Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2021/00930

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 8 дугаар хороо, ******* тоотод оршин суух, ******* овогт ******** /Регистрийн дугаар: *****-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******* тоотод оршин суух, ******* овогт ********* /Регистрийн дугаар: *******/-т холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие нь 2005 онд *******тай танилцаж, тэр үеэс үерхэн амьдарч ****** оны 12 дугаар сарын 23 ны өдөр Орхон аймгийн Иргэний бүртгэлийн газар албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж №0087874 дугаартай гэрчилгээ авсан. Гэрлэлтээ батлуулсаны дараа бидний охин ******* ***.02.27-нд Орхон аймагт төрсөн. Одоо 11 настай миний асрамжинд өсөн хүмүүжиж байна. Нөхөр ******* бид хоёр 2010 оны зунаас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд одоо өөр эмэгтэйтэй хамтран амьдарч хүүхэдтэй болсон. Шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө хуулийн дагуу эвлэрүүлэн зуучлахад хандсан боловч бидний хувьд буцаж нийлэх боломжгүй юм. Мөн тусдаа байсан энэ хугацаандаа ******* нь эцгийн үүргийг нэг ч удаа биелүүлж байгаагүйд гомдолтой байна. Миний хувьд одоогоор ээж охин 2-ын хамт амьдардаг. Мөн эрхэлсэн ажилгүй байгаа. Иймд *******, нөхөр ******* бидний гэрлэлтийг цуцлаж охин *******ийг миний асрамжинд үлдээж, *******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд нэхэмжлэгч *******гийн гаргасан нэхэмжлэлийг гардан аваад дараах тайлбарыг гаргаж байна. Бид 2005 онд танилцан улмаар үерхэж, хайр сэтгэлтэй болж, хөөрхөн охинтой болсон гээд бидний амьдралд дурсах сайхан үеүд олон байсан. 2010 оны 02 дугаар сарын 27-ны өдөр охин ******* мэндэлсэн. Охиноо төрөхийн өмнө 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2010 оны зунаас хойш хамтдаа амьдраагүй. ******* нь Солонгос явсан. Охиныг маань ээж дээрээ үлдээсэн. Холбоо барих боломжгүй олон жилийг өнгөрөөсөн дөө. Намайг гэхгүй, өөрийн жаргалаа хөөж, алга болсон түүнийг хэдий хүртэл харах вэ? дээ. Би 4 жилийн өмнөөс дахин амьдрал зохиосон болохоор бид цаашид эвлэрэн амьдрах боломжгүй. *******гийн нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлтээ цуцлуулах, охин *******ийг ээжийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэгийг Гэр бүлийн тухай хуульд зааснаар сар бүр төлнө. ******* нь охинтой минь холбоотой байлгаарай гэжээ.

Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргахгүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болголоо.

Гэрлэгчид нь 2005 онд танилцаж улмаар хамтран амьдарсан байх бөгөөд, 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдөр эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2010 оны 02 дугаар сарын 27-ны өдөр охин ******* төрсөн, одоо эрүүл өсөн бойжиж байгаа болох нь гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Гэрлэгчид хамтран амьдрах хугацаандаа нөхөр ******* нь мөрийтэй тоглож, архи ууж улмаар гэртээ тогтохгүй эхнэр болон хүүхэддээ анхаарал халамж тавиагүйн улмаас тусдаа амьдрах болсон, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, нөхөр ******* өөр бусадтай хувийн амьдрал зохиосон байгаа зэргийг харгалзан эвлэрэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Охин нь төрсөн цагаасаа эхийн хамт амьдарч байгаа бөгөөд хүүхдийн өсөж торнисон орчин нөхцлийг өөрчлөх шаардлагагүйн дээр хариуцагч нь охин *******ийг ээжийнх нь асрамжид байлгахыг зөвшөөрч, асрамжийн талаар маргаагүй, мөн хүүхдийн насны байдал эцэг, эхийн санал зэргийг харгалзан насанд хүрээгүй охин *******ийг эхийнх нь асрамжинд үлдээж, эцэг *******аас сар бүр хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасан хувь хэмжээгээр гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй гэж тус тус заасныг зохигчид анхаарвал зохино.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгох, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул хариуцагчийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэг 1,282,800 төгрөгнөөс тэмдэгтийн хураамжинд 35,337 төгрөг тооцож гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг шүүхийн шийдвэрт дурьдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан ******* овогт ********** /Регистрийн дугаар: *******/, ******* овогт **********/Регистрийн дугаар: *********/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д зааснаар 2010 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин *******ийг эх *******гийн асрамжинд үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин *******ийг амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг ******* овогт ******* /Регистрийн дугаар: ********/-аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй, эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг дурьдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчдод даалгасугай.

5. Гэрлэгсэд дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Оюумаад даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, 35,337 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.

8.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН