд шалтгаалдаг.
Гэтэл МХБ-ийн ТУЗ нь сонгон шалгаруулалт нэрийн дор өмнө олон жил ажилласан боловсон хүчнийг ажлаас шууд чөлөөлөх нь Монголын хөрөнгийн зах зээлийн үндсэн байгууллагын үйл ажиллагааны тогтвортой байдлыг алдагдуулах эрсдэлтэй юм.
5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4-д "Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана" гэж заасан.
МХБ-ийн ТУЗ-ийн дээр дээд шатны захиргааны байгууллага хуулиар байхгүй тул МХБ-ийн ТУЗ-ийн 2023 оны 12 сарын 7-ны өдөр 47 дугаар тогтоолыг мэдсэн даруй энэхүү нэхэмжлэлийг хуулийн дагуу тус шүүхэд гаргаж байгаа болно.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу "Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТУЗ-ийн 2023 оны 12 сарын 7-ны өдөр 47 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
5.Нэхэмжлэгч А.М******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Монголын хөрөнгийн бирж 1991 оны 01 дүгээр сарын 18-нд Засгийн газрын тогтоолоор манайх анх байгуулагдаж байсан. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд үйл ажиллагаа явуулдаг Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалттай этгээд. Миний бие 2017 оноос хойш хяналт зохицуулалтын газрын захирлаар хөрөнгийн биржид ажиллаж байгаа. 2023 онд Улсын Их хурлаар Уул уурхайн биржийн тухай хууль батлагдсантай холбоотой Монголын хөрөнгийн биржээр уул уурхайн бүтээгдэхүүнийг хариуцуулахаар зохицуулалтууд гарсан. Энэ тогтоолууд хэрэгжих хугацаа 2023 оны 06 дугаар сарын эхний өдрөөр тавьсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхдээ Монголын хөрөнгийн биржийн ТУЗ алдаатай 2 зүйлийг хийсэн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт болон газрын захирлын сонгон шалгаруулалтыг зөвхөн Уул уурхайн биржийн тухай хуулийг баримтлан энэ тогтоолыг гаргасан. Миний хувьд Монголын хөрөнгийн бирж Үнэт цаасны тухай хуулиар зохицуулагддаг. Үнэт цаасны гол платформын итгээд. Уул уурхайн биржийн арилжаа зөвхөн нэмэлт хууль тогтоомж учир бирж шинээр байгуулагдаагүй, татан буугдаагүй. Тэгэхээр Уур уурхайн биржийн тухай хуульд зааснаар шинээр байгуулагдсан биржид Уул уурхайн бирж гэдэг нэрийг онооно. Үүн дээр уул уурхайн биржийн тухай хуулийг хэрэглэнэ гэж заасан заалтыг хэт давамгай барьж энэ тогтоолыг гаргасан гэж үзэж байна. Мөн энэ тогтоол нь бид нарын эрх ашгийг дордуулсан гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 заалтыг 6-ууланг нь зөрчиж Хөдөлмөрийн тухай хуулийг онц ноцтойгоор зөрчиж энэ тогтоолыг гаргасан гэж үзэж байна. Мөн Компанийн тухай хуульд ТУЗ зөвхөн компанийн гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулна гэж заасан байдаг. Газрын захирлын сонгон шалгаруулалтыг ТУЗ зохион байгуулдаггүй. Энэ тогтоолыг Хөдөлмөрийн тухай хууль болон компанийн тухай хуульд заасныг илт зөрчиж тогтоол гаргасан гэж үзэж байна.
Бид нарт сонгон шалгаруулалтад оролцоход ямар ч татгалзах зүйл байгаагүй. ТУЗ-ын хуралд сонгон шалгаруулалт явуулах зар дээр илт хуулийн мэргэжилтэй хүнийг сонгон шалгаруулна гэсэн байгаа нь миний эрх болон сонгон шалгаруулалт өөрөө хүмүүст зориулсан сонгон шалгаруулалт байна гэж үзсэн.
Гүйцэтгэх захирал болон багийг тэр чигээр нь солих гэж байгаа нь үнэт цаасны зах зээлийг тогтворгүй болгох гэж байна гэж үзэж байна.” гэв.
6.Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.А******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Төлөөлөн удирдах зөвлөл нь газрын захирлуудыг томилох эрхгүй. Яагаад гэвэл компанийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.2-т компанийн удирдлагыг хувь хүн хэрэгжүүлнэ. Тэр нь компанийн гүйцэтгэх захирал байна гэж заасан. Ингэж харвал гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлдэггүй гүйцэтгэх захирал дангаар хэрэгжүүлдэг. ТУЗ нь гүйцэтгэх захирлыг сонгон бүрэн эрх байгаа. Гэвч газрын захирлууд болон эрх бүхий албан тушаалтныг сонгон шалгаруулах асуудлууд бүрэн эрхэд байхгүй. Газрын захирлуудыг томилж, чөлөөлөх асуудал гүйцэтгэх захиралд эрх нь байгаа. Төрийн оролцоотой компани учраас газрын захирлуудын хувьд сонгон шалгаруулалт явдаг. Мөн ТУЗ-ын нэр дэвшүүлэх хорооноос эрх бүхий албан тушаалтантай холбоотой цалин хөлс, ур чадварын үнэлэлт өгдөг. Хуулиар энэ хүрээндээ бүрэн эрх нь байгаа. Мөн ТУЗ нь Компанийн тухай хууль зөрсөн гэж үзэж байна. ТУЗ нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасны дагуу компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримтлах, эрх ашигт нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах үүрэгтэй. Гэвч үндэслэлтэй шийдвэр гаргах гэхээс илүү саналын зөрүүтэй байдал яригдсан. Жишээлбэл ТУЗ нь 9 гишүүнтэй. 9 гишүүнээс дийлэнх нь Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д зааснаар ТУЗ дийлэнх олонхоор шийдвэр гаргадаг. Гэтэл 9-5 гишүүн санал өгсөн байна. Дийлэнх олонх гэдэг нь 9-6 гишүүн нь санал өгч дэмжсэн байх шаардлагатай. Саналын хүрээнд ч гэсэн хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Мөн ТУЗ-ын тэмдэглэл дээр нэр дэвшүүлэх хорооноос газрын захирлуудтай холбоотой сонгон шалгаруулалт явуулах талаар дүгнэлт гаргасан. Энэхүү дүгнэлтүүдийг хуульд заасны дагуу сонгох шалгаруулах хэрэгтэй гэж хэлэлцээд 5 гишүүн дэмжсэн байдалтай харагдаж байгаа нь ТУЗ бүрэн эрхээ зөрчсөн гэж харагдаж байна. Мөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг ашиглах ёстой гэж үзвэл Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д хориглосон заалт байгаа. Энэ заалтынхаа хүрээнд уур уурхайн бирж дангаараа хөрөнгийн биржид хамаарна гэ үзвэл энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасан зөвхөн биржийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй этгээд болох гээд байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу хавсран гүйцэтгэж байгаа, шинээр үүсгэн байгуулагдаагүй хөрөнгийн биржийн хувьд тодорхой биржийн зохицуулалтын хязгаарлалт хэрэглэнэ. Энэхүү шийдвэр нь нэхэмжлэгчдийн эрхийг зөрчиж байна гэж үзэж байна.” гэв.
7.Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Д******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал дийлэнх олонх ирснээр хүчин төгөлдөр болно. Шийдвэр нь мөн дийлэнх олонхын саналаар буюу дийлэнх олонх нь 6 буюу түүнээс дээш гишүүн санал өгснөөр шийдвэр гарна. Тэмдэглэл дээр 5 гишүүн дэмжсэн 4 гишүүн дэмжээгүй байна. Гишүүдийн саналын тоо 6 хүрэхгүй байгаа учир энэ сонгон шалгаруулалт явахгүй тэмдэглэл гарсан байна. Компанийн тухай хуульд зааснаар хурлын тэмдэглэл хуралд оролцсон ТУЗ-ын бүх гишүүн гарын үсэг зурах ёстой. Дарга тогтоол дээр гарын үсэг зурах ёстой. Дарга нь зүтгүүлээд энэ тогтоолыг гаргасан байна гэж үзэж байна.” гэв.
8.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 59 дүгээр тогтоол гарсантай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж” оноосон нэрийн ард УУББ гэж тэмдэглэгээг ашиглахаар байна. Иймээс “Монголын хөрөнгийн бирж УУББ" ХК гэх оноосон нэрийг баталгаажуулж өгнө үү гэсэн хүсэлтээ УБЕГ-ын ХЭУБГ-т 2023 оны 07 сарын 17-ны өдрийн 01/531 албан бичгээр явуулсан.
Үүнтэй холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2023 оны 10 сарын 13- ны өдөр 4/9385 дугаартай албан бичгээр "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт “Уул уурхайн бүтээгдэхүүний бирж” гэсэн тэмдэглэгээг хуулийн дагуу байгуулагдсан бирж оноосон нэрэндээ хэрэглэхээр заасан байх тул "Монголын хөрөнгийн бирж УУББ" гэх нэрийг баталгаажуулах шаардлагагүй байна" гэсэн хариуг албан бичгээр ирүүлсэн.
Мөн Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т "Хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэр нь түүний оноосон нэр болон "хамтын хөрөнгө оруулалтын сан" гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл "Хамтын ХОС" гэсэн Товчилсон тэмдэглэгээнээс, хувийн хөрөнгө оруулалтын сангийн нэр нь түүний оноосон нэр болон "хувийн хөрөнгө оруулалтын сан" гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл "Хувийн ХОС" гэсэн товчилсон тэмдэглэгээнээс тус тус бүрдэнэ.
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т "Банк бус санхүүгийн байгууллагын нэр нь түүний оноосон нэр болон "Банк бус санхүүгийн байгууллага" гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл "ББСБ" гэсэн товчилсон тэмдэглэгээнээс бүрдэнэ.",
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7-т "Энэ хуулийн 24.1.1-24.1.14-т заасан үйл ажиллагааг эрхлэх зохицуулалттай этгээдийн нэр нь түүний оноосон нэр болон "Үнэт цаасны компани" гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл "ҮЦК" гэсэн товчилсон тэмдэглэгээнээс бүрдэнэ." гэж тус тус заасны дагуу оноосон нэр нь “....”-ээс бүрдэнэ гэж заасан бол зайлшгүй улсын бүртгэлд бүртгүүлнэ, харин хэрэглэнэ гэж заасан бол тухайн компани нь оноосон нэрэндээ өөрчлөлт оруулах шаардлагагүйгээр хэрэглэж болно.
Засгийн газрын 2023 оны 06 сарын 07-ны өдрийн 223 дугаартай "Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангиллыг батлах тухай” тогтоолоор “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 5.4 дэх хэсэг, 10.1 дэх хэсгийг тус тус үндэслэн "хайлуур жонш, төмөр, нүүрс” арилжаалахыг баталсан байна. Тогтоолын 2 дахь хэсэгт “Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-д" даалгасан байна. Иймд "Монголын хөрөнгийн бирж УУББ” ХК гэж оноосон нэрээ баталгаажуулах шаардлагагүй гэж эрх бүхий байгууллагаас үзсэн тул бид оноосон нэрэндээ өөрчлөлт оруулаагүй. Үүнтэй холбогдуулан шинээр үүсгэн байгуулагдсан бирж биш тул Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг дагаж мөрдөх үндэслэлгүй гэж үзэж байгаа нь хуулийн үндэслэлгүй юм. Харин ч Засгийн газраас тогтоол гарч, Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл олгосноор хуулийн хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг эрхлэх эрх нь нээгдэж шинээр УУББ үүсгэн байгуулагдсан байна.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх 6 үндэслэлийг заасан байх ба уг зохицуулалт дээр дурдсан сонгон шалгаруулах нөхцөл байдал хамаарахгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй хэдий ч тус хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т “ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох” ажил олгогчийн эрхийнхээ дагуу Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нийцүүлж шийдвэр гаргасан.
Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 сарын 07-ны өдрийн 47 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Газрын захирлуудын нээлттэй сонгон шалгаруулалтыг Гүйцэтгэх захирлыг томилсны дараа зохион байгуулахыг Нэр дэвшүүлэх хороо (Н.О*******)-д үүрэг болгосугай." гэж заасан нь Газрын захирлын нэрийг оноон зааж, хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох арга хэмжээ авагдаагүй эрхийг нь зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй хийгээгүй, харилцаа дуусаагүй байна. Төлөөлөн удирдах зөвлөл нь сонгон шалгаруулалтыг зарлаж эрхийг хэрэгжүүлж харин нэр дэвшүүлэх хороо нь зөвхөн Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд заасны дагуу нэр дэвшигчдэд тавигдах шаардлага, шалгуурыг тогтоож, сонгон шалгаруулалт зохион байгуулахтай холбоотой бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэхээр зохицуулсан. Тус тогтоолоор газрын захирлуудын хөдөлмөрийн гэрээг цуцалж, нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлах шийдвэр эцэслэн гараагүй. Үүнтэй холбогдуулан дахин төлөөлөн удирдах зөвлөлийн хурал зарлан тус асуудлыг шийдвэрлэнэ. Түүнчлэн дан ганц газрын захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилж, чөлөөлөөгүй юм. "Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023 оны 06 сарын 30-ны өдрийн 8 дугаартай тогтоолоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нийцүүлэн Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн тус өдрийн 10, 11 дүгээр тогтоолоор хяналтын зөвлөлийн гишүүн болон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу хувьцаа эзэмшигчийн нээлттэй сонгон шалгаруулалт явуулан томилсон.
Ажил олгогч болох “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хувьд Газрын захирлуудыг ажлаас нь чөлөөлж эрх хууль ёсны ашиг сонирхолд нь халдаагүй бөгөөд одоогийн байдлаар Захиргаа, санхүүгийн газрын захирал Х.Э******* нь цалингаа авч үүрэгт ажлаа хэвийн үргэлжлүүлж байгаа.
3. Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, Компанийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.7.8-т "төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг" заасан байтал газрын захирлуудыг сонгон шалгаруулах тухай тогтоол гаргасан нь хууль тогтоомжоор олгогдсон ТУЗ-ийн бүрэн эрхийг хэтрүүлсэн гэж үзэж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 03 сарын 23-ны өдрийн 59 дүгээр "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-аар гүйцэтгүүлсүгэй" гэсэн тогтоол гарсан.
Үүнтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос 2023 оны 06 сарын 30- ны өдөр 385 дугаартай тогтоолоор "Монголын хөрөнгийн бирж” ХК-д уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийг олгосон. Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8-т “компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох", Компанийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.7.8-т "ТУЗ нь компанийн гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирлыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох эрхтэй” гэж заасан ч газрын захирлуудыг сонгон шалгаруулах тогтоол гаргасан нь ТУЗ-ийн бүрэн эрхийг хэтрүүлж байна гэж үзсэн гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Засгийн газраас уул уурхайн биржийн бүтээгдэхүүнийг арилжаалах тогтоол гаргаж, Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл олгосон тул "Монголын хөрөнгийн бирж” ХК нь Монгол Улсад уул, уурхайн биржийн арилжаа явуулж буй цорын ганц бирж учраас 2022 оны 12 сарын 23-ны өдрөөс батлагдаж 2023 оны 06 сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн "Уул, уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль" болох илүү нарийвчлан зохицуулалттай хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй субъект болсон. Ийнхүү Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар Төлөөлөн удирдах зөвлөл нь нэмэлтээр газрын захирлуудыг томилж, чөлөөлөхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх бүрэн эрх хуулиар олгогдсон.
Бирж үүсгэн байгуулах, үүсгэн байгуулагдсанд тооцох үндэслэл? "Монголын хөрөнгийн бирж” ХК нь 1991 оноос 2022 оныг хүртэл дан ганц үнэт цаасны арилжааны үйл ажиллагаа явуулж ирсэн. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т "Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.” гэж заасан ба "Монголын хөрөнгийн бирж” ХК нь 1991 онд үүсгэн байгуулагдаж улсын бүртгэлд бүртгэгдсэн тул МХБ-ийг дан ганц уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хууль батлагдахад үүсгэн байгуулагдсан шинэ бирж гэж үзэх нь өрөөсгөл юм."
Уул уурхайн биржийн бүтээгдэхүүний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т "уул уурхайн бүтээгдэхүүний бирж" /цаашид "бирж" гэх/ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг нээлттэй, ил тод, хараат бус, өрсөлдөөний үндсэн дээр зохион байгуулж, арилжааны гэрээ, хэлцлийг зуучлах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий энэ хуулийн 5.1-д заасан хуулийн этгээдийг;" Тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т "Бирж нь төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байна." гэж тус тус тодорхойлжээ.
"Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хувьд 1991 онд үүсгэн байгуулагдсан тул дахин улсын бүртгэлд биржээр бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд хуульд ч шинээр бүртгүүлэх талаар нарийвчлан зохицуулаагүй бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлсэн төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байна гэж тодорхойлсны дагуу манай компани нь 66 хувийн төрийн өмчийн оролцоотой, Засгийн газрын тогтоол гарч, Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл олгосон нь уул уурхайн бүтээгдэхүүнийг арилжаалах эрх зүйн орчин бүрдсэн. Биржийг шинээр үүсгэн байгуулах талаар хууль тогтоомжид нарийвчилсан зохицуулалт байхгүй байхад шууд төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийг шинээр үүсгэн байгуулж байж, оноосон нэрдээ өөрчлөлт оруулсны үндсэн дээр сая УУББ-ээр уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалах эрхтэй гэж буруу тайлбарлаж байгаа нь өөрөө хуулийн үндэслэлгүй юм.
Мөн компанийн дотоод үйл ажиллагаатай холбоотой дотогш чиглэсэн тогтоолыг захиргааны акт хэмээн үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нь хуульд нийцэхгүй. Учир нь Захиргааны хэрэг маргааны хувьд захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт тухайн нэхэмжлэл гаргасан этгээдийн эрхийг зөрчсөн үү гэдгийг тогтоон "хууль ёсны дагуу үүссэн эрх"-ийг сэргээн тогтоох үйл ажиллагааг явуулдаг. Энэ тохиолдолд газрын захирлын эрх ашгийг зөрчиж ажлаас халсан, чөлөөлсөн тушаал, тогтоол гараагүй байхад нэхэмжлэлийг гаргасан нь өөрийнхөө зөрчигдсөн ямар эрхийг хамгаалуулахаар шүүхэд хандсан нь тодорхойгүй байна.
Иймд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг үндэслэн гаргасан 2023 оны 12 сарын 07-ны өдрийн 47 дугаартай “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол хуулийн шаардлага хангасан эрх зүйн баримт бичиг тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.
9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Уул уурхайн бүтээгдэхүүний бирж гэсэн тэмдэглэгээг хуулийн дагуу оноосон нэрээр хэрэглэхээр заасан байх тул Монголын хөрөнгийн бирж УУБ гэх нэрийг баталгаажуулах шаардлагагүй байна гэж Улсын бүртгэлийн газраас хариу тайлбар ирүүлсэн. Үүнийг нэхэмжлэгч талаас заавал шинээр үүсгэн байгуулагдсан бол энэ нэр томьёог хэрэглэнэ шүү гэж тайлбарлаж байна. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, ББСБ-ын үйл ажиллагааны тухай хууль зэргийг уншиж үзвэл хамтын хөрөнгө оруулалтын сан гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээг хэрэглэхдээ ХОС гэх товчилсон тэмдэглэгээг хувийн хөрөнгө оруулалтын хамтын сангийн нэр бүхий оноосон нэр болон хувийн хөрөнгө оруулалтын сан гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээг ХОС гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээг тус тус бүрдэнэ гэж заасан. Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хуульд мөн адил ББСБ гэх тэмдэглэгээнээс бүрдэнэ. Тухайн хуулиуд дээр нэр томьёо нь ХОС, ББСБ-ээс бүрдэнэ гэсэн тохиолдолд тухайн ББСБ болон хамтын хөрөнгө оруулалтын сан тухайн компанийнхаа нэрийг урдаа тавьж ХОС, ББСБ гэх нэрээр явна. Манай уур уурхайн бүтээгдэхүүний биржийн ажиллагааг Засгийн газрын тусгай тогтоол болон Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл олгогдсоны дагуу уул уурхайн бүтээгдэхүүний үйл ажиллагаатай холбоотойгоор нэрийн баталгаажуулалтыг улсын бүртгэлийн ерөнхий газраас өгсөн.
Газрын захирлуудын үйл ажиллагаа одоогийн байдлаар хэвийн явагдаж байгаа. Үйл ажиллагаагаа эрхлээд хөдөлмөрийн гэрээ хэвийн байгаа. Энэ тогтоолын 3 дахь хэсэгт гүйцэтгэх захирлын томилсны дараа нэр дэвшүүлэх хороо газрын захирлуудын сонгон шалгаруулалтыг сонгон шалгаруулахыг даалгасан. Ганцхан гүйцэтгэх захирал болон газрын захирлуудыг томилж чөлөөлөөд байгаа асуудал биш. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль гарснаас хойш компанийн төлөөлөн удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийг мөн адил нээлттэй сонгон шалгаруулаад эхнээс нь бүх үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байгаа.
Засгийн газрын тогтоол болон санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн дагуу уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг эрхлэх зөвшөөрөлтэй болчхож байгаа юм. Үнэт цаасны арилжаа болон уул уурхайн арилжааг эрхлэх зөвшөөрөлтэй. Уул уурхайн биржийн арилжааг зохион байгуулдаг ганцхан бирж байдаг. Тэр нь Монголын хөрөнгийг бирж. Үүний дагуу төлөөлөн удирдах байгууллагын бүрэн эрхэд газрын захирал болон гүйцэтгэх захирлын хөдөлмөрийн гэрээг томилох, чөлөөлөх, цуцлах нь ТУЗ-ын бүрэн эрхэд хамаарч байгаа учир Уул уурхайн биржийн бүтээгдэхүүний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д зааснаар энэ тогтоолыг гаргасан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
10.Хариуцагчийн өмгөөлөгч М.Г******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Монголын хөрөнгийн бирж ХК-ны дүрмийн 4.6.13-т компанийн эрх бүхий албан тушаалтан, ТУЗ-ын дарга, гүйцэтгэх захирал, газрын захирлууд гээд дурдсан байгаа. Дүрмийн 6.14.1-т компанийн эрх бүхий албан тушаалтан ТУЗ-ын үүрэг чиглэлийг биелүүлэхэд гүйцэтгэх удирдлага дэмжлэг үзүүлнэ гээд дүрэм дээр тусгасан байгаа. Үүнээс харахад газрын захирлуудыг ТУЗ томилох чиг үүрэгтэй талаар зохицуулсан байна. Мөн нэхэмжлэгч нар 2023 оны 47 дугаар тогтоолыг захиргааны акт гэж хэрэв үзэж байвал Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т заасны дагуу тухайн шийдвэр гаргасан байгууллагад хандах боломжит хугацаа байсан. Тогтоол 12 дугаар сарын 07-ны өдөр гарсан. Нэхэмжлэгч нар 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд хандсан үйл баримттай. Үүнээс харахад хуульд заасан урьдчилан сэргийлэх ажиллагаа хийгдээгүй учир шүүхээс нэхэмжлэлийг буцаах үндэслэл байна гэж үзэж байна. Өнөөдөр шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэгч нарын баримтаар иргэн М.А*******, Д.Д******* танаа гэсэн ТУЗ-ын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн огноотой шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа гэсэн байдлаар хариу өгсөн. Урьдчилан сэргийлэх ажиллагаа хийгдээгүй учир нэхэмжлэлийг буцаах үндэслэлтэй байна.” гэв.
11.Хариуцагчийн өмгөөлөгч Б.Г******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Шүүхэд гаргасан нэхэмжлэл ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл ТУЗ-ын захирамжийг илт хууль бус акт гэж байна уу эсвэл хууль бус акт гэж үзэж байна уу? Энэ тодорхойгүй учир маш өргөн хүрээгээр хөдөлмөрлөх эрх гээд өөр сэдвүүд яриад явчхаж байна. Өмнөх шүүх хуралдаан дээрх өмгөөлөгчийн тайлбарыг үзвэл илт хууль бус актын шинж чанарын яриад байгаа. Хэрэв ийм бол нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөж мэтгэлцэх үйл явц тодорхой болно. Та нарын нэхэмжлэл дээр дурдсан хуулийн зохицуулалтыг үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийг барьсан байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн энэ заалт шүүхэд хамааралтай. Өнөөдрийн хүртэл мэтгэлцээний явцад ямар эрхийн акт вэ гэдэг нь тодорхойгүй байна. Тайлбараас нь үзэхэд хууль бус акт гэж үзээд байгаа хэр нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйл рүү ороод байна. 48 дугаар зүйл гэж үндэслэж байгаа бол 48.1, 48.2 дугаар зүйлийн аль заалтад хамаархаа тодорхойлох хэрэгтэй.
Хүнд зориулаад тодорхой хэдэн заалт тавигдаад байна уу, өргөн хүрээгээр тавигдаад байна уу? Одоо та нарын гаргаад байгаа ажлын байранд тавигдах шаардлагад зөвхөн хуульч, зөвхөн эдийн засагч гэсэн нөхцөлөөр тавигдана гэвэл нэхэмжлэлийн шаардлага чинь нэр дэвшүүлэх хороотой хамааралтай болно.
ТУЗ-ын хуралд эрх хэмжээ байна уу гэвэл ТУЗ-д тийм эрх хэмжээ байна. Өөрөөр сонгон шалгаруулалт бүрэн эрхтэй. Ямар үйлдэл дээр дийлэнх олон байх вэ гэхээр өнөөдрийн барьж байгаа Компанийн тухай хуульд 50+1 гэж зааснаар 5 хүн санал өгсөн байна. 5 хүн санал өгсөн байвал хууль зөрчсөн шийдвэр биш байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулиар ч тэр Татварын ерөнхий хуулиар ч тэр зарим тохиолдолд Монгол Улсын Засгийн газар хууль тогтоох байгууллага эрхээ шилжүүлчихдэг. Үүнтэй адилхан Уул уурхайн биржийн үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газрын тогтоол өнөөдрийн хууль тогтоох байгууллага эрхээ өөрөө шилжүүлсэн учир өнөөдрийн хөрөнгийн бирж, уул уурхайн биржийн үйл ажиллагааг хамтруулна тусгай зөвшөөрөл өгчхөж байгаа бол хуулийнхаа хүрээнд байгаа юм. Өөрөөр хэлбэл хууль тогтоох байгууллага эрхээ шилжүүлсэн байна. Тиймээс өнөөдрийн хөрөнгийн бирж хавсран гүйцэтгээд тэрийгээ дагуулж өөрчлөлт оруулаад нэрийг нь аваад тусгай зөвшөөрөл авчхаж байгаа бол хууль зөрчсөн үйлдэл биш байна.
ТУЗ-ын шийдвэр та нарын эрхийг шууд зөрчсөн шийдвэр гараагүй байна. Та нар хөдөлмөр эрхлэх эрх зөрчсөн гэж шийдвэр нэхэх гэж байгаа бол энэ захиргааны хэргийн шүүхийн харьяанд биш иргэний шүүхийн харьяанд шилжих магадлалтай. Тиймээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хөдөлмөр эрхлэх эрх хязгаарлаж байна гэж үзвэл иргэний шүүхэд гомдол гаргаж эрх нээлттэй байна. ТУЗ-ын шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр биш байна. Илт хууль бус гэж үзэх гэж байгаа бол та нар тэр талаар нэхэмжлэл гаргаагүй байна.” гэв.
12.Хариуцагчийн өмгөөлөгч Д.Г шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч нарын хүчингүй болгохоор шаардаж байгаа заалтыг харвал гүйцэтгэх захирлыг томилсны дараа зохион байгуулахыг даалгасугай гээд энэ заалтын эрх зүйн үйлчлэл нэхэмжлэгч нар руу чиглээгүй. Энэ заалт нь нэр дэвшүүлэх хороо руу чиглэж байгаа. Тиймээс нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндөж байгаа заалт биш байна. Зөвхөн н.О******* гэх хүнд чиг үүрэг олгож байгаа заалт болохоор нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндөхгүй байна. Сонгон шалгаруулалт зарласан, албан тушаалтнуудад тавигдах шаардлага баталсан зүйл энэ тогтоол дээр байхгүй. Шүүх хуралдааны явцад сонгон шалгаруулалт зарласан гэж яриад байна. Энэ маргаан бүхий тогтоол дээр ямар ч тийм заалт байхгүй. Хавсралт нь ч байхгүй байна. Тэгэхээр энэ тогтоол нь нэхэмжлэгч нарын эрх ашгийг зөрчсөн зүйл байхгүй. Дээрээс нь захиргааны акт биш. Асуулт хариултын шатанд хариуцагч байгууллагыг ямар хуулийг ямар заалтыг зөрчсөн бэ гэж асуухад тодорхой хариулт хэлдэггүй. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-ыг зөрчсөн байна гэж хариулаад байгаа. Энэ заалт зөвхөн нэршилтэй холбоотой заалт болохоос Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн эрх зүйн статусыг тогтоосон заалт биш. Эрх зүйн статусыг энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 4 дүгээр зүйлийн 4.1.12-т зааснаар тогтоогоод тусгай зөвшөөрөлтэй, төрийн оролцоотой хуулийн этгээд байна буюу энэ Уул уурхайн бүтээгдэхүүний бирж гэдэг ойлголт энэ хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах нь тодорхой байна гэж байхад 5 дугаар зүйлийн 5.5-д заасан нэршилтэй холбоотой Уул уурхайн бүтээгдэхүүний бирж гэсэн тэмдэглэгээг нэрийн урд хэрэглэх үү, ард хэрэглэх үү гэдэг заалт зөрчсөн байна гэдэг үндэслэлээр тогтоолыг хүчингүй болгуулъя гэдэг нь үндэслэлгүй байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч нар, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгчээс “... Компанийн тухай хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, компанийн дүрэмд зааснаар компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь компанийн газрын захирлуудын сонгон шалгаруулалтыг зарлаж, тэдгээрийг томилж, чөлөөлөх эрхгүй тул маргаан бүхий захиргааны акт нь үндэслэлгүй.” гэж, хариуцагчаас “... Компанийн тухай хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Компанийн дүрэмд заасны дагуу компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь компанийн газрын захирлуудын сонгон шалгаруулалтыг зарлаж, тэдгээрийг томилж, чөлөөлөх эрхтэй тул маргаан бүхий тогтоол нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй.” гэж тус тус маргажээ.
3.Нэхэмжлэгч Х.Э*******, А.М******* нараас “Монголын хөрөнгийн бирж” ХК-д холбогдуулан “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаар тогтоолын 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4.Нэхэмжлэгч А.М*******г анх Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “А.М*******г албан тушаалд томилох тухай” Б-62 дугаар тушаалаар Хяналт, зохицуулалтын газрын захирлаар томилжээ.
5.Нэхэмжлэгч Х.Э******* нь 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Санхүү төлөвлөлтийн албанд тооцооны нягтлан бодогч, Захиргаа, санхүүгийн газрын Санхүүгийн албаны ахлах, Захиргаа санхүүгийн газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилогдон ажиллаж ирсэн байна.
6.Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Х.Э*******г бүр мөсөн шилжүүлэн ажиллуулах тухай” Б/144 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Х.Э*******г Захиргаа, санхүүгийн газрын захирлаар 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн томилжээ.
7.Нэхэмжлэгч нар нь дээрх байдлаар “Монголын хөрөнгийн бирж” ХК-д хяналт, зохицуулалтын газрын болон санхүүгийн газрын захирлуудаар ажиллаж байхад нь хариуцагчаас маргаан бүхий 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Гүйцэтгэх захирал, газрын захирлуудын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлах тухай” 47 дугаар тогтоолыг гаргажээ.
8.Маргаан бүхий дээрх тогтоолоор Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 76.1.18, дахь хэсэг, 83 дугаар зүйлийн 83.15 дахь хэсэг, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5.1 дахь заалт, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.4 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалт болон Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хурлын дэлгэрэнгүй тэмдэглэлийг тус тус үндэслэн 3 дахь заалтаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Газрын захирлуудын нээлттэй сонгон шалгаруулалтыг Гүйцэтгэх захирлыг томилсны дараа зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
9.Монгол Улсын Үнэт цаасны хорооны 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Хөрөнгийн бирж” хувьцаат компанид тусгай зөвшөөрөл олгох тухай” 80 дугаар тогтоолоор “Хөрөнгийн бирж” хувьцаат компанид 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн үнэт цаасны зах зээл дээр үнэт цаасны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгожээ.
10.Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-аар гүйцэтгүүлэх тухай” 59 дүгээр тогтоолоор Монголын Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэг, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8 дахь хэсгийг тус тус үндэслэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-аар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.
11.Дээрхээс үзвэл, хариуцагч “Монголын хөрөнгийн бирж” ХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулиудын дагуу монгол улсад үнэт цаасны арилжааны үйл ажиллагаа болон уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг эрхэлж байна.
12.Хариуцагч “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн үйл ажиллагаа, зохион байгуулалт нь Компанийн тухай хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, компанийн дүрмээр зохицуулагдахаар байна.
13.Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйл.“Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх”, 76.1.“Төлөөлөн удирдах зөвлөл нь энэ хууль болон компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамааруулснаас бусад дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 76.1.8.“компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох;”, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 8 дугаар зүйл.“Биржийн гүйцэтгэх удирдлага”, 8.3.“Гүйцэтгэх захирал, газрын захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож, төлөөлөн удирдах зөвлөлөөс томилж, чөлөөлнө.”, “Монголын хөрөнгийн бирж”, нээлттэй хувьцаат компанийн дүрмийн 5.7.-д “ТУЗ нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.Үүнд:”, 5.7.8.“Компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох;” гэж тус тус заажээ.
14.Хуулиудын болон дүрмийн дээрх заалтуудаас үзвэл, хариуцагч компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь компанийн гүйцэтгэх захирал, газрын захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож, томилж, чөлөөлөх эрхтэй байна.
15.Дээрхээс үзвэл, маргаан бүхий захиргааны актаар төлөөлөн удирдах зөвлөл нь газрын захирлуудын нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчөөгүй байна.
16.Харин маргаан бүхий тогтоолыг гаргасан компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурал нь хуульд заасан болзол шаардлагыг хангаагүй байх тул түүнээс гаргасан шийдвэр нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.
17.Тодруулбал, Компанийн хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай” 11 дүгээр тогтоолоор 9 иргэнийг компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр 3 жилийн хугацаатай сонгожээ.
18.Маргаан бүхий компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанд 9 гишүүн бүгд оролцсон байх бөгөөд маргаан бүхий газрын захирлуудын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлах асуудал дээр 5 гишүүн дэмжиж, 4 гишүүн дэмжээгүй байна.
19.Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйл. “Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал”, 80.6.“Хуульд өөрөөр заагаагүй, эсхүл компанийн дүрмээр тусгайлан өндөр хувь тогтоогоогүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оролцож байгаа гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно.”, “Монголын хөрөнгийн бирж”, нээлттэй хувьцаат компанийн дүрмийн 5.11.-д “ТУЗ-ийн гишүүдийн дийлэнх олонх оролцсоноор хурал хүчин төгөлдөр болж, хуульд өөрөөр заагаагүй бол хуралд оролцсон саналын эрхтэй гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно.” гэж тус тус заажээ.
20.Хуулийн болон дүрмийн дээрх заалтуудаас үзвэл, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр нь хуралд оролцсон нийт гишүүдийн дийлэнх олонх дэмжсэнээр шийдвэр хүчин төгөлдөр болохоор байна.
21.Маргаан бүхий тохиолдолд, төлөөлөн удирдах зөвлөл нь 9 гишүүнтэй байх бөгөөд дийлэнх олонх буюу 6 буюу түүнээс дээш тооны гишүүд дэмжсэнээр шийдвэр хүчин төгөлдөр болохоор байтал маргаан бүхий асуудал дээр 5 гишүүн дэмжсэн байх тул уг шийдвэрийг хүчин төгөлдөр шийдвэр гэж үзэхээргүй байна.
22.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Х.Э*******, А.М******* нараас “Монголын хөрөнгийн бирж” ХК-д холбогдуулан гаргасан “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаар тогтоолын 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106,3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 80 дугаар зүйлийн 80.6, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Э*******, А.М******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаар тогтоолын 3 дахь хэсгийг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ