Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 173

 

Д.Т-, О.З- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаар магадлалтай, О.З-, Д.Т- нарт холбогдох 1819003250173 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Т-ын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1957 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 62 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зураач мэргэжилтэй, банкны хамгаалагч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, ял шийтгүүлж байгаагүй, М овогт Д-н Т,

2. Монгол Улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, зүтгүүрийн техникчээр сурч байгаа, Улаанбаатар төмөр замын харьяа Сайншанд татах хэсэгт засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт О-н З.

1. Д.Т- нь 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” шөнийн цэнгээний газарт хохирогч О.З-ын эрх чөлөөнд халдаж түүний толгойн тус газарт толгойгоороо мөргөн, бороохойгоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2. О.З- нь 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” шөнийн цэнгээний газарт хохирогч Д.Т-ын эрх чөлөөнд халдаж түүний толгойн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Т-, О.З- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-, Зоригт нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, торгуулийн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Т-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Т- гаргасан гомдолдоо “...О.З-ын биед гэмтэл үүссэн нь эргэлзээтэй, харагдах ямар нэгэн шарх сорив байхгүй. Миний биед зүүн нүд хавдсан, хөхөрсөн, ...харааны өөрчлөлт гарсан. Би ажлаа хийж, хууль ёсны шаардлага тавьсан. Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэснийг буруу гэж үзээгүй боловч миний зан байдал, амьдрал ахуйн нөхцөл байдлыг харгалзан үзэж энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хойшид гэмт хэрэгт холбогдохгүй болно. Хүүхэд, залуучуудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар ухуулан танилцуулах үйлсэд хувь нэмрээ оруулах болно” гэжээ.

Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.                                           

ТОДОРХОЙЛОХ нь:Шүүгдэгч Д.Т-ын гаргасан гомдлыг үндэслэн О.З-, Д.Т- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Д.Т-, О.З- нар нь 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” шөнийн цэнгээний газарт харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Д.Т-, О.З- нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлэг, хэргийн шийдвэрлэлтэд аливаа нэгэн сонирхолгүй хөндлөнгийн гэрчийн мэдүүлэг,  шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шүүгдэгч нарыг шийтгэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Д.Т-, О.З- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт нь 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн хэм хэмжээ, түүний агуулгыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Т-ын “миний зан байдал, амьдрал ахуйн нөхцөл, хувийн байдлуудыг харгалзан үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Т-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН