Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2020/ДШМ/1213

 

 

 

 

 

 

     2020           9             18                                        2020/ДМШ/1213

 

 

Б.Цхолбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Б.Дэлгэрмаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бөмгөөлөгч Х.Даваахүү,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1559 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Дэлгэрмаагийн бичсэн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 39 дугаартай эсэргүүцлээр Б.Цхолбогдох эрүүгийн 1903012660018 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Б.Ц, 1987 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .............. суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................./;

 

Б.Цнь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл” гэж заасныг зөрчиж, 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 13 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, автобусны буудлын зүүн талын замд “Toyota Prius” маркийн 45-24 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа мөн дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг зөрчсөний улмаас явган хүний замаар явж байсан явган зорчигч Б.Амөргөж, Б.А зам дээр шидэгдэж унах үед мөн замаар явж байсан явган зорчигч Б.Бадамням цохигдож, Б.Бадамнямын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, уг гэмт хэргийн улмаас явган зорчигч Б.Анударийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Б.Цүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Мөрдөгчөөс бүрэлдэхүүнтэй шинжээч томилох тогтоол үйлдэж Шүүхийн  шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсэн боловч дүгнэлтийг 4 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан бөгөөд Мэдрэлийн талаас төлөөлж орсон Отгонбаяр нь шинжээч томилсон тогтоолтой танилцаагүй, түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд заасан эрх, үүргийг танилцуулаагүй дүгнэлт гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоосон шинжээчийн дүгнэлт нь хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлэхэд болон шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримт бөгөөд шүүхээс нэмэлт болон дахин дүгнэлтээр нөхөн гүйцэтгүүлэх боломжгүй. Шүүгдэгч Б.Цнь мэдрэлийн эмчийн хяналтанд байсан гэх баримтууд хэрэгт авагдсан байгаа тул дүгнэлт гаргуулахдаа энэ талын мэргэжлийн шинжээч нараас бүрэлдэхүүнд олонхийг нь томилж оролцуулах, өөр өөр мэргэжлийн шинжээч оролцуулж байгаа тохиолдолд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагад нийцүүлж дүгнэлт гаргуулахыг, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 19.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан асуудлуудын талаар шинжилгээг бүрэн гүйцэд хийлгэх шаардлагатай байна. Иймд дээрх ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

            Прокурор Б.Дэлгэрмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдаанд шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч Я.Ганхүү... нарыг оролцуулж, шүүх хуралдаан явагдсан. Өөрөөр хэлбэл талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй, шүүхийн санаачлагаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийгдээгүй байхад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1559 дугаартай шүүгчийн захирамжид “...анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж...” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн.  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Б.Цхолбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 2020/ДШМ/572 дугаартай магадлалд “...Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд уг байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар мөн зүйлд заажээ. ...Зөвхөн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүх шинжилгээ хийлгэх шийдвэр гаргахаар заажээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд Б.Цхолбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул...” гээд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Мөн нөгөө талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлд “Сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээ хийлгэх” журмыг хуульчилсан бөгөөд “...яллагдагчийн сэтгэцийн эрүүл мэндэд эргэлзэх үндэслэл байвал хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоолгохоор шинжээч томилох хүсэлтийг шүүхэд гаргана. Шүүх хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл шинжээч томилно.” гэж заасан бөгөөд өмнөх анхан шатны болон давж заалдах шатны шүүх хурлуудад хохирогчийн өмгөөлөгч дахин дүгнэлт гаргуулах талаар удаа дараа хүсэлт тавьж байсан, шинжээч Я.Ганхүү дүгнэлтээ хамгаалж чадаагүй зэрэг нөхцөл байдлуудаас шүүхээс дахин шинжилгээ томилох үндэслэл тоггоогдсоор байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1, 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЗ/1559 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бөмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би энэ хэрэгт эхнээс нь яваагүй. Сүүлийн анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн байна. Жолоодох эрхгүй байсан байна. Мөн тээврийн хэрэгсэл жолоодохооргүй өвчтэй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна. Техникийн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гарсан. Шүүх хуралдаанд шүүх эмнэлгийн шинжээч Нэргүйг оролцуулсан. Нэргүй шинжээч хэлэхдээ “шүүгдэгч нь урд нь сэтгэцэд үзүүлж байгаагүй. Мэдрэлийн гаралтай өвчтэй хүн байсан. Бид мэдрэлийн гаралтай өвчнийг сайн мэдэхгүй учраас Отгонбаяр гэх эмчийг дүгнэлт гаргахдаа оролцуулсан юм” гэдэг. Шүүгдэгчийн өвчтөний карт дээр “2 удаа Сэтгэцийн эмнэлэгт үзүүлсэн. Сэтгэцийн өвчин байхгүй, эм уугаад явж байсан” гэдэг. Шинжээч Нэргүй шүүгдэгчийг сэтгэцийн өвчтэй гэдгийг хэлж чадаагүй. Миний хувьд Сэтгэцийн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул уг дүгнэлтийг барихгүйгээр шууд гэм буруутайд тооцож өгнө үү. Эрүүгийн хариуцлага тооцох үндэслэлтэй гэдэг байр суурийг барьж байсан. Гэтэл анхан шатны шүүх хэргийг буцааж дахин шинжээч томилуулах асуудал гарахаар миний хувьд эргэлзээтэй байдалд орчихсон. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэе гэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэг хариуцах чадваргүй гээд ял оногдуулахгүй хуулийн заалт руу орох гээд байгаа учраас ямар ч байсан Сэтгэцийн шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд Б.Цхолбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж  үндэслэлтэй болжээ.

 

Прокуророос Б.Цзамын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 “механикжсан тээрийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл” гэж заасныг зөрчиж 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 13 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, автобусны буудлын зүүн талын замд “Toyota Prius” маркийн 45-24 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа мөн дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг зөрчсөний улмаас явган хүний замаар явж байсан явган зорчигч Б.Амөргөж, Б.А зам дээр шидэгдэж унах үед мөн замаар явж байсан явган зорчигч Б.Бадамням цохигдож, Б.Бадамнямын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, уг гэмт хэргийн улмаас явган зорчигч Б.Анударийн амь нас хохирсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 572 дугаар магадлалаар шүүгдэгч Б.Цхолбогдох хэргийг хянаад шүүх эрх хэмжээний хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинжээч томилж, шинжилгээ хийлгэх эрхтэйг заажээ.

 

Гэвч анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомсдлын улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй болсныг хэрэг хариуцах чадваргүйд тооцно” гэж,

мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч Б.Цнь уналт таталтын улмаас машины жолоодлогоо алдаж гэмт хэрэг үйлдсэн эсэх, уг байдал нь сэтгэцийн өвчинд хамаарах эсэх талаар прокурор дүгнэлт хийгээгүй байна гэж үзэв.

 

Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тохиолдол нь тухайн хүн гэмт хэрэг үйлдэх үедээ болон одоо ч сэтгэцийн байдал нь өөртөө, эсхүл бусдад аюул учруулахаар байх шинжтэй байхыг шаардана.

 

Иймд, шүүгдэгч Б.Цхэрэг хариуцах чадвартай эсэхийг эргэлзээгүй тогтоох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байсан яллагдагчийн сэтгэцийн байдал нь өөртөө, эсхүл бусдад аюул учруулахааргүй бол прокурор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

 

Шүүгдэгч Б.Цнь гэмт хэрэг үйлдэх үедээ Сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомсдлын улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй болсныг эргэлзээгүй тогтоосны эцэст түүний гэм бурууд дүгнэлт хийж, цаашид түүнд үүссэн сэтгэцийн байдал нь өөртөө, эсхүл бусдад аюул учруулахааргүй бол прокурор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэх талаарх хууль зүйн дүгнэлтийг прокурор хийх нь хуульд нийцнэ.

 

Иймээс шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Дэлгэрмаагийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 39 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1559 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Дэлгэрмаагийн бичсэн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 39 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Т.ӨСӨХБАЯР

 

                          ШҮҮГЧ                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                          ШҮҮГЧ                                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ