Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2024/0322

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.А /РД:ОН/

Нэхэмжлэгч: Б.Б /РД:ОН/

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр алба нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С, Г.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, Э.Б, гуравдагч этгээд Ш.Ж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамноров нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1.Баянзүрх дүүргийн Засаг Даргад 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 дугаар захирамжаар Б.Б, Б.А нарт эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хар усан тохой байрлах 13, 13 дугаар нэгж талбарын дугаар бүхий тус тус газруудын эзэмших эрхийг сунгахгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгах, 2. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/1 тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийн Б.Б, Б.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон хэсэг болон Б.Б, Б.А нарын газрыг Ш.Ж******* шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгох гэж тодорхойлжээ.

2. Хэргийн товч үйл баримт, процессын түүх:

2.1. Б.А, Б.Б нарт Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Хар усан тохойн хэсэгт байрлах 700 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар амины хашааны зориулалтаар тус бүр эзэмшүүлж, 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Б.Бд 03 дугаар, Б.Ад 03 дугаар гэрчилгээг тус тус олгосон байна.

2.2. 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Б.А нь Б.Г итгэмжлэлээр Баянзүрх дүүрэг, 20-р хороо Хар усан тохойн хэсэгт байрлах 03 тоот гэрчилгээтэй, 700 кв.м талбай бүхий иргэний ахуйн зориулалттай газрыг эзэмших эрхийг бусдад шилжүүлэхийг зөвшөөрч холбогдох гэрээ, хэлцэл хийх, гэрээ болон холбогдох бичиг баримтад төлөөлж гарын үсэг зурах, нотариатад төлөөлөх, түүнтэй холбоотой үйлдэл хийх бүрэн эрхийг 3 жилийн хугацаатайгаар олгожээ.

2.3. 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Б.Б нь Б.Г итгэмжлэлээр Баянзүрх дүүрэг 20-р хороо Хар усан тохойн хэсэгт байрлах иргэний ахуйн зориулалттай 03 тоот дугаартай газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах үйлдэл хийх эрхийг 3 жилийн хугацаатайгаар олгожээ.

2.4. 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Б.А, Б.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г болон Ш.Ж нар нь Баянзүрх дүүрэг 20-р хороо Хар усан тохойн хэсэгт байрлах иргэний ахуйн зориулалттай 03, 03 гэрчилгээний дугаартай тус бүр 700 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэхээр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г байгуулсан ба Ш.Жаас тус газруудыг эзэмших тухай хүсэлтийг газрын албанд гаргасны дагуу Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/1 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжаар Ш.Ж******* Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой хэсэгт байрлах 13, 13 нэгж талбарын дугаар бүхий тус бүр 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгож, гэрчилгээ олгожээ.

2.5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н гаргасан гомдлын дагуу Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга нь 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 01/2235 дугаар албан бичгээр ... гомд дурдсан асуудлаар шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу өгсөн.

2.6. Д.Н гаргасан гомдлын дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 06/5952 дугаар албан бичгээр ... гомдол гаргах хугацаа дууссан байх тул шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна гэсэн хариу өгсөн тул нэхэмжлэгч нар нь дээрх хариуг эс зөвшөөрч шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

3. Нэхэмжлэгч Б.А, Б.Б нар нь нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага, өөрчилсөн шаардлагын үндэслэлдээ:

3.1. Б.Б, Б.А бид төрсөн ах дүү нар бөгөөд бид анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 тоот захирамжаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Х******* байрлах 13, 13, 1 дугаар нэгж талбарын дугаар бүхий тус бур 700 м.кв талбай бүхий газрыг амины хашааны зориулалтаар дугаар бүхий Б.Б, Б.А тус газартаа оршин сууж ирсэн.

3.2. Улмаар тус газар дээр иргэн Б овогтой Г барилга барих саналыг тавьсны дагуу 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Барилга барих эрхээ худалдсан гэрээ"-г байгуулсан бөгөөд уг гэрээний агуулга нь Б.Г нь газар дээр барилга барих эрхийг олж авах, түүнчлэн газар эзэмших эрхийг өөртөө шилжүүлэн авах, үүний төлбөрт 15.000.000 төгрөгийг Б.Ад төлөх агуулгатай байсан. Ийм агуулгатай гэрээг Б.Бтай мөн яг ижил агуулгаар хийсэн байдаг.

3.3. Гэтэл Б.Г нь бидэнд амласан ёсоороо 15.000.000 төгрөг байтугай нэг ч төгрөг өгөөгүй бөгөөд бидний амьдарч байсан газарт барилга барих суурийн давхрыг ухаж, амьдрах аргагүй болгосон байсан. Бидний зүгээс Б.Гаас 2016 оны хавар, зун мөнгөө нэхэхэд Б.Г нь залилан хийсэн хэргээр шалгагдаж цагдан хоригдож байсан. 2016 оны намар шаардахад тэрээр нас барсан байсан.

3.4. Ингээд бидний зүгээс Б.Гаас нэг ч төгрөг аваагүй болно. Ингээд, газар эзэмших эрхийг сунгуулахаар Баянзүрх дүүргийн газрын албанд 2016 оноос эхлэн удаа дараа хандаж, бичиг баримтаа бүрдүүлэн өгч байсан. Гэтэл БЗД- ийн газрын албанаас бидний газар эзэмших эрхийг сунгаж өгөөгүй. Газрын албанаас танай газар дээр шүүхийн маргаан явж байгаа зэрэг шалтгаан хэлдэг байсан. Сүүлд газар эзэмших эрхийг сунгахгүй байсан шалтгаан нь бидний газрыг анхнаас нь газрын мэдээллийн санд оруулаагүй байсан. Энэ нь БЗД-ийн газрын албаны буруутай үйл ажиллагаа байсан (БЗД-ийн газрын албанаас өөрийн буруутай үйл ажиллагааг албан бичгээр хүлээн зөвшөөрсөн байдаг). Энэ талаар шүүх хуралдаанд гэрчээр оролцсон, тухайн үед БЗД-ийн газрын албанд манай газрыг хариуцан ажиллаж байсан газрын мэргэжилтэн Ц.О*******, М.Т нарын мэдүүлгээр нотлогддог. Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт хандсан бөгөөд тус газрын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 3/1614 тоот албан бичгээр мөн нотлогддог.

3.5. Иймд бидний газар эзэмших эрхийг сунгахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг сунгахыг даалгаж, бидний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маань сэргээж өгнө үү.

3.6. Өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/1 тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийн Б.Б, Б.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон хэсэг болон Б.Б, Б.А нарын газрыг Ш.Ж******* шилжүүлсэн хэсэг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар "Баянзүрх дүүргийн Засаг Даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/1 тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийн Б.Б, Б.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон хэсэг болон Б.Б, Б.А нарыг газрыг Ш.Ж******* шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгох гэж өөрчилж байна.

3.7. Бид анх Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 3/1614 тоот албан бичгээр бидний газар Ш.Ж******* хэрхэн шилжсэн талаар олж мэдсэн. Түүнчлэн Баянзүрх дүүргийн засаг даргад энэ асуудлаар гомдол гаргасан боловч 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01/2235 албан бичгээр Танаас ирүүлсэн гомдлыг хүлээн авч шалгаж үзэхэд тус дүүргийн 20 дугаар хороо, Х******* иргэн Ш.Жгийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй. Иймд гомд дурдсан асуудлаар шүүхэд хандан шийдвэрлэнэ үү" гэсэн хариуг өгсөн.

3.8. Ийнхүү Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан боловч 2023 оны 08 сарын 30-ны өдрийн 128/ШЗ2023/7023 дугаар шүүгчийн захирамжаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай" шийдвэр гаргажээ. Нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой" гэж заасны дагуу хүлээн авахаас татгалзсан.

3.9. Уг захирамжийн дагуу дээд шатны захиргааны байгууллагаар маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангах зорилгоор Нийслэлийн засаг даргад 2023 оны 09 сарын 08-ны өдөр гомдол гаргасан. Гомдлын хариуг 2023 оны 09 сарын 26-ний өдрийн 06/5952 тоот албан бичгээр мэдэгдсэн ба Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргах хугацаа дууссан байх тул гомдлыг шийдвэрлэх боломжгүйг мэдэгдсэн. Ингээд захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан болно. гэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ц шүүх хуралдаанд бичгээр гаргасан тайлбартаа:

4.1. Б.А, Б.Б нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засar даргад холбогдуулан гаргасан, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/1 тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох захиргааны эрх зүйн маргаан тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа билээ. Тус маргааны талаар дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна.

4.2. Б.Б, Б.А бид төрсөн ах дүү нар бөгөөд бид анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 тоот захирамжаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Х******* байрлах 13, 13, 1 дугаар нэгж талбарын дугаар бүхий тус бүр 700 м.кв талбай бүхий газрыг амины хашааны зориулалтаар эзэмшиж байсан. Б.Б, Б.А тус газартаа оршин сууж ирсэн. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан хорооны тодорхойлолт, гүүглийн сансрын зураг болон БЗД-ийн газрын албанд тухайн үед ажиллаж байсан гэрч нарын мэдүүлгээр нотлогдоно.

4.3. Улмаар тус газар дээр иргэн Б овогтой Г барилга барих саналыг тавьсны дагуу 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр "Барилга барих эрхээ худалдсан гэрээ"- г байгуулсан бөгөөд уг гэрээний агуулга нь Б.Г нь газар дээр барилга барих эрхийг олж авах, түүнчлэн газар эзэмших эрхийг өөртөө шилжүүлэн авах, үүний төлбөрт 15.000.000 төгрөгийг Б.Ад төлөх агуулгатай байсан. Ийм агуулгатай гэрээг Б.Бтай мөн яг ижил агуулгаар хийсэн. Тус хэлцлүүдийг нотариатаар баталгаажуулсан бөгөөд Б.А, Б.Б нар нь Б.Г 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр итгэмжлэл олгосон бөгөөд итгэмжлэлээр өөрийн эзэмшлийн 700 м.кв газрын эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, холбогдох гэрээ хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах эрхийг 3 жилийн хугацаатай Б.Г олгосон байдаг.

4.4. Улмаар Б.Г нь Ш.Ж******* 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдөр Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ"-г байгуулсан байдаг. Тус гэрээгээр Ш.Ж нь газар эзэмших эрхийг өөртөө шилжүүлэн авахаар тохиролцсон байх бөгөөд Б.А, Б.Б нарыг төлөөлж Б.Г гарын үсэг зурсан.

4.5. Гэтэл 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Б.Гтай байгуулсан Барилга барих эрхээ худалдсан гэрээ-ний дагуу Б.Г нь 15.000.000 төгрөгийн төлбөрөө Б.А, Б.Б нарт төлөөгүй буюу гэрээний үүргээ биелүүлээгүй.

4.6. Түүнчлэн Ш.Ж нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр БЗД-ийн газрын албанд Газар эзэмших эрхийг шилжүүлэн авах хүсэлт гаргасан байна. Тус хүсэлтээр Б.А, Б.Б нарын газрыг шилжүүлэн авахаар 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2016 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн газар эзэмших эрхийг шилжүүлэх эрхийг Б.Г олгосон итгэмжлэлийг хавсаргасан.

4.7. Тус хүсэлтийн дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20- ны өдрийн А/1 тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамж гарсан байх бөгөөд тус захирамжийн 3 дахь хэсэгт ...2011 оны А/573 дугаар захирамжийн Б*******ы Б, 2011 оны А/573 захирамжийн Б*******ы А нарт холбогдох заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай гэж, мөн захирамжийн 1 дэх хэсэгт Одоо эзэмшиж байгаа газраа нэр шилжүүлэхээр хүсэлт ирүүлсэн хавсралтад дурдсан нэр бүхий 44 иргэн, аж ахуйн нэгжийн 58102 м.кв талбайн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсүгэй" гэжээ.

4.8. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/1 тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийн Б.Б, Б.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон хэсэг болон Б.Б, Б.А нарын газрыг Ш.Ж******* шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

4.9. Баянзүрх дүүргийн Засаг даргын А/1 тоот захирамж нь иргэн Б.А, Б.Б бидний газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэн, газар эзэмших эрхийг маань дуусгавар болгосон захирамж юм Гэтэл Б.А, Б.Б нар нь газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх хүсэлтийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн газрын албанд гаргаагүй бөгөөд Ш.Ж нь аль 2016 оны 03 дугаар сарын 11-ны өдөр 3 жилийн хугацаатай олгосон хугацаа нь дууссан итгэмжлэлийн үндсэн дээр хийсэн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ"-нд үндэслэн захирамж гаргасан байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг илт зөрчсөн захиргааны акт болсон байна.

4.10. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд газар эзэмшигчийн эрхийг жагсааж өгсөн байх бөгөөд хуулийн 35.1.4-т "35.1.4.газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх; гэж зааснаас үзвэл газар эзэмшигч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр буюу өөрөө хүсэж газар эзэмших эрхээ шилжүүлэх, ингэхдээ газрын албаны зөвшөөрлийг авах талаар зохицуулж өгсөн байна.

4.11. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-д "Тодорхой хугацаагаар олгох итгэмжлэл гурван жилээс илүүгүй хугацаагаар, хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байна" гэж заасан байдаг. Гэтэл Б.А, Б.Б нараас Б.Г олгосон итгэмжлэл нь 2016 оны 03 дугаар сарын 11-ны өдөр олгосон байх бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дуусгавар болсон буюу Б.А, Б.Б нарыг төлөөлөх бүрэн эрх нь дуусгавар болсон.

4.12. Түүнчлэн, Б.Г нь 2016 оны намар нас барсан байх бөгөөд, Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.3-т хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол төлөөлөгч нас барсан бол" төлөөлөл дуусгавар болохоор хуульд тодорхой тусгаж өгсөн. Гэрч нарын мэдүүлэг болон хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбараар энэ үйл баримт нь нотлогддог бөгөөд үүнтэй маргасан зүйлгүй.

4.13. Өөрөөр хэлбэл Б.Гын төлөөлөх бүрэн эрх 2016 онд дуусгавар болсон байтал 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэн авах хүсэлтэд хавсаргасан төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн хийсэн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, итгэмжлэлийг үндэслэн газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Эндээс үзвэл Баянзүрх дүүргийн Засаг даргын А/1 тоот захирамж нь иргэн Б.А, Б.Б бидний газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэн, газар эзэмших эрхийг маань эрх зүйн үндэслэлгүйгээр дуусгавар болгосон хууль бус захиргааны акт юм.

4.14. Улмаар, Баянзүрх дүүргийн Засаг даргын А/1 тоот захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3, 38.3.1, 38.3.2, 38.3.3, 38.4 дэх заалтуудыг зөрчсөн хууль бус захиргааны акт юм.

4.15. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана" гэж заасан. Үүнээс үзвэл газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа тал болон шилжүүлэн авч байгаа тал аль аль нь гаргах ёстой талаар Газрын тухай хуульд тодорхой тусгаж өгсөн байна. Практикт ч энэ журмын дагуу хэрэгжиж талууд аль аль нь хүсэлтэд гарын үсэг зурж, өргөдлөө гаргадаг. Гэтэл манай тохи Газар эзэмших хүсэлтийг Ш.Ж Ш.Ж******* шилжүүлэх хүсэлтийг гаргаж байгаа нь хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчиж буй үйлдэл юм.

4.16. Газрын тухай хуулийн 38.2-т газар эзэмших эрхийг шилжүүлэхэд бүрдүүлэх бичиг 8 баримтыг тоочин заасан байдаг. Үүнд нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ; эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо; албан татвар, хураамж төлсөн тухай баримт;" зэргийг бүрдүүлэхийг хуульд тодорхой заасан гэтэл. Гэтэл "эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо; албан татвар, хураамж төлсөн тухай баримт байхгүй байхад газар эзэмших эрхийг шилжүүлж байгаа нь хууль зөрчиж буй үйлдэл. Хэрэв хуульд заасан журмыг баримталсан бол газар эзэмших эрхээ шилжүүлж буй тал болох Б.А, Б.Б нар эзэмших эрхээ худалдан борлуулж буй тул орлого олсон гэж үзэж хувь хүний орлогын албан татвар төлөх ёстой байсан (Газрын тухай хуулийн 38.6 дахь хэсэгт тодорхой хуульчилсан). Үүнийг төлөөгүй бол материал хүлээн авахгүй мөн газар эзэмших эрхийг шилжүүлэх боломжгүй юм. Түүнчлэн газар эзэмших гэрээний дагуу газрын төлбөрөө төлснийг баталгаажуулж газрын төлбөр тооцоо нийлсэн акт үйлдэхийг шаарддаг. Гэтэл энэ процесс огтоос хийгдээгүй байхад газар эзэмших эрх шилжиж байгаа нь хууль дээдлэх, хууль хүн бүрд адил тэгш үйлчлэх зарчим зөрчигдсөн үйлдэл юм.

4.17. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т "....дүүргийн газрын алба газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч дараах зүйлүүдийг тодруулна:" гээд үүнд нь энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх, шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх" зэрэг асуудлыг тодруулж, судлах процессын шаардлагыг зөрчсөн байдаг.

4.18. Түүнчлэн, Баянзүрх дүүргийн Засаг даргын А/1 тоот захирамжийн 1 дэх хэсэгт "Одоо эзэмшиж байгаа газраа нэр шилжүүлэхээр хүсэлт ирүүлсэн хавсралтад дурдсан нэр бүхий 44 иргэн, аж ахуйн нэгжийн 58102 м.кв талбайн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсүгэй" гэсэн байх бөгөөд Б.А, Б.Б нар нь өөрийн эзэмшлийн газраа Ш.Ж******* шилжүүлэх хүсэлт гаргаагүй, хүсэлтэд гарын үсэг зураагүй, материал бүрдүүлж өгөөгүй болно.

4.19. Өөрөөр хэлбэл өөрийн хүсэл зоригоос гадуур өөрийн эзэмшлийн газраа бусдад алдаж, бидний газар эзэмших хууль ёсны эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Тус асуудлаар, бидний эзэмшлийн газар бусдад хэрхэн шилжсэн талаар тодруулахаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт хандсан бөгөөд тус газрын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 3/1614 тоот албан бичгээр хариу ирсэн. Үүнд: "Газрын кадастрын мэдээллийн санд иргэн Б.Бгийн 13 дугаартай нэгж талбар болон иргэн Б.Алтанхундагын 13 дугаартай нэгж талбарыг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус тус бүртгэсэн байна. Газрын кадастрын мэдээллийн сангаас эдгээр нэгж талбаруудын шилжилт хөдөлгөөний мэдээллийг шалгаж үзэхэд иргэн Б.Бгийн 13 дугаартай нэгж талбарыг иргэн Б.Ж /ХБ/-д эрх шилжүүлэх 01110-07-03049-22 дугаартай өргөдөл, 13 дугаартай нэгж талбарыг иргэн Б.Ж Б.Ж******* эрх шилжүүлэх 01110-07- 03050-22 дугаартай өргөдлийг тус тус 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр бүртгэсэн байна. Тус хоёр өргөдлийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны хяналтын хурлаас "Шийдвэрлэх боломжгүй" гэж хаасан байна. Харин үүний дараа дахин тус системд 2022 оны 12 дугаар сарын 01-ны өдөр иргэн Б.Бгаас Б.Ж******* эрх шилжүүлэх 01110-07-03572-22 дугаартай өргөдөл, иргэн Б.Аас иргэн Б.Ж******* эрх шилжүүлэх 01110-07-03573-22 дугаартай өргөдөл тус тус бүртгэж 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны хяналтын хурлаас зөвшөөрсөн байх бөгөөд Дүүргийн Засаг даргын 2022 оны А/1 дугаар захирамжтай холбож Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн байна" гэжээ. Үүнээс үзэхэд Б.Б, Б.А бид 2022 оны 12 дугаар 01-ны өдөр Б.Ж******* газрын эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлт огтоос гаргаагүй бөгөөд бидний хүсэл зоригоос гадуур газар эзэмших эрхээ алдаж, хохирч байна.

4.20. Энэ талаар БЗД-ийн газрын албанд хандсан боловч газрын албанаас холбогдох хуулийн байгууллагад хандаж тогтоолгоно уу гэсэн хариуг ирүүлсэн болно. Түүнчлэн Баянзүрх дүүргийн засаг даргад энэ асуудлаар гомдол гаргасан боловч 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01/2235 албан бичгээр Танаас ирүүлсэн гомдлыг хүлээн авч шалгаж үзэхэд тус дүүргийн 20 дугаар хороо, Х******* иргэн Ш.Жгийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй. Иймд гомд дурдсан асуудлаар шүүхэд хандан шийдвэрлэнэ үү" гэсэн хариуг өгсөн болно.

4.21. Ийнхүү Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан боловч 2023 оны 08 сарын 30-ны өдрийн 128/ШЗ2023/7023 дугаар шүүгчийн захирамжаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай" шийдвэр гаргажээ. Нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой" гэж заасны дагуу хүлээн авахаас татгалзсан байна.

4.22. Уг захирамжийн дагуу дээд шатны захиргааны байгууллагаар маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангах зорилгоор Нийслэлийн засаг даргад 2023 оны 09 сарын 08-ны өдөр гомдол гаргасан. Гомдлын хариуг 2023 оны 09 сарын 26-ний өдрийн 06/5952 тоот албан бичгээр мэдэгдсэн ба Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргах хугацаа дууссан байх тул гомдлыг шийдвэрлэх боломжгүйг мэдэгдсэн.

4.23. Баянзүрх дүүргийн засаг даргаас уг асуудлаар шүүхэд хандан шийдвэрлэнэ үү гэсэн хариуг өгсний дагуу шүүхэд хандсан боловч шүүх нэхэмжлэлийг хүлээн аваагүй. Мөн урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагын дагуу Нийслэлийн засаг даргад хандсан боловч гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн. Тиймээс дээрх асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

4.24. Иймд, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/1 тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийн Б.Б, Б.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон хэсэг болон Б.Б, Б.А нарын газрыг Ш.Ж******* шилжүүлсэн хэсэг нь хууль бус захиргааны акт болохыг тогтоож, бидний газар эзэмших зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү. гэжээ.

5. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баас нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад өгсөн хариу тайлбартаа:

5.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 дугаар захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой хэсэгт иргэн Б.А, Б.Б нарт тус бүр 700 м.кв талбай бүхий газрыг амины хашааны зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрх олгож, гэрчилгээ олгосон байна.

5.2. Улмаар 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр иргэн Б.А, Б.Б нар нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гаар дамжуулан өөрийн эзэмших эрх бүхий дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой хэсэгт байрлах тус бүр 700 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Ш.Ж******* шилжүүлэх гэрээг байгуулж, тус албанд 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүсэлтийг ирүүлсэн байна.

5.3. Иргэн Ш.Ж ирүүлсэн хүсэлтийн дагуу "Газрын эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөл"-ийн хурлаар хэлэлцүүлэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/1 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Иргэн Ш.Ж дээрх 2 нэгж талбарыг шилжүүлэх тухай хүсэлтийг 2018, 2021 онуудад тус тус өгч байсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад тусгасан 2022 оны А/1 дугаартай захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй болно. гэжээ.

6. Хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

6.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 дугаар захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой хэсэгт иргэн Б.А, Б.Б нарт тус бүр 700 м.кв талбай бүхий газрыг амины хашааны зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрх олгож, гэрчилгээ олгосон байна.

6.2. Улмаар 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр иргэн Б.А, Б.Б нар нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гаар дамжуулан өөрийн эзэмших эрх бүхий дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой хэсэгт байрлах тус бүр 700 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Ш.Ж******* шилжүүлэх гэрээг байгуулж, тус албанд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус тус хүсэлтийг ирүүлсэн байна. Улмаар иргэн Ш.Ж ирүүлсэн хүсэлтийн дагуу "Газрын эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөл"-ийн хурлаар хэлэлцүүлэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/1 дугаартай захирамжаар Б.Аас нэгж талбарын 13 дугаартай 700 м.кв, Б.Бгаас нэгж талбарын 13 дугаартай 700 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг тус тус Ш.Ж******* шилжүүлэн гэрчилгээ олгосон.

6.3. Мөн иргэн Б.А, Б.Б нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр дууссан боловч 2016 оноос хойш газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг архивын мэргэжилтнээр шүүлгэхэд өргөдөл, гомдлын бүртгэлд бүртгэгдээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан иргэн Б.А, Б.Б нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.А, Б.Б нараас Баянзүрх дүүргийн Засаг даргад 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 дугаар захирамжаар Б.Б, Б.А нарт эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Х******* байрлах 13, 13 нэгж талбарын дугаар бүхий тус тус газруудын эзэмших эрхийг сунгахгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/1 тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийн Б.Б, Б.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон хэсэг болон Б.Б, Б.А нарын газрыг Ш.Ж******* шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан.

2. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.А, Б.Б нарт тус дүүргийн Хар усан тохойн хэсэгт амины хашааны зориулалтаар 700 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн огноотой 03 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг Б.Бд, 03 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг Б.Ад тус тус олгосон байна. /хх1-11-15 тал/

4. Харин 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Иргэд хоорондын хэлцэл-ийг Б.А нь Б.Гтай хийсэн, уг хэлцэлд Б.А нь дээрх газрын болон уг газар дээр амины орон сууцны барилга барих эрхийг шилжүүлэн өгөхөөр, Б.Г нь орон сууц барих эрх шилжүүлэн авсны төлбөр болгон нийт 15 сая төгрөгийг төлөхөөр тохиролцсон. /хх1-29 тал/

5. Мөн өдрөө Б.Аас Б.Г дээрх газрыг эзэмших эрхийг бусдад шилжүүлэхийг зөвшөөрч байгаа тул холбогдох гэрээ, хэлцэл хийх, гэрээ болон холбогдох бичиг баримтад төлөөлж гарын үсэг зурах, нотариатад төлөөлөх, түүнтэй холбоотой үйлдэл хийх бүрэн эрхийг олгосон итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай олгосон. /хх1-32 тал/

6. Нэхэмжлэгч Б.Б нь 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр газар эзэмших эрхийг шилжүүлэх, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах үйлдэл хийх эрх бүхий итгэмжлэлийг 3 жилийн хугацаагаар Б.Г олгосон. /хх1-65 тал/

7. Улмаар 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Б.А, Б.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нь гуравдагч этгээд Ш.Жтай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус байгуулсан. /хх1-38, 69 тал/

8. Гуравдагч этгээд Ш.Ж нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ... газрын эзэн Я******* овгийн Б******* овогтой Н******* /РД:ОН*******/, Б******* овогтой А /РД:ОН/, Б******* овогтой Б /РД:ОН/ эдгээр хүмүүсийн газрыг миний нэр дээр шилжүүлэх тул үүнээс Б.Н******* /РД:ОН*******/-ийн газар эзэмших гэрчилгээг бусдад шилжүүлэхийг бидний хөрөнгө оруулагч нар асуудлыг шийдтэл түр зогсоож шилжүүлэг хийхгүй байхыг хүсэж бидэнд туслалцаа үзүүлнэ үү... тухай өргөдлийг газрын албанд гаргасан байсан болох нь Өргөдөл гомдлын бүртгэл-9 дэвтрийн хуулбар, өргөдөл, гомдлын бүртгэл, хяналтын картын маягт, өргөдөл зэргээр тогтоогдоно. /хх1-40-45 тал/

9. Мөн Ш.Ж нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Газар эзэмших тухай хүсэл-ийг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан байна. /хх1-63-64, 70-71 тал/ Энэхүү хүсэлтдээ иргэний үнэмлэхний хуулбар, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг, газрын байршлын кадастрын зураг зэргийг хавсарган өгсөн гэж тэмдэглэжээ.

10. Уг хүсэлтийг үндэслэн маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/1 дугаар захирамжаар дээрх 2 газрыг Ш.Ж******* шилжүүлэн эзэмшүүлж, 2011 оны А/573 дугаар захирамжийн Б.А, Б.Б нарт холбогдох заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсон /хх1-76-77 тал/ үйл баримтууд тогтоогдов.

11. Баянзүрх дүүргийн Засаг даргад 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 дугаар захирамжаар Б.Б, Б.А нарт эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Х******* байрлах 13, 13 нэгж талбарын дугаар бүхий тус тус газруудын эзэмших эрхийг сунгахгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

11.1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д зааснаар газар эзэмшигч нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах эрхтэй бөгөөд мөн хуулийн 37 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах талаар хуульчилсан байдаг.

11.2. Тус зүйлийн 37.1-д Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана: 37.1.1.газар эзэмших эрхийн гэрчилгээ; 37.1.2.газрын төлбөрийг төлсөн тухай баримт; 37.1.3.байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаархи тодорхойлолт. гэж заажээ.

11.3. Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 39 дүгээр зүйлийн 39.1-д Газар эзэмших эрх дараах тохи дуусгавар болно: 39.1.1.газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй гэж заасан.

11.4. Энэ маргааны тохи нэхэмжлэгч нарт Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 дугаар захирамжаар 5 жилийн хугацаатайгаар газар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байдаг бөгөөд гэрчилгээ олгосон хугацаанаас тооцоход 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан байна.

11.5. Нэхэмжлэгч нар нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахаар 2016 оноос захиргааны байгууллагад удаа дараа хандсан гэх боловч 2016, 2017, 2018 оны энэ талаарх баримтыг гарган маргаагүй, харин гэрч нарын мэдүүлгээр газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлт гаргасан нь нотлогдоно гэх боловч гэрч М.Т******* нь Баянзүрх дүүргийн Газрын албанд 2019-2022 он, гэрч Ц.О******* нь 2022 оны 2 сараас 10 сар хүртэл маргаан бүхий газар байрших 20 дугаар хороог хариуцан ажиллаж байсан, мөн энэ хугацаанд эдгээр газар зохион байгуулагч нартай нэхэмжлэгч нарыг төлөөлөн Д.Н нь уулзаж байсан гэх үйл баримт нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан 2017 онд нэхэмжлэгч нарыг гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлт гаргаж байсан үйл баримтыг нотлохгүй юм.

11.6. Түүнчлэн нэхэмжлэгч Б.А нь 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн огноотой Б.А гэрчилгээ авах төлбөр гүйлгээний утга бүхий банкны орлогын баримт /хх1-141 тал/, 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Ө******* ХХК-ийн гэрчилгээ үрэгдүүлсэн тухай зарын баримт /хх1-147 тал/, 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажил гүйцэтгэх гэрээ /хх1-148 тал/ зэргийг нотлох баримтаар өгсөн боловч эдгээр баримт нь газар эзэмших эрхтэй болохыг, мөн газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгуулах хүсэлт гаргаж байсан үйл баримтыг нотлохгүй байна.

11.7. Мөн нэхэмжлэгч нар нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т зааснаар газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй буюу газар эзэмших эрх олгосон 2011 оноос хойш газрын төлбөр огт төлж байгаагүй болох нь газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна.

11.8. Эдгээрээс нэгтгэн дүгнэхэд Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгуулах зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нараас хуульд заасан хугацаанд буюу 2017 онд бүрдүүлбэл зохих баримтуудыг хавсаргаж газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар өргөдөл хүсэлт гаргаж байсан нь нотлогдохгүй байхад нэгэнт газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан 2021, 2023 онд өргөдөл гомдлоо гаргаж байсан үндэслэлээр газар эзэмших эрхийг сунгах хууль зүйн үндэслэлгүй.

11.9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн болохыг тодорхойлохоор, мөн хуулийн  106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоохоор заасан.

11.10. Газрын тухай хуулиар тусгайлан заасан журмын дагуу тодорхой хугацаатай олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө газар эзэмшигч нь сунгуулах тухай хүсэлтээ захиргааны байгууллагад гаргах эрхтэй бөгөөд энэ хугацаанд хүсэлтээ гаргаагүй тохи газар эзэмших эрх дуусгавар болно. Газар эзэмших эрх дуусгавар болсон тохи газар эзэмших эрхгүй тул уг газартай холбоотой аливаа шаардах эрх нэхэмжлэгч нарт үүсэхгүй, иймд нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг зөрчигдсөн гэж үзэхгүй тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

12. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/1 тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийн Б.Б, Б.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон хэсэг болон Б.Б, Б.А нарын газрыг Ш.Ж******* шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгох шаардлагыг дараах үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.Шүүгч дараахь тохи нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:, 54.1.5-д ...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж тус тус заасны дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

12.1. Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааны 30 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д ...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэсэн хэсгийг тайлбарласан бөгөөд үүнд, а/ Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон захиргааны үйл ажиллагаа нь тухайн этгээдэд чиглээгүй, түүний эрх зүйн байдлыг хөндөөгүй нь илэрхий, тодорхой бол уг этгээдийг тухайн асуудлаар маргах эрхгүй буюу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзнэ. Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй захиргааны үйл ажиллагаа, шийдвэр нь нэхэмжлэл гаргагч этгээдийн эрх зүйн байдалд шууд болон шууд бусаар нөлөөлөхөөргүй байвал түүнд чиглэсэн үйлчлэлгүй гэж үзнэ. гэж тайлбарлажээ.

12.2. Дээр дүгнэсэнчлэн нэгэнт нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа нь 2017 онд дуусаж, газар эзэмших эрхгүй болсон тул цаг хугацааны хувьд дараа нь гарсан Ш.Ж******* газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/1 дугаар захирамжид нэхэмжлэгч нараас маргах эрхгүй бөгөөд уг захирамж нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол аливаа байдлаар хөндөхгүй бөгөөд маргаан бүхий актыг хүчингүй болгосон ч нэхэмжлэгч нарт сэргээгдэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй юм.

12.3. Иймд уг захиргааны актад нэхэмжлэгч нар нь маргах эрхгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байгаа тул тус захирамжийн хууль зүйн үндэслэл, нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж байгаа үндэслэлд шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А, Б.Б нараас Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргад 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 дугаар захирамжаар Б.Б, Б.А нарт эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Х******* байрлах 13, 13 нэгж талбарын дугаар бүхий тус тус газруудын эзэмших эрхийг сунгахгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.А, Б.Б нараас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/1 тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийн Б.Б, Б.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон хэсэг болон Б.Б, Б.А нарын газрыг Ш.Ж******* шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ