Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2024/0231

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А*******”

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга 

Маргааны төрөл: “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А/589 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болортуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А/589 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах”

Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ:

А*******" ХХК нь Нийслэлийн Х******* дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэр, ******* байрлах газарт дэд бүтэц буюу цахилгаан, ус, дулааны шугам орж барилга барих боломжтой болно гэх мэдээллийг манай компанид өгч 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дуудлага худалдааны үнэ 195,000,000 төгрөгийг Нийслэлийн өмчийн харилцааны газрын Төрийн сангийн 200051049 тоот дансанд, Нийслэлийн газрын албаны Улаанбаатар банкны 2611009722 тоот дансанд 25,000,000 төгрөгийг төлснөөр Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/488 дугаар "Газар эзэмших, ашиглах 1 эрхийн гэрчилгээ олгох тухай" захирамжийн хавсралтын 52 дахь заалтад тусгагдсаны дагуу 20.000 м2 газрыг хуульд заасны дагуу эзэмшсэн. Манай компанийн зүгээс төсвийн хөрөнгө оруулалтаар тухайн газрын байршилд дэд бүтэц бий болгосон даруй газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасны дагуу Телевизийн студи, конторын барилга барихаар төлөвлөж байсан боловч энэ асуудал шийдэгдэхгүй өнөөдрийг хүртэл хүлээгдэж байснаас гадна Дэлхий дахинд гарсан цар тахал болох КОВИД-19 вирусын халдварын үед улс орны байдал хүнд байсан тул хүлээцтэй хандаж жил бүр газрын төлбөрийг гэрээнд заасны дагуу тогтмол төлж ирсэн. Маргаан бүхий газрын байршилд дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй, цахилгаан болон ус, дулааны шугам сүлжээ хэрхэн ямар байдлаар тавигдах эсэхээс хамаарч манайх барилгын зураг, ямар барилга барих эсэхийг шийдвэрлэх боломжтой учраас энэ асуудал хүлээгдэж газар эзэмших эрхийг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж чадаагүй, Нийслэлийн Засаг даргын захирамжаар өгсөн газар эзэмших эрх нь дэд бүтэц хийгдэнэ гэж хэлж дуудлага худалдааны үнэ төлүүлсэн, энэ талаар эрх бүхий албан тушаалтанд хандаж байсан, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа огт хийгээгүй тул газар эзэмших эрхийг цуцлах үндэслэлгүй юм. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/589 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай" захирамж гарснаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаагийн сацуу тухайн газрын дуудлага худалдааны анхны үнийг төлсөн, хуульд заасны дагуу газрын төлбөрийг жил бүр төлж байгаа зэрэг эдийн засгийн алдагдалд орж байгаа, мөн хуульд заасны дагуу хариуцагчийн буруутай үйлдлээс шалтгаалж нэхэмжлэгч нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа үйл байдлыг далимдуулж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож дуусгавар болгосон нь "А*******" ХХК-ийн газар эзэмших эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн "Захирамж хүргүүлэх" тухай 04-0/3820 дугаар албан бичгээр тус компанийн газар эзэмших эрхийг цуцалсан тухай албан бичгийг захирамжийн хуулбарын хамтаар ирүүлсэн ба шүүхэд хуульд заасан хугацааны дотор хандаж байгаа тул Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/589 дүгээр "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай" захирамжийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн засаг даргын 2023 оны А/589 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн хувьд Х******* дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэр хүй долоон худагт 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дуудлага худалдааны үнэ 225 сая төгрөгийг төлөөд, 2017 оны А/488 дугаар захирамжаар 20 га газрыг хууль заасны дагуу эзэмшсэн. Корона вирусийн нөхцөл байдал, дэд бүтцийн асуудлаас болоод төслийн дагуу барилга барих боломжгүй нөхцөл байдалд байсан. Өнөөдрийг хүртэл дуудлага худалдааны үнэ болон газрын төлбөрийг төлөөд явж байсан. Эдийн засгийн хувьд өндөр үнэ төлж дуудлага худалдаагаар авсан газар байгаа. Тэгэхээр сонсох ажиллагаа хийхгүй, үндэслэлгүйгээр газар эзэмших эрхийг цуцалсан захирамжийг хүргүүлсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Нэг жилийн өмнө мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Тэр мэдэгдэлд бид нар хариу тайлбарыг хүргүүлсэн байгаа. Тэрнээс хойш нэг ч удаа сонсох ажиллагаа хийгээгүй. Тэгэхээр нь манай нөхцөл байдлыг ойлгож байгаа юм байна гэсэн хүлээлттэй байсан. Нэхэмжлэгч 2011онд анх газар эзэмшсэн. 2017 онд газар эзэмших эрхээ сунгуулсан. 2022 оны 09 дүгээр сард манай байгууллагад сонсох ажиллагааны мэдэгдэл явуулсан байгаа. 2 жил дараалал хүндэтгэх шалтгаангүй газраас эзэмшээгүй байна. 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор хариу ирүүлнэ үү гэсэн байсан. Манай байгууллага 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хариу тайлбараа өгсөн. Дэд бүтцээ шийдээд өгвөл манайх өнөөдрийн байдлаар барилгын ажлаа эхлүүлэхэд бэлэн байна гэдэг хариу тайлбар явуулсан. Энэ нотлох баримтаас харагдана. Манайхыг хариу тайлбар өгснөөс хойш ямар нэг хариу ирээгүй учраас манай нөхцөл байдлыг ойлгож байгаа юм байна гэсэн хүлээлттэй байсан. Нийслэлээс ерөнхий төлөвлөгөөгөө 2030, 2050 он гэж гаргасан. Маргаан бүхий газрууд дэд бүтэц явах төлөвлөгөөнүүд нь байдаг. Эдийн засгийн нөхцөл байдлаас болоод юм уу дэд бүтэц тавигдаагүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-т заасан итгэл хамгаалах зарчмын дагуу эдийн болон мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн эрх зүйн үр дагавар бий болгосон гэж үзэж байна. Тухайн газар дээр дуудлага худалдааны анхны үнэ төлсөн. 2011 оноос хойш тасралтгүй газрын төлбөрийг төлж байсан. Одоо дэд бүтэц орохыг хүлээгээд байгаа нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөөд газрын төлбөрийг авч байсан гэж үзэж байгаа. Сонсох ажиллагаа хийсэн гэж үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь заалтаар бид нар сонсох ажиллагааны хариу өгч болно. Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт тусгаж өгнө гэж байгаа. Мөн хуулийн 27.7-т Сонсох ажиллагааны үед гаргасан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй. Сонсох ажиллагааны хариу талбарт эргээд яагаад хариу өгөхгүй байгаа юм. 1 жилийн дараа яагаад газар эзэмших эрхийг цуцалж байгаа юм. Сонсох ажиллагаа явуулаад хариу тайлбарыг өгсөн байхад өөр байдлаар мэдэгдэхгүй газар эзэмших эрхийг цуцалсан захиргааны акт гаргасан нь үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 27.6-т зааснаар шийдвэрт тусгаагүй бол яагаад ийм шийдвэр гаргасан шалтгаанаа тайлбарлах үүрэгтэй гэж байна. Манайхаас хариу тайлбар авсан байж бид нарт хариуг өгсөн бол найдаад суугаад байхгүй байсан. 2011 оноос хойш 2013 онд 2 жил ашиглаагүй гэдэг үндэслэлээр яагаад газар эзэмших эрхийг цуцлаагүй юм бэ. Газар эзэмших эрхийг сунгаад байгаа шалтгаан нь дэд бүтэц орно тэгэхээр барилгаа барих юм байна гэсэн итгэл байсан. 2016 оны сонгуулиар дэд бүтцийн асуудал идэвхжээд барилгын зураг төслөө хийлгээд, хөрсний судалгаа хийж эхэлсэн баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн байгаа. Энэ шалтгаануудын улмаас нэхэмжлэгчээс дуудлага худалдааны үнэ аваад, газрын төлбөрийг өнөөдрийг хүртэл төлүүлсэн байж зориулалтын дагуу газраа ашиглаагүй гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан нь үндэслэлгүй байна. Газраа зориулалтын дагуу ашиглах боломжийг төр өөрөө бидэнд олгоогүй. Дэд бүтцийн асуудлыг хүлээж байгаа гэдгийг гэрч нотолсон, барилгын зураг төсөл гаргадаг компани энэ байдлаар MN25 дугаар телевизийн захиргаанд тайлбаруудыг өгсөн, баримтууд нь хэрэгт авагдсан байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Энэ газар эзэмших эрх цуцлагдсанаар нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөж байна. Дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхгүй бол барилгын ажил өндөр өртөг гардаг.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн байршилд хурдны зам баригдаж байсантай холбоотойгоор дэд бүтцийн асуудал хойшилж байсан. Хурдны зам 2020 онд ашиглалтад орсон байна. 2022 оноос дэд бүтцийн асуудал орж эхэлж байгаа юм байна. Дулааны шугам татах, цахилгааны шугам татах асуудал төвийн эрчим хүчний шийдэх асуудал байгаа. Тухайн маргаан бүхий газарт ороогүй байгаа. Тэр шугамууд нь ямар байдлаар, ямар маршрутаар явах вэ гэдэг мэдээллүүд дээр суурилж барилгын зураг төсөл хийгдэх нөхцөлтэй гэж үзэж байгаа юм. Нийслэлийн засаг дарга Д.******* тухайн байршлын газруудад хашаа барихгүй байх чиглэлийг өгсөн. Энэ талаараа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэлж байсан. Хашаа бариулахгүй байсан учраас газар эзэмшигч газрынхаа 4 талд MN25 гэсэн цементэн суурьтай шон байршуулсан тухайгаа гэрчийн мэдүүлэгтээ хэлсэн байдаг. маргаан бүхий газрыг эзэмших эрхийг цуцалсан хууль зүйн үндэслэл болох Газрын тухай хуулийн 40.1.6-т заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэж байгаа. Хүндэтгэн үзэх шалтгаан байсан үйл баримтыг нэхэмжлэгч тал бичгийн болон шүүх хуралдаанд тайлбар байдлаар нотолж байна. 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гаар эзэмших гэрээний 3.4-т заасан үүрэг бол хариуцагч байгууллагын үүрэг байгаа. Энэ гэрээг дүгнэхдээ зориулалтын дагуу ашиглаж байна уу, 2 жил дараалан ашиглаагүй байна уу гэдгийг гэрээгээ талууд дүгнээгүй байж хуульд заасан үндэслэлийг шууд хэрэглэж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч "А*******" ХХК-ийн Нийслэлийн засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч "А*******" ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/952 дугаар захирамжаар Х******* дүүргийн 10 дугааp хорооны нутаг дэвсгэрт байрлах 20000 м2 газрыг "телевизийн студи, конторын барилга" зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/488 дугаар захирамжаар А*******" ХХК-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатай сунгаж шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн "Газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай" А/589 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн ба Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 01-09/4485 дугаар албан бичгээр хүргүүлсэн болно. Дээрх захирамжийг Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 "газар төрийн хяналт, хамгаалалтад байх", 4.1.4 "газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх", дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.6 "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй". Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж заасны дагуу тухайн иргэн бодитоор газрыг ашиглаагүй байна. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Хавтаст хэрэгт авагдсан хариу тайлбараа дэмжиж оролцож байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасан үндэслэлээр Газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч, төлөөлөгч нарын зүгээс дуудлага худалдааны анхны үнэтэй холбоотой асуудлуудыг ярьж байна. Дуудлага худалдааны үнэ төлсөн төлөөгүй гэж Нийслэлийн засаг дарга маргаагүй байгаа. Газраа 2 жил ашиглаагүй гэдэг үндэслэлээр захирамж гарч газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон. Мэдэгдэх сонсох ажиллагаа хийгээгүй гэдэгтэй нэхэмжлэгчийн өмгөөлөгч, төлөөлөгч нар өмнө шүүх хуралдаанд маргаагүй гэж тайлбарлаж байсан. Мэдэгдэх сонсох ажиллагааг Нийслэлийн Засаг даргын зүгээс 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн албан бичгээр Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар явуулсан. Сонсох ажиллагааны хариуд АЭ энд Жааг ХХК шардагдах нотлох баримт, хариу тайлбаруудаа ирүүлээгүй учраас Нийслэлийн Засаг даргын зүгээс маргаан бүхий захиргааны актыг гаргаж газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь Монгол Улсын Дээд Шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан. Газрын тухай хуулийн 40.1, 40.1.6-т заасан бусад гэрээний нөхцөлийг 2 ба түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно гэсэн байдаг. Ноцтой зөрчил гэдгийг талууд гэрээний нөхцөл байдлын онцлогтой холбогдуулан харилцан тохиролцож уг зөрчлийн тохиолдол бүрийг гэрээнд нэрлэн заасан байвал зохино. Газрын тухай хуулийн 40.1.6-т заасан хүндэтгэн үзэх шалтгаангүй гэдгийг байгалийн давагдашгүй хүчин зүйл, байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт элэгдэл, цөлжилт бий болсон нь газар эзэмшигчээс шалтгаалах зүйл байхгүй байсныг ойлгоно гэж байгаа. Мөн зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэдгийг газар эзэмших гэрээ хийснээс хойш хуанлийн 2 жилийн хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу тодорхой үйлдвэр үйлчилгээ эрхлэхгүй, барилга байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй байхыг ойлгоно гэж тайлбарласан. Нэхэмжлэгч АЭ энд Жааг ХХК нь Нийслэлийн засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/952 дугаартай захирамжаар Х******* дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 28 м.кв газрыг телевиз, студийн зориулалтаар 5 жилийн хугацаатай анх эзэмшүүлсэн. Үүний дараа Нийслэлийн засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/488 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатай сунгаж шийдвэрлэсэн байдаг. Дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч тус газарт хээрийн болон суурин судалгааг Газрын тухай хуульд заасан үндэслэлээр хийгээд АЭ энд Жааг ХХК нь Газрын тухай хуулийн 40.1.6-т заасан үндэслэл бүрдсэн тул газар эзэмших эрхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж үзэж Нийслэлийн засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/589 дугаар захирамжаар АЭ энд Жааг ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй шийдвэрлэсэн. Ингэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааны мэдэгдлийг АЭ энд Жааг ХХК-д 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 009-4485 дугаартай албан бичгээр хүргүүлсэн. Мөн Өдрийн сонинд нэр бүхий аж ахуйн нэгж, иргэнд холбоотой сонсох ажиллагааны мэдэгдлийг нийтэлж мэдэгдсэн байгаа. Тухайн газар дээр дэд бүтэцтэй холбоотой маргаж байна. Дэд бүтэцтэй холбоотой асуудлыг 2011 онд газар эзэмших эрх үүсэх үед Газар зохион байгуулалтын албаны дарга дэд бүтэцтэй холбоотой асуудлыг амаар хэлсэн болохоос Нийслэлийн засан даргад нэхэмжлэгч байгууллага дэд бүтэцтэй холбоотой асуудлаар албан бичгээр хандаагүй гэдэг нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын байр сууринаас харагддаг. Дэд бүтэцтэй холбоотой асуудлыг ярихад тухайн газарт дэд бүтцийн асуудлыг тухайн байршилд газар эзэмшигчид өөрсдөө шийдээд явах боломжтой байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан итгэл хамгаалах зарчим ярьж байна. Улсын дээд шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0125 дугаар тогтоолоор хууль үндэслэх зарчмыг тайлбарласан байдаг. Итгэл хамгаалаах зарчим Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд яригддаг асуудал юм. Нийслэлийн засаг даргын зүгээс хашаа буулгах, хашаа бариулахгүй байх асуудлыг тавьж байсан гэж байна. Нийслэлийн засаг дарга 2023 онд А/388 дугаар захирамж гаргасан. Энэ А/388 дугаар захирамжийн үйлчлэл бол газар эзэмших эрхгүй иргэн, аж ахуйн нэгжид хамааралтай, зөвшөөрөлгүй хашаа барих асуудал хандаж гарсан захирамж байгаа. Харин газар эзэмших эрх эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжид хамааралгүй байгаа. Нэхэмжлэгч талаас буруу тайлбарлаж байна. Газар эзэмших эрхтэй иргэн, аж ахуйн нэгжийн асуудалд төр оролцоогүй байгаа. Монгол улсын Дээд шүүхийн 2008 оны тогтоолд тайлбарласан байгаа. Тухайн газар дээр 4 шон босгосон гэж байна. 4 шонг барилга барьж байна гэж үзэхгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасан үндэслэл бүрдсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А/589 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.  

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/589 дүгээр захирамжаар “эзэмшил газраа 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй” гэсэн үндэслэлээр “А*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна.

  Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг ашиглахын тулд тодорхой үйл ажиллагаа явуулж, хөрөнгө зардал гаргасан болох нь:

  • Нэхэмжлэгч нь Х******* дүүргийн ******* хороо /хуучнаар 10 дугаар хороо/-ны нутаг дэвсгэрт байрлах газрыг дуудлага худалдааны анхны үнэ нийт 220,000,000 /хоёр зуун хорин сая/ төгрөг төлсний үндсэн дээр эзэмшсэн болох нь “Төлбөрийн даалгавар №38”, “нэхэмжлэх”, “Төрийн банкны шилжүүлгийн баримт[1] зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
  • Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг хугацаанд нь жил бүр төлсөөр ирсэн байх ба газрын төлбөрийн асуудал дээр хэргийн оролцогчид маргаагүй байна.
  • Телевизийн студийн барилгын зураг төсөл боловсруулах зорилгоор байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Барилгын зураг төсөл боловсруулах гэрээ
  • Дээрх 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Барилгын зураг төсөл боловсруулах гэрээний дагуу зураг төслийн ажлын хөлсөнд 8,500,000 /найман сая таван зуу/ төгрөг төлснийг нотлох Худалдаа хөгжлийн банкны 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “Дотоод шилжүүлгийн маягт” зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн маргаан бүхий газарт дэд бүтцийн асуудал шийдвэрлэгдээгүй буюу цахилгаан, ус, дулааны шугам, сүлжээ тавигдаагүй шалтгааны улмаас манай компани маргаан бүхий газар дээр барилгын ажлыг эхлүүлж чадаагүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгч “А*******” ХХК нь 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “Мэдэгдлийн хариу хүргүүлэх нь” №22/125 тоот албан бичгээр “дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй байгаа болон дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын улмаас санхүүгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаагаа хариуцагчид мэдэгдэж байсан байна. 

Дээрх үйл баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгчийг маргаан бүхий газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй гэж үзэх боломжгүй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас, мөн дээр тайлбарласан үйл баримтуудаас үзэхэд хариуцагч нь бодит нөхцөл байдлыг тогтоож, шалгасны үндсэн дээр бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй байна гэж үзэхээр байна.

           Иймд дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/589 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.БАТЗОРИГ

 

 

[1] Хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас болон 31-32 дугаар хуудас