| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2017/0561/Э |
| Дугаар | 486 |
| Огноо | 2017-11-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Мөнхзул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 486
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Д.Мөнхням,
улсын яллагч А.Мөнхзул,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваасүрэн,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708005610053 дугаар хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Бийн Б /РД:.../.
Б.Б нь 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт эхнэр Э.Хтэй хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан, нүүр, гар, хөлөн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 7 дугаар сарын 24-нд гурван хүүхдээ авах гээд очтол 10 настай охин маань “Өчигдөр ээж М гэх хүнтэй “хайраа” гээд ярьсан гэж хэлсэн. 3 хүүхдээ аваад явж байтал эхнэртэйгээ гудамжинд тааралдсан. Дөрвүүлээ юм ярья гээд машиндаа суулгаад энэ талаар хэлсэн. Эхнэр “үгүй” гэсэн. Мгийн дугаарыг өг гэхэд “үгүй, би чам шиг биш” гэж хэлсэн. Эхнэр яриулахгүй гэж утас булаацалдаж би ар дагзаараа эхнэрээ мөргөсөн. Мтэй уулзъя гээд утсаар ярьж уулзсан. Би Мтэй барилцаж авсан. Тэнд зам дээр зодолдсон. Эхнэр салгасан. Би М рүү дайрч цохилцсон. Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахад ар гэрээ хэрхэн авч явах, тэжээх вэ гэдэг асуудал хэцүү болно. Торгох ял оногдуулж өгнө үү” гэв.
Эрүүгийн 1708005610053 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Э.Хийн: “2017 оны 4 дүгээр сард Б намайг шоудаад “гадуур хонолоо” гээд хэрэлдээд бид хоёр зодолдсон. Би өргөдөл гаргаж Быг 14 хоног баривчлуулсан. ...2017 оны 7 дугаар сарын 24-ний 22 цагийн үед ажлаа тараад гэртээ харих гээд гудамжинд явж байтал Б машинтайгаа хүүхдээ сулгаад явж байгаад надтай тааралдсан. Машинд суу гээд чирч суулгаад “яасан овоо гичий вэ “гэж хэлээд Б цохиж зодоод “Мтэй явалдаад байна, чи өөр хүнтэй яв” гээд зам уруу ороод миний гар утсыг булааж аваад өгөхгүй болохоор нь утсаа авах гэж оролдоход зүүн нүд рүү дагзаараа мөргөсөн. ...М удалгүй иртэл ямар ч үгийн зөрөөгүй Б зууралдсан. Би салгах гэтэл Б “чи энийгээ өмөөрлөө” гээд миний толгой уруу гараараа олон удаа цохиж гэдэс рүү өшиглөсөн. Нэхэмжлэх зүйлгүй, бид хоёр эвлэрсэн... гэх мэдүүлэг /хх-8-9/,
Гэрч Г.Мгийн: “2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ...надтай цуг ажиллаж байсан Х гэж дууддаг Х гэх эмэгтэйн нөхөр нь гээд нэг залуу над руу залгаад “ярих юм байна, уулзах хэрэг байна, өгөх юм байна” гээд дуудаад байхаар нь би түүний дуудсан газар болох Баянхошууны хуучин эцсийн урагш Хилчин явах талд багцаагаар 22 цаг өнгөрч байхад очсон. Нөхөр нь гэх залуу машинд орж ирээд үгийн зөрүүгүй зуураад авсан. Тэгээд надаас зуураад зууралдаж байгаад машины хойд суудал руу ороод миний дээр гараад намайг дараад авсан. Салаад машинаас буухад тэр залуу надаас зуурчихаад цохих гээд байхад нь Х салгах гэхэд уурлаад над руу “чи манай гэр бүлийг салгасан, чи энэнтэй явсан” гээд Хийн толгой, нүүр орчимд гараараа хоёр гурван удаа цохиод, гэдэс рүү нь нэг удаа өшиглөсөн. Түүнээс өөрөөр тэнд ямар нэгэн зодоон болоогүй, маргалдаж зогсож байгаад салж явсан. Надад учирсан гэмтэл шарх байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надаас зуурч байгаад л салсан. Цохиж зодсон зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-10-11/,
Насанд хүрээгүй гэрч Б.Хын: “Би яг хэдний өдөр байсныг санахгүй байна, ямар ч байсан гадаа харанхуй байсан. Аав дүү бид гурвыг эмээгийнд байхад очиж аваад аавын машинаар явж байсан чинь ээж гудамжинд тааралдаад машинд суугаад, аав, ээж юунаас маргалдсаныг мэдэхгүй хоорондоо маргалдаад хэрэлдээд байсан. Тэгээд аав толгойгоороо ээжийн нүүр рүү мөргөсөн. Тэгээд цаашаа юу болсон талаар би санахгүй байна. Аав, ээж хоёр юунаас болж маргалдсаныг би мэдэхгүй байна. Ямар ч байсан машин бариад явж байхдаа ээжийн нүүр рүү толгойн ар дагз хэсгээрээ нэг удаа мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-15/,
Насанд хүрээгүй гэрч Б.Үгийн: “Би яг хэдний өдөр байсныг санахгүй байна. Тэр өдөр гадаа харанхуй байсан, аав, ээж хоёр машин дотор маргалдаад байсан. Тэгээд би унтаад өгсөн. Аав, ээж хоёр юунаас болж маргалдсаныг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-17/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.07.31-ний өдрийн 9543 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Э.Х-н биед тархи доргилт, баруун шанаа, чихний ар хэсэг, хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, баруун гуя, баруун шуунд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд зөөлөнд эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ /хх-20/,
Шүүгдэгч Б.Бы яллагдагчаар өгсөн: “Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би эхнэр Хтэй 2017 оны 5 дугаар сараас хойш М гэх залуутай холбогдоод тэр асуудлаас болоод бид хоёр тусдаа амьдарч байсан. 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 22 цагийн орчим би Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ... тоотод очоод 3 хүүхдээ авахад эхнэр гэртээ байхгүй байсан. Гудамжинд эхнэр Хтэй тааралдсан. Тэгээд “гурван хүүхдээ бодоод хоёулаа нийлъе” гэж хэлэхэд “үгүй” гэхээр нь “би тэгвэл хоёулаа тэр Мтай чинь очиж уулзана” гээд машинд суулгаад явж байтал араас эхнэр Х жолоо булаацалдаад цохиж аваад байхаар нь Баянхошууны хуучин эцсийн орчим ар дагзаараа нүүр рүү нь мөргөчих шиг болсон. Тухайн үед М гэгчийн утсыг аваад Мг дуудсан. М удалгүй ирэхээр нь “чи миний гурван хүүхдийг эхгүй болголоо, миний амьдралаар тоглолоо” гээд заамдаж аваад зодолдсон. Тэгээд Х салгасан. Тэгтэл М зугтаагаад явсан, эхнэр явсан. Би 2017 оны 4 дүгээр сард эхнэрийгээ Мтай явалдаад байхаар нь нэг удаа шилэн хүзүү рүү нь цохиж алгадсан. Тэгээд эхнэр цагдаад өргөдөл өгөөд би 14 хоног баривчилгаанд явсан. Өмнө нь эхнэртээ гар хүрсэн асуудал байхгүй. Би тухайн үед Мтэй уулзаад заамдалцаж байхад эхнэр Х голоор ороод байхаар нь би Хийг ганц хоёр удаа хувцаснаас дугтчиж татсан. Өөр цохиж зодсон асуудал байхгүй. Манай хүүхдүүд Мтэй уулзаад байгаа талаар хэлсэн. Би бол Мг манай эхнэртэй явж байгааг хараагүй, харин манай хүүхдүүд мэдээд байгаа.
...М гэх залуу манай эхнэр рүү байнга мессеж бичиж, энээ тэрээ гэснээс болж би жолоо барьж явахдаа эхнэрээ жолоо булаацалдахаар нь санамсаргүй мөргөсөн. Тэрнээс өөр зүйлгүй. Би эхнэртэйгээ эвлэрсэн, одоо хамт байгаа...” гэх мэдүүлэг /хх-68-69, 80/,
Хохирогч Э.Хийн өргөдөл /хх-3/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 354 дүгээр шийтгэвэр /хх-43-44/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-30/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31/, яллах дүгнэлт /хх-91/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогч нэхэмжилсэн зүйлгүй. Гэмт хэргийн улмаас хөнгөн хохирол учирсан” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч гэм буруугүй. Зам тээврийн осол гарахаас урьдчилан сэргийлж хохирогчийг ар дагзаараа мөргөсөн. Санаатай мөргөөгүй. Яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй. Хохирогч Х хохирол нэхэмжлээгүй. Хэнд хор уршиг учирсан талаар нэг ч баримт байхгүй. Шүүх эмнэлгээр худлаа дүгнэлт гаргуулсан, шийтгэвэр мөн худлаа. Хохирогч Х, гэрч М гарын мэдүүлэг үг, үсгийн зөрүүгүй адил байгаа нь эргэлзээтэй. Толгой руу нь ганц мөргөсөн үйлдлийг гэмт хэрэг болгоод байна. Хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус гэм буруугийн талаар дүгнэлт гаргалаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б 2016 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоорондын таарамжгүй харилцааны улмаас эхнэр Э.Хтэй маргалдан нүүр, гар, хөлөн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд “тархи доргилт, баруун шанаа, чихний ар хэсэг, хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, баруун гуя, баруун шуунд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Э.Хийн “...Машинд суу гээд чирч суулгаад “яасан овоо гичий вэ “гэж хэлээд Б цохиж зодоод “Мтэй явалдаад байна, чи өөр хүнтэй яв” гээд зам руу ороод миний гар утсыг булааж аваад өгөхгүй болохоор нь утсаа авах гэж оролдоход зүүн нүд рүү дагзаараа мөргөсөн. ... Би салгах гэтэл Б “чи энийгээ өмөөрлөө” гээд миний толгой руу гараараа олон удаа цохиж гэдэс рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-8-9/, гэрч Г.М “Тэр залуу надаас зуурчихаад цохих гээд байхад нь Х салгах гэхэд уурлаад над руу “чи манай гэр бүлийг салгасан, чи энэнтэй явсан” гээд Хийн толгой, нүүр орчимд гараараа хоёр гурван удаа цохиод, гэдэс рүү нь нэг удаа өшиглөсөн. Түүнээс өөрөөр тэнд ямар нэгэн зодоон болоогүй, маргалдаж зогсож байгаад салж явсан...” гэх мэдүүлэг /хх-10-11/, насанд хүрээгүй гэрч Б.Хын “...аав, ээж юунаас маргалдсаныг мэдэхгүй хоорондоо маргалдаад хэрэлдээд байсан. Тэгээд аав толгойгоороо ээжийн нүүр рүү мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-15/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.07.31-ний өдрийн 9543 дугаар шинжилгээ /хх-20/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дээрх дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна. Тухайлбал шүүгдэгч Б.Бы үйлдлийн /цохих, өшиглөх/ улмаас хохирогч Э.Хийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.07.31-ний өдрийн 9543 дугаар “...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх-20/ гэх шинжилгээгээр тогтоогдож байна. Харин шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “Зам тээврийн осол болохоос урьдчилан сэргийлж ар дагзаараа хохирогчийг мөргөсөн. Санаатай мөргөөгүй. Хохирогч Э.Х шүүгдэгчийг гүтгэж мэдүүлэг өгсөн. Хохирогч болон гэрч Г.М нарын мэдүүлэг үг, үсгийн зөрүүгүй адил байгаа нь эргэлзээтэй. Шинжээчийн дүгнэлт, шүүхийн шийтгэврийг хуурамчаар гаргуулсан. Гэм буруугүй гэж үзэж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлт нь шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн байдал, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй тул өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй юм.
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Хийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч Б.Быг энэ тогтоолоор бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж дүгнэсэн болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн асуудлаар маргасныг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Торгох ял оногдуулах боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгчийн эдийн засгийн хувьд торгох ял хэрэглэх боломжгүй байгаа. Хохирогч, шүүгдэгч нар эвлэрээд хамт амьдарч байгаа. Мөн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь шүүгдэгчийн ар гэрийн байдлыг улам дордуулахаар байгаа юм. Иймд тэнсэж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргав.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг /бага насны гурван хүүхэдтэй, ажилдаа буцаж орно торгох ял оногдуулж өгөөч гэсэн шүүгдэгчийн эцсийн үг/ харгалзан тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, улмаар ялтны цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 6 /зургаа/ сарын хугацаанд торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Бы үйлдсэн хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хорих ял оногдуулахаар хуульчлаагүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Бийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б 450000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б бусдад төлөх төлбөргүй, урьдчилан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР