Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 49

 

Б.Г болон “Э” ХХК-нд

 холбогдох  эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор: Ц.Ариунжаргал,

Өмгөөлөгч: Б.Энхбат,

Өмгөөлөгч: И.Олонмөнх,

Нарийн бичгийн дарга: А.Ариунаа нар оролцов.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/91 дугаартай шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Г болон “ЭШШЭ” ХХК-нд холбогдох 1728000730118 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат, И.Олонмөнх нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн  танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Монгол Улсын хуулийн этгээд, газар тариалан, барилгын засвар, засал чимэглэл, геологийн тойм судалгаа хийх, гоёл чимэглэлийн үйлдвэрлэл, худалдаа, байгалийн чулуун хийц, фермерийн аж ахуй, гадаад худалдаа, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, цэцэрлэгжүүлэлт хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компани

Монгол Улсын иргэн, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, оршин суух,  

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 09 дүгээр сард “Э” ХХК-ийн нэрийн өмнөөс, тус компанийн ашиг сонирхлын төлөө нөхөн сэргээлт хийх нэрийдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулж, байгаль орчинд 975850 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч “Э” ХХК нь компанийн ашиг сонирхлын төлөө нөхөн сэргээлт хийх нэрийдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулж, байгаль орчинд 975850 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргал нь шүүгдэгч Б.Г, “Э” ХХК нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Г-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч “Э ХХК-ний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, шүүгдэгч Б.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч “Э” ХХК-ний үйлдлийг хөнгөрүүлэн өөрчилж, тус компанийн захирал шүүгдэгч Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, Шүүгдэгч Б.М, шүүгдэгч Б.Г нарыг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Г-ийг 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.М-ийг 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Б.М нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус мэдэгдэж, хэрэгт 9107 УН улсын дугаартай Liugong ZL30E маркийн авто ачигч 1 ширхэг, 8004 УН улсын дугаартай Lugong 940 маркийн авто ачигч 1 ширхэг, 6298 УБГ улсын дугаартай Hyundai  FV415JDL өөрөө буулгагч 1 ширхэг, 2054 УН улсын дугаартай Hyundai экскаватор 1 ширхэг тус тус битүүмжилсэн 2017 оны 9-р сарын 11-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, 40.000.000 төгрөгийн үнэ бүхий 9107 УН улсын дугаартай Liugong ZL30E маркийн авто ачигч 1 ширхэг, 35 .000.000 үнэ бүхий 8004 УН улсын дугаартай Lugong 940 маркийн авто ачигч 1 ширхэг, 35.000.000 төгрөгийн үнэ бүхий 6298 УБГ улсын дугаартай Hyundai  FV415JDL өөрөө буулгагч 1 ширхэг, 130.000.000 төгрөгийн үнэ бүхий 2054 УН улсын дугаартай Hyundai экскаватор Robex 2900LC-7  1 ширхэг, нийт 240000000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийн үнийн тал хувь болох 120000000  төгрөгийг  Б.Г-оос, 120000000 төгрөгийг Б.М-эс гаргуулан тус тус улсын орлогод оруулахаар тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Yanmar diesel 6800 маркийн улаан өнгөтэй 100000 төгрөгийн үнэ бүхий хуучин цахилгаан моторыг зарж борлуулан улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Г 6251126 төгрөг, шүүгдэгч Б.М 12503000 төгрөгийг тус тус байгаль орчны санд төлсөн байгааг,  хэрэгт холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Г-оос 1463775 төгрөг, шүүгдэгч Б.М-эс 1463775 төгрөг гаргуулж байгаль орчны санд оруулах шийдвэрийг шүүгдэгч нар биелүүлсэн болохыг дурдаж, шүүгдэгч Б.Г-ийн илүү төлсөн 4299426 төгрөг, шүүгдэгч Б.М-ийн илүү төлсөн 10551300 төгрөгийг тус тус Өмнөговь аймгийн Байгаль орчныг хамгаалах сангаас гаргуулж гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэд тооцон улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г, Б.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Өмгөөлөгч Б.Энхбат нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 18-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоол нь олон талаараа Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Үндэслэлүүдийг тайлбарлахын өмнө Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дахь хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор. мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг чанд сахина”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан, үндэслэл журмын дагуу хүчингүйд тооцож хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасныг сануулах учир нь урт удаан хугацаанд өмгөөлөгч Б.Энхбат миний гаргасан гомдлуудад дурдагдсан илэрхий хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдлүүдийн талаар ямар нэгэн эрх зүйн дүгнэлт, үндэслэл бүхий няцаалт хийгдээгүй өнөөг хүрлээ.

Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт миний бие дор дурдсан үндэслэл бүхий хүсэлт гаргаж хэлэлцүүлсэн. Үүнд:

1. “Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд” нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам зөрчсөн тул нотлох баримтаас хасах саналтай.

2. Хэргийн 1-р хавтас 87-98 дугаарт байрлах ӨМА-111, ӨМА-112, ӨМА-113, ӨМА114 дугаартай “АБ” ХХК-н дүгнэлтүүдийг нотлох баримтаас хасуулах саналтай.

3. Хэргийн 1-р хавтас 5 хуудас Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн тогтоолд “Э” ХХК-нь хууль бусаар ашигт малтмал олборлолт хийсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж...” гэх байдлаар бичсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...тогтоолд хүн, хуулийн этгээдийн нэрийг холбогдуулан бичихийг хориглоно” гэх заалтын зөрчсөн тухай

4. 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Б.М, Б.Г нарыг Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаад байсан тогтоолд өөрчлөлт оруулсан нь хууль зөрчсөн тухай

5. Яллагдагч нарт гардуулсан 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 70 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтын 6 дахь хэсэгт нийт 4 ширхэг техник битүүмжлэгдсэн, уг битүүмжлэгдсэн эд зүйл иргэний нэхэмжлэгч нарын эзэмшилд байгаа гэж бичигдсэн байна. Гэтэл яллах дүгнэлтийн бусад хэсэгт эдгээрийг хэрхэн шийдвэрлүүлэхийг хүсч байгаа талаараа дурдаагүй.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт миний гаргасан хүсэлтийг хэлэлцээд урьдчилсан хэлэлцүүлгээр уг асуудлуудыг шийдвэрлэх боломжгүй тул гэм буруугийн хэлэлцүүлэгт ахин саналаа гаргаж хэлэлцүүлэх талаар захирамжид зааж яллагдагчдыг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл 91 дугаартай шийтгэх тогтоолд дээрх асуудлуудын талаар ямар нэгэн дүгнэлт байхгүй. Саналын зөрүүтэй мэтгэлцэж байсан миний гаргасан үндэслэлүүдийг хэрхэн няцааж байгаа нь тодорхойгүй.

Жишээ нь: Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолд хуулийн этгээдийн нэр заан бичиж хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаа хэт нэг талыг баримталж явагдсан гэх агуулгаар би удаа дараа хүсэлт гаргасан. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолд “Э” ХХК гэж тодорхой бичсэн. Холбогдуулан шалгасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “тогтоолд хүн, хуулийн этгээдийн нэрийг холбогдуулан бичихийг хориглоно” хэмээн заасан тодорхой хориглолттой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжуүлэгч өөрөө хуулиар тогтоосон хориглолтыг зөрчсөн нь илэрхий тохиолдолд ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсэх, гаргасан шийдвэр, үйл ажиллагааг нь хүчингүй болгох ёстой. Ингэхгүй тохиолдолд хуулийг хэн мөрдөх вэ? Иргэнээс хууль дээдлэхийг шаардах ёс зүйн эрх бидэнд байх уу?

1728000730118 дугаартай эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол хууль зөрчсөн гэдгийг бүгд мэдсээр атал яагаад энэ талаар дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ажиллахгүй байна вэ?

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц дахь агуулга, үйлчлэлийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд гардаг Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжтай жишиж болох акт юм.

Энгийнээр тайлбарлавал Иргэний хэрэг үүсгэх захирамжгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаатай жишиж болох буруу үйл явдал болоод байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэл болно.        

Мөн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Б.М, Б.Г нарыг Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаад байсан тогтоолд өөрчлөлт оруулсан нь хууль зөрсөн тухай удаа дараа гомдол санал илэрхийлж мэтгэлцэж байсан. Холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж өөр хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж яллагдагчийн эрхийг ноцтой зөрчсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэх хуулийн тодорхой хязгаарлалтыг давсан үйлдэл юм.

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд шүүх цагаатгах тогтоол гаргах, шүүхээс өмнөх шатанд прокурор хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гаргахаас өөр ямар нэгэн шийдвэр гаргах эрхгүй.

Гэтэл прокурорын зүгээс“...хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэж хуульд тодорхой заасаар байтал яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах, бусад мөрдөн шалгах ажиллагаа явуулах хууль бус үйлдлээ үргэлжлүүлсэн.

Хэргийн 1-р хавтас 87-98 дугаарт байрлах ӨМА-111, ӨМА-112, ӨМА-113, ӨМА114 дугаартай “АБ” ХХК-н дүгнэлтүүдийг нотлох баримтаас хасуулах, дээрх дүгнэлтүүд нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль тогтоомжийг зөрчсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгай мэдлэг бүхий этгээдийг шинжээчээр томилж шинжилгээ хийлгэх тохиолдолд түүнд хуульд заасан хариуцлагыг танилцуулдаг. Гэтэл “АБ” ХХК-г шинжээчээр томилсон боловч Эрүүгийн хуульд заасан үүрэг хариуцлагыг танилцуулаагүй. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин үйлчлэл нь зогссон хуульд заасан хариуцлагыг сануулсан. Үйлчлэлгүй болсон хуулийн зүйл хэсгийг тайлбарлах нь огт хариуцлага сануулаагүйтэй адил. Үүнийг шүүхийн зүгээс хүлээн зөвшөөрч үнэлгээний дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлж байгаа нь буруу юм.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх”, 9.3.8 “хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэлийг тайланд тусгана гэж заасан. Гэтэл тайланд эдгээр мэдээлэл огт бичигдээгүй.

Дээрх үндэслэлүүдийн талаар прокурор болон анхан шатны шүүхийн зүгээс ямар нэгэн дүгнэлт хийхгүй, өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулж байгаад гомдолтой байна.

Хэдийгээр миний үйлчлүүлэгч Б.Г гэм буруугаа хүлээх боловч өмгөөлөгчийн хувьд өөрийн үйлчлүүлэгчийн гэм буруутай эсэхийг хуулиар тогтоосон журмаар шийдвэрлэхийг хүссэн төдий.

Миний зүгээс нотлох баримтуудыг үнэлэх боломжгүй талаар мэтгэлцэж ирсэн боловч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлээгүй, энэ талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй байсаар.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1-д Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан байна. Үүнээс үүдэн миний үйлчлүүлэгчийн 120,000,000 төгрөгийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн.   

Гэтэл гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэх үндэслэл мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон, нотлогдсон зүйлгүй.

Шийтгэх тогтоолын 38-р хуудсанд "... Шүүгдэгч Б.Г, Б.М нар нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүй, зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсны дараа алт олборлох зорилгоор техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул хийх ажлыг бүлэглэн хийсэн нь энэ гэмт хэргийн шинжийг бүрдүүлж байна” гэжээ.

“Э” ХХК-ийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрөл бол байгаль орчны нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөл байсан. Хэрвээ сумын засаг даргаас нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тул гэрээ байгуулах боломжгүй тухай албан ёсны хариу өгсөн бол Б.М техникүүдийн түрээсийн зардлыг төлж аймаг руу явуулахгүй байсан.

Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ гэмт хэргийн шинжийг агуулсан тодорхой үйлдэл, эс үйлдэл бүрийг нь тодорхойлж эрх зүйн бусад харилцаанаас нь зааглах ёстой.

Ингэхгүйгээр харилцан хамаарал бүхий нэг цаг хугацаанд болж өнгөрч байгаа үйл явдал бүрийг нэгтгэж зүйлчлэх, эрүүгийн хариуцлага оногдуулах нь буруу юм.

“Э” ХХК-ийн төлөөлөгч, ялтан Б.М нь Б.Г-т итгэмжлэл олгосон, техникүүдийн түрээсийн төлбөрийг Б.Г-т өгсөн, сумын засаг даргын тамгын газарт хүргүүлсэн “Э” ХХК-ийн баримтуудад гарын үсэг зурснаас өөр ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэл байхгүй.

Түүний үйлдэл алт хайх, олборлох санаа зорилго агуулж байсан гэх ямар нэгэн нотлох баримтгүй.

“Э” ХХК-ийн тусгай зөвшөөрөл цуцлагдсан байсан, тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан гэх нь зөвхөн бичиг хэргийн алдаа, сумын төрийн албан хаагчдын албан үүрэгтээ хайнга хандсанаас үүдэн гарсан журмын зөрчил төдий.

Шийтгэх тогтоолд иш татсан гэрчүүдийн мэдүүлэгт Б.М-ийн талаар ямар нэгэн зүйл дурдагдаагүй. Танихгүй.

Шүүх хуралдаанд Б.М “Э” ХХК-ийн төлөөлөгчөөр, өмгөөлөгч И.Олонмөнх “Э” ХХК-ийн өмгөөлөгчөөр орсон. Харин шүүх хуралдаан дуусахад Б.М эрүүгийн хариуцлага хүлээсэн.

Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээний дагуу тус улсын нутаг дэвсгэрт ямар ч гэмт хэрэгт холбогдсон хүн өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхтэй.

Уг эрхийн хүрээнд ял шийтгүүлж, хариуцлага хүлээж байгаа этгээд өөрийнх нь эрх зүйн байдлыг дордуулж болох, эрсдэл үүсгэж болох нотлох баримт, яллах талын аливаа саналтай урьдчилан танилцах эрхийг баталгаатай эдлэх ёстой.

Ийм ч учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яллагдагч, шүүгдэгч гэсэн эрх зүйн нэршлээр өөрийнх нь эрх зүйн байдал, статусыг тодорхойлж тус тусын эрхийг нь урьдчилан танилцуулдаг, яллах дүгнэлт буюу яллах талын саналыг бичгээр гардуулдаг.

Б.М нь шүүх хуралдаанд орохдоо “Э” ХХК гэм буруутай эсэхийг хэлэлцэнэ гэсэн ойлголттой байсан. Гэтэл өөрийг нь яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт, прокурорын саналгүйгээр эрүүгийн хариуцлагад татах нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа явдал.

“Э” ХХК-ийг шүүхэд шилжүүлэхдээ прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж яллах дүгнэлт үйлдэж байсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 09 сард дууссан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал илэрвэл шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуустал явуулж цагаатгах тогтоол гаргана” гэж заасан.

Прокурорын зүгээс гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэх туйлын тодорхой хязгаарлалтыг зөрчсөн.

Урьд өмнө нь прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан торгуулийн хэмжээг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан аргачлалаар торгох ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн тооцож хөөн хэлэлцэх хугацаа тооцно гэх тайлбар гаргаж байсан нь туйлын үндэслэлгүй болохыг анхаарна уу.

“Э” ХХК-ийн ашиг сонирхлын төлөө Б.Г гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримтгүй, Б.М, “Э” ХХК нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй, тэднийг гэм буруутай эсэхийг тогтоохоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлгүй байхад миний үйлчлүүлэгч Б.Гийг бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж ял шийтгэж, өөрийн үйлдэлтэй нь хамааралгүй хөрөнгө орлогын үнэлгээнд үндэслэн хөрөнгийг нь хурааж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.Г гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэх хэсгийг хүчингүй болгож, “Э” ХХК, Б.М нарыг цагаатгаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5-д заасан Б.Г-оос 120,000,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Өмгөөлөгч И.Олонмөнх давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч “Э” ХХК-н төлөөлөгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэж заасан.

Шүүхийн шатанд эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэл тогтоогдсон тохиолдолд цагаатгах тогтоол гаргах тухай хуульд заасан.

“Э” ХХК-ийг Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн байсан. “Э” XXК-ийг буруутгаж яллагдагчаар татсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2018 онд дууссан байхад компанийн төлөөлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн явдал.

Гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдаагүй, хэрэглэхээр завдаагүй техникүүдийн үнэлгээний 50 хувь болох 120000000 төгрөгийг Б.Мэс гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд “Э”  ХХК болон түүний төлөөлөгч Б.М нарыг цагаатгаж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Ариунжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт шүүх шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, тухайн гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэх, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл заалтаар үйлчлэгдэх, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах талаар шүүхээс хуульд заасан шийдвэр гаргах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу анхан шатны шүүхээс шийдвэр гаргасан. Харин анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасан шүүхийн шийдвэрийн хэлбэр бүтэц, агуулга, хуульд заасан заалтуудад нийцсэн, хуульд заасан журам зөрчөөгүй шүүхийн шийтгэх тогтоол гарсан гэж үзэж байна.

Б.М-ийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол хэрэгт авагдсан. Б.М-д ийм зүйл хэсгээр урд нь ял сонсгож байсан. Энэ талаар шийтгэх тогтоолд дурдсан. Иймээс Б.М-ийн үйлдлийг зүйлчлэхэд харшлах болон хүндрүүлэх үндэслэл болохгүй. Гэмт хэргийн газарт байсан техникүүд нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашиглахаар авчирсан. Мөн ашиглагдаж байсан талаар хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон. Тэгэхээр гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан техник хэрэгслийн үнэлгээг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зайлшгүй шүүгдэгч нараас гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн нь хуульд заасан журамтай. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох болон өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна” гэв.

Өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Б.М нь уг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзээд эрх зүйн байдлыг нь дордуулаад байна. Анхан шатны шүүх болон прокуророос энэ техник хэрэгслүүд нь Улаанбаатар хотоос ирэхдээ л алт олборлохоор ирсэн гэж үзэж тайлбарладаг. Анх Улаанбаатар хотоос ирэхдээ хууль бус зорилго сэдэлтэйгээр ирсэн гэж гэрчүүд мэдүүлдэг гэж прокуророос тайлбар хэллээ. Ийм гэрчийн мэдүүлэг хэрэг дотор байхгүй. Хэрэгт өгсөн гэрчүүдийн мэдүүлэг нь Улаанбаатар хотоос машинаа аваад гарахад та нар очоод алт ухаарай. Тэр газарт өөр зүйл хийгээрэй гэж хэлсэн зүйл огт хэрэгт байдаггүй. Бид нар нөхөн сэргээлтийн ажил хийнэ гэж ирсэн гэдгээ л мэдүүлсэн байдаг.

Хоёр өөр сэдэлт, хоёр өөр үйл явдал болоод байгааг ялгаж шалгах хэрэгтэй. Улаанбаатар хотоос энэ техникүүдийн түрээслэх мөнгийг Б.М гэдэг хүн  Б.Г руу шилжүүлээд уг ажлыг Б.Г зохион байгуулаад наашаа ирсэн. Тэгээд ирэхдээ зөвхөн нөхөн сэргээлтийн гэрээнд заасан нөхөн сэргээлт хийнэ л гэж ирсэн. Хэргийн газар ирсний дараа Б.Г-т өөрт нь хувийн санаа сэдэлт үүсэж алт олборлох сэдэлт үүсээд хайсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрдөг. Ийм тусдаа хоёр өөр сэдэлтэй үйл явдал болж байгаа юм.

Тэгээд Б.М-ийг урьд нь ял сонсож байсан. Одоо ингээд дахиж ял сонсоход болохгүй зүйл байхгүй гэсэн маягаар тайлбарыг гаргаж болохгүй. Яллах дүгнэлт дээрээ өөрийг чинь ийм гэмт хэрэгт буруутгаж байна шүү гээд өөрийнх нь нэрийг заагаад зүйл ангийг нь бичээд өөрийг нь буруутгаж байгаа нотлох баримтуудаа бүгдийг бичиж байж тухай хүн нь шүүхээс ял авах болон яллах талаар яригдах ёстой болохоос урьд нь хоёр жилийн өмнө шүүхээс ял оноож, яллагчаар татаж л байсан юм чинь өөрөө мэдэж л байгаа байлгүй гэсэн байдлаар хандаж болохгүй. Энэ хүн чинь шүүх хуралдаан дээр “Э” ХХК-ийн төлөөлөгчөөр орж ирээд энд зөвхөн компанийн гэм буруугийн талаар яригдана гэж бодож байтал гэнэт өөрөө ялтан болчхож байгаа юм. Энэ чинь эргээд өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлүүлэх, өөртөө туслах ийм үйлдэл хийх болон бусад бүх эрхийг нь хязгаарлаж байна.

Анх прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Б.Г, “Э” ХХК гэж хоёр этгээдийг гэм буруутайд тооцуулахаар санал оруулж ирчхээд одоо “Э” ХХК нь зүгээр үлдээд, яллах дүгнэлтэд заагдаагүй хүн орж ирээд ял сонсоод байгааг нь ойлгохгүй байна. Ийм байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй юм аа гэж яриад байгаа нь зарчмын хувьд зөрүүтэй байна” гэв.

Өмгөөлөгч И.Олонмөнх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр бүлгийг анхаарах ёстой. Мөрдөн байцаалтын ажиллагаа, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахад хийгдэх ажиллагааны талаар яригдаад байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоолыг танилцуулах гэсэн ийм заалт байна. Тэгэхээр мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгээд прокурорт шилжүүлсний дараа тухайн шүүгдэгчид танилцуулаад гарын үсэг зуруулаад мэдүүлэг авах ёстой. “Э” ХХК-ийг яллагдагчаар татаад төлөөлөгч нь Б.М гээд явж байсан. Гэтэл прокуророос өмнө нь Б.М-ийг Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хувь хүнээр татсан байсан гэж яриад байна. Тэгвэл тэр татсан байснаа хэрэгсэхгүй болгож байж дараагийн хэрэгт нь яллагдагчаар татсан байх ёстой. Гэтэл Б.М нь нэг хэрэгт хоёр удаа яллагдагчаар татсан байдал үүсээд байна. Энэ бол процессын алдаа. Яллах дүгнэлтэд юу гэж заасныг шүүх анхаарч байж ял хариуцлага оноох, эцсийн шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй байхад “Э” ХХК-гийн төлөөлөгчийг 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар яллагдагчаар татаад ирсэн хүнийг 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгоод хувь хүнээр хариуцлага хүлээлгэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Иймээс Б.М-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат, И.Олонмөнх нарын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр бичсэн давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийдвэрийг хянахад Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргал нь 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 70 дугаартай /5хх-5-8/ яллах дүгнэлтэд “...яллагдагч Б.Г-ийн үйлдсэн хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, яллагдагч “Э” ХХК-ийн үйлдсэн хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр харьяаллын дагуу Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Гэтэл анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн заалтыг зөрчиж “Э” ХХК-ний үйлдэл холбогдлыг хөнгөрүүлэн өөрчлөхдөө яллах дүгнэлтэд тусгагдаагүй компанийн захирал Б.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна.

Шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 3 дахь заалтад шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэхдээ хэрэглэвэл зохих Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн  “шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэсэн, мөн шийтгэх тогтоолын 5, 6 дахь заалтуудад Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг хэрэглээгүй нь анхан шатны шүүхийг хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхийн шийдвэр нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, давж заалдах шатны шүүх шийдвэрийг өөрчлөх үндэслэлгүй тул өмгөөлөгч нарын “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай” давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Энхбат, И.Олонмөнх нарын “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай” давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/91 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

3. Шүүгдэгч Б.Г болон “Э” ХХК-нд холбогдох 1728000730118 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

4. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Г, “Э” ХХК нарт хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                        ШҮҮГЧИД                                           Х.ГЭРЭЛМАА

                                                                                                                          Т.БЯМБАЖАВ