| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2024/00479/И |
| Дугаар | 130/ШШ2024/00656 |
| Огноо | 2024-07-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 130/ШШ2024/00656
| 2024 07 03 | 130/ШШ2024/00656 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б аймгийн Б сумын * дугаар багт оршин суух, О овогт Ш.Б
Хүсэлтийн шаардлага: Х аймгийн Б сум дахь Хилийн цэргийн 0130 дугаар ангид 1985 оны 06 дугаар сарын 30-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,
Гэрч М.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ш.Б нь Х аймгийн Б сум дахь Хилийн цэргийн 0130 дугаар ангид 1985 оны 06 дугаар сарын 30-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан байдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие Ш.Б Х аймгийн Б сум дахь Хилийн цэргийн 0130 дугаар ангид 1985 оны 06 дугаар сарын 30-ний өдөр цэргийн албанд татагдаж 1988 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл цэргийн албанаас халагдсан юм. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэж баримтуудаа бүрдүүлэхэд миний цэргийн алба хаасан лавлагаа нь гарахгүй болохоор нь шүүхэд хандсан.
1.2. Иймд Х аймгийн Б сум дахь Хилийн цэргийн 0130 дугаар ангид 1985 оны 06 дугаар сарын 30-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас Б.Э-д олгосон итгэмжлэл, Б аймгийн Б сумын 7 дугаар багийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 187 дугаартай тодорхойлолт, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08/3200 дугаартай тодорхойлолт, 427189 дугаартай Цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, М.М, М.С, Х.Ж, М.С нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, фото зураг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн байна.
3. Шүүхийн журмаар Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 629 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Ш.Б-ын ХААТР маягтууд, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 08/375 дугаартай лавлагаа, Хилийн цэргийн 0130 дугаар ангийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1/92 дугаартай лавлагаа зэрэг баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
5.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэж баримтуудаа бүрдүүлэхэд миний цэргийн алба хаасан лавлагаа нь гарахгүй болохоор нь шүүхэд хандсан. Иймд Х аймгийн Б сум дахь Хилийн цэргийн 0130 дугаар ангид 1985 оны 06 дугаар сарын 30-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан байдлыг тогтоож өгнө үү гэв.
6. Хүсэлт гаргагч Ш.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, 136 дугаар зүйлийн 136.1-т зааснаар цэргийн албан хаасан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
7. Хүсэлт гаргагч Ш.Б нь Х аймгийн Б сум дахь Хилийн цэргийн 0130 дугаар ангид 1985 оны 06 дугаар сарын 30-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
7.1. Хилийн цэргийн 0130 дугаар ангийн 2024 ооны 06 дугаар сарын 1/92 дугаартай “Иргэн Ш.Б-ын тус ангиас цэргийн алба хаасан архивын лавлагааг гаргуулахыг хүссэн албан тоотыг судалж үзэхэд дээрх лавлагаа нь манай байгууллагын анхан шатны архиваас гарах боломжгүйг мэдэгдье. Иймд Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын газарт хүсэлтээ гаргана уу” гэжээ.
7.2. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08/3200 дугаартай, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 08/1918 дугаартай “Ш.Б нь Б аймгаас НАХЯ-ны сайдын 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 364 дугаар тушаалаар 0130 дугаар ангид цэргийн албанд татагджээ. Хилийн ба ДЦУЕГ-ын 0130 дугаар ангийн 1988 оны халагдсан цэргийн бүртгэлийн тус архивт шилжүүлж ирүүлээгүй тул Ш.Б-ын цэргийн албанаас халагдсан талаарх архивын лавлагаа гарахгүй болно” гэжээ.
7.3. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 08/375 дугаартай “Хилийн ба ДЦУЕГ-ын 0130 дугаар ангийн 1985-1988 оны цэргийн анкетыг тус архивт шилжүүлж ирүүлээгүй болно” гэжээ.
7.4. Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 1981 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Б аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс олгосон 427189 дугаартай Цэргийн батлахын эхний хуудаст “овог: Ш, нэр: Б, 1963 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн гэж бичигдсэн, Цэргийн хэлтсийн даргын газрын үсэг зурагдсан байх ба уг цэргийн батлахын 3 дугаар хуудаст ll.Цэргийн алба хаасан байдал Б аймгийн цэрэгт татлагын комиссоос цэргийн албанд 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдөр татсан гэж, III цэргийн албанаас халсан тухай Батлан хамгаалах яамны сайдын 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/308 тоот тушаалаар хугацаа дууссан учир бэлтгэлээр халж Б аймагт явуулав. 0130 дугаар ангийн дарга хурандаа Ш.С гэж, мөн дэвтрийн 7 дугаар хуудаст Хаасан байдал: Ангийн дансанд бүртгэсэн он, сар, өдөр: 1985.06.30, ангийн данснаас хассан он, сар, өдөр: 1988.06.13” гэж тус тус бичигдсэн байна.
7.5. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 629 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ш.Б-ын БНМАУ-ын Хүн амын регистрийн карт ХААТР-1 /Б/ маягтад “... 16. Цэргийн алба хаасан байдал: Хаасан” гэж бичигдсэн байна.
7.6. Б аймгийн Б сумын иргэн М.М, М.С, Х.Ж, М.С нарын “Бид тухайн үед Х аймгийн Б сум дахь Хилийн цэргийн 0130 дугаар ангид 1985 оны 06 дугаар сараас 1988 оны 06 дугаар сар хүртэл цэргийн алба хаасан. Одоо бол тухайн үеийн Б сум нь Ү сум болсон. Хүсэлт гаргагч тухайн үед манебар рот байсан харин би зенит байлаа. Бид цэргийн албанд хамт татагдаад, хамт халагдаж ирсэн” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон гэрч М.С-ын шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэг, мөн фото зураг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар дээрх үйл баримт тус тус нотлогдож байна.
8. Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг тус тус үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар хүсэлт гаргагч Ш.Б-ын Х аймгийн Б сум дахь Хилийн цэргийн 0130 дугаар ангид 1985 оны 06 дугаар сарын 30-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болохыг тогтоож шийдвэрлэв.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан О овогт Ш.Б нь Х аймгийн Б сум дахь Хилийн цэргийн 0130 дугаар ангид 1985 оны 06 дугаар сарын 30-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ш.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН