| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2017/0560/Э/ |
| Дугаар | 484 |
| Огноо | 2017-12-21 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 484
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхням,
улсын яллагч Ж.Энх-Амгалан,
шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0938) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ш овогт Эгийн Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015 2601 1150 дугаартай 2 хавтаст хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ш овогт Эгийн Н, Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Онгон суманд 1982 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө ...тоотод оршин суух хаягтай боловч уг хаягтаа оршин суудаггүй, регистрийн дугаар ЛЖ..., Урьд;
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 553 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 03 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 214 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 06 сар хорих ял шийтгүүлсэн,
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 192 дугаар шүүгчийн захирамжаар түүнд урьд оногдуулсан 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсгийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж оногдуулсан хорих ялыг 2 жил болгон дүйцүүлэн тогтоосон.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Э.Н нь Ө.А, П.С нартай 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, ... тоотод хохирогч А.Ргийн эд хөрөнгийг нь хүч хэрэглэн авахаар довтолж хөнгөн гэмтэл учруулан, 2 ширхэг монетон гинж, гар утас дээрэмдэж бусдад 1.235.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Н мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хохирогч А.Ргийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүрэг Төв шуудангийн хажууд явж байгаад А гэх хүүхнийг хоногийн 40.000 төгрөгөөр аваад хорооллын бичилд...буудалд орсон...Тэгээд маргааш өглөө нь буюу 2015 оны 6 дугаар сарын 24-ний өглөө 09 цагийн үед...буудлаасаа Атэй...хамт гэрт нь очсон. Аийн гэрт Дарханаас ирсэн гээд миний үеийн хүүхэн, залуу хоёр байсан. Тэгээд Аийн гэрт байсан 2 найзтай нь дэлгүүрээс авсан нэг шил архиа хувааж уугаад дахиад нэг шил архи авахаар болоод...Н гэх залуу...бид хоёр Аээс мөнгө аваад нэг шил 0.5 граммын “Хараа” архи аваад хувааж уусан. Тэр архиа ууж байхад...А хоёр найзтайгаа хоорондоо нэг л эвгүй зүйл яриад хүн дээрэмддэг, тэгээд эд зүйлийг нь авдаг гэх зэргээр намайг айлгах гээд яриад байгаа бололтой байхаар нь гэрээс нь гарах гэтэл Н миний нүүр лүү цохиод авсан. ...Би цаашаа орон дээр унатал А, Н, С нар над руу дайраад А...миний 2 хөлийг бариад С болохоор миний гарнаас бариад Н миний дээр гараад суучихсан хүзүүнд байсан 1 ширхэг монетон гинжийг тасдаад авсан. Харин С болохоор үлдсэн 1 ширхэг монетон гинжийг тайлж авсан. Тэгээд өмдний халаасанд байсан түрийвчийг Н нь авч үзсэн. Миний түрийвчинд мөнгө байхгүй хоосон байгаа, та нарт бичиг баримт хэрэггүй биз дээ гэтэл буцаагаад өмдний халаасанд хийсэн. Мөн халаасанд байсан 2 ширхэг сим ордог Хятад “Nokia” нэртэй гар утас хэн нь авсныг мэдэхгүй. ...Миний биед 2 ширхэг Монетон гинж байсан. Нэг гинж нь 6 граммтай, нөгөө гинж нь 2008 онд бэлэглэж байсан 7.2 граммтай гинж байсан. “Nokia” гар утсыг 2014 оны 1 дүгээр сард 35.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...миний биед учирсан гэмтлийг Н гараараа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 33-34),
2. Гэрч А.Баянжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би өөрийн төрсөн дүү Рд 2 ширхэг монетон гинж өгсөн юм. Нэг гинж нь 7.2 граммтай монетон гинж, 6 граммтай монетон гинж зэргийг 2005 онд Зоос гоёлоос ...худалдаж авч байсан. 2008 онд дүү Рд бэлэглэж байсан. ...Мөн Р товчлууртай “Nokia” маркын гар утсаа хамт дээрэмдүүлсэн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 214-215),
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 9551 дугаар дүгнэлтэд:
“...Хэсэг газрын үзлэгт: Дээд уруулын дотор салстад язарсан шархтай. ДҮГНЭЛТ
1. А.Ргийн биед тархи доргилт, дээд уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1-р хавтаст хэргийн 33-34),
4. Эд зүйлийн үнэлгээ (1 хавтаст хэргийн 208),
5. “Д” ХХК-ийн “...” ломбардны барьцаат зээлийн гэрээ (1 хавтаст хэргийн 4),
6. Эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 хавтаст хэргийн 10-12),
7. Иргэний нэхэмжлэгч Х.Анхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр манай “Д” ХХК-ний Л-11 буюу Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ломбарданд Ө овогтой А /.../ гэх бичиг баримттай хүн 7.1 граммтай, 6.3 граммтай 2 ширхэг монетон гинж 482.000 төгрөгөөр барьцаанд тавьсан юм. Удалгүй цагдаагийн байгууллагаас тус 2 ширхэг монетон гинж нь гэмт хэргийн эд зүйл байна гээд манай ... ломбарднаас хураан авсан юм. ...манай “Д” ХХК-ний ... ломбарданд учирсан 482.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 213),
- “Д” ХХК-ийн албан бичиг (1 хавтаст хэргийн 211),
8. Ө.Аийн яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 6 дугаар сарын 23-ны шөнө Ртэй танилцаад түүнд хоногийн 40.000 төгрөгөөр бие үнэлээд “Бичил хороололд” зочид буудалд хоноод маргааш өдөр нь буюу 2017 оны 6 дугаар сарын 24-ний өглөө...намайг хувцасаа өмсөөд гарах гэтэл Рагчаасүрсэн байж байгаарай би...танайд очъё гэж гээд хувцасаа өмсөөд намайг дагаад буудлаас гарсан. Тэгээд бид 2 манай гэрийн урд хүнсний дэлгүүрээс 0.75 граммын хараа архи, 1 хайрцаг тамхи аваад манай гэрт орсон... Тэгээд унтаж байтал хүн пижигнээд шуугилдаад байхаар нь сэртэл Н Р хоёр зууралдаад зогсож байсан. Харин С ...Ргийн гарнаас зууралдчихсан зогсож байсан...тэгээд Н Аээ хувцасаа өмсчих хаалгаа түгжчих гэхээр нь хаалгаа түгжээд гэрээс гараад хашааны урд талын гудамжаар явж байтал Н өмдныхөө халааснаас бүдүүн нарын хооронд нь салгачихсан монетон гинж гаргаад ирсэн. Тэгэхээр нь би юун гинж бэ хаанаас авсан яагаад ингэж байгаан гэтэл “яадгийн энэ муу чинь өөрөө томроод байсан байсан юм чинь одоо энэ гинжийг Хархорин зах орж заръя” гэхээр нь болохгүй ээ Р манай гэрийг мэдэж байгаа ломбарданд тавъя...гээд “...” ломбарданд бүдүүн, нарийн 2 ширхэг монетон гинжийг 482.000 төгрөгөөр тавьсан....” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 61-62),
- Хил хамгаалах ерөнхий газрын албан бичиг “Ө овогтой А...2017 оны 05 дугаар сарын 11-ны өдөр Замын үүд авто замын боомтоор Монгол Улсын хилээр гарсан...” (1 хавтаст хэргийн 203-204),
- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаар хэрэг тусгаарлах тогтоол (1 хавтаст хэргийн 224),
9. П.Сийн сэжигтнээр мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотод Нын хойноос ирээд...Атэй Сүхбаатарын талбай дээр тааралдсан. ...Тэгээд А эгчийн гэрт 2 хоноод байж байтал 2015 оны 6 дугаар сарын 23-ны өглөө 11 цагийн үед А эгч нэг эрэгтэй хүн дагуулсаар хоносон буудлаасаа ирлээ гээд 0.75граммын архи, бэлэн хоол, ундаа авчирсан. ...Бид нар авч ирсэн архийг нь уугаад дахиад дэлгүүрээс 0.5 граммын архи авч уугаад дуусаж байхад Аийн дагуулж ирсэн залуу...агсан тавиад байсан. Тэгтэл Н тэр залууг мөргөж унагахад А дээр нь гарч сууж байсан. Би нилээн согтуу байсан болохоор Н, А хоёрын аль нь Ргийн хүзүүнд байсан 2 ширхэг монетон гинжийг тайлж авсанг мэдэхгүй байна. ...Анх дээрэмдэх санааг А Нт миний дагуулж яваа залуугийн зүүж байгаа гинж алт байна наадах залуу чинь их давраад байна жаахан хандыг нь дарах хэрэгтэй байна гэж хэлж байсан. Тэгээд архи ууж байгаад гинжийг нь авъя гэж А хэлсэн... Ргийн 2 ширхэг монетон гинжийг Аийн пасспортоор Сонгинохайрхан дүүргийн хажууд байсан ломбардад 482.000 төгрөгөөр тавиад...архи уусан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 65-66),
- Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Нас барсаны бүртгэлийн лавлагаа “...Монгол Улсын иргэн ТИ76031561 регистрийн дугаартай Ноосонгууд овогтой Пын С 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нас барсан...” (1 хавтаст хэргийн 206)
- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 257 дугаар зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол (1 хавтаст хэргийн 225, 226),
10. Шүүгдэгч Э.Нын мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Атэй Сүхбаатарын тайлбай дээр тааралдсан. Тэгээд Аийн гэрт очоод 2 хоносон. ...2015 оны 6 дугаар сарын 24-ний өглөө эрт А нэг эрэгтэй хүн дагуулаад нэг шил архи авчисан орж ирсэн. Тэгээд авч ирсэн архийг нь хувааж уугаад...Аээс мөнгө аваад дэлгүүр орж Р бид 2 дахин нэг шил архи авч уусан. Тэгээд Аийн дагуулж ирсэн залуу...нилээн согтоод Сийн 2 хөхийг бариад байхаар нь тэрнээс болж Р бид 2 муудалцаад...байж байтал А Рг орон дээр дарж унагаахаар нь би Ргийн хүзүүнд байсан 2 ширхэг гинжийг тасдаж аваад гадагшаа гараад явсан. Намайг гадна зогсож байхад Р гэрээс гараад явж байсан. ...Тэгээд А, С бид 3 гэрээс гараад дүүргийн автобусны буудлын хажуу далд байсан ... ломбарданд Ргийн хүзүүнд байсан 2 ширхэг монетон гинжийг...тавиад Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд байдаг зочид буудалд орсон...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 70-71),
“...Би өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна. ...би Ргийн хүзүүнд байсан хоёр ширхэг гинжийг хүзүүнээс нь тасдаж аваад, халаасанд нь байсан Nokia маркийн гар утсыг нь мөн авсан. ...Би Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 89-35 тоотод бүртгэлтэй байдаг бөгөөд энэ хаяг нь дээр амьдардаггүй, ерөнхийдөө нийтийн байр түрээсэлж амьдардаг...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 228-230),
“...Би 2016 оны 12 сард Сүхбаатар дүүрэгт хүн дээрэмдсэн. Уг хэргийн шүүх хурал 2017 оны 6 дугаар сарын 09-ны өдөр болоод надад 3 жил 6 сарын хорих ял оногдуулсан учир 461 дүгээр ангид хоригдож байгаа...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 30),
11. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа 1 хавтаст хэргийн 94, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1 хавтаст хэргийн 209), хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа, тодорхойлолт (1 хавтаст хэргийн 101, 102, 105-107, 185, 193-202), хохирол төлсөн баримт (2 хавтаст хэргийн 52), шийтгэх тогтоолын хуулбар (1 хавтаст хэргийн 118-120, 234-244), Хорих ял дүйцүүлэн хасах шүүгчийн захирамжийн хуулбар (2 хавтаст хэргийн 31) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс шүүгдэгч Э.Нт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Э.Н (Ө.А, П.С) нь, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, ... тоотод, 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр, хүч хэрэглэж, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, шууд санаатай үйлдлээр А.Рлүү довтолж түүний биед хөнгөн гэмтэл учруулан, эд зүйлийг нь дээрэмдэн 1.235.000 төгрөгийн шууд, 482.000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан болох нь:
- Хохирогч А.Ргийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 6 дугаар сарын 24-ний өглөө 09 цагийн үед...А хоёр найзтайгаа хоорондоо нэг л эвгүй зүйл яриад хүн дээрэмддэг, тэгээд эд зүйлийг нь авдаг гэх зэргээр намайг айлгах гээд яриад байгаа бололтой байхаар нь гэрээс нь гарах гэтэл Н миний нүүр лүү цохиод авсан. ...Би цаашаа орон дээр унатал А, Н, С нар над руу дайраад А...миний 2 хөлийг бариад С болохоор миний гарнаас бариад Н миний дээр гараад суучихсан хүзүүнд байсан 1 ширхэг монетон гинжийг тасдаад авсан. Харин С болохоор үлдсэн 1 ширхэг монетон гинжийг тайлж авсан....Мөн халаасанд байсан 2 ширхэг сим ордог Хятад “Nokia” нэртэй гар утас хэн нь авсныг мэдэхгүй....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 33-34),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 9551 дугаар дүгнэлтэд (1-р хавтаст хэргийн 33-34),
- Эд зүйлийн үнэлгээ (1 хавтаст хэргийн 208),
- “Д” ХХК-ийн “...” ломбардны барьцаат зээлийн гэрээ (1 хавтаст хэргийн 4),
- Эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 хавтаст хэргийн 10-12),
- Иргэний нэхэмжлэгч Х.Анхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр манай “Д” ХХК-ний Л-11 буюу Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ломбарданд Ө овогтой А /.../ гэх бичиг баримттай хүн 7.1 граммтай, 6.3 граммтай 2 ширхэг монетон гинж 482.000 төгрөгөөр барьцаанд тавьсан юм....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 213),
- Ө.Аийн яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр...унтаж байтал хүн пижигнээд шуугилдаад байхаар нь сэртэл Н Р хоёр зууралдаад зогсож байсан. Харин С ...Ргийн гарнаас зууралдчихсан зогсож байсан...Н өмдныхөө халааснаас бүдүүн нарийн хооронд нь салгачихсан монетон гинж гаргаад ирсэн. ...“...” ломбарданд бүдүүн, нарын 2 ширхэг монетон гинжийг 482.000 төгрөгөөр тавьсан....” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 61-62),
- П.Сийн сэжигтнээр мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 6 дугаар сарын 23-ны өглөө 11 цагийн үед...Н тэр залууг мөргөж унагахад А дээр нь гарч сууж байсан. Би нилээн согтуу байсан болохоор Н, А хоёрын аль нь Ргийн хүзүүнд байсан 2 ширхэг монетон гинжийг тайлж авсанг мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 65-66),
- Шүүгдэгч Э.Нын мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 6 дугаар сарын 24-ний өглөө...Аийн дагуулж ирсэн залуу...нилээн согтоод Сийн 2 хөхийг бариад байхаар нь тэрнээс болж Р бид 2 муудалцаад...байж байтал А Рг орон дээр дарж унагаахаар нь би Ргийн хүзүүнд байсан 2 ширхэг гинжийг тасдаж аваад гадагшаа гараад явсан. ...... ломбарданд Ргийн хүзүүнд байсан 2 ширхэг монетон гинжийг...тавиад Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд байдаг зочид буудалд орсон...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 70-71),
“...би Ргийн хүзүүнд байсан хоёр ширхэг гинжийг хүзүүнээс нь тасдаж аваад, халаасанд нь байсан Nokia маркийн гар утсыг нь мөн авсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 228-230) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл дээрх нотлогдон тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг буюу дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Э.Ныг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нөгөө талаар шүүгдэгч Э.Н нь 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнийг улсын яллагчаас 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу түүнд оногдуулж болох эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
- Улсын яллагчаас Э.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хорих ялын эдлээгүй үйлдсэн 1 жил 1 сар 9 хоногийн хорих ял дээр нь энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сар 9 хоногийн хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Э.Н нь хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлоос өөрт ногдох 161.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн доод ял шийтгэж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Н нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг шүүх хүлээн авч, өөрт ногдох 161.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан энэ гэмт хэрэгт нь 2 жилийн хугацаагаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж, эрүүгийн хариуцлагыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
III. Бусад асуудлаар
Шүүгдэгч Э.Н нь урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн 214 дүгээр шийтгэх тогтоол гарах хүртэл нийт 160 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, мөн өдрөөс энэ шийтгэх тогтоол буюу 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 166 хоног буюу нийт 327 хоногийн хорих ялыг эдэлсэн байна.
Түүнийг хорих ял эдлэх хугацаанд 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнтэй холбогдуулан урьд ял шийтгүүлсэн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасны дагуу гэм буруутайд тооцсоныг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 192 дугаар шүүгчийн захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж, оногдуулсан хорих ялыг 2 жил болгон дүйцүүлэн тогтоосон байна.
Иймд түүний дүйцүүлэн тогтоосон 2 жилийн хорих ялаас дээрх шийтгэх тогтоолын дагуу хоригдсон 327 хоног буюу 11 сар 22 хоногийн ялыг биеэр эдэлсэнд тооцож, үлдэх 1 жил 1 сар 08 хоногийн ялыг 2015 оны Эрүүгийн хуульд заасны дагуу энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 1 сар 08 хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн 2015 2601 1150 дугаартай хэрэгт шүүгдэгч Э.Н нь 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс (1 хавтаст хэргийн 51) мөн оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл (1 хавтаст хэргийн 52) 12 (арван хоёр) хоног, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс (1 хавтаст хэргийн 125) мөн оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл (1 хавтаст хэргийн 127) 27 (хорин долоо) хоног буюу нийт 38 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Иймд түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар эдлэх ялд нь оруулан тооцов.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй ба хохирогчид учруулсан 1.235.000 төгрөгийн хохирлоос (1 хавтаст хэргийн 208) биет байдлаар 1.200.000 төгрөгийн эд зүйлсийг буцаан өгсөн байна (1 хавтаст хэргийн 12). Иймд хохирогчид төлөгдөөгүй үлдэх 35.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчид 11.666 төгрөгийг 6 сарын дотор олгохоор тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ш овогт Эгийн Ныг дээрэмдэх гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Нт оногдуулсан 2 жилийн хорих ялд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн 214 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 (нэг) жил 1 (нэг) сар 8 (найм) хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 1 сар 08 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нын энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон 38 (гучин найм) хоногийг түүний ял эдэлсэнд хугацаанд оруулан тооцсугай
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, Э.Н нь энэ тогтоолоор иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Наас 11.666 (арван нэгэн мянга зургаан зуун жаран зургаан) төгрөгийг 6 сарын хугацаанд гаргуулж хохирогч А.Рд олгосугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.Нын эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ