| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2023/04348/И |
| Дугаар | 183/ШШ2024/03506 |
| Огноо | 2024-09-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 183/ШШ2024/03506
2024 оны 09 сарын 03 өдөр Дугаар 183/ШШ2024/03506 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *** дүгээр хороо, Жаргалант ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, З овогтой Ш ын О /РД:*********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймаг, Хэрлэн, * дүгээр баг, зангиат ** гудамж ** тоотод оршин суух, Х овогтой Б ы С /РД:**********/-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, Д.Т, нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Маргаан бүхий машиныг хариуцагчид нэхэмжлэгч шилжүүлээд өгчихсөн. Үүнтэй талууд маргахгүй байх. Эд хөрөнгийн эрхийн доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлсэн. Талууд машины үнийг бүрэн төлж дууссаны дараа машины гэрчилгээг шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгчийн зүгээс машинаа шилжүүлээд өгчихсөн. Үлдэгдэл мөнгөө бүрэн шилжүүлээгүй учраас машины гэрчилгээг шилжүүлж өгөөгүй байгаа. Маргаан бүхий машиныг хариуцагч Б.С нь гуравдагч этгээдэд худалдан борлуулсан. Энэ талаараа нэхэмжлэгчид мэдэгдсэн. Маргаан бүхий машиныг одоо хаана байгааг нэхэмжлэгчийн зүгээс мэдэхгүй байна. Хариуцагч гуравдагч этгээдэд зарсан байдалтай байгаа. Талуудын хооронд байгуулагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжилж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 232.4-д заасны дагуу үнийн дүнгийн 50%-иас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 8.000.000 төгрөгийн 50%-ийн алданги болох 4.000.000 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна. Хариуцагч 2024 оны 7 сард 1.000.000 төгрөгийг өгсөн. Иймд 11.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Б.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Ш.О тай 8.000.000 төгрөгийн гэрээ хийсэн. Тухайн үед надад машины түлхүүрийг өгөөгүй. Би энэ машиныг дамнаж хүнд зараад машины урьдчилгааг өгнө гэж ярьсан. н.А гэдэг хүнд машиныг зарж 1.000.000 төгрөг авсан. Энэ талаар хэлэхэд би өмгөөлөгч авсан, чамтай одоо яриад байх зүйл байхгүй гэсэн бөгөөд нэг ийм сонин гэрээ байгуулаад алданги нэхээд байгаа. Би үнэн учраа хэлсэн, энэ машиныг дамнаж зараад машины төлбөрийг өгнө гэхэд машины төлбөрийг бүрэн өгч дуусахгүй бол түлхүүрийг аваачиж өгөхгүй гэсэн. Гэрээтэй юм чинь болно доо гэж бодоод би машиныг өөр хүнд дамнаж зараад 1.000.000 төгрөг авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.01.09-ний өдрийн 0019 дугаар зээлээр худалдах, худалдан аах гэрээ, Ш.О, Б.С нарын иргэний үнэмлэхний хуулбар, 2023.08.21-ний өдрийн итгэмжлэл, 2024.06.20-ны өдрийн итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Ш.О зээлийн гэрээний үүрэгт 12.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Б.С од холбогдуулан гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 11.000.000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч Б.С автомашиныг надад өгсөн боловч түлхүүрийг нь өгөөгүй, машиныг н.А зарсан, энэ мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2023 оны 01 сарын 09-ний өдөр Ш.О Сузуки гранд витара маркын ****** УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг 8.000.000 төгрөгөөр Б.С од од худалдахаар тохирч, 2023.2.10-нд 2.000.000 төгрөг, 2023.03.01-нд 6.000.000 төгрөгийг тус тус төлөхөөр зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулжээ.
Талуудын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан боловч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд Ш.О шаардах эрхтэй байна.
Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн дагуу хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан хүчин төгөлдөр гэрээ байна.
Хариуцагч энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа үгүйсгэж байгаагаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.6-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж заасан тул нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд алданги шаардах эрхтэй.
Мөн хариуцагч Б.С 2024 оны 8 сарын 28-ны өдрийг шүүх хуралдаанд цахимаар оролцохдоо шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байгаа талаараа хэлсэн бөгөөд шүүх түүнийг хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Хариуцагчийг Дорнод аймгаас ирэх боломжит хугацаа олгож, түүний саналыг асууж шүүх хуралдааныг 2024 оны 9 сарын 03-ны өдөр зарласан боловч тэрээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иймд хариуцагч Б.С нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул 11.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.О т олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С оос 190.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.О т олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.С оос 11.000.000 төгрөгийг гаргуулж, Ш.О т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Ш.О ын шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С оос 190.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.О т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО