Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 482

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Мийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708009610149 дүгээр хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Төв аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ө овогт Нгийн М /РД:.../.

Н.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2017 оны 8 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт сагсны талбай дээр шалтгаангүйгээр Б.Дий хамар руу гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 8 дугаар сарын 16-ны орой 23 цагийн үед найзтайгаа сагсан бөмбөгийн талбай дээр сууж байсан чинь манай найз хохирогчийг хараад “хэд хоногийн өмнө намайг найз нартайгаа нийлж зодсон залуу мөн байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хохирогчийг дуудаад маргалдаж байгаад нэг удаа цохисон. Гэтэл хохирогч намайг зөрүүлээд 5-6 удаа цохисон. Тэгээд цагдаа нар ирээд намайг аваад явсан” гэв.

Эрүүгийн 201726011004 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Дий: “Би 2017 оны 8 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 29 дүгээр гудамжны захад гэрийнхээ ойр байдаг сагсан бөмбөгийн талбай дээр тоглох гээд очсон юм. Тэнд байж байхад зүс үл таних 20 гаруй настай эрэгтэй хүн намайг дуудсан бөгөөд би тухайн хүн рүү хараагүй өөр зүг рүү хараад байж байтал над руу ирээд миний хамар руу гараараа нэг удаа цохисон. Ингээд цагдаа дуудаж тухайн хүнийг бариулсан. Ийм л зүйл болсон. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин тэр залуу архи уучихсан байсан. Миний хамарт л ганц удаа цохисон. Яагаад цохисон учрыг нь мэдэхгүй байна. Намайг цохихдоо тэр залуу хэн нэгэнтэй бүлэглээгүй, ганцаараа цохисон. Эмчилгээний зардал нэхэмжилнэ.

“...Би Мөөс эмчилгээний зардал болгож 400.000 төгрөг авсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэрэгт хавсаргуулах төлбөрийн баримт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-10, 40/,

Гэрч А.Ванчинсүрэн: “2017 оны 8 дугаар сарын 17-ны Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн гудамжинд авто замын хажууд байдаг сагсан бөмбөгийн талбай дээр О, М хоёртой би уулзсан. Тэр хоёр шийтний цаад талын булан хэсэгт сууж байсан. Намайг тоглож байхад Д найзуудтайгаа ирсэн. О, М, Д нар уулзаад бөөгнөрөөд байхаар нь би очсон. Тэгтэл М, Д нар маргалдаж байсан юм билээ. Юунаас болж маргасаныг нь мэдэхгүй. Намайг очиход М, Дий нүүр рүү цохиод авсан. Д Мийг буцаагаад цохисон. Тухайн үед Д 2-3 удаа Мийг, М Дийг ганц л удаа цохиж харагдсан. Тэгээд тэднийг салгацгаасан. Д цагдаа дуудаад Мийг цагдаа нар аваад явсан. Ийм л зүйл болсон. О, М, Д, Дий найзууд гэх хүүхдүүд байсан. Д эрүүл байсан. М л пиво уусан юм шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-12/,

Гэрч М.Хишигжаргалын: “Би Н.Мийн төрсөн эгч нь байгаа юм. Манай ээж Н өөр хүнтэй гэрлээд Мийг төрүүлсэн. Эх нэгтэй, эцэг ондоотой эгч дүүс юм. Тэр шөнө гэртээ байхад цагдаагийн хүмүүс “Мийг ирээд авах уу, хүний нүүр рүү цохиод цагдаад баригдсан байна” гэж утсаар холбогдсон. Тэр шөнөдөө 2 хүүхэдтэй байсан учир авч чадаагүй. Маргааш нь очиж авсан. Мийн найз Ог тэр хүүхэд нь зодсон гэж андуураал очоод цохисон гэж хэлж байсан. Тухайн болсон явдлыг өөрөө хараагүй болохоор нарийн сайн мэдэхгүй байна. Манай дүү М ер нь бол даруухан зан ааштай боловч түргэн уурладаг. Ойрын хугацаанд гагнуур хийгээд, вагоноос ачаа буулгадаг ойр зуурын ажил хийж байгаа. Манай гэрт надтай хамт амьдарч байгаа, эхнэр хүүхэд байхгүй. 67 дугаар сургуульд сураад Эрдэнэт хотод МСҮТ-д сурч байгаад гарчихсан. 2017 оны 02 дугаар сард Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр хүн зодсон гэж шалгагдаж байгаад Хан-Уул дүүргийн прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Өөрөөр хэлбэл цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Ял шийтгэл эдэлж байгаагүй. Хамт олны дунд нэр хүндтэй, сайн хүүхэд байгаа юм. Өөрийн хайхрамжгүй байдлаас болоод ийм байдалд орчихоод байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, хааяа ганц нэг удаа хэрэглээд байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-13/,

Гэрч Ш.Ганзоригийн: “Би Мийн том эгчийнх нь нөхөр байна. Тухайн үед болсон хэргийн талаар мэдэхгүй. Гэртээ тэр орой байхад цагдаагаас яриад дүү чинь зодоон хийсэн байна, ирээд авах уу гэсэн. Очиж чадаагүй, маргааш өглөө нь очиж зодуулсан гэх залуугаас юу болсон талаар асуухад сагс тоглож байгаад маргалдсан, хүрч ирээд нэг удаа цохисон гэж хэлсэн. Тухайн болсон явдлын талаар тийм л зүйл мэднэ. М бол томоотой, гайгүй хүүхэд байгаа юм. Би түүнийг мэддэг болоод 10 жил болж байна. Эгчтэй нь гэр бүл болоод 6-7 жил болж байна. Ойролцоо амьдардаг болохоор бага байхаас нь эхлээд мэддэг. Хүмүүжилтэй хүүхэд байгаа юм. Архи уугаад жаахан асуудалд орчихсон боловч уг хүний хувьд сайн хүн. Хүний үгнээс гардаггүй, элдэв муу зан араншингүй хүүхэд. 9 дүгээр ангиа төгсөөд сургуулиасаа гарчихсан. Одоо манай гэрт амьдарч байгаа. Ээж нь Төв аймгийн Мөнгөнморьт суманд байдаг болохоор манайд байдаг. М тогтсон ажилгүй, вагон буулгадаг, зарим үед би ажил руугаа авч явж гагнуур хийлгэдэг...” гэх мэдүүлэг /хх-14/,

Гэрч Б.Дий: “Би 2017 оны 8 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн орчимд өөрийн гэрийн ойролцоо байдаг сагсан бөмбөгийн шийт дээр тоглох гээд очоод байж байтал зүс таних 20 гаруй настай эрэгтэй хүн намайг дуудсан. Би тухайн хүн рүү хараагүй өөр зүг рүү хараад байж байтал над руу ирээд миний хамар руу гараараа нэг удаа цохисон. Ингээд цагдаа дуудаж тухайн хүнийг бариулсан. Намайг цохисон хүнийг өмнө нь харж байсан. Манай гэрийн ойролцоо байх сагсан бөмбөгийн шийт дээр байнга тоглодог залуу байсан. Намайг ямар шалтгааны улмаас цохисон болохыг мэдэхгүй байна. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Намайг цохисон залуу архи уучихсан байсан. Би хэн нэгний биед ямар нэгэн гэмтэл шарх үүсгээгүй. Тухайн залуу миний хамар руу гараараа нэг удаа цохисон. Өөр ямар нэгэн гэмтэл шарх үүсгээгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ...” гэх мэдүүлэг /хх-7/,

Н.Мийн яллагдагчаар өгсөн: “Өөрийнхөө гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байна. Дтэй эвлэрч уучлалт гуйсан. Тэр орой 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооноос хойш засмал замын хажууд байдаг сагсан бөмбөгийн талбай дээр найзууд болон О, таньдаг дүү Тэнгис нартай сагс тоглож байсан. Тэр үед сагсан бөмбөгийн талбайд Д найзуудтайгаа орж ирж байсан. О надад “тэр шар үстэй хүүхэд хэд хоногийн өмнө намайг хүүхдүүдтэй нийлж зодсон хүүхэд мөн байна” гэж Дийг заасан. Тэгээд би Д дээр очоод “яагаад манай найзыг зодсон юм бэ” гэж асуусан. Би шууд түүн рүү гараа далайтал над руу цохих гэж байгаа юм шиг ухас хийхээр нь хамар руу нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлсэн. Цохисоны дараа О “нөгөө хүүхэд биш байна ш дээ” гээд байсан. Тухайн үед намайг очиход цохих гэж байгаа юм шиг үйлдэл хийхээр нь түүнийг түрүүлж цохисон. Харин тэр намайг буцааж 5-6 удаа цохисон. Миний биед гэмтэл гараагүй учир шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Би тухайн үед Отай 1 савтай пиво хуваагаад уучихсан байсан. Би хувиараа гагнуур хийдэг. Бас зав чөлөөтэй үед Толгойт Өртөө дээр вагоноос ачаа буулгадаг ажил хийдэг. Сардаа 500000 төгрөг олчихдог...” гэх мэдүүлэг /хх-36-37/,

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.08.24-ний өдрийн 10529 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.Дий биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь ...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагид нөлөөлөхгүй” гэжээ /хх-17/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, Б.Дий өргөдөл /хх-4/, хохирогчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-5/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-20/, Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа /хх-21, 23/, АСАП сангийн лавлагаа /хх-22/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-26/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-41-43/, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-44/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-57/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч Н.Мийн гэм буруутай болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзлээ.      

Шүүгдэгч Н.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2017 оны 8 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт сагсны талбай дээр шалтгаангүйгээр Б.Дий хамар руу гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтанд өгсөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Н.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай” гэж,

Шүүгдэгч Н.М “Би сая ажилд орсон, надад торгох ял оноож өгнө үү. Гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэж тус тус дүгнэлт гаргасныг тэмдэглэж байна.

Иймд шүүгдэгч Н.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд 300 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Дий бие махбодид хөнгөн гэмтэл учирсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Н.Мөөс эмчилгээний зардалд 400.000 төгрөг хүлээн авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-40-ийн ар тал/, мөн “Н.Мөөс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.М урьдчилан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овогт Нгийн Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Мийг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.М нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.М бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Н.Мд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

               ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР