Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2019/0014/З |
Дугаар | 128/ШШ2020/0759 |
Огноо | 2020-12-10 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2020/0759
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг би, Л.Г*******ы журам болон хууль зөрчсөн сорилтын асуултаар шалгалт авсан нь хууль бус болохыг тогтоож, уг оноог нөхөн олгох, бодлогын шалгалт нь мөн журмын заалт зөрчсөн болохыг тогтоож, оноог нөхөн олгохыг даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий Монголын хуульчдын холбоонд холбогдох захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Л.Г******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Л.Г*******ы нэхэмжлэлтэй, Хуульчдын холбоонд холбогдох захиргааны маргаанд нэхэмжлэгч Л.Г******* миний бие нэхэмжлэлийн шаардлагаа татаж байна.
Учир нь 2020 оны 10 дугаар сард болсон Хуульчийн мэргэжлийн шалгалтад Л.Г******* миний бие тэнцсэн тул одоо маргааныг үргэлжлүүлэх нь эрх зүйн ач холбогдолгүй болсон. Иймд хууль заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй, 66.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Л.Г*******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж ... гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тайлбарласан бөгөөд Л.Г******* нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж холбогдох баримтад гарын үсэг зурсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус баримтлан Л.Г*******ы Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 6.1 дүгээр зүйлийн 3 болон 4-д заасан шаардлагын хүрээнд сорилго болон бодлогын боловсруулаагүй нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, зохих оноог нөхөн олгохыг даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ М.БАТЗОРИГ