| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 203/2017/0021/Э |
| Дугаар | 20 |
| Огноо | 2017-06-07 |
| Зүйл хэсэг | 215.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 20
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Ц.Ариунжаргал,
Ялтан Б.Мөнхжаргал, Д.Баттогтох,
түүний өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, Ц.Баярмаа,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Отгонбаяр,
Хохирогч, иргэний хариуцагч Б.Сайнгэрэл,
Иргэний хариуцагч Г.Цэрэнлхам,
Иргэний нэхэмжлэгч С.Одончимэг, Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж шийдвэрлэсэн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн ялтан Б.Мөнхжаргал, Д.Баттогтох нарын давж заалдсан гомдлыг үндэслэн Б.Мөнхжаргал, Д.Баттогтох нарт холбогдох 201616000281 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Төгрөг овгийн Бүүрэгийн Мөнхжаргал, Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Булган суманд өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, жолооч ажилтай, ам бүл 7, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх,
Буурал овгийн Дүүхүүгийн Баттогтох, Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Номгон суманд өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 4, гэх газарт нутагладаг, малчин ажилтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх,
Шүүгдэгч Б.Мөнхжаргал нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн нутаг Бударгант хонхор гэх газарт улсын дугаартай Тоёота Ланд круйзер маркийн автомашиныг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж Д.Баттогтохын жолоодож явсан улсын дугаартай Хьюндай аксент маркийн автомашинтай мөргөлдөж хохирогч Д.Баттогтохын биед хүнд гэмтэл Н.Отгонбаяр, Ө.Хишигдэлгэр нарын биед хүндэвтэр гэмтэл учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт,
Мөн Б.Мөнхжаргал нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн нутаг Бударгант хонхор гэх газарт улсын дугаартай Тоёота Ланд круйзер маркийн автомашин жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж Д.Баттогтохын жолоодож явсан улсын дугаартай Хьюндай аксент маркийн автомашинтай мөргөлдөж Н.Отгонбаяр, Ө.Хишигдэлгэр нарын биед хүндэвтэр гэмтэл учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Б.Мөнхжаргал, Д.Баттогтох нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1, 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 248.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхжаргалын үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, Б.Мөнхжаргалыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр болон хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Баттогтохыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баттогтохын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, шүүгдэгч Б.Мөнхжаргалд 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Б.Мөнхжаргал, Д.Баттогтох нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Мөнхжаргал нь бусдад төлөх төлбөр хохиролгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Аудитын газраас 672.732 /зургаан зуун далан хоёр мянга долоон зуун гучин хоёр/ төгрөг, шүүгдэгч Б.Мөнхжаргалаас 672.732 /зургаан зуун далан хоёр мянга долоон зуун гучин хоёр/ төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Д.Баттогтоход олгохоор, шүүгдэгч Д.Баттогтохоос 2.070.000 /хоёр сая далан мянга/ төгрөг, шүүгдэгч Б.Мөнхжаргалаас 2.070.000 /хоёр сая далан мянга/ төгрөг тус тус гаргуулан Өмнөговь аймгийн Аудитын газарт олгож, Б.Мөнхжаргалын гэм хорын хохиролд илүү төлсөн төлбөр болох 568.115 /таван зуун жаран найман мянга нэг зуун арван тав/ төгрөгийг хохирогч Д.Баттогтохоос, 1.035.000 /нэг сая гучин таван мянга/ төгрөгийг Өмнөговь аймгийн Аудитын газраас тус тус гаргуулан шүүгдэгч Б.Мөнхжаргалд буцаан олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Баттогтох нь 522.500 /таван зуун хорин найман мянга таван зуу/ төгрөгний нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Ялтан Б.Мөнхжаргал давж заалдсан гомдолдоо: Шүүх хуралдаан дээр шинжээч өөрийн гаргасан дүгнэлтээсээ буцаж, няцаж байгаа нь шүүгчийг захирамж гаргахаас өөр аргагүй байдалд хүрсэн учраас шүүх хуралдаан хойшилж ахин нэмэлт дүгнэлт гаргуулсан. Ахин гаргасан дүгнэлтийг гаргахад би өмгөөлөгчийн хамт байлцаж асуух асуултаа асуусан боловч хэн хэн нь ямар ч хариулт өгч чадаагүй, хариултаа авч чадалгүй явсан. Гэтэл шинжээч нар бид нарыг явсан хойно дүгнэлтэндээ машины ямар ч ул мөр байхгүй байна гэсэн нэг өгүүлбэрээр хариулт өгсөн нь өмнө нь гаргасан өөрсдийнхөө дүгнэлтийг хамгаалж, өөрчилөхгүй гэж хэлж ярьж байснаа хэвээр нь баталж ирүүлсэн нь мөн үндэслэлгүй болсон. Энэ байдлыг шүүгч та бүхэн анхааран үзэж, бодит үнэнийг тогтоож өгнө үү.
Шүүх хуралдаан дээр шинжээчийн дүгнэлт ахин эргэлзээ төрүүлэхүйц хэвээр байсан учир өмгөөлөгчтэйгээ ярилцаад өмгөөлөгч маань шүүх бүрэлдэхүүнд тухайн осол болох үед авч хадгалсан фото зургуудыг CD дээр буулгуулан өгсөн, түүнийг нотлох баримтаар шинжлэн судлуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх бидний хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон, мөн CD дээрх зургийг нотлох баримтаар аваагүйд гомдолтой байна. Хэрэгт холбогдсон хүн ЭБШХуулийн 36 дугаар зүйлд заасан эрхийнхээ хүрээнд өөрт холбогдуулсан хэрэгт өөрөөсөө нотлох баримт гарган өгч болох талаарх эрхийг хуульчилан өгсөн атал үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон. Иймд анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан зургуудыг дахин нягтлан шалгуулах, үүний үндсэн дээр ахин дүгнэлт гаргахад бодит үнэн тогтоогдоно гэж миний зүгээс үзэж байгаа тул дээрх нөхцөл байдлыг анхааран үзнэ үү. Тухайн осол аваар болох үед нөгөө машины жолооч Д.Баттогтохын эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан гэж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Уг учирсан гэмтлийг дан ганц намайг учруулсан мэтээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсаар өнөөдрийг хүрлээ. Намайг буруутгасан. Би нэг зүйлийг байнга бодож, хүсэж явсаар байна. Энэ нь осол болох үед жолооч Баттогтох хамгаалах бүс хэрэглээгүй, бусад зорчигч нартаа ч хамгаалах бүсийг хэрэглүүлээгүйгээс болж олон хүний эрүүл мэндэд хохирол учруулсан. Тэгэхээр Баттогтохын биед учирсан хүнд гэмтэл хамгаалах бүс зүүсэн бол хөл гэмтэх байсан эсэх дээр дүгнэлт гаргуулахыг хүсэж байна. Учир нь хамгаалах бүс хэрэглэвэл аюул, осол аваарыг 80 хувиар багасгадаг гэсэн. Үүнээс үзвэл Баттогтох хамгаалах бүс хэрэглээгүйгээс өөрөө өөртөө гэмтэл илүү учруулсан байхаар байхад шүүх үүнд ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гомдолтой байна. Зүг чиг өөрчлөгдсөнөөс улбаалан намайг буруутгасан дүгнэлт гаргасан. Би баруун гар талын замаа барьж явсан зурагнууд хавтаст хэрэгт бүрэн дүүрэн авагдаад байхад шинжээч нар зам мөр байхгүй гэж дүгнэлт гаргаад байгаа нь миний эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна. Үүнээс үзвэл хэт нэгэн талыг барьж хэргийг бүрдүүлсэн гэж үзэхээр байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих асуудлууд бүрэн тогтоогдоогүй гэх үндэслэл харагдахаар байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсч байна гэжээ.
Ялтан Д.Баттогтох давж заалдсан гомдолдоо: “...Би өөрийгөө замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний дүрмийн 8.5-д “суурин газрын гаднах замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно” гэж заасан ба хамгийн баруун гар талынхаа эгнээгээр харин Б.Мөнхжаргал хамгийн зүүн гар талын эгнээгээр явж байсан. Хэрэв Б.Мөнхжаргал баруун гар талынхаа эгнээгээр явж байсан бол тус осол гарахгүй байсан. Иймд үнэн мөнийг олж тогтоож, намайг гэм буруугүйд тооцож өгнө үү гэжээ.