Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2020/ДШМ/1212

 

 

 

 

 

 

      2020           9             18                                      2020/ДШМ/1212

 

 

Б.Бт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1353 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Бт холбогдох эрүүгийн 2006022591636  дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Б.Б, 1991 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд  төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ................ суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .............../;

 

Б.Б нь 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 31-ний хооронд “Дашваанжил” ХХК-ийн автомашины хийгээр цэнэглэх 10 дугаар станцын эрхлэгчээр, 2020 оны 3 дугаар сарын 23-наас 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд автомашины хийгээр цэнэглэх 3 дугаар станцын эрхлэгчээр тус тус ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж “Дашваанжил” ХХК-д их хэмжээний буюу 19.335.849 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Б.Быг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 7.943.635 төгрөгийн хохирол гаргуулан Дашваанжил ХХК-д олгож, шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 2693 дугаартай захирамжаар “...2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1353 дугаартай шийтгэх тогтоолын 5 дахь заалтад “...7.943.635...” гэж бичсэнийг “...5.893.635...” болгон залруулага хийжээ.

           

            Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолдоо: “...Миний бие анх удаа гэмт хэрэгт холбогдсон, “Дашваанжил” ХХК-д 2015 оны 7 дугаар сараас хойш тогтвор суурьшилтай ажиллаж байсан, 5 жилийн хугацаанд 3 удаа тус байгууллагын оны шилдэг ажилтан болж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан тохиолдолд торгох ял оногдуулна гэснийг баримтлан надад оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар солих нөхцөл боломжоор хангаж өгнө үү. Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул тэнсэж өгнө үү. ...” гэжээ.

 

            Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Болдбаяр 1995 оны 7 дугаар сард Дашваанжил ХХК-д түгээгчээр ажилд орсноос хойш 5 дахь жилдээ ажиллаж байсан бөгөөд байгууллагын хөдөлмөрийн 3 удаагийн аварга болж, байгууллагаа төлөөлж спортын тзмцээнд оролцож амжилт гаргадаг шилдэг ажилчдын нэг байсан. Тэр иргэн Наранбаатараас 10.000.000 төгрөг зээлж, хуучин машин худалдан авч засварлан зарж байрны зээлээ төлдөг байсан боловч хорио цээрийн болон бусад нөхцөл байдлын улмаас машинаа зарж чадалгүй 2020 оны 3 дугаар сарын 1-нээс 31-нийг хүртэл хугацаанд байгууллагын орлогоос мөнгө авч, өр зээлээ төлж энэхүү хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад нотлогддог. Үүнээс үзэхэд түүнд өмнө нь гэмт зан үйл төлөвшөөгүй байсан бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. Болдбаяр нь компанийн орлогыг тушаалгүй өөрийн зээлийг төлсөн буруутай үйлдлээ албаны даргадаа хэлж, хэргээ өөрөө илчилж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшсэн болох нь түүний мэдүүлэг болон компанийн тодорхойлолтоос нотлогддог. Дашваанжил ХХК нь нийт 16.930.635 төгрөг нэхэмжилснээс анхан шатны шүүх хуралдаан болох хүртэл хугацаанд нийт 11.050 000 төгрөгийг төлсөн байсан бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр үлдэгдэл төлбөр болох 5893935 төгрөгийг төлж, байгууллагыг ямар нэгэн хохиролгүй болгосон. Б.Б нь гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа , бага насны хоёр хүүхэдтэй, дээд боловсролтой, гэр бүл, нийгэм хамт олны дунд хүмүүжих бүрэн боломжтой, учруулсан хохирлоо төлж хор уршгийг арилгасан тул эдгээр нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.

           

            Прокурор Б.Болор-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Б нь Дашваанжил ХХК-д ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшиж, тус компанид 16.936.365 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Б.Б нь хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр буюу эрүүгийн хариуцлагын хуралдаанаар хохирлоо барагдуулаагүй байсан тул анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Б.Б нь 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 31-ний хооронд “Дашваанжил” ХХК-ийн автомашины хийгээр цэнэглэх 10 дугаар станцын эрхлэгчээр, 2020 оны 3 дугаар сарын 23-наас 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд автомашины хийгээр цэнэглэх 3 дугаар станцын эрхлэгчээр тус тус ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж “Дашваанжил” ХХК-д их хэмжээний буюу 19.335.849 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

иргэний нэхэмжлэгч Г.Б“...Б.Б нь манай Дашваанжил ХХК-ийн Автомашин хийгээр цэнэглэх 10 дугаар станцад ажиллах хугацаандаа 2020 оны 1 дүгээр сараас 3 дугаар сарын 31-ний хооронд учруулсан хохирлынх нь хүрээнд байгууллагаас дараах актуудыг тавьсан байгаа. Үүнд: 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр мөн оны 2 дугаар сарын 22-ны өдөр тавьсан 859.000 төгрөг, 987.020 төгрөгийн актууд нь байгууллагаас үйлдвэрлэдэг 220 граммын “Хөх дөл” нэртэй нэг удаагийн газ болон тоног төхөөрөмжнөөс дутаасан зөрүү 1.846.020 төгрөг болж байгаа. Үүнээс Б.Б нь ажиллаж байх хугацаандаа 550.000 төгрөгийг тушаасан. Одоо үлдэгдэл 1.296.020 төгрөг. Мөн Б.Бт 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр тавьсан 2.144.470 төгрөгийн актны 2.106.970 төгрөгийн 1.008.270 төгрөг нь байгууллагын 2020 оны 2 дугаар сараас 3 дугаар сарын хооронд тоног төхөөрөмжинд хийсэн тооллогны зөрүү дүн, харин 1.105.000 төгрөг нь мөн байгууллагын 2020 оны 2 дугаар сараас 3 дугаар сарын хооронд ахуйн газны баллонд хийсэн тооллогны зөрүү мөнгөн дүн, үлдэгдэл 37.500 төгрөг нь баллоны 1 ширхэг винтелийг гэмтээсний төлбөр тус тус актаар тавигдсан байгаа. Мөн өдөр актаар тавигдсан 10.531.260 төгрөг 52 мөнгө нь энэ оны 3 дугаар сарын авто ахуйн газны орлогоны мөнгөнөөс дутуу тушаасан мөнгө байгаа. Энэ нь манай байгууллагын дэлгэрэнгүй хүснэгтэн тайлангаас харагдаж байгаа. Мөн энэ оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн актаар тавигдсан 441.600 төгрөг нь байгууллагаас үйлдвэрлэдэг 220 граммын “Хөх дөл” нэртэй нэг удаагийн газнаас дутаасан зөрүү мөнгөн дүн. Тодруулбал: /304*1453=441.600 төгрөг/. Мөн Б.Б манай байгууллагын Ахуйн хийгээр цэнэглэх 3 дугаар цахилгаан түгээх станцны эрхлэгч Э.Энхбаярыг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд 2020 оны ээлжийн амралттай байх хугацаанд нь түр орлон гүйцэтгэсэн. Түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон тушаал нь байгаа. Тухайн үед ажиллах хугацаандаа түр орлон гүйцэтгэх хугацаандаа нийт 15.008.08 литр авто газ, 1832.075 кг ахуйн газыг тус тус борлуулсан. Үүнээс 2.907.039 литр авто газны 1 литрийг 1100 төгрөгөөр бодож 3.198.129 төгрөг, 12.100.069 литр авто газны 1 литрийг 1300 төгрөгөөр бодож 15.730.897 төгрөгийн орлоготой ажилласан. Нийт тушаавал зохих мөнгөн дүн нь 18.929.06 төгрөг, 1832.075 кг ахуйн газны 1 кг-ыг 2600 төгрөгөөр бодож 4.765.150 төгрөгийн борлуулалт хийж, нийт 23.694.176 төгрөг тушаахаас манай ёндоо картны хөнгөлт болох 702.463 төгрөг, мөн толланаар 110.000 төгрөг хасагдаж, нийт цахим картаар 12.891.955 төгрөг, бэлнээр 9.989.759 төгрөг тушаахаас бэлэн 8.250.045 төгрөг тушааж, 1.739.714 төгрөгийг дутуу тушаасан. Мөн энэ хугацаанд ажилласан тайлангаа гаргахдаа 60 литр авто газ борлуулснаа тайланд дутуу оруулж, 78.000 төгрөгийг тушаагаагүй манай ёндоо картаар хөнгөлөгдсөн нийт дүн нь 697.142 болох ёстойг 702.463 төгрөг болгон өсгөж 5321 төгрөгийн зөрүү гаргасан. Б.Б нь нийт манай Ахуйн хийн 3 дугаар цахилгаан түгээх станцанд 1.823.035 төгрөгийн хохирол учруулсан байна. Хохирол учруулсан гэх 1.823.035 төгрөг нь манай Ахуйн хийн 3 дугаар цахилгаан түгээх станцаас борлуулсан авто болон ахуйн газны өдөр тутмын орлогын мөнгө болно. Үүнээс ганда Ахуйн хийн 3 дугаар цахилгаан түгээх станцад худалдан борлуулдаг хийн тоног төхөөрөмж болланоос 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 31-ний өдрийг хүртлэх хугацаанд худалдан борлуулж, байгууллагад орсон орлогоны мөнгөнөөс 731.750 төгрөгийг хувьдаа завшсан нь 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн ажил хүлээлцэх тооллогоор илэрсэн. Энэ хугацаанд худалдан борлуулсан тоног төхөөрөмжний тушаавал зохих 1.313.900 төгрөг, боллан худалдсан дүн 460.000 төгрөг буюу нийт 1.773.900 төгрөг тушаахаас 1.042.150 төгрөгийг тушааж, 731.750 төгрөгийг тушаагаагүй, учруулсан нийт хохирол нь 16.968.134.52 төгрөг, үүнээс 107.100 төгрөгийг 2020 оны 2 дугаар сарын цалин дээрээсээ төлсөн. Одоо нийт хохирол 16.861.034.52 төгрөг байхаас 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгууллагын Хаан банкны 5030208837 дугаартай данс руу 3.000.000 төгрөг тушаасан. Мөн ажиллах хугацаандаа өмсөж байсан хувцасны эдэлгээний мөнгө гэж 82.600 төгрөгийн акт тавигдсан байгаа, тухайн мөнгийг нэмэхээр нийт хохирол 16.943.534.52 төгрөг болно. ...” /хх 27-33/,

 

гэрч Б.Н“...Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр надаас ажлынхаа хажуугаар хуучин автомашин худалдаж аваад, засвар хийлгээд буцаан зарж, ашиг олох гэсэн юм гэж хэлээд надаас 10.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, тодорхой хэмжээний хүүтэй өгье гэж хэлээд авсан. Тэгээд Б.Б нь надад 1 дүгээр сард өгөх ёстой байсан боловч ах мөнгө бүтэхгүй байна, машин зарагддаггүй гэж хэлэхээр нь би за тэгвэл 2 сард өгөөрэй гэж хэлсэн боловч мөнгө нь бас 2 сард бүтсэнгүй гэж хэлэхээр нь би 3 сард багтаагаад өгөөрэй гэж хэлээд мөнгөө нэхээд эхэлсэн. Тэгээд Б.Б надад 2020 оны 3 дугаар сарын 8-ны байдлаар надаас авсан 10.000.000 төгрөгийг бага багаар 4 хувааж өгсөн. Б.Б надад бөөнд нь өгөх боломжгүй байна, бага багаар өгье гэж хэлэхээр нь би за за тэг тэг гэж хэлээд авсан байгаа. ... /хх 111/,

 

гэрч Б.Н“...Б.Бын нийт байгууллагад учруулсан хохирлын 1.823.034, 731.750 төгрөг нь автомашины хий цэнэглэх 3 дугаар станцны эрхлэгч Энхбаярын ажлыг 2020 оны 3 дугаар сарын 20-ноос хойш орлож байх хугацаандаа хувьдаа завшсан мөнгө 13079, 830.52 төгрөг нь манай автомашины хий цэнэглэх 10 дугаар станцад 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 31-ний хооронд орж ирсэн орлого байсан. ..." /хх 113-115/,

 

гэрч Ч.А...Болдбаяр нь миний хариуцдаг Ахуйн хийн 3 дугаар цахилгаан түгээх станцын эрхлэгчийн албан тушаалыг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл түр орлон гүйцэтгэх хугацаандаа нийт 15.008.08 литр авто газ, 1832.075 кг ахуйн газыг тус тус борлуулсан. Үүнээс 2.907.039 литр авто газны 1 литрийг 1100 төгрөгөөр бодож 3.198.129 төгрөг, 12.100.069 литр авто газны 1 литрийг 1300 төгрөгөөр бодож 15.730.897 төгрөгийн орлоготой ажилласан. Нийт тушаавал зохих мөнгөн дүн нь 18.929.06 төгрөг, 1832.075 кг ахуйн газны 1кг-ыг 2600 төгрөгөөр бодож 4.765.150 төгрөгийн борлуулалт хийж, нийт 23.694.176 төгрөг тушаахаас манай ёндоо картны хөнгөлт болох 702.463 төгрөг, мөн толланаар 110.000 төгрөг хасагдаж, нийт цахим картаар 12.891.955 төгрөг, бэлнээр 9.989.759 төгрөг тушаахаас бэлэн 8.250.045 төгрөг тушааж, 1.739.714 төгрөгийг дутуу тушаасан. Мөн энэ хугацаанд ажилласан тайлангаа гаргахдаа 60 литр авто газ борлуулснаа тайланд дутуу оруулж, 78.000 төгрөгийг тушаагаагүй, манай ёндоо картаар хөнгөлөгдсөн нийт дүн нь 697.142 болох ёстойг 702.463 төгрөг болгон өсгөж 5321 төгрөгийн зөрүү гаргасан. Б.Б нь нийт манай ахуйн хийн 3 дугаар цахилгаан түгээх станцад 1.823.035 төгрөгийн хохирол учруулсан байна. Хохирол учруулсан гэх 1.823.035 төгрөг нь манай ахуйн хийн 3 дугаар цахилгаан түгээх станцаас борлуулсан авто болон ахуйн газны өдөр тутмын орлогын мөнгө болно. Нийт Дашваанжил ХХК-нд учруулсан хохирлоос 3.000.000 төгрөг төлсөн байгаа. .../хх 117-118/,

 

шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн: “... Би 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хугацаанд байгууллагын автомашины хий борлуулсан орлогын 10.000.000 төгрөг, хийн тоног төхөөрөмж буюу газ нь плетик, баллон худалдсан 1.500.000 төгрөгийг тус тус би өөрийн байрны зээлэнд төлсөн. Би 2017 онд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 16 дугаар хороолол “new town” хорооллын 2 өрөө байрыг 3 жилийн хугацаатай, сарын 1.900.000 төгрөгийн төлөлттэй, жилийн 0.8 хувийн хүүтэй хувь лизинг авсан. Тэр байрныхаа мөнгийг би сар болгон цалингаасаа төлөхөд хаанаа ч хүрдэггүй, би сард 800.000 төгрөгийн цалинтай, тийм болохоор 2017 оноос хойш хувь хүнээс хуучин машин болон гаалиар орж ирсэн автомашин худалдаж аваад буцаад 500.000-1.000.000 төгрөг нэмээд зардаг, тухайн үед Наранбаатараас 10.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, Урангэрэлээс 5.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй нийт 15.000.000 төгрөг зээлээд, зээлсэн мөнгөөрөө автомашин худалдаж авч зараад зарсан мөнгөөрөө байрны сарын төлөлт болон зээлсэн мөнгөнийхөө сарын хүүг төлдөг байсан. Гэтэл 2020 оны 3 дугаар сард Наранбаатар гэх хүнээс зээлсэн 10.000.000 төгрөгөө өгөх болоод байгууллагын орлогын мөнгөнөөс 10.000.000 төгрөг бэлэн аваад шууд Наранбаатарын Хаан банкны данс руу хийсэн. Би байгууллагаас авсан 16.943.635 төгрөгийг өөрийн 5021318149 дугаарын данс руу хийж, холбогдох хүмүүст шилжүүлж, өр зээлээ төлсөн байгаа. Би байгууллагад учруулсан 16.943.635 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрч байсан. ... /хх 58-59/ гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Быг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч Б.Бын “Дашваанжил” ХХК-ийн автомашины хийгээр цэнэглэх станцуудад эрхлэгчээр ажиллаж байхдаа 19.335.849 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Шүүгдэгч Б.Б “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан тохиолдолд торгох ял оногдуулна гэснийг баримтлан надад оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар солих нөхцөл боломжоор хангаж өгнө үү. Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол,

 

            шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр “...Б.Быг Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол тус тус гаргажээ.

 

Прокурор яллах дүгнэлтдээ “Дашваанжил” ХХК-д их хэмжээний буюу 19.335.849 төгрөгийн хохирол учирсан” гэж  дүгнэсэн боловч тус компанийн төлөөлөгч Г.Батцогт 16.930.635 төгрөгийн хохирол учирсан” гэж мэдүүлсэн бөгөөд шүүх  шүүгдэгчийн төлсөн 11.037.214 төгрөгийг хохирлоос хасч, үлдэх 5.893.635 төгрөгийг хохирогчид олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж тухайн байгууллагад учирсан  хохирлыг бүрэн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авсныг  дурьдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1353 дугаартай шийтгэх тогтоолын: 

2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Быг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “зан үйлээ засах” үүрэг хүлээлгэсүгэй. ...” гэсэн,

            “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Б.Бт мэдэгдсүгэй. ...” гэсэн тус тус заалтыг нэмсүгэй.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

            4. Шүүгдэгч Б.Б нь “Дашваанжил” ХХК-д 16.930.635 төгрөгийг төлсөн, уг хэрэгт нийт 56 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

 

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.     

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Т.ӨСӨХБАЯР

 ШҮҮГЧ                                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 ШҮҮГЧ                                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ