Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 539

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг

шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урангуа хөтлөн,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч Э  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

нээлттэй хийсэн хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

хэргийн шүүгдэгч:

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн,

39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл

5, нөхөр хүүхдүүдийн хамт

оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

Э т холбогдох эрүүгийн

201724000394 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч

хянан хэлэлцэв:

Шүүгдэгч Э  2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 07 цагийн үед

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 25 дугаар эмийн сангийн хойд талын

замд 35-75 УНГ улсын дугаартай Тоёота маркийн PLATZ загварын автомашин

жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган

хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч

уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”, 8.4-д заасан “эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу

түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн

заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч 10 настай О.Энхсаруулыг мөргөж эрүүл

мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын

хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э  шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтийг

зөвшөөрч байгаа. Би ганцаараа ажил хийж ам бүлээ тэжээдэг, саяхан ажилд орсон

учир прокуророос санал болгож байгаа торгуулийн ялын төлөх хугацааг уртхан

хугацаагаар тогтоож өгнө үү гэв.

Хавтаст хэргээс:

Насанд хүрээгүй хохирогч О.Энхсаруулын хууль ёсны төлөөлөгч эх Л.Оюунтуяа

мөрдөн байцаалтад”...2017 оны 5 дугаар сарын 29-ний өглөөний 7 цаг 50 минутын үед

манай хүүхэд О.Энхсаруул 25 дугаар эмийн сангийн хойд талын замын баруун талаас

зүүн тал руу зам хөндлөн гарч байгаад замын хойд талаас урагшаа чигтэй явж байсан

машин урсгал сөрж орж ирээд манай хүүхдийг мөргөсөн байсан. Манай хүүхэд

О.Энхсаруул нь өөрийн ихэр О.Мөнхсаруул болон өөр хоёр хүүхдийн хамт зам хөндлөн

гарч байсан. Тэр өглөө манай хүүхэд хичээлдээ явах гээд зам хөндлөн гарч байсан юм

билээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 9-ний

7657 тоот шинжээчийн дүгнэлт “О.Энхсаруулын биед баруун хөлийн шаант, тахилзуур

ясны доод 1/3 хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо

зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг

тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул

гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар

алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 14/

Техникт шинжилгээ хийсэн 2017 оны 6 дугаар сарын 15-ний 58 дугаартай

шинжээчийн“Тоёота-Платз маркийн 35-75 УНГ дугаартай автомашины жолооч

Э  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний

зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг

гарцаар явж байвал зам тавьж өгнө.”, 8.4-д заасан “эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу

түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” ... гэсэн

заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч 9 настай, эмэгтэй

О.Энхсаруул нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт

зөрчөөгүй байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 16/

Сэжигтнээр Э ын мөрдөн байцаалтад “2017 оны 5 дугаар сарын 29-ний

өглөөний 7 цаг 50 минутын үед би Тоёота Платз маркийн 35-75 УНГ улсын дугаартай

автомашинаа бариад Өргөө кинотеатраар 25 дугаар эмийн сангийн зүүн талын 179

дүгээр цэцэрлэг орохоор явж байсан. Тэгээд 25 дугаар эмийн сангийн хойд талын

замаар хойноосоо урагш чигтэй, замынхаа 2 дугаар эгнээгээр 5-10 км/цагийн хурдтай

явж байтал гэнэт замын баруун талаас нэг хүүхэд зам хөндлөн гүйж гарч ирэхэд нь

тоормозоо гишгээд рулиэ зүүн гар тийш нь дараад, машиныхаа баруун урд хэсгээр

хүүхдийг мөргөж зогссон. Дараа нь би түргэн дуудаад, дуудлага өгсөн. Удалгүй

түргэний машин ирж хүүхдийг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн

23/

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт

/хх-ийн 3-10/

Э аас насанд хүрээгүй хохирогч О.Энхсаруулын хууль ёсны төлөөлөгч

эх Л.Оюунтуяад 1.400.000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны баримт /хх-ийн 37/

Хууль ёсны төлөөлөгч Л.Оюунтуяагаас “...Э  нь манай хүүхдэд учирсан

эмчилгээний зардлыг бүрэн төлж хохиролгүй болгож өгсөн, хэргийг нь хэрэгсэхгүй

болгож өгнө үү, сайн дурын үндсэн дээр эвлэрсэн болно” гэсэн хүсэлт /хх-ийн 38/ болон

шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор урьд ял шийтгэгдсэн эсэхийг

шалгах хуудас /хх-ийн 28/, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 29/, иргэний

үнэмлэхийн хуулбар /хх-ийн 31/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 32/ зэрэг

хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд

нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу

цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2

дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж

тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг

зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан

шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос

шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж,

хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э  2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 07 цагийн үед

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 25 дугаар эмийн сангийн хойд талын

замд 35-75 УНГ улсын дугаартай Тоёота маркийн PLATZ загварын автомашин

жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган

хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч

уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”, 8.4-д заасан “эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу

түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн

заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч 10 настай О.Энхсаруулыг мөргөж эрүүл

мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг Л.Оюунтуяагийн “2017 оны

5 дугаар сарын 29-ний өглөөний 7 цаг 50 минутын үед манай хүүхэд О.Энхсаруул 25

дугаар эмийн сангийн хойд талын замын баруун талаас зүүн тал руу зам хөндлөн гарч

байгаад замын хойд талаас урагшаа чигтэй явж байсан машин урсгал сөрж орж ирээд

манай хүүхдийг мөргөсөн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/, шүүхийн шинжилгээний

үндэсний хүрээлэнгийн 7657 дугаартай шинжээчийн дүгнэлт, техникт шинжилгээ

хийсэн 2017 оны 6 дугаар сарын 15-ний 58 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-

ийн 3-10/, хохирол төлсөн баримт /хх-ийн 37/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон

тогтоогдож байна.

Э  нь 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр дээрхи гэмт хэргийг үйлдсэн

байх ба түүнд холбогдох хэргийг мөрдөн шалгах явцад Монгол Улсын Их хурлаас

батлагдсан Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 01-

ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх

хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг

хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг

буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

 

Тээврийн прокурорын газраас Э т холбогдох хэргийг шинэчлэн

найруулсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж

ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх бөгөөд түүний эрх зүйн байдлыг

дээрдүүлнэ гэж шүүх дүгнэлээ.

Хавтаст хэрэгт шүүгдэгч Э  болон насанд хүрээгүй хохирогч

О.Энхсаруулын хууль ёсны төлөөлөгч түүний эх Л.Оюунтуяа нараас “эвлэрсэн тул

хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт тус тус гаргасан байна.

 

Э ын үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи бичгийн баримтуудаар нотлогдсон

учир түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн боломжгүй.

Түүнчлэн түүний холбогдсон Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

заасан гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял

оногдуулахаар заасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд

зааснаар ялаас чөлөөлөх зохицуулалтыг хэрэглэх нь Эрүүгийн хуулийг төсөөтэй

хэрэглэхгүй байх хууль ёсны зарчимд харшилна гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Э ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний

аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний

актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг

үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй

байна.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь гэм

буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой бөгөөд шүүхээс шүүгдэгч

Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын

улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохиролыг

нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т

зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Гэмт хэрэг үйлдсэн түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн ялын хамгийн бага

хэмжээгээр буюу дөрвөн тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял

оногдуулж, торгох ялын хэсэгчлэн төлөх хугацааг биелэгдэх боломжит хугацаагаар

тогтоож шүүх шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,

Э  цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус

дурьдаж байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус

заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э ыг автотээврийн хэрэгслийн

жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан

захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр

хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э ыг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн

ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн

тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй

тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар

шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

торгох ялыг 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр

тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар

торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох

ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих

ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,

Э  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус

дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн

шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч,

өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах,

эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд

тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э т авсан

хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ