| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2023/02638/И |
| Дугаар | 183/ШШ2024/03541 |
| Огноо | 2024-09-06 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 183/ШШ2024/03541
| 2024 оны 09 сарын 06 өдөр | Дугаар 183/ШШ2024/03541 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, УБ Таун хотхон **-р байр. ** тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг М ХХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, 7 хэсэг. Тайм Скүэр. ***-**** тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг А ХХК / РД:6******2/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Зайсан Скүэр, 5 давхар, *** тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг Э**** ХХК /РД:*****/-д тус тус холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 357 933 870 төгрөг гаргуулах тухай үндсэн,
Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, гэрээний дагуу шилжүүлсэн 30 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмлэгчийн төлөөлөгч С.У ,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.У ,
хариуцагчийн төлөөлөгч Д.Б ,
нарийн бичгийн дарга Э.Т нар оролцов.
Нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ма ХХК хариуцагч А ХХК, Э ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 357 933 870 төгрөг гаргуулахаар шаардсныг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.
Хариуцагч гэрээний дагуу шилжүүлсэн 30 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: М ХХК нь А ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг нэг жилийн хугацаатайгаар байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс нь нэг сарын 80 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцоод тус гэрээгээр Өмнөговь аймгийн Гурвантэс сум Овоот толгой уурхай дээр 25 орчим тоног төхөөрөмжүүдээр 60-70 орчим ажилчдад ээлж бүрд нь ажлын даалгавар өгөх, өдөр шөнийн ээлжид нь хяналт тавих маркшейдер инженерүүд хэмжилт хийж хийсэн ажлын хэмжээг нь гаргаад хил хязгаарыг нь тогтоож өгч байсан. Мөн геологийн инженерүүд уурхайн нүүрс олборлолт явуулж буй хэсэгт агуулах дээрх нүүрс дээр нь мөн хяналт тавьдаг. Мөн С компанийн одоо инженерүүдээс Н авч уулын мастеруудаа чиглүүлэн гэрээнд заасан ажил үүргийг ерөнхийдөө хийж гүйцэтгэсэн. Мөн гэрээнд зааснаар ажил хийлгэсэн ажлын тайланг 7 хоног болон нэг сараар нь ажлын тайланг гаргаад захиалагчийн зааврын дагуу өгсөн мэйлд нь хүлээлгэж өгдөг байсан. 2022 оны 10 дугаар сарын 05-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийг хүртэлх хугацаанд гэрээнд заасан ажил үүргийг хийж гүйцэтгэсэн мөн тус ажил хийж гүйцэтгэсэн хугацааны нийт хөлс нь 288 322 580 төгрөг болсон. Үүнээс захиалагч тал А ХХК нь 2022 оны 09 сарын 30-ны өдөр 30 000 000 төгрөг, 2022 оны 12 сарын 31-ний өдөр 9 700 000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 10 000 000 төгрөг нийтдээ 49 700 000 төгрөгийг ажил хийсэн хөлснөөс маань төлсөн байгаа. Үлдэгдэл 238 622 580 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй байгаа. Үүнээс шалтгаалаад манай компанид үүсэж байгаа эрсдэл нь ажилчдынхаа цалинг тавьж өгч чаддаггүй. Дээрээс нь татвар дээр маш их хэмжээний өр, авлага үүсчихсэн явж байна. Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрийг 238 622 580 төгрөг. Үүн дээрээ гэрээний 4.4 дэх хэсэгт заасны дагуу 0.5 хувийн алданги тооцоод гэрээний үүргийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн учраас алданги нь 119 311 290 төгрөг, нийтдээ 357 933 870 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
2. Хариуцагч М ХХК-ийн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С ХХК нь Өмнөговь аймагт Гурвантэс сумын овоотын толгойн ашиглалтын лицензийг эзэмшдэг. С ХХК-тай Э ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр SGS/2322 ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байдаг. Энэ нь 2 дугаар хавтаст хэргийн 75 дугаар хуудаст тусгагдсан С ХХК-ийн уурхайд Э ХХК нь хөрс хуулах болон олборлолтын ажлыг цаг алдалгүйгээр явуулах хэрэгцээ байсан ба энэ ажлынхаа хүрээнд М ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг цаг алдалгүй байгуулах шаардлагатай байсан ба Ш.Т нь Э ХХК-г итгэмжлэлгүйгээр тухайн үедээ төлөөлөх гарын үсэг зурах эрхгүй байсан учир Э ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсоны дараа Э ХХК-ийн нэрийн өмнөөс уг гэрээг байгуулахын оронд өөрийн эзэмшлийн уул уурхайн үйл ажиллагаа огт эрхэлдэггүй. М ХХК-ийн гүйцэтгэх ажлын үр дүн хүлээн авах этгээд бус А компаниар дамжуулж 2022 оны 10 дугаар сарын 01-ны өдөр М ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээгээр 2022 оны 10 дугаар сарын 05-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 13-ний хугацаанд Овоо толгой уурхай дээр Энгүй говь компанийн төслийн менежерийн хяналт дор М ХХК нь тодорхой үнэ бүхий Э компанитай холбоотой дээрх ажлуудыг хийгээд ажлын нийт үр дүнг нь Э компани хүлээлгэн өгсөн. Энэ нь дөнгөж саяхан бидний шинжлэн судлуулсан и-мэйлүүд дээр уг ажлыг өгсөн, хүлээн авсан этгээдүүдэд гаргасан. Мөн хавтаст хэргийн 1 дүгээр хуудасны 20-114 дүгээр хуудас дээр гаргасан маш дэлгэрэнгүй үйлдвэрлэлийн тайлан байгаа. Энэ нь М ХХК нь С компанид зориулж уг уул уурхайн ажлуудад хийсэн нотолгоогоо дүгнэлт гаргаж өгсөн. Майн лидер консалтинг ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан Э ХХК нь SGS 2322 ажил гүйцэтгэх гэрээний дагуу С ХХК-д хүлээлгэн өгсөн энэ нь 2 дугаар хавтаст хэргийн 117-124 дүгээр хуудсанд заасан баримтын дагуу уг ажлыг төлбөрийг нь хүлээн авсан байгаа. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ гэж заасан байдаг. Хариуцагч А ХХК нь уг ажлын үр дүнг хүлээн аваагүй, хүлээн авсан этгээд нь Э ХХК болох нь энэ баримтаар тогтоогдож байгаа юм. С ХХК нь М ХХК гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн аваагүй байсан бол Э ХХК-аар дамжуулж ажлын төлбөрөө төлөхгүй байсан. Мөн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчид шилжүүлнэ гэж заасан байдаг. Ажил гүйцэтгэгч буюу М г ХХК нь өөрийн хийсэн ажлын үр дүн захиалагч буюу хариуцагч А ХХК-д шилжүүлсэн бус хариуцагч Э ХХК-д шилжүүлсэн болох нь дээрх баримтуудаар нотлогдож байна. Мөн Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгүүлэхээр захиалсан захиалагчийн үүргийг гүйцэтгэсэн ажлын үр дүнг тухайн хүнд хүлээн авах гэж заасан хариуцагч А ХХК нь нэхэмжлэгч М ХХК-ийн үүрэг гүйцэтгэсэн ажлын үр дүнг ердөөсөө хүлээн аваагүй Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уг үүргийг гүйцэтгэснийг тооцно оо хэмээн заасан нь А ХХК нь уг үүргийн гүйцэтгэлээс ашиг олсон нөхцөл байдал тогтоогдоогүй. Хоёрдугаар хавтаст хэргийн 117-124 дүгээр хуудсанд авагдсан баримтын дагуу дан ганц Э ХХК нь уг үүргийн гүйцэтгэлийг хүлээн авч ашиг олсон нөхцөл байдал тогтоогдож байгаа тэгэхээр М ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авсан хариуцагч Э ХХК нь уг ажлын төлбөрийг дангаар төлөх ёстой субъект болох ба А ХХК нь уг үүргийн гүйцэтгэлийг төлөх субъект биш гэж үзэж байна. Уг хэлцэлд Энгүй говь ХХК нь 1 дүгээр хавтаст хэргийн 12-13 дугаар хуудсанд М ХХК-с Э ХХК-руу төлбөрөө төлөх шаардлага явуулсан бичиг хавсаргачихсан байгаа. Майн лидер консалтинг ХХК нь танай өмнөх эзэмшигч Ш.Т ийн А ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу О уурхайг танай компани болон Э захиалгын дагуу үйл ажиллагаа явуулсан бөгөөд тооцооны дагуу эдгээр төлбөр гарсан байна. Үүнийг төлж барагдуулна уу гэж дурдсан байгаа. Энэ нь М ХХК нь өөрийн ажлын хөлсийг төлөх үүрэг дан ганц Э ХХК хүлээх хэрэгтэй гэж өөрсдөө үзэж байсан нотолгоо гэж би харж байгаа. 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр М г ХХК нь Э ХХК-с өөрийн гүйцэтгэсэн ажлын хөлс нь 19 700 000 төгрөгийг өөрийн дансанд хүлээн авсан болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 12 дугаар хуудаст хавсаргасан мэдэгдлээрээ нотлогддог. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 20,45,57 дугаар хуудсанд С ХХК зориулж гүйцэтгэсэн М ХХК-ийн гүйцэтгэсэн ажил нь Э ХХК-ийн үйлдвэрлэлийн тайланд хавсаргасан байна. Уг тайлангууд нь М ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан этгээд нь дан ганц Э ХХК болохыг дахин нотолж байна. Э ХХК нь М ХК-ийн оролцоотой С ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлсөө С ХХК-с хүлээн авч байсан. Хавтаст хэргийн 2 дугаар хуудасны 117-124 талд авагдсан банкны хуулгаар нотлогддог. Тухайн хэлцэл нь А ХХК болон Овоот толгой дээр ажил гүйцэтгэж буй уг ажлын хүлээн авсан М ХХК болон Э ХХК нар нь ямар нэгэн хамтран ажиллах гэрээ, төлбөр мөнгөний нөхцөл огт байгуулагдаагүй, хөрс хуулах явц буюу 2022 оны 10 дугаар сарын 11-нд Ш.Төмөр нь Э ХК-г худалдан авч гүйцэтгэх захирлаар томилогдсон 2023 оны 04 дүгээр сарын 25-ний өдөр Эрдэнэ гэх хүн Ш.Т өс Э компанийн 100 хувийн хувьцааг өр болон авлагыг нь хянаад худалдаж авсан байгаа. Тэгэхээр А ХХК болон М ХХК-ийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 5.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх зохицуулалтын заалт хийгдсэн. Хийх ажлыг файлаар болон цаасаар хүлээлгэн өгнө, хүлээлгэн өгсөн материалыг шалгаж баримт актлаад хүлээн авна гэж заасан байгаа. Уг заалтын дагуу А ХХК нь М ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн баримт огт байхгүй байгаа. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: А ХХК нь уг хэлэлцэх харилцаанаас нэг ч төгрөгийг аваагүй, нэг төгрөгийн ашгийг олоогүй. Өмнөговь аймгийн Гурвантэс сум Овоо толгойд, байрлах нүүрсний уурхайд хөлс хуулах ажилтай огт холбоогүй, хууль эрх зүйн хангалттай мэдлэггүй улмаас уг гэрээнд гарын үсэг зуран гэрээлж оролцсон. Тэгэхээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хэлсэн хэлцэл хийсэн. Уг хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хуулиар тогтоосон хэргийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлсэн хэлцэл 56.1.9 дэх хэсэгт заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэсэн шаардлагуудыг хангаж байгаа учир 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу хэлцэл хийсэн талуудад нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй буюу Майн лидер консалтинг ХХК нь өөрт нь шилжүүлсэн 30 000 000 төгрөгийг нь эргүүлэн буцаан авах үүрэгтэй гэж үзэж байна. Иймд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тогтоож, талууд өгсөн авснаа буцааж өгч авч хэрэгжүүлж шүүхийн зүгээс гаргаж өгнө үү. Нэхэмжлэгч тал ажлын гүйцэтгэл, түүний төлбөртэй холбоотой зүйлүүдийг ярьсан. Уг зүйлүүдээ тухайн ажлыг хүлээн авсан талаасаа шинээр нэхэмжлэл үүсгээд шаардаад авахыг бидний зүгээс дэмжиж байна гэв.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2022 оны 10 дугаар сарын 01-ны өдөр бид М ХХК нь А ХХК-тай гэрээний эрх зүйн харилцаанд орсон байдаг. А ХХК болон Э ХХК нар нь хооронд ямар туслан гүйцэтгэх гэрээгээр манайхыг оруулж ирснийг бид нар мэдэхгүй. Ямар ч байсан М ХХК нь А ХХК-тай уул уурхайн О толгой гэх компанитай ажил гүйцэтгэх гэрээний дагуу гэрээнд орсон. А ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал Ш.Т гэдэг хүнээс Майн лидер консалтинг ХХК-д ямар мэдээлэл ирсэн бэ гэхлээр С ХХК-с танайх дээр Э ХХК гэх и-мэйл шинээр нээсэн. Та нар Э гэх и-мэйл рүү ажлаа тайлагнаад явуул гэж байсан. А ХХК-ийн Ш.Т гэдэг хүнээс ирсэн и-мэйлийн дагуу бид А буюу С ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа Гур гэх газарт хийсэн ажлаа и-мэйлээр гэрээний дагуу явуулж байсан. Гэрээний дагуу танайхаас өөрсдөөс чинь нээж өгсөн и-мэйлээс явуулахад А ХХК-ийн ажиллуулж байсан и-мэйлээс ажлыг хүлээж авлаа гэсэн и-мэйлүүд ирдэг байсан. Мөн Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч А ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар манай М ХХК-ийн ажил үйлчилгээгээ явуулж дуусаад хоёр сарын дараа эдгээр хүмүүс Э ХХК-г ямар нэгэн байдлаар зарсан тухай бид одоо л мэдэж байна. Манай М ХХК-г ажил үйлчилгээ явуулж байхад Э ХХК, А ХХК нь ашиг орлогоо хоорондоо яаж тохирч авч байсныг бид мэдэхгүй. Бидний зүгээс А ХХК-тай гэрээний харилцаанд орсныхоо хүрээнд тухайн гэрээнд заасан үйл ажиллагаагаа явуулаад дууссан. Иймээс тухайн гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлээ шаардаж байна гэв.
5. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, компанийн дүрэм, 2022.10.01-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, М ХХК-ийн 2023.04.18-ны өдрийн 1/15 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, ажилчдын ээлжээр явсан тухай мэйл, Э ХХК 2023 он 1 дүгээр долоо хоногийн үйлдвэрлэлийн тайлан, мөнгөн шилжүүлэгийн баримт, депозит дансны хуулга зэргийг ирүүлсэн. /1-хх-5-161, /
6. Хариуцагч талаас хавтаст хэрэгт итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023.04.04-ний өдрийн 1099 дүгээр худалдах, худалдан авах гэрээ, 2023.04.04-ний өдрийн 1098 дугаар компанийн эрх шилжүүлэх гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, зэргийг ирүүлсэн. /1-хх-174-181/
7. Шүүхээс М ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024.04.10-ны өдрийн 9/4659 дүгээр албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, С ХХК-ийн 2024.06.14-ний өдрийн 01/421 дүгээр хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2022.09.20-ны өдрийн SGS2322 дугаар ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний хавсралт, 2023.02.09-ний өдрийн SGS/2383 дугаар тээвэрлэлтийн гэрээ, Са ХХК-ийн харилцагч Э ХК-ийн өглөг авлагын тооцооны нэгтгэл, Эн ХХК-ийн 2023.02.02-ны өдрийн 23/16 дугаар хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг, төлбөрийн баримт, 73 дугаар хуудаст авагдсан байгаа. 2022 оны 10 дугаар сарын 01, 10 дугаар сарын 07, 10 дугаар сарын 14, 10 дугаар сарын 21, 12 дугаар сарын 06, 2023 оны 01 дүгээр сарын 02, 3 дугаар сарын 07, 04 дүгээр сарын 03, 04 дүгээр сарын 18 өдрийн мэйлд үзлэг хийж тэмдэглэлийг хавсаргасан. /2-хх-51-70, 74-124/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2022 оны 10 дугаар сарын 05-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийг хүртэлх хугацаанд гэрээнд заасан ажил үүргийг хийж гүйцэтгэж, гүйцэтгэсэн хугацааны ажлын хөлс 288 322 580 төгрөг болсон. Үүнээс захиалагч тал А ХХК нь 2022 оны 09 сарын 30-ны өдөр 30 000 000 төгрөг, 2022 оны 12 сарын 31-ний өдөр 9 700 000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 10 000 000 төгрөг нийтдээ 49 700 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 238 622 580 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй байгаа. Үүнээс шалтгаалаад манай компанид үүсэж байгаа эрсдэл нь ажилчдынхаа цалинг тавьж өгч чаддаггүй. Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 238 622 580 төгрөг, гэрээний 4.4 дэх хэсэгт заасны дагуу 0.5 хувийн алданги тооцоод гэрээний үүргийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн учраас алданги нь 119 311 290 төгрөг, нийтдээ 357 933 870 төгрөгийг нэхэмжилж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. гэж тайлбарласан.
4. Хариуцагч А ХК нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Са ХХК-тай Э ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр SGS/ 2322 гэх ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байдаг. С ХХК-ийн уурхайд Энгүй говь ХХК нь хөрс хуулах болон олборлолтын ажлыг цаг алдалгүйгээр явуулах хэрэгцээ байсан ба . Гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийг хүлээж аваагүй, ажлын хөлсийг Э ХХК төлөх үүрэгтэй. А ХХК нь уг хэлэлцэх харилцаанаас нэг ч төгрөгийг аваагүй, нэг төгрөгийн ашгийг олоогүй. Өмнөговь аймгийн Гурвантэс сум Овоо толгойд, байрлах нүүрсний уурхайд хөрс хуулах ажилтай огт холбоогүй, хууль эрх зүйн хангалттай мэдлэггүй улмаас уг гэрээнд гарын үсэг зуран гэрээлж оролцсон тул хариуцагч Э ХХК-ийн өмнөөс төлсөн 30 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, маргажээ.
5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1 М ХХК болон А ХХК-ийн хооронд 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан.
Уг гэрээгээр М ХХК нь Овоот толгой нэртэй уурхайн А ХХК-д хамааралтай хэсгийн уулын ажлын тайлан боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, олборлолтын үйл ажиллагаанд өдөр тутамд хяналт тавих, нүүрсний хаягдал бохирдолд хяналт тавих, хаягдалгүй цэвэр олборлох зөвлөгөө өгөх, уурхайн ахилт явсан хэсгүүдийг маркшейдерийн багажаар өдөр тутамд хэмжих зэрэг ажлыг хийж гүйцэтгэх, А ХХК нь ажлын хөлсөнд 1 сарын 80 000 000 төгрөгийг төлөх, гэрээ 1 жилийн хугацаатай байхаар тус тус тохиролцсон байна./хх-ийн 9-11/
6. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх..., захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. гэж заасан байна.
6.1 Хэргийн баримтаар гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 2022 оны 09 сарын 30-ны өдөр 30 000 000 төгрөг, 2022 оны 12 сарын 31-ний өдөр 9 700 000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 10 000 000 төгрөг, нийт 49 700 000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байх боловч хариуцагч А ХХК нь гэрээнд заасан ажлыг хүлээж аваагүй гэж маргасан.
6.2 Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдах болсон шалтгааны тухайд С ХХК, Э ХХК нарын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр SGS/2322 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээнээс тодорхой хэсэг ажлуудыг М ХХК-аар туслан гүйцэтгүүлэхээр уг гэрээг байгуулсан байх ба энэ нь Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д заасантай нийцсэн.
6.3 Дээрх гэрээг цаг алдалгүй байгуулах үүднээс Э ХХК-ийн өмнөөс А ХХК-ийн захирал Ш.Т байгуулсан талаар хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан ба хэргийн баримтаар Ш.Т нь Э ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2022 оны 11 сарын 10-ны өдөр бүртгэгдсэн байна./2-р хх-ийн 67-70/
6.4 Эдгээрээс дүгнэхэд А ХХК болон Э ХХК нарыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Ш.Т байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон ба дээрх гэрээгээр тохирсон ажлыг SGS/2322 гэрээний ажил гүйцэтгэгч Э ХХК-д хүлээлгэж өгсөн нь хэргийн баримтаар тогтоогдож байх хариуцагч А ХХК нь нэхэмжлэгч М ХХК-ийг гэрээнд заасан ажлыг хийсэн эсэхэд маргаагүй байна.
6.5 Нөгөөтэйгүүр, М ХК-ийн хийж гүйцэтгэх ажил нь талуудын байгуулсан гэрээний 6.3-т заасан захиалагч талын үйл ажиллагаа явуулж буй Олон овоот нэртэй А ХХК-д хамааралтай хэсэгт хийгдэх талаар тохиролцсон байх ба уг ажлыг М ХХК-ийн ажилчид тус газарт очиж, 2022 оны 10 сарын 05-ны өдрөөс 2023 оны 01 сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэж, хүлээлгэж өгсөн болох нь [email protected] хаягнаас [email protected] хаягт 2022.10.02, 2022.10.07, 2022.10.14, 2022.10.21, 2022.11.07, 2022.11.22, 2022.11.27, 2022.12.19, 2023.01.02-ны өдрөөс хүргүүлсэн ажилчдын талаарх цахим захидалууд, ажлын тайлан зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
7. С ХХК нь Э ХХК-тай 2022.09.20-ны өдөр SGS/2322 тоот Ажил гүйцэтгэх гэрээ, 2023.02.09-ний өдөр SGS/2383 тоот Тээвэрлэлтийн гэрээг байгуулж, уулын ажлын гэрээ 2023 оны 2 сард дуусгавар болсон болох нь Са ХХК-ийн 2024.06.14-ний өдрийн 01/421 албан тоот болон хавсаргасан баримтаар тогтоогдсон./2-р хх-ийн 74-124/
7.1 Эдгээрээс дүгнэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээ 2023 оны 1 сарын 13-ны өдрийг хүртэл үргэлжилж, цуцлагдсан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй., 355.2-т Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй. гэж зааснаар нэхэмжлэгч М ХК нь гэрээний үлдэгдэл төлбөрт 238 622 580 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
8. Талуудын байгуулсан гэрээний 4.4-т Хэрэв захиалагч тал гүйцэтгэгчийн нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногоос хугацаа хэтрүүлсэн хоног тутам үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлнө.гэж тохиролцсон байна.
Нэхэмжлэгч М ХХК нь 2022.10.01-ний өдрөөс 2023.01.11-ний өдрийг хүртэл төлөгдөөгүй төлбөрөөс 2023.04.18-ны өдрийг хүртэл хугацаа хэтэрсэн хоног тутамд алдангийг тооцож, нийт 129 843 091 төгрөгийн алдангийн тооцоолол гаргасан хэдий ч энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн үндэслэлээр алдангийг 119 311 290 төгрөгөөр шаардсан нь хуулийн дээрх заалтад нийцсэн.
9. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч А ХХК талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 10 сарын 01-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, гэрээний дагуу шилжүүлсэн 30 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.
2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр М ХХК-д гүйцэтгэсэн ажлын төлбөрт 30 000 000 төгрөг шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй.
Хэргийн баримт, талуудын тайлбар зэргээс дээрх гэрээ хуульд заасан шаардлага хангасан, хүчинтөгөлдөр гэрээ байгуулагдсан, түүнчлэн гэрээ хэрэгжиж дуусгавар болсон үйл баримт тогтоогдсон тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй.
10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас 357 933 870 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгож, хариуцагч А ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны баримтлан нэхэмжлэгч М ХХК хариуцагч Э ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 947 620 төгрөгийг, хариуцагч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308 000 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 342 150 төгрөгийг, улсын төсвөөс улсын тэмдэгтийн хураамжид 1 947 620 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ