Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 483

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Б.Чинбилиг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Галхүү,

шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201726010451 дүгээр хэргийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа лангуу түрээслэн ажилладаг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, хамтран амьдрагч У.Эын хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, ... тоотод оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилээр хойшлуулсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.3, 126 дугаар зүйлийн 126.2.6, 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 8 жил 7 сарын хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 53 дугаар захирамжаар ялаас өршөөн хасаж суллагдсан, Боржгон овогт Ггийн Б /РД:.../.

Яллагдагч Г.Б нь бусадтай үгсэн тохиролцож, бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 06-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, ... тоотод байрлах нүүрс борлуулах цэгт иргэн Ч.Ут хүч хэрэглэн довтолж орлогын 1,800,000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

Эрүүгийн 201726010451 дүгээр хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч Ч.Уын “2017 оны 02 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 хороо, ... тоот хашаанд байх нүүрсний цэг дээрээ байж байсан чинь 02-04 цагийн хооронд байх шөнө нэг эмэгтэй хүн хаалга тогшихоор нь тайлж өгөөд оруулаад ирсэн чинь “такси зогсдоггүй ахаа жоохон дулаацаадахъя” гэж хэлсэн. Тэр эмэгтэй 20 хүрч яваа гэмээр улаан өнгийн куртиктэй, гарандаа торонд баахан пиво хийгээд барьчихсан явж байсан. Би “юу хийгээд явж байгаа юм бэ, ийм орой шөнө болсон хойно” гэж хэлсэн чинь “найз залуутайгаа муудалцаад” гэж хэлсэн. Тэр охин “ахаа та намайг хаана байгааг энэ утсаар яриад, энэ хүнд хэлээд өгөөч” гэж хэлсэн. Энэ үед гаднаас 2 залуу хаалгаар орж ирэнгүүтээ газар унтаж байсан манай дүү Ныг барьж аваад цаана нь байсан асаалттай зурагт руу дараад унасан. Би наанаас нь босоод манай дүү нөгөө хүмүүстэй барьцалдаж аваад гарсан. Би бас нэг залуутай барьцалдаж аваад ТҮЦ-нээсээ гаргах үед 4 настай хүүхэд маань орон дээрээ уйлаад үлдсэн. Тэр залуучууд “гадаа гараад үзчихье” гээд байсан. ТҮЦ-ний гадаа нөгөө дайрч орж ирсэн 2 залуутай барьцалдаж аваад ноцолдож байтал араас нь ТҮЦ рүү нэг хүн яваад орчих шиг болохоор нь харсан чинь орны доор байсан хувцас хийдэг цахилгаантай чемоданаас мөнгө аваад гараад зугтсан. Манай дүү Н нөгөө залууг хөл нүцгэн араас нь хөөгөөд гүйцээгүй. Гадаа ноцолдож байсан 2 залуу тавихгүй зууралдаад байсан. Би дүүдээ “ахын дүү очоод дүүгээ харж бай” гэж хэлээд би портероо асаагаад араас нь мөнгө авсан хүнийг хөөгөөд “Буудай” дэлгүүрийн яг дээд талын хашааны өнцөг дээрээс барьж аваад мөнгөө авсан. ТҮЦ-ндээ ирээд “яасан миний дүү, нөгөө 2 чинь хаашаа явсан” гэж асуухад “нэг хар өнгийн “Приус” машинд суугаад явсан” гэж хэлсэн. Би утсаараа цагдаад дуудлага өгсөн. Мөнгө аваад зугтсан залууг барьж авахдаа таньсан. Хэд хоногийн өмнө манай нүүрсний цэг дээр П гэдэг залуутай хамт ирж нүүрс зарж байсан залуу байсан. ...гаднаас дайрч орж ирсэн 2 залуу хар өнгийн куртиктэй 25-26 насны гэмээр махлагдуу залуучууд байсан харвал танина. Мөнгө авч зугтсан залуу нь бол нүүрэн дээрээ шивээстэй эрүү болон духан дээрээ шивээстэй залуу байсан урьд нь ч орж ирэхэд тийм байсан... Нийтдээ 700.000 төгрөгийг буруутай этгээдүүдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-8-10/,

Гэрч З.Сийн “Миний бие 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр орой 23 цагийн орчим “Тоёота приус 20” маркийн улаан хүрэн өнгийн ...УБП улсын дугаартай машинтай халтуур хийхээр гарсан. Халтуур хийгээд явж байсан чинь цагийг нь тодорхой санахгүй байна миний дугаар руу Б гэдэг надад пүүзний мөнгө өгөх ёстой Фейсбүүкээр танилцсан залуу залгаад “чи хаана байна” гэж асуухаар нь би “1 дүгээр хороололд явж байна” гэж хэлсэн чинь “ахыгаа Тахилт хүргээд өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за” гэж хэлээд Таван шарын наана байх “БСБ”-гийн орчмоос Бг хоёр залуугийн хамт аваад цаашаа Тахилт руу явсан. Тэгээд Тахилтад очоод нэрийг нь мэдэхгүй дэлгүүрийн гадаа замын баруун гар талдаа буусан. Би цаашаа яваад ойролцоо байх нэг бензин колонк байсны наагуур буцаж эргээд замаар явж байтал дөрвөн залуу хоёр хоёроороо өөд өөдөөсөө хараад маргалдаж муудалцаж, орилж хашгираад байсан. Би цонхоо буулгаад харсан. Намайг дээрээс ирж байхад миний машинд суусан нэг залуу нь портер машины хажууд зогсож байсан нэг залуутай барьцалдаж аваад зогсож байсан. Яг хажуугаар нь өнгөрөх үед салсан хүүхнээ чирсэн байдалтай зам гарч байсан. Хаашаа явсныг нь хараагүй. Тэр хүмүүсийг өнгөрөөд явж байтал 2 залуу, 1 эмэгтэй гар өргөсөн. Бтой хамт анх машинд суусан залуучууд нь хар бараан өнгийн том нэхий билүү куртиктэй, том биетэй залуучууд байсан. Харин сүүлд суусан 2 залуугийн нэг нь улаан өнгийн куртиктэй байсан. Тийм болохоор хувцсаар нь ялгаж байгаа юм. Б надтай дахиж холбогдоогүй. ...Машинд явж байхад “архи ууна” л гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-142-144/,

З.Сийн сэжигтнээр: “...Б гэдэг надад пүүзний мөнгө өгөх ёстой залуу залгаад “чи хаана байна” гэж асуухаар нь би “1 дүгээр хороололд явж байна” гэж хэлсэн чинь “ахыгаа Тахилт хүргээд өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за” гэж хэлээд Таван шарын наана байх “БСБ”-гийн орчмоос Бг хоёр залуугийн хамт аваад цаашаа Тахилт руу явсан. Тэгээд Тахилтад очоод нэрийг нь мэдэхгүй дэлгүүрийн гадаа замын баруун гар талдаа буусан. ...Манай ах Л Солонгос улсаас Монгол руу пүүз оруулж надаар заруулдаг байсан. Би тэр пүүзийг нь Фейсбүүкээр зар тавьж зардаг. ...Б гэдэг хүн ...2017 оны 1 дүгээр сарын сүүлээр залгаж надаас 2 ширхэг пүүз 280.000 төгрөгөөр авахдаа бэлэн 200.000 төгрөг өгөөд үлдэгдэл 80.000 төгрөгийг нь өгөөгүй.

...2017.02.05-ны өдөр над руу залгаад ...”ахад нь 5000 төгрөг байна. Тахилт руу хүргээд өгөөч” гэж хэлсэн. Тахилт руу ямар зорилготой явсныг нь мэдэхгүй.

...миний машин дотор хүүхний талаар яриад байсан. Бгийн гэрийг хаана байдгийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-26-27/,

Гэрч Б.ГарамПн: “2017 оны 02 дугаар сарын 05-ны ...02 цаг өнгөрч байхад Б гэдэг ...надад нохой зарж байсан залуу ...залгаад “чи хаана байна, уулзах хэрэгтэй байна”...гэсэн. Удалгүй миний амарч байсан буудлын өрөөнд ирээд “ах нь өчигдөр чамтай хамт очиж мөнгө авсан нүүрс зардаг залууг дээрэмдчихлээ, гэхдээ мөнгийг нь аваад зугтааж байгаад баригдчихлаа, нүүрс зардаг залуу намайг таньчихсан, тийм болохоор чам дээр маргааш ирж уулзах байх, мөн цагдаагаас асуувал танихгүй, мэдэхгүй гэж хэлээрэй” гэж хэлсэн.

...Би Бгоос нохой аваад 50.000 төгрөг дутуу байсан юм. Тэгтэл 2017 оны 02 дугаар сарын 04-ний Б надтай ирж уулзаад дутуу 50,000 төгрөгөө авахыг хүссэн. Тэгэхээр нь би өөрийн авлагатай байсан Уаас авах ёстой 100,000 төгрөгөө авъя гэж бодоод Бг дагуулан Уын Тахилтад байх нүүрс зардаг цэг дээр очсон. Би Уаас 100,000 төгрөгөө авчихвал Бд өгөх ёстой 50,000 төгрөгөө өгч өрөө төлье гэж бодсон. Б надаас мөнгөө нэхээд байхаар нь яах ч аргагүй дагуулаад явсан. Б У нар бие биенээ огт мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-148-149/,

Б.ГарамПн сэжигтнээр өгсөн: “...Ах нь нөгөө хоёр хоногийн өмнө мөнгө чамтай хамт очиж авсан нүүрс зардаг газар чинь очоод нүүрснийх нь мөнгийг дээрэмдэж гарч гүйж байгаад баригдаад толгойгоо хагалуулчихлаа” гэж хэлж хэлсэн. Б надад “тэр залуу намайг таньчихсан, чамтай хамт ажил дээр нь ирсэн, чи тийм болохоор намайг таньдаг энэ тэр гэж битгий хэлээрэй, мэдэхгүй л гэж хэлээрэй” гэж хэлээд буудлаас гараад явсан. Цагдаа сэргийлэх асуухаар нь юу ч болсон чи юм битгий яриарай” гэж хэлж байсан. Тэр үед нь би “та хэн хэнтэй явсан юм бэ” гэж асуусан чинь “чиний танихгүй нэг хоёр найзтайгаа явж байна, тэрнээс гадна “Сако” гээд улаан өнгийн 20 приустэй залуутай явж байна” гэж хэлсэн. Тэгээд нэг их юм ярилгүй “би явлаа” гээд гараад явсан. Б гэдэг нь “хөмсөг Б” хочтой залуу, нүүрэндээ шивээстэй. ...Хэд хоногийн давтамжтай залгаад “чи өөрөө цагдаа нарт хэлсэн юм уу, намайг цагдаа нар хайгаад байгаа юм биш үү” гээд яриад байсан. Би Сако гэх залуугийн бүтэн нэрийг нь мэдэхгүй, улаан өнгийн “Приус”-тэй халтууранд явдаг залуу байдаг. Надад нүүрс зардаг хүнийг дээрэмдсэн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-30-31/,

Гэрч Ч.Нын мэдүүлэг “2017 оны 02 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө ...нүүрс зардаг цэгтээ байж байтал хаалга тогшиж, 20 орчим насны 160-165 см орчим өндөр нуруутай эмэгтэй “жаахан дулаацъя” гээд орж ирсэн. Удаагүй байтал араас нь 25 орчим насны махлагдуу 2 залуу орж ирээд манай ах ...бид 2 руу шууд дайрсан. Зууралдаж байгаад цэгээс гарсан. Гадаа хоорондоо барьцалдаж аваад зууралдсан. Тэгтэл ах “мөнгө аваад зугтчихлаа” гэж хэлсэн. Мөнгө аваад зугтаасан бараан өнгийн хувцастай залууг би араас нь хөөгөөд гүйцээгүй, тэгсэн ах намайг байж бай гээд өөрөө машинтай араас нь явсан.

... Тэгтэл ах бид хоёртой барьцалдаж байсан залуучууд зугтаагаад явсан. Надад ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Тэдгээр залуучуудыг би танихгүй, мэдэхгүй, өмнө нь харж байгаагүй. Манай ахад учирсан гэмтлийг танихгүй хоёр залуу учруулсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-145-147/,

Г.Бын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “Би 2017 оны 02 дугаар сарын эхэн үеэр Гарам гэдэг дүүтэйгээ “мөнгөө авъя” гээд уулзсан чинь намайг дагуулаад Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын тэнд нэг нүүрс зардаг айлд очсон. Тэр айлд очсон чинь нөгөө нэг залуу нь мөнгө өгөөгүй юу ч болсон юм мэдэхгүй. Тэгээд би энэ асуудлын маргааш нь байхаа тэр хэрэг гардаг өдөр Таван  шарын автобусны буудал дээрээс Тахилт руу явж нөгөө нүүрс зардаг залуугийн гэр рүү нь явъя гэж санааг нь би гаргаад Баттулга гээд /хоч нь Тулгаа/ гэж дууддаг манай найз Зоригоо /Жижгээ гэж дууддаг хочтой/ залуугийн хамт мөн наана нь Борко гэдэг бүтэн нэрийг нь мэдэхгүй 1 дүгээр хороолол хавиар шоудаад явж байдаг хүүхэнтэй бид хэд нэг Приустэй С гэдэг нэртэй 21 дүгээр хороолол хавиар явж байхдаа урд нь танилцаж байсан залуугийн машинтай явж Тахилт руу хүргүүлсэн. Эхлээд Борко гэдэг хүүхэн торонд ганц нэг пиво бариад унтаж уу, үгүй юу гэдгийг нь шалгах гэж орсон. Хэрэв унтаагүй бол “ороод сууж бай” гэж би хэлээд оруулсан. Удалгүй хоёр найз болох Баттулга, Зоригоо хоёр араас нь орсон. Хэрүүл хийгээд байхаар нь тэр хооронд нүүрсний ТҮЦ-рүү орж орон доороос нь жижиг цүнхтэй мөнгийг нь аваад зугтааж байсан чинь араас нөгөө нүүрсний залуу ирж төмрөөр миний толгой руу цохиж унагаасан. Тэрүүхэн хооронд ухаан алдаж унаад, сэргээд босоод ирсэн чинь байхгүй байсан. Тэгээд би зам дээрээс такси бариад явсан. Борко гэдэг хүүхнийг, Баттулга, Зоригоо хоёр ч хаашаа явсныг мэдээгүй. Тэндээсээ гэр рүүгээ явсан. Тухайн үед мөнгө олох санаа зорилготой очсон. Урд нь Гарамтай мөнгө авах гэж очсон чинь тэр нүүрсний хүн савтай мөнгөнөөс Гарамд бензиний мөнгө өгөхөд нь мөнгө байдаг юм байна гэдгийг мэдсэн. Тухайн өдөр энэ хэргийг үйлдэх санааг би гаргасан. Энэ хэргийг би өөрийн найз болох Баттулга, Зоригоо, Борко нарын хамт үйлдсэн. Тухайн үед Сийн машинаар хүргүүлэхдээ Тахилтаас хүнээс авах ёстой юм хүргээд өгчих л гэж хэлж хүргүүлсэн. Тэрнээс мөнгө дээрэмдэх талаар хэлээгүй, мэдээгүй. Манай 2 найз болох Баттулга, Зоригоо нар барьцалдаж аваад ноцолдоод байсан, ТҮЦ-нд байсан хүмүүст учирсан гэмтлийг тэр үед учруулсан байх...”

...Миний бие эхнэр Этой муудалцаад хэд хоног гадуур явсан байсан тул мөнгө төгрөггүй болсон. Тэгээд өмнөх өдөр очсон нүүрс зардаг цэгт очиж мөнгийг нь авахаар шийдсэн. Тэгээд би Борко, Жижгээ, Тулгаа нарт “мөнгөтэй болох нэг арга байна” гэсэн. Тэд нар надаас юу болох талаар асуухад нь “Тахилтын орчим нүүрс зардаг залуугийн амбаарт орон дор нь жижиг цүнхтэй мөнгө байгаа тэрийг авъя” гэж хэлсэн. Борко, Жижгээ, Тулгаа нар миний хэлснийг сонсоод зөвшөөрч хамтдаа явахаар болсон. Тэр газрын ойролцоо очоод Борко, Жижгээ, Тулгаа нарыг очоод “нүүрс зардаг залууг аргалж байгаарай, би араас чинь ороод мөнгийг байгаа газраас нь авчихна” гэж хэлсэн. Тэр гурав зөвшөөрөөд түрүүлээд явсан. Би ойролцоогоор 5 минут хүлээж байгаад нүүрс зардаг цэг рүү очтол Борко, Жижгээ, Тулгаа нар хоёр эрэгтэй хүнтэй маргалдаж байсан. Тэгэхээр нь би араар нь амбаар руу ороод орон дор байсан жижиг цүнхтэй мөнгийг аваад гараад зугтаасан. Зугтаж байтал араас У гэх залуу хөөгөөд намайг бариад авсан. Борко, Жижгээ, Тулгаа нараар анхаарлыг нь сарниулж байгаад мөнгийг нь авах санаатай байсан. Дээрх гэмтлүүдийг Жижгээ, Тулгаа хоёр учруулсан. Гэхдээ би яг яаж хэдэн удаагийн үйлдлээр учруулсныг нь хараагүй. Зууралдаж байхыг л харсан. Борко, Жижгээ, Тулгаа нарт болох зүйлийн талаар хэлсэн ярилцаж тохиролцсон. Миний бие өөрийн буруутай үйлдлээс болж хохирогчид хүндрэл учруулсан. Миний бие хохирогчтой ярилцаж тохиролцсоны үндсэн дээр 800000 төгрөг өгсөн. У гэх хүнээс уучлалт гуйж эвлэрсэн. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. З.С, Б.ГарамП нар энэ хэрэгт огт хамаагүй. Үйлдлийг минь бодож, эхнэр жирэмсэн байгааг минь буюу хувийн байдлыг минь харгалзан тэнсэн харгалзах шийтгэл оноож хөнгөн ялаар шийдвэрлэж өгнө үү. Би бусадтай тохиролцож мөнгөтэй болох гэж дээрэмдсэн нь үнэн. Хэдийгээр анхнаасаа үгсэж энэ гэмт хэргийг хийсэн боловч миний оролцоог харгалзан үзэж шүүгч, прокурор та хөнгөн ял шийтгэж өгөөч гуйж байна. Одоо би эхнэрээ харж лангуу ажпуулдаг, орлоготой, ажилтай байгаа. Өмнө өгсөн сэжигтэн, яллагдагчийн бүх мэдүүлэгүүд бүгд үнэн зөв мэдүүлсэн. Хэргийг минь ердийн журмаар шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-85-86, 88-89, 151-153/,

 Хүний биед үзлэг хийсэн 2017.02.07-ны өдрийн шинжээчийн 2522 дугаар дүгнэлтэд: “1. Ч.Уын биед хүзүү, цээж, баруун ташаа, баруун тохойнд зулгаралт баруун чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.4 Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 5 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-13/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-3/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6/, хохирлын баримт /хх-14/, З.Сийн Асап сангийн лавлагаа /хх-33-35/, З.Сийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36/, З.Сийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-53/ Б.ГаранПн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-37-43, 54/, гар утасны дугаарын дэлгэрэнгүй лавлагаа /хх-44-51/, Г.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-93/, Г.Бын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-94/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2011.02.10-ны өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-95-112/, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2015.11.05-ны өдрийн 53 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар /хх-113/, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /хх-197/, Г.Бын иргэний мэдээллийн лавлагаа /хх-20-21/, Асап сангийн лавлагаа /хх-122-124/, ял шийтгэлийн дэлгэрэнгүй мэдээлэл /хх-125/, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-129/, хохирол төлсөн баримт /хх-140, 182/, эд зүйлийн үнэлгээ /хх-141/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2017.07.19-ний өдрийн 88/А дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-160-175/, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004.08.06-ны өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-178-179/ зэрэг хэрэгт авагдсан бусад баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Б нь бусадтай үгсэн тохиролцож, бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 06-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, ... тоотод байрлах нүүрс борлуулах цэгээс иргэн Ч.Ут хүч хэрэглэн довтолж орлогын 1,800,000 төгрөгийг дээрэмдсэн нөхцөл байдал тогтоогдлоо.

Хохирогч Ч.Уын “...мөнгө аваад зугтсан залууг араас нь хөөгөөд барьж авахдаа таньсан ба хэд хоногийн өмнө манай нүүрсний цэг дээр П гэдэг залуутай хамт ирж нүүрс зарж байсан залуу байхыг нь харсан... Мөнгө авч зугтсан залуу нь бол нүүрэн дээрээ шивээстэй эрүү болон духан дээрээ шивээстэй залуу байсан урьд нь ч орж ирэхэд тийм байсан...” гэх мэдүүлэг /хх-8-10/, гэрч З.Сийн “Таван шарын наана байх “БСБ”-гийн орчмоос Бг хоёр залуугийн хамт аваад цаашаа Тахилт руу явсан. ...Тахилтад очоод нэрийг нь мэдэхгүй дэлгүүрийн гадаа замын баруун гар талдаа буусан...” гэх мэдүүлэг /хх-142-145/, гэрч Б.ГарамПн “ах нь өчигдөр чамтай хамт очиж мөнгө авсан нүүрс зардаг залууг дээрэмдчихлээ, гэхдээ мөнгийг нь аваад зугтааж байгаад баригдчихлаа, нүүрс зардаг залуу намайг таньчихсан, тийм болохоор чам дээр маргааш ирж уулзах байх, мөн цагдаагаас асуувал танихгүй, мэдэхгүй гэж хэлээрэй” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-148-149/, гэрч Ч.Нын “Мөнгө аваад зугтаасан бараан өнгийн хувцастай залууг би араас нь хөөгөөд гүйцээгүй, тэгсэн ах намайг байж бай гээд өөрөө машинтай араас нь явсан...” гэх мэдүүлэг /хх-146/, Г.Бын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Тэр үед нүүрс зардаг У гэх залууг мөнгөө орон дор жижиг цүнхэнд хийдгийг мэдсэн. Өмнөх өдөр очсон нүүрс зардаг цэгт очиж мөнгийг нь авахаар шийдсэн... Тэгэхээр нь би араар нь амбаар руу ороод орон дор байсан жижиг цүнхтэй мөнгийг аваад гараад зугтаасан... Мөнгийг аваад хэрэглээндээ ашиглах гэж байсан...” гэх мэдүүлгүүд /хх-85, 152/, шинжээчийн 2522 дугаар дүгнэлт /хх-13/, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх, 2017 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийг хүртлэх хугацаанд урьдчилан хоригдсон 58 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцуулах саналтай байна” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн боловч гэм буруугаа сайн дураараа нөхөн төлсөн, хохирогчийн зүгээс нэхэмжлэхгүй зүйлгүй гэснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар улсын яллагчийн гаргасан саналыг хөнгөрүүлж, ялын доод хэмжээнээс хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэж тус тус дүгнэлтийг танилцуулсан болно.

Шүүх учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан тухайн зүйл хэсэгт заасан 1 жил 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт хохирогч Ч.У 700,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Ч.У “800,000 төгрөгийг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт /хх-182/ гаргасныг харгалзан үзэж шүүгдэгч Г.Быг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Бын 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс мөн оны 8 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл урьдчилан хоригдсон 58 /тавин найм/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржгон овогт Ггийн Быг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 1 /нэг/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Г.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Бын урьдчилан хоригдсон 58 /тавин найм/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ                                         Л.БААТАР