Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2016/00960

 

Цыбенова Надежда Егниновнагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/03496 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1070 дугаар магадлалтай,

Цыбенова Надежда Егниновнагийн нэхэмжлэлтэй

“Бодь даатгал” ХХК-д холбогдох

Даатгалын гэрээний үүрэгт 5 000 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Дугармаа, хариуцагчийн итгэхмжлэгдсэн төлөөлөгч А.Базар, Ж.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цыбенова Надежда Егниновнагийн нөхөр Сергей Владимирович Данилов нь Монгол Улсад ажлын шаардлагаар байнга ирж, очдог ОХУ-ын Буриад улсын нэрт археологич байсан. Тэрээр 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “Бодь даатгал” ХХК-тай гэнэтийн ослын даатгалын гэрээг 365 хоногийн хугацаагаар байгуулж, өөрийн амь нас, эрүүл мэндийг даатгуулж, хураамжид 50 ам.доллар төлсөн. 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Сергей Владимирович Данилов нь Монгол Улсад томилолтоор ажиллаж байхдаа өвчний учир нас барсан. Улсын хоёрдугаар төв эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан тул тус эмнэлгээс нас барсан тухай гэрчилгээ олгосон. Уг гэрчилгээнд нас барсан хэлбэрийг өвчнөөр гэж тодорхой бичсэн. Даатгалын гэрээний 1 дүгээр зүйлд заасан даатгалын эрсдэл болох гэнэтийн өвчлөлийн улмаас даатгуулсан зүйл болох Сергей Владимирович Даниловын амь нас гэрээний хугацаанд хохирсон тул талийгаачийн эхнэр Цыбенова Надежда Егниновна нь “Бодь даатгал” ХХК-д хандаж, нөхөн төлбөр гаргуулахыг хүсэхэд хариуцагч татгалзсан хариу өгсөн. “Бодь даатгал” ХХК нь даатгуулагчийг гэрээнд заасан эрсдэл болох гэнэтийн өвчлөлийн улмаас амь насаа алдсан гэж үзэхгүй, даатгуулагч согтууруулах ундаа хэрэглэсний улмаас амь насаа алдсан гэж Даатгалын тухай хууль болон гэрээнд нэрлэн заагаагүй үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй. Улсын хоёрдугаар төв эмнэлгээс олгосон нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, түүний өвчний түүх, эмгэг судлалын шинжилгээний протокол зэрэгт Сергей Владимирович Даниловыг өвчний учир нас барсан болохыг тогтоосон тул даатгалын тохиолдол бий болсон гэж үзэж байна. Иймд даатгалын гэрээнд тохиролцсон даатгалын үнэлгээнээс 100 хувь тооцон нөхөн төлбөрт 5 000 ам.долларыг “Бодь даатгал” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бодь даатгал” ХХК нь 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ОХУ-ын иргэн Сергей Владимирович Даниловтой Монгол Улсад түр хугацаагаар зорчих гадаадын иргэдийн гэнэтийн ослын даатгалын гэрээ байгуулж, түүний амь нас, эрүүл мэндийг даатгасан. Гэрээг 365 хоногийн хугацаатай байхаар тохиролцож, даатгуулагч нь хураамжид 50 ам.доллар төлсөн. Талууд гэрээ болон баталгааг нэг дор даатгалын гэрээт баталгаа нэрээр үйлдсэн бөгөөд үүнээс өөр гэрээ байгуулагдаагүй. 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Сергей Владимирович Данилов нь нас барсан бөгөөд тэрээр гэнэтийн осол, өвчлөлийн улмаас амь насаа алдаагүй. Эмгэг судлалын шинжилгээний хариугаас үзэхэд түүнийг нас барахад архины маш хүнд хордлого, түүний архаг хууч өвчнүүд нөлөөлсөн. Тэрээр өмнө нь чихрийн шижин, зүрхний судасны нарийсал, зүрхний шигдээс өвчний учир Буриад Улсын эмнэлэгтээ хэвтэж эмчлүүлж байсан талаарх баримт хэрэгт авагдсан тул эдгээрийг гэнэтийн өвчлөл гэж үзэхгүй. Түүний нас барсан шалтгааныг архины хурц хордлого гэж эмч дүгнэсэн тул даатгалын гэрээгээр тохиролцсон эрсдлийн улмаас даатгалын зүйлд хохирол учирсан гэж үзэхгүй байна. Тэрчлэн амь насаа хохироох нөхцөлийг даатгуулагч өөрөө бүрдүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/03496 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасныг баримтлан “Бодь даатгал” ХХК-аас 9 977 550 төгрөгийг гаргуулж Цыбенова Надежда Егниновнад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 600 төгрөгөөс 174 591 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 9 төгрөгийг, хариуцагчаас 174 591 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1070 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/03496 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлүүдээр эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна. Хоёр шатны шүүхээс хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч хооронд гарсан маргааныг... хянан шийдвэрлэх” гэж, Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т “Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл... шүүхэд давж заалдаж болно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь даатгагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлоо санхүүгийн зохицуулах хороонд гаргаж, маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх юм. Нэхэмжлэгч тус журмыг хэрэглээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал” гэж, 117 дугаар зүйлийн 117.1-т “Энэ хуулийн ...65.1.3-65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно. Анхан шатны шүүхээс Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасныг хэрэглэхгүй байх тухай дүгнэхдээ “даатгагчаас даатгалын гэрээний үүрэг шаардсан энэ нэхэмжлэлд хамаарахгүй” хэмээн дүгнэсэн. Энэ нь дараах байдлаар үндэслэлгүй юм. Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т тодорхойлсон ёсоор даатгалын үйл ажиллагаа гэж даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлэх билээ, Даатгалын гэрээний дагуу даатгуулагчийн зүгээс даатгалын хураамж төлөх үүрэг хэрэгжүүлдэг бол даатгагчийн хувьд даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд даатгалын нөхөн төлбөр олгох нь үндсэн үйл ажиллагаа юм. Иймд даатгалын хэрэглэгч, үйлчлүүлэгчийн зүгээс даатгагчаас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан, даатгагчийн нөхөн төлбөрийн уйл ажиллагаатай холбоотой л гомдол гаргах юм. Одоогийн байдлаар санхүүгийн зохицуулах хорооны бүтцэд даатгагчийн үйл ажиллагаатай холбоотой иргэд, даатгуулагчдын гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлэх хэлтэс үйл ажиллагаа явуулж байна. Давж заалдах шатны шүүхээс “Даатгалын үйл ажиллагаатай холбоотой хуулийн үйлчлэх хүрээг Даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т даатгагч, даатгуулагчийн хооронд үүсэх гэрээний харилцааг Иргэний хуулиар зохицуулна гэж заасанд даатгалын гэрээний энэ маргаан хамаарах тул Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасан маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх журам гэж үзэхгүй” хэмээн тайлбарласан. Энэ нь дараах байдлаар үндэслэлгүй юм. Даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Даатгагч, даатгуулагчийн хооронд үүсэх гэрээний харилцааг Иргэний хуулиар зохицуулна” гэж заасан нь хууль тогтоогчоос даатгалын гэрээний харилцааг Даатгалын тухай хуулиар зохицуулахгүй байх бодлого баримталсныг харуулна. Гэвч Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэг бол даатгалын гэрээний харилцааг зохицуулсан хэрэг бус, даатгалын гэрээтэй холбогдон гарсан маргааныг шийдвэрлэх харьяалал тогтоосон хэрэг юм. Хууль тогтоогчийн зүгээс даатгалын гэлтгүй бусад санхүүгийн үйлчилгээг зохицуулах чиг үүргийг Санхүүгийн зохицуулах хороонд олгосон бөгөөд ингэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдийн үйл ажиллагаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх бүрэн эрхийг мөн адил олгосон. Ингэснээр Санхүүгийн зохицуулах хороо нь маргаан хянан шийдвэрлэх замаар хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахаас гадна тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд хяналт тавьж байдаг. Тухайлбал, Даатгалын мэргэжлийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг санхүүгийн зохицуулах хороо хянан шийдвэрлэхээр заасан. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д энэ талаар заасан. Иймд Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасныг даатгагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам тогтоосон хэрэг гэж үзнэ.

Ц.Е.Надежда нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш. Шүүх энэ талаарх хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэлээ. Давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэхдээ даатгуулагчийн өв залгамжлалын асуудал нь нэхэмжлэгч талд хамааралтай, шүүхээр шийдвэрлэж байгаа үг маргааны зүйл биш” хэмээн дүгнэсэн. Гэвч, Монгол Улсын Иргэний хуулийн дагуу даатгуулагч нас барсан нөхцөлд даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчийн өв залгамжлагч шаардах эрхтэй тул нэхэмжлэгч Ц.Е.Надежда нь өв залгамжлах эрхтэй эсэхийг тогтоох шаардлагатай. Ц.Е.Надежда нь өв залгамжлах эрх бүхий этгээд мөн эсэх асуудал нь Оросын холбооны Улсын хуулиар тодорхойлогдоно. Учир нь, даатгуулагч болон Ц.Е.Надежда нар нь Оросын холбооны улсын иргэн билээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийг өв залгамжлагч боох талаар нотлох баримт гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч нь өв залгамжлах эрх бүхий этгээд мөн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул түүний даатгалын нөхөн төлбөрийг шаардах буюу нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэж үзэхгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж, 117 дугаар зүйлийн 117.1-т “Энэ хуулийн ...65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарах юм. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 549 дүгээр зүйлийн 549.4-т “Талууд өөрөөр тохиролцоогүй бол үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа явуулах, мэргэшүүлэх, хорших, их барилга барих, угсрах, бусад ажил гүйцэтгэх гэрээнд нутаг дэвсгэр дээр нь уг үйл ажиллагааг явуулж байгаа буюу гэрээний үр дагавар бий болж байгаа улсын хуулийг хэрэглэнэ” гэж заасны дагуу Монгол Улсын Иргэний хуулийг хэрэглэнэ гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь, Иргэний хуулийн 549 дүгээр зүйлийн 549.4.7-д даатгалын гэрээтэй холбоотой маргаанд даатгуулагчийн улсын хуулийг хэрэглэх талаар заасны дагуу энэхүү маргааныг Оросын холбооны Улсын хуулийг хэрэглэж шийдвэрлэх юм. Иргэний хуулийн 541 дүгээр зүйлийн 541.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 37.1-т заасны дагуу Оросын холбооны улсын хуулийн зохицуулалтын агуулгыг тогтоохыг нэхэмжлэгч хэрэгжүүлэх үүрэгтэй. Анхан болон давж заалдах шатны шүүхээс шинжээчийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар шинжээч томилолгүйгээр дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв. Бидний даатгуулагчтай байгуулсан даатгалын гэрээнд даатгуулагч гэнэтийн өвчлөл, гэнэтийн ослын улмаас амь насаа алдахыг даатгалын тохиолдол байхаар заасан. Даатгалын гэрээнд гэнэтийн өвчлөл гэж “өмнө оношлогдож байгаагүй хурц өвчин, эмнэлгийн яаралтай тусламж авах шаардлагатай эмгэгүүд”-ийг ойлгох талаар заасан. Иймд даатгалын тохиолдол бий болсон гэж үзэхийн тулд даатгуулагчийг үхэлд хүргэсэн өвчлөл нь (1) өмнө оношлогдож байгаагүй байх, (2) хурц өвчин эсвэл эмнэлгийн яаралтай тусламж авах шаардлагатай эмгэг байх шаардлагатай билээ. Эмнэлгийн дүгнэлтэд дурдсан даатгуулагчийн нас барсан шалтгаан бүхий өвчлөл, эмгэгүүд нь хурц өвчин, эмнэлгийн яаралтай тусламж авах шаардлагатай эмгэг мөн эсэх нь тусгай мэдлэгийн буюу шинжээчийн дүгнэлт шаардсан асуудал гэж үзэж байна. Тухайлбал, анхан шатны шүүгч даатгуулагч нас барсан шалтгааныг “архины гүн хордлого” гэж дүгнэсэн боловч тухайн зүйл нь хурц өвчин, эмгэг гэж үзэх эсэх нь тодорхой бус юм. Түүнчлэн, 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн эмгэг судлалын шинжилгээний 26 тоот протоколд эмгэг судлалын онош, үхэлд шууд хүргэсэн шалтгаанаар “(1) архины маш хүнд хордлого, (2) өлөн гэдэсний цооролт, улаан хоолойн шархлаа, (3) чихрийн шижин 2 хэв шинж” гэж тус тус заасныг тухайн өвчлөлүүдийн аль нэг нь даатгуулагчийн нас барах шалтгаан гэж үзэх эсвэл нийлж үхэлд хүргэх шалтгаан болсон гэж үзэх эсэх нь тодорхой бус байна. Мөн даатгуулагч нь 2012 онд Оросын холбооны Улсад “Зүрхний ар ханын цочмог шигдээс, Зүрхний цусан хангамжийн дутагдал, цээжний бах үйл ажиллагааны 2-зэрэг, шигдээсийн дараах зүрхний хатуурал склероз, 2-хэлбэрийн чихрийн шижин дунд зэргийн явцтай, ээнэгшлийн үе” оношоор эмчилгээ хийлгэж байсан ба зүрхний титэм судасны ангиографийн шинжилгээгээр титэм судасны хатууралтай, цус зогисонгишилттой онош тогтоож байсан байна. Тус өвчлөлүүд нь үхлийн шалтгаан болсон эсэхийг тогтоох нь эмчийн тусгай мэдлэг шаардах зүйл юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно” гэж заасан бөгөөд 38.1 дэх заалтын дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүрэгтэй тул даатгуулагч урьд өмнө оношлогдож байгаагүй, хурц өвчин, эмнэлгийн яаралтай тусламж авах шаардлагатай эмгэгийн улмаас нас барсан болохыг нэхэмжлэгчийн төлөөлөгч нотлох үүрэгтэй. Ингэхдээ, тус нөхцөл байдал нь тусгай мэдлэг, шинжээчийн дүгнэлт шаардсан зүйл тул шинжээчийн дүгнэлтгүйгээр даатгуулагч гэнэтийн өвчлөлийн улмаас нас барсан гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь энэ талаар шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргаагүй, шинжээчийн дүгнэлт гараагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Хоёр шатны шүүхээс анагаах ухаан, эмнэлгийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй хэрэг юм. Иймд дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцаа, даатгуулагчийн хууль ёсны өв залгамжлагчийн талаар тодорхойлсон боловч гэрээний гол нөхцөл, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаагүйн улмаас нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ОХУ-ын иргэн С.В.Данилов, “Бодь даатгал” ХХК-ийн хооронд байгуулагдсан бичгийн гэрээнд даатгалын зүйл нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, даатгалын үнэлгээний хэмжээ 5 000 ам.доллар, даатгалын хугацаа 365 хоног, даатгалын хураамж 50 ам.доллар болох талаар тусгагдсанаас гадна даатгалын эрсдэлийн төрөл, даатгагч, даатгуулагчийн эрх үүрэг хариуцлага нь “Бодь даатгал” ХХК-ийн зүгээс нийтэд санал болгосон нөхцөлөөр байгуулагдсан талаар талууд маргаагүй байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.4-т зааснаар хүчин төгөлдөр даатгалын гэрээ байгуулагджээ.

Хэрэгт цугларсан баримтаар талууд амь насны даатгалын гэрээ байгуулсан, даатгуулагч хураамжийг төлсөн, даатгалын гэрээний хугацаанд буюу 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр даатгуулагч өвчнөөр нас барсан үйл баримт тогтоогдсон байна. /хх-12, 15, 17/

Даатгуулагчийн эхнэр Цыбенова Надежда Егниновна даатгалын тохиолдол бий болсон гэж үзэж хариуцагч “Бодь даатгал” ХХК-аас даатгалын төлбөр 5 000 ам.доллар гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч даатгалын тохиолдол үүсээгүй, нэхэмжлэгч нь өв хүлээн аваагүй тул шаардах эрхгүй гэж маргажээ.

Талуудын байгуулсан гэрээнд даатгалын эрсдэл гэдгийг “1/бүх төрлийн гэнэтийн осол, 2/гэнэтийн өвчлөл гэж тохиролцсон байх ба гэнэтийн өвчлөл гэж өмнө нь оношлогдож байгаагүй хурц өвчин, эмнэлгийн яаралтай тусламж авах эмгэг” гэж тодорхойлсон байна.

Хоёр шатны шүүх гэрээнд заасан “гэнэтийн өвчлөл” гэдгийг өмнө нь оношлогдож байгаагүй, эмнэлгийн яаралтай тусламж авах шаардлагатай эмгэг гэж үзэхдээ даатгалын тохиолдол гэх эрх зүйн ойлголтонд нийцүүлж, гэрээний агуулгыг  зөв тайлбарлаж чадаагүй байна.

Даатгуулагч нь 2012 онд титэм судасны нарийсалт ХСН 1-р шат ФК2 гэсэн үндсэн оноштойгоор, 2-р төрлийн чихрийн шижин, дунд зэргийн хүнд, субкомпенсаци. Чихрийн шижингийн ангиопати ЦБВ 2-р шат тархи нугасны судасны хатуурал, өвчний далд үед тархины архаг цусан хангамжийн дутмагшил гэсэн дагалдах оноштойгоор ОХУ-ын Буриад хотын эмнэлэгт эмчлүүлж байсан тухай Буриад Улсын Улаан-Үд хотын улсын клиник эмнэлгийн зүрх судасны мэс заслын тасгийн тодорхойлолт, 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр архины маш хүнд хордлого, архины шалтгаант панкреатит гэсэн үндсэн онош, чихрийн шижин 2 дугаар хэв шинж, зүрхний архаг ишемит өвчин... гэсэн дагалдах онош, судсанд цус түгээмлээр бүлэгнэх хам шинж, олон эрхтний дутагдал, бөөрний цочмог дутагдал, амьсгал ЗС-ын хурц дутагдал, улаан хоолойн шархлаа, хордлогот ишемит гастроэнтерит, гэдэсний саажилт, түгжрэл гэсэн хүндрэлээр нас барсан гэж Улсын хоёрдугаар төв эмнэлгийн өвчтөний нас барсан тухай гэрчилгээнд, “...архины шалтгаант цочмог хордлогот үхжилт үрэвсэл үүсч шархлаа олон цэгт цоорсноос хэвлийн гялтангын идээт ширхэглүүр үрэвслээр хүндэрч судсан дотор цус бүлэгнэх хам шинж, хордлого олон эрхтний дутагдлаас нас барсан. Эмнэл зүй болон эмгэг судлалын онош тохирсон...” гэсэн 2014 оны 9 дүгээр сарын 16-ны эмгэг судлалын шинжилгээний протокол зэрэг баримтуудаар даатгуулагчийн нас барсан шалтгаан нь даатгалын гэрээнд заасан “гэнэтийн өвчлөл” бус архины хүнд хордлогоос үүдсэн өвчлөл, эмгэг, хүндрэл байсан нь тогтоогдож байх тул даатгалын тохиолдол бий болсон гэж үзэхгүй.  

Иргэний хуулийн 436 дугаар зүйл, 443 дугаар зүйлийн 443.17-д заасан зохицуулалтаас үзэхэд даатгалын эрсдэл нь гэнэтийн, даатгуулагчаас үл хамаарах  шалтгаанаар тохиолддог үйл явдал байна. Даатгуулагч нь даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдлыг даатгагчид нэн даруй мэдээлэх үүргээ биелүүлээгүй, даатгуулагч аюулыг санаатайгаар ихэсгэсэн бол даатгуулагч гэрээг цуцлах, даатгагч амь насаа даатгуулсан атлаа амиа хорлосон бол даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөхийг хуульд тус тус зааснаас үзвэл эрсдэл нь гэнэтийн, санамсаргүй тохиолдлоор бий болдог шинжтэй байна. Талууд гэрээндээ даатгалын тохиолдлыг “гэнэтийн осол”, “гэнэтийн өвчлөл” гэж тохиролцсон.

Түүнчлэн Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол  бүрдэх гэж  тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл даатгалын зүйлд хохирол учирсан байхаас гадна уг хохирол учирсан шалтгаан нөхцөлийг хамааруулж, хамтад нь даатгалын тохиолдол гэх ойлголтыг  тодорхойлдог байх тул даатгуулагч нас барсан боловч учирсан хохирол юунаас шалтгаалсан гэдгийг тогтоох нь даатгалын тохиолдол бий болсон эсэхийг дүгнэх үндсэн нөхцөл байжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл даатгуулагчийг үхэлд хүргэсэн шалтгааныг мэргэжлийн байгууллагаас үндсэн онош, дагалдах онош, хүндрэл гэж тус тус тодорхойлсон байдалд хоёр шатны шүүх дүгнэлт хийлгүй, нас барахаас өмнө тогтоогдсон, үндсэн оношийг анхаарахгүйгээр уг оношоос үүдэн гарсан дагалдах онош, хүндрэлийг тус тусад нь салгаж  эмнэлгийн яаралтай тусламж авах эмгэг, даатгалын тохиолдол үүссэн гэж дүгнэсэн нь  нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнэх хуульд заасан журамд нийцсэнгүй.

Даатгуулагчийн нас барсан шалтгаан нь гэрээнд заасан гэнэтийн өвчлөл бус, архины хүнд хордлогоос үүдсэн өвчлөл, эмгэг байсан нь тогтоогдож байх тул даатгалын тохиолдол бий болоогүй гэж үзэв. Даатгуулагчид учирсан улаан хоолойн шархлаа, хордлогот ишемит гастроэнтерит, гэдэсний саажилт, түгжрэл, судсан дотор цус бүлэгнэх хам шинж, хордлого олон эрхтний дутагдал нь өмнө нь оношлогдоогүй өвчин мөн боловч архины цочмог хордлогоос үүдсэн хүндрэл байсан нь баримтаар тогтоогджээ. Түүнчлэн архины хүнд хордлогыг эрсдэл, гэнэтийн өвчлөл гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базарын хяналтын журмаар гаргасан гомдлын хангаж,  шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/03496 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1070 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “Бодь даатгал” ХХК-аас даатгалын нөхөн төлбөр 5 000 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэгч Цыбенова Надежда Егниновнагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “Бодь даатгал” ХХК-аас хяналтын журмаар гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Х.СОНИНБАЯР

                              ШҮҮГЧ                                                      П.ЗОЛЗАЯА