Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 485

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Ж.Энх-Амгалан,

Хохирогч Ж.Б,

Шүүгдэгч Ш.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Шын Чт холбогдох 1708000000152 дугаартай эрүүгийн хэргийг 2004 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар  сарын 10-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... хүнсний захын зооринд ачигч ажилтай, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Шын Ч, /РД: .../,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий,  хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Шүүгдэгч Ш.Ч нь архидан согтуурсан үедээ 2017 оны 10 дугаар сарын 06-ны шөнийн 2330-2400 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо “Шинэ” нэртэй хүнсний дэлгүүрээс гарч явахад урд талд нь явж байсан Ж.Б шүлсээ газарт хаяаад эргэж харахад нь түүний нүүрэнд гараараа цохиж, боож унагаан баруун хавирга руу нь удаа дараа өшиглөх зэргээр зодож түүний биед “цээжний баруун талд 7, 8, 10, 11-р хавирганы далд хугарал, цээжний баруун талд хий, шингэн хуралдалт, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн шинжлэн судлуулсан дараахь нотлох баримтуудаар.Үүнд:

 

- Хохирогч Ж.Бгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... 2017 оны 10 дугаар сарын 06-ны шөний 2320 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” нэртэй дэлгүүрээс би 1 хайрцаг Esse тамхи, 1 сав 2.5 литрийн Нийслэл пиво аваад гарсан. Ингэтэл дэлгүүрийн гадна үл таних 25-30 орчим насны залуу ирээд үгийн зөрөөгүй л миний нүд рүү цохиод хүзүүнээс боохоор нь би боолтонд ороод газарт унатал миний баруун хавирга орчим руу хөлөөрөө 1 удаа өшиглөхөөр нь би босоод зугатаагаад нэг ойролцоо онгорхой хашааны хаалга байхаар нь би уг хаалга руу ортол өнөөх залуу араас дагаж ирээд миний ар нуруу хэсэг рүү өшиглөхөөр нь би бүдэрч газарт унатал миний баруун талын хавирга орчим руу дахин хөлөөрөө өшиглөсөн. Ингэтэл уг хашааны айлын хүмүүс гарч ирээд боль, боль гээд салгаад өнөөх залууг гэр рүү аваад орсон. Ингээд би хашаанаас нь арай гэж мөлхөөд гарсан. Ингээд би гэр рүүгээ хариад цагдаад дуудлага өгсөн юм. Намайг 25-30 орчим насны 165 см орчим нуруутай, дунд зэргийн бие хаатай, халимаг богино үстэй согтуу залуу үгийн зөрөөгүй л дэлгүүрийн гадаа явж байхад эхлээд миний нүүр рүү цохиод, боож газарт унгасан. Газарт унасан байхад баруун хавирга руу 1-2 удаа өшиглөсөн, дараа нь айлын хашаан дотор байхад газарт унагаад 3-4 удаа миний баруун хавирга орчим руу хөлөөрөө дахин өшиглөсөн. …Тэгтэл тэр айлын хүмүүс  гараад ирчихсэн наадхаа одоо явуул гээд байсан бөгөөд намайг зодсон залуу тэр айлын хүмүүстэй архи ууж байсан юм шиг байна лээ. Тэгээд би босоод явсан бөгөөд миний пиво, тамхийг зодсон залуу аваад тэр айлын хүмүүстэй хамт гэр рүү нь орж байсан. Тэгэхээр тэд нар бие биенээ таньдаг хүмүүс шиг байна лээ. ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 12-14, 15-17 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

- Шүүгдэгч Ш.Чийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүлэгт өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 06-ны орой 22 цагийн орчимд байхаа архи авахаар хамт ажилладаг ах Эийн гэрээс гараад хажуу талынх нь хүнсний дэлгүүр ороод нэг шил архи аваад гарч явтал дэлгүүрийн ойролцоо хашааны хажууд үл таних ах миний хажуугаар явж байхдаа над руу шүлсээ хаяахаар нь би өнөөх хүнд хандан чи яаж байгаа юм гэхэд миний урдаас томроод л хоорондоо маргалдаад, би өнөөх ахын баруун мөр рүү нь гараараа түлхтэл өнөөх ах газарт бөгсөөрөө суусан. Ингэтэл газраас чулуу авч босож ирээд миний толгой руу цохихоор нь би зөрүүлээд нүүр рүү нь гараараа нэг удаа цохиод зүүн талын хавирга орчимд нь хөлөөрөө нэг удаа ойроос өшиглөсөн. Ингээд би салаад хашаа руу явтал өнөөх ах миний араас ирээд цамцнаас татаад бид хоёр өнхрөлдөөд уруу газарт унасан. Ингэтэл гэр дотроос Тоодгоо эгч, О хоёр гарч ирээд намайг салгаад гэр рүүгээ аваад орсон. Өнөөх ахыг О босгоод хашаанаас гаргаж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20, 71-72, 73-74х, шүүх хуралдаан тэмдэглэлээс/

 

- Гэрч Г.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 06-ны орой ... 23 цагийн орчимд сэрээд Чийг дахин архи уух уу ганц 0.33-ын архи хоёулаа хуваагаад ууя гэхэд Ч архинд явсан. Тэгтэл хашаан дотор чимээ гараад хүмүүс хоорондоо маргалдаад байх шиг байхаар нь би гэрээс гартал хашаан дотор Ч нэг үл таних хүнтэй маргалдаад байхаар нь би очиж салгаад өнөөх үл таних хүнийг хашаанаас гаргаж өгөөд Чийг гэр рүү аваад орсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 х/

 

- Гэрч Г.Хишигтогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 06-ны ... орой Э, дүү нар болох Ч, О хоёртой нэг шил 0.75 литрийн архи хувааж уугаад хоолоо идчихээд дахин нэг шил 0.33 граммын архи уухаар болоод Ч хашааны хажуу талын дэлгүүр рүү явах шиг болсон. Ингэтэл удалгүй хашаан дотор түчигнээд хүмүүс маргалдаад зодолдоод байх шиг байхаар нь хувцсаа өмсөөд Оын хамт гэрээс гартал Ч нь үл таних хүнтэй ноцолдоод л байх шиг байсан. О очиж салгаад Чийг гэрт оруулаад өнөөх үл таних хүнийг хашаанаас түшээд гаргаж байх шиг байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 х/

 

- Гэрч О.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 06-ны орой ... Ч би мөнгөөрөө архи аваад ирье гээд манай гэрээс гарсан. Удалгүй хашаан дотор нохой хуцаад л хүмүүс маргалдаад байх шиг болохоор нь О, манай эхнэр 2 хамт гараад Чийг дагуулаад гэрт орж ирсэн. Юу болсон талаар асуухад Ч хэлэхдээ дэлгүүрийн гадаа нэг танихгүй ах өдөөд шүлсээ хаяад маргалдсан, ингэтэл намайг чулуугаар цохихоор нь зөрүүлээд хэд цохиод маргалдсан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 х/

 

- Шинжээчийн 12855 тоот дүгнэлт

1.Ж.Б-н биед цээжний баруун талд 7,8,10,11-р хавирганы далд хугарал, цээжний баруун талд хий, шингэн хуралдалт, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 33 х/ зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Ш.Чийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтаар тооцож үнэлсэн, түүнд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.

 

Хувийн байдлын талаар.

- Гэрч Б.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний дүү Ч нь 1990 оны 03 дугаар сарын 10-нд Завхан аймгийн Улиастай суманд Ш гэх айлын том хүү нь болж мэндэлсэн. Бага насаа эцэг эхийн гар дээр сумандаа өгөрүүлж улмаар аймгийн сургуульд сурч байгаад 10 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Багшийн их сургуульд сурахаар яваад дундаас нь орхиод Улаанбаатар хотод гэр бүлийн хамт ирж амьдрах болсон. Барс худалдааны төв дээр ах эгчдээ туслаад ажилд нь туслан туслах ажилтнаар ажилдаг, эхнэр хүүхэд байхгүй одоо эцэг, эхтэйгээ хамт амьдарч байгаа. Зан байдлын хувьд дуу цөөтэй, төлөв даруу зантай хүүхэд. Гаж муу зуршил байхгүй, надад архи дарс ууж харагдаагүй ээ. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй ээ. ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 30-31 х/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 х/

- Ш.Чийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 76 х/

- Оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 77 х/ зэргээр Ш.Ч нь анх удаа гэмт хэрэгт холбогдож шүүхээр ял шийтгүүлж байгаа, хувиараа тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг болох нь тус тус тогтоогдсон.

 

Хохирлын талаар.

- Хохирлын баримтууд /хх-ийн 40-66 х/

- Хохирлын төлбөрт 3,000,000 төгрөг төлсөн ХААН банкны орлогын мэдүүлэг /хх-ийн 98 х/ зэргээр хохирогч 638,190 төгрөгийн баримт хавтаст хэрэгт хавсаргасан, харин шүүгдэгчийн зүгээс хохиролд нийт 3,000,000 төгрөг төлсөн болох нь тус тус тогтоогдсон. Хохирогч цаашид нэхэмжлэх зүйл байхгүй хохирлоо бүрэн авсан гэсэн тул Ш.Чийг бусдад төлөх төлбөргүй, хохирлоо бүрэн төлсөн гэж үзсэн.

 

            Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.

            Ш.Ч нь гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан хүндэвтэр хохирлын төлбөрөө өөрийн сайн дураар нөхөн төлсөн болох нь түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хуульд заасан нөхцөл байдалд тооцогдож байгаа, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Ял шийтгэлийн талаар. 

            Ш.Ч гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, хувиараа тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд түүнд шүүхээс 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг түүнд үүрэг болгож шийдвэрлэсэн.

            Бусад асуудлын талаар.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Х овогт Шын Чийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Ш.Чийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Ш.Чт үүрэг  болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ш.Чт танилцуулсугай.

5.Ш.Чийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохиролд 3,000,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ