Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2020/ДШМ/1214

 

 

 

 

 

 

    2020            9             18                                      2020/ДШМ/1214

 

 

 

Э.С, Н.И, Г.М, М.М, Э.Бнарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Баясгалан,

шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, Д.Батбаяр,

шүүгдэгч Н.И, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү,

шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Г.Мөнхбат, Т.Багахүү,  

шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Ц.Осоржамаа,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Г.Энхболд,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А, түүний өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Л.Оюун, Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 582 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.И,  шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Ц.Осоржамаа, шүүгдэгч Э.С, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А, шүүгдэгч Г.М,  шүүгдэгч Э.Бгийн өмгөөлөгч Г.Энхболд, Ж.Гантулга нарын хамтран гаргасан, шүүгдэгч Г.Мгийн өмгөөлөгч Г.Мөнхбат, Т.Багахүү нарын хамтран гаргасан, шүүгдэгч Э.Сгийн өмгөөлөгч Д.Тунгалаг, Д.Батбаяр нарын хамтран гаргасан, шүүгдэгч Н.Иий өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, шүүгдэгч М.М нарын гаргасан тус тус давж заалдах гомдлоор Э.С, Н.И, Г.М, М.М, Э.Бнарт холбогдох эрүүгийн 1905004780113 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Алаг адуу овгийн Э.С, 1996 оны 1 дүгээр сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; эцэг, эх, дүү нарын хамт ................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................./;

            2. Боржигон овгийн Н.И, 1999 оны 2 дугаар сарын 27-нд Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ............... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,  /РД: ............../;

            3. Хуруу овгийн Г.М, 1997 оны 1 дүгээр сарын 28-нд Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, МУИС-д сурч байсан гэх, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт .............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,  /РД:............../;

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 397 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн;

            4. Хатигин овгийн М.М, 1998 оны 1 дүгээр сарын 14-нд Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт ...................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,  /РД: ............./;

            5. Зургаадай овгийн Э.Батзаяа, 2001 оны 1 дүгээр сарын 21-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, МҮИС-д сурдаг гэх, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт ..........тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, / РД:.................../;

Шүүгдэгч Н.И, Г.М, М.М, Э.Бнар 2019 оны 1 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Sea” баарны орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, А.Бдарж унаган, толгой тус газар цохиж хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт,

 шүүгдэгч Э.С, Н.И, Г.М нар бүлэглэж “БЕАТ” караокены үүдэнд иргэн А.БЭ.С татаж унагасан үед толгойд нь цохиж их, бага тархины орой, суурь хэсгийн аалзан хальсан доорхи тархмал цус харвалт бүхий гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэгт,

шүүгдэгч М.М хохирогч Л.Этолгойн тус газар цохиж, эрүүл мэндэд нь зулайн няцарсан шарх, хамрын нурууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Э.С, Н.И, Г.М  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч М.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Алаг адуу овогт                     Э.С, Боржигон овогт Н.И, Хуруу овогт Г.М нарыг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, мөн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч Хатгин овогт М.Мыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэгт гэм буруутайд, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч Зургаадай овогт Э.Б нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Э.С, Н.И, Г.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар тус бүр 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Э.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.С, Н.И, Г.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар оногдуулсан 12 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн тус бүр 14 жилийн хугацаагаар хорих ялаар, М.Мод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 90 хоног буюу 3 сарын хугацааг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, Э.С, Н.И, Г.М, М.М, Э.Бнарын эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Э.С 488 хоног, Н.И 503 хоног, Г.М 411 хоног, М.М 226 хоног, Э.Б219 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, иргэний нэхэмжлэлээс цалингийн зээлийн үлдэгдэлд 15.613.970 төгрөг нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мгаас 2.037.812 /хоёр сая гучин долоон мянга найман зуун арван хоёр мянга/ төгрөг гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Аолгож, Э.С, Н.И, М.М, Э.Бнар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурдаж  шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.И давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2019 оны 1 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэж яваад энэ хэрэгт холбогдсон ба 23-24-нд шилжих шөнө 2 хэсэг зодоон болсон. Энэ 2 зодоонд би оролцсон минь үнэн. Тухайн үед үйл явдал маш хурдан болж өнгөрсөн ба камерт бүх зүйл тодоор харагддаг. Би хохирогчийн бие тус газар халдсан нь үнэн ба хохирогчийн толгойд дэвсэлж өшиглөсөн үйлдэл огт байхгүй байхад энэхүү эргэлзээтэй байдлыг нягтлан үзэлгүйгээр анхан шатны шүүхийн шүүгчид шийдвэр гаргасанд гомдолтой байна.  Би гэнэн томоогүй байдлаасаа болж алдаж эндэж хэрэгт холбогдсондоо харамсаж байна.  Би 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 1 жил 4 сар цагдан хоригдсон. Энэ хугацаанд маш их зүйл ухамсарлан ойлгосон.  Ахиж буруу алхам хийхгүй байхын төлөө энэ газраас хурдан гарч сурч боловсрон, хөдөлмөрлөн ар гэртээ чухал хүн, нийгэмд зөв иргэн болж төлөвшин, хүсэл мөрөөдөлтэй амьдрахыг хүсэж байна. ...” гэв.               

Шүүгдэгч Э.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 1 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө миний төрсөн өдөр байсан бөгөөд хэрэг гарах үед би өөрийн өдрийг баллахгүйн тулд зодоон бүрийг салгаж байсан. Тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн боловч өөрийн үйлдлээ хянах чадвартай байсан. Эхний зодоон болох үед би зодооныг салгаж, хүмүүсийг холдуулж байсан. Улмаар Мг нэг хүнтэй зодолдож байх үед амь хохирогч очиж зодоонд оролцох үед миний бие салгах зорилгоор амь хохирогчийн араас татсан боловч хөлөөрөө тээглэн газарт унасан байдаг. Унах үед амь хохирогч миний өвөр дээр унаж би доор нь дарагдсан бөгөөд амь хохирогч хөдөлгөөнгүй байдалтай байсан. Би унаад босох гэж оролдож байхад дээрээс өшиглөж байсан тул өөрийн толгойг хамгаалан, мөн хохирогчийн доороос гарах гэж тэмцэж байсан бөгөөд тухай хохирогчийг цохиж зодоогүй байдаг. Энэ байдлаас гарч холдох үед миний араас нэг хүн татсан бөгөөд тэрхүү хүнийг намайг өшиглөсөн хүн байна гэж бодон муудалцах үед цаад талд нь амь хохирогч хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Эцэст нь хэлэхэд би зодооныг салгаж байсан бөгөөд хохирогчийг зодож цохиогүй, алах бодол огт байгаагүй. Гэвч тэрхүү зодооныг салгах гэж хохирогчийг санамсаргүй байдлаар унагаж амь насаа алдах нөхцөл байдалд хүргэсэндээ үнэхээр харамсаж байна. Иймд надад оногдуулсан хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй. Би энэ хэрэгт шалгагдаж эхэлсэн цагаас өнөөг хүртэл 8 гэж дугаарласан Энхбаатартай л маргаж зодолдсон. Өөр хэн нэгэнтэй зодолдоогүй. Энэ талаархи хөдөлшгүй баримт нь камерын бичлэгт бичигдсэн байгаа. Энэ камерын бичлэгт шүүхийн шинжилгээний үндэсний төв дүгнэлт гаргасан. Би амь хохирогчид гар, хөлөөр өшиглөн цохисон зүйл байгаагүйг тухайн бичлэгээр маш тодорхой харж болно. Гэрч Үүрийнцолмонгийн мэдүүлэгт тулгуурлаж намайг шийтгэж байгаад гомдолтой байна. Үүрийнцолмон гэдэг хүн хэрэг болсны маргааш нь өгсөн мэдүүлэгтээ намайг огт дурдаагүй атлаа хэдэн сарын дараа намайг толгой дээр нь дэвсээд байсан гэж мэдүүлсэн. Энэ хүнийг манай өмгөөлөгч нар шүүх хуралдаанд оролцуулъя гээд шүүх оролцуулахаар болж, дуудах хуудас илгээсэн боловч хүрэлцэн ирэлгүй хурал олон удаа хойшилсон. Хэрэг мөрдөн байцаалтад буцахад цагдаа дээр очдог атлаа буцаад шүүхийн шатанд ирэхээр олдохгүй гэдэг шалтгаанаар шүүх хуралд оролцдоггүй. Камерын бичлэг, надтай зодоон болохын өмнө маргаж, муудалцсандаа хорсож өгсөн гэрчийн мэдүүлэг хоёрыг шүүх ялгаж салгаж чадаагүй, Энхбаатартай маргаж зодолдсон нь үнэн, энэ тухай Энхбаатар ч мөн адил гэрчийн мэдүүлэгт хэлсэн байдаг. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие мөрдөн байцаалтын явцад саад учруулалгүй, хэргийг үнэн зөвөөр мэдүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Энэ хугацаанд миний зүгээс хохирогч талд оршуулгын зардалд 1.500.000 төгрөг, эмчилгээний зардалд 880.000 төгрөг, нийт 2.380.000 төгрөг өгсөн болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг ял онооход хэрэглээгүй гэж үзээд гомдол гаргаж байна. Миний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа тул дахин нягталж, миний гомдлыг барагдуулж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Ц.Осоржамаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Мын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт шүүхээс 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохироогүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзээд дээрх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу М.Мод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял буюу 3 сарын хорих ялыг хөнгөрүүлж, шүүхийн шийтгэх тогтоолд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан М.Мын iphone 5 загварын гар утсыг буцаан олгох талаар огт дурдаагүй орхигдуулсан байх тул энэ талаар шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Талийгаачийн ээж Н.Амарсайхан нь бусдын асрамжинд группт байж байгаад газар дээрх цорын ганц хүүгээ бусдын гарт амь насаа зүй бусаар алдсаны дараа 2019 оны 10 дугаар сард сэтгэл санааны улмаас нас барсан. Талийгаачийн ээж ч энэхүү тэжээгчээ алдсаны тэтгэмжийг амьд ахуй байх хугацаандаа авах ёстой байсныг шүүх анхаарч үзсэнгүй. Учир нь, Нийгмийн даатгалын сангаас талийгаачийн сарын дундаж цалин хөлсийг 555.287 төгрөг гэж тооцсон байтал шүүх 320.321 төгрөг болгон багасгаж, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсгийг буруу хэрэглэсэн, хохирогчид илт хохиролтой шийдвэрлэсэнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч миний бие туйлын гомдолтой байна. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 582 дугаартай шийтгэх тогтоолын 3 дугаар хуудсанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А миний бие шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ “шүүгдэгч нараас 51.264.983 төгрөг гаргуулах талаар хэлсэн” байдаг. Хүн алах гэмт хэргийн улмаас хүний амь нас эрсэддэг, нас барсан хүнийг амьдруулах, түүнд учирсан хохирлыг арилгаж чадахгүй, талийгаачийн ээжийгээ, ханиа, хүүгээ сайн сайхан амьдруулах хүсэл мөрөөдөл, зорилго нь энэхүү гэмт хэргээс болж замхран одсон, гэмт хэргийн улмаас талийгаачийн ээж ч сэтгэл санааны байдлаас болж удалгүй нас барсан. Энэ айлын 2 ам бүл хоёулаа энэ хорвоод одоо байхгүй болсон юм. Талийгаачийн үргэлжлэл болсон бага насны ганц хүүг нь 18 нас хүртэл нь тэжээн тэтгэх, хань ижилийн сэтгэл санааны хохирлыг бага ч байтугай мөнгөөр илэрхийлэх гэж мөрдөн байцаах, прокурор, шүүх, шүүх хуралдааны шатанд шүүгдэгч нараас 51.264.983 төгрөгийг нэхэмжилсэн. Гэмт этгээдүүд хүний амь насыг зүй бусаар хохироочихоод зөвхөн оршуулгын зардлыг  л төлдөг /тэтгэмжийг улсаас гаргуулдаг/. Бид ч жам ёсоор нас барсан хүнийхээ зардлыг ах дүүс хамтраад гаргаж чаддаг. Гэтэл шүүхээс миний дүүгийн амь насыг 12.113.436 төгрөгөөр л үнэлсэнд би туйлын гомдолтой байна. Талийгаач гэмт хэрэгтнүүдийн гарт амь насаа алдаагүй байсан бол шүүхийн шийдвэрээр гэмт хэрэгтнүүдээс хохирогчид гаргаж өгсөн энэхүү 12.000.000 төгрөгийг цалингаараа нэг жилд энэхүү мөнгийг олоод хань ижил, үр хүүхэд, ах дүү нарын хамт сайхан амьдраад л явж байх байсан. Анхан шатны шүүх миний энэхүү гомдлыг хүлээн авч шийдвэрлээгүйд туйлын гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж миний гомдлыг хангаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Бгийн өмгөөлөгч Ж.Гантулга, Г.Энхболд нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Энхболд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “... Шүүхээс нэр бүхий 5 шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдлыг тус тус харгалзан, шүүгдэгч Э.С, Н.И, Г.М, М.М, Э.Бнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар ...” гэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Бгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийг тохиолдлын шинжтэй үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүний хавтаст хэрэгт авагдсан хувийн байдлуудыг харгалзан түүнд шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал үүссэн байна. Шүүгдэгч Э.Бд шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлийг баримтлан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 582 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шүүгдэгч Э.Бд шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна. ...” гэв.

      Шүүгдэгч Г.Мгийн өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүгдэгч Г.М нь 2019 оны 1 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө найз Н.И, Э.С, М.М, Э.Бнарын хамт Баянгол дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт байрлах “SЕА” бааранд үйлчлүүлсэн. Гэтэл хохирогч н.Э нь найз нарынхаа хамт Н.Иийг баарны хаалганы үүдэнд зогсож байхад чирч зодож эхэлсэн бөгөөд уг асуудлаас үүдэн тэдний хооронд маргаан гарсан. Өөрөөр хэлбэл “SEA” баарны гадна болсон зодооны камерын бичлэг хэрэгт авагдсан бөгөөд энэ бичлэгт олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг н.Э нар эхлүүлсэн болох нь нотлогддог. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж шийдвэрлэсэн. Учир нь, гэрч Г.Шарав “...манай найз Быг харснаа “...Чи муухай хараад байна уу. ...” гэж хэлэхэд манай найз Б"...чам руу муухай харахаар яадаг юм. ...” гэж хэрүүлийн өнгө аястай хэлэхээр нь би Быг  чи жаахан хүүхэдтэй хэрэлдэж яах гээд байгаа юм гээд түлхэж оруулаад ширээн дээрээ очиж суусан. Тэгээд 10-15 минутын дараа ... нөгөө хар өнгийн саравчтай малгайтай залуутай Б, Э нартай зууралдах үед...” гэж мэдүүлсэн нь Г.Мг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг эхлүүлээгүй болохыг илэрхийлж байна. Мөн тус эрүүгийн хэрэгт нийт 7 ширхэг камерын бичлэг бүхий СД, 1 ширхэг ягаан өнгийн флаш дискийг эд мөрийн баримтаар тооцсон /1хх 149/. Гэтэл “Sеа” баарны гаднах камерын бичлэг, Монгол хуушуур хоолны газрын камерын бичлэг бүхий 2 СД хэрэгт авагдсан байна. Гэтэл анхан шатны шүүх бусад СД-г үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэн байна. 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хэрэг учрал болох үед хоёр хэсэг зодоон болсон байдаг. Эхний зодоон нь хохирогч н.Э, хохирогч А.Бнар шүүгдэгч И.Иийг “Sеа” баарны үүдэнд зүгээр зогсож байхад нь чирж буулган зодож эхэлсэн бөгөөд уг үйлдлийн улмаас н.М, н.Батзаяа, Г.М нар тэдгээр хүмүүстэй маргалдан зодолдсон. Ингээд уг зодоон нь дууссан үед хохирогч А.Бнь “Sеа” баар луу орж байгаа дүрс бичлэг үлдсэн бөгөөд үүнийг ч түүнтэй хамт явсан найз болох гэрчүүд мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл “Sеа” баарны гадаа болсон зодоон нь үргэлжлээд Монгол хуушуур хоолны газрын гадаа хүртэл зодолдоогүй юм. Харин хоёр дахь зодоон нь гэрч н.Энхбаатар нь шүүгдэгч Г.Мтай зодолдох үед хохирогч А.Бнь Г.Мгийн баруун мөрнөөс зулгаах үед түүний араас Э.С татаж газар унагаах бөгөөд энэ үед нь Г.М нь Э.С, А.Бнараас зүүн тийш даруй 5 метрийн зайнд хөл алдан унаж холддог. Ингээд Г.М нь гэрч Энхбаатартай хол зайнд маргаж байх үед шүүгдэгч И, С нар нь хохирогчийн дээр, доор үйлдэл хийсэн бөгөөд энэ үед гэрч Үүрийнцолмон Иийг холдуулсан байдаг. Г.М хохирогчийг зодоогүй болох нь камерийн бичлэгээр маш тодорхой харагдах бөгөөд шүүгдэгч н.Батзаяа нь харж байсан учир түүний мэдүүлгээр зодоогүй болох нь тогтоогдож байна. Мөн хяналтын прокурор №897 тоот хариу мэдэгдэх хуудсандаа “Н.И нь ... иргэн А.БЭ.С татаж унагах үед толгойд нь цохиж ... гэмтэл учруулж алсан гэж үзэх үндэслэлтэй...” гэж болсон үйл явдлыг зөв дүгнэж Г.Мг хохирогчид гэмтэл учруулаагүй болохыг тогтоосон байтал үүнийг харгалзан үзээгүй. Нэгэнт хяналтын прокурор нь Г.Мг хохирогчийг амь насаа алдах үед нь цохиж, өшиглөөгүй болохыг тогтоосон байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй юм.

Анхан шатны шүүх хохирогч А.Бы амь насыг хохироосон гэмт хэрэгт хэн хэн хэрхэн яаж оролцсон болохыг гэрч Т. Үүрийнцолмон маш тодорхой мэдүүлдэг бөгөөд түүний мэдүүлэг нь хэрэг гарсан газрын ойролцоох камерын бичлэгтэй тохирдог /Шийтгэх тогтоолын 11 дэх талд/ гэжээ. Гэтэл гэрч Т.Үүрийнцолмон нь 2019 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр мэдүүлэг өгөхдөө “... саарал өнгийн ноосон цамцтай залуу чи намайг өшиглөдөг хэн бэ... ” гээд нэг өндөр биетэй залууг араас нь цохиод авахад найзууд нь тал талаас нь орж ирээд зодож эхлэхэд нөгөө залуу арагшаа дээшээ харсан байдалтай унах үед толгой хэсэгт нь нэг саарал өнгийн цамцтай 170 см орчим өндөртэй залуу газар уначихсан байсан залуугийн толгой руу нь дэвсээд байхаар нь би нөгөө залууг татаад чи одоо болиоч, та нар байж бай, одоо цагдаа ирнэ” гэж мэдүүлсэн бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн мэдүүлэгт "...хоёр залуу гүйж очоод газар унасан залуугийн дээрээс нь дэвсэж зодоод байсан...” гэсэн. Гэтэл Монгол хуушуур хоолны газрын камерын бичлэгт хохирогч Быг С татаж унагахаас өмнө хэн нэгэн найзууд нь тал талаас нь зодоогүй байдаг бөгөөд хохирогчийг унасан байхад нь хоёр хүн гүйж очоод дээрээс нь дэвсээгүй байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд Г.Мөнхбат өмгөөлөгчийн хууль зүйн үндэслэлийг илтэд гуйвуулж шийтгэх тогтоолд бичсэн байх бөгөөд Г.Мгийн өмгөөлөгч бид гэрч Үүрийнцолмонгийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн болон 2019 оны 6 дугаар 25-ны өдрийн зөрүүтэй мэдүүлгүүд нь амь хохирогч амь насаа алдах үеийн камерын бичлэгтэй тохирохгүй байдаг талаар дээрх үндэслэл бүхий нотлох баримт гарган маргасан. Үүнийг ч анхан шатны шүүх үгүйсгэж чадаагүй болно. Мөн шинжээчийн 310 дугаар дүгнэлтэд 1 дугаартай хүнийг 3 дугаартай хүн өшиглөсөн, цохьсон болохыг тогтоогоогүй болохыг анхаарах зайлшгүй шаардлагатай болно. Тус эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын хугацааг сунгахдаа мэдүүлгийг газар дээр нь шалгах, таньж олуулах ажиллагаа явуулах, үйлдэл оролцоог нарийвчлан шалгах зэргээр бүх хугацааг сунгаж байсан. Гэтэл дээрх ажиллагаа огт явагдаагүй бөгөөд яагаад, ямар учраас мөрдөн байцаалтын маш чухал ажиллагааг явуулахгүй байгаа нь ойлгомжгүй байна. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 74 дүгээр тогтоолоор “...М нь бүлэглэн хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэх байдлыг дахин нягтлан шалгах, гэрч Үүрийнцолмон камерын бичлэгт хэргийн талаар ач холбогдолтой зүйлийг мэдэх боломжтой... ” гэсэн үндэслэлээр дээрх нөхцөл байдлыг тогтоолгохоор хэргийг прокурорт буцаасан боловч дээрх шүүхийн тогтоолд заасан ажиллагаа огт явагдаагүй байтал анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүйгээр Г.Мг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон. Өмгөөлөгч Г.Мөнхбат нь 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 582 тоот шийтгэх тогтоолыг 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдөр гардан авсан бөгөөд тус шүүхийн шийтгэх тогтоол нь илтэд нотлох баримтуудыг санаатайгаар бичээгүй, дахин дахин давхардуулж үндэслэлүүдийг бичсэн байгаа нь шүүгчдийн энэхүү хэрэгт хэрхэн хандсан болохыг илэрхийлж байна. Тус шийтгэх тогтоолын хуулбарыг давж заалдах гомдолдоо хавсарган өгч байна. Иймд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, зайлшгүй хийгдэх ёстой мөрдөн байцаалтын ажиллагааг үнэлээгүй байх бөгөөд бидний үйлчлүүлэгч Г.М нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдээгүй болох нь Монгол хуушуур хоолны газрын камерын бичлэг, шинжээчийн №310 тоот дүгнэлт, гэрч Үүрийнцолмонгийн 20119 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байх тул 582 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Г.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

      Шүүгдэгч Э.Сгийн өмгөөлөгч Д.Тунгалаг, Б.Батбаяр нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.С мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр амь хохирогч Н.Иг зодож байгаа үйлдлийг таслан зогсоох зорилгоор араас нь татаж унагасан үйлдэлдээ гэмшиж байгаагаа илэрхийлж, түүний үйлдлийг зөв зүйлчилж өгөхийг хүсэж байсан. Хэдийгээр өмгөөлөгч нарын зүгээс анхан шатны шүүхээс гэм бурууг тогтоосны дараагаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх хүсэлт гаргаж байсан боловч шүүгдэгч Э.Сгийн гэм бурууг шийдвэрлэхэд хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас Беат караокены үүдэнд амь хохирогчийг татаж унагахдаа өөрийн хөл дээр унагаж, өөрөө ямарваа нэгэн байдлаар хөдөлгөөн хийх боломжгүй болсон, мөн тэрээр амь хохирогчийг зодох үйлдэл хийгээгүй бодит байдлыг тодорхой харуулж байгаа камерын бичлэгийг онцолж байна. Энэхүү бичлэгнээс хэн хэн ямар үйлдэл хийж байгаа байдал нь маш тодорхой үнэлж дүгнэх боломжтой байна. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд, гэрч нарын мэдүүлэг зэргээр шүүгдэгч Э.Сгийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдохгүй байна. Мөн хэдийгээр Э.С өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй боловч түүний удаа дараагийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар давхар нотлогдож байгааг анхаарч үзнэ үү. Шүүгдэгч Э.Сгийн гэм бурууг шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэснийг баримтлан шийдвэрлэх боломжтой юм. Иймд Э.Сг гэм буруугүйд тооцож, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 582 дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгч Э.Сд холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Иий өмгөөлөгч Г.Эрдэнэхүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллах дүгнэлтэд шүүгдэгч Н.И нь “Беат караокений үүдэнд иргэн А.БС татаж унагах үед биед нь өшиглөж, толгойд нь цохисон гэх боловч шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тухайн нөхцөл байдал үгүйсгэгдсэн. “Монгол хуушуур” зоогийн газрын хяналтын камерийн СD бичлэгээс харахад Иий хувьд талийгаачийн толгой болон хүзүүнд хүрч өшиглөсөн, цохисон буюу ингэж өшиглөсөн гэж үзэх нөхцөл байдал харагддаггүй, харин талийгаачийн биеийн баруун доод хэсэгт буюу хавирга, дал орчим дэвсэн өшиглөх үйлдэл харагддаг. Мөн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 310 дугаартай дүгнэлтэд “Иий талийгаачийг баруун хөл болон гараараа өшиглөх, цохих мэт үйлдэл хийв” гэх боловч хохирогчийн биеийн хаана нь хүрч өшиглөж, цохисныг тусгай мэдлэгийн хүрээнд тогтоогоогүй. Орон зай, цаг хугацааны хувьд хамгийн ойр байсан гэрч Т.Үүрийнцолмон “Иийг хохирогч А.Бдэвсэж зодсон гэж мэдүүлсэн болохоос талийгаачийн толгойн тус газарт дэвсэж өшиглөсөн гэж мэдүүлээгүй байна. Анхан шатны шүүх шүүгдэгч С, М, И нарын хэн нь ямар байдлаар хохирогчид халдсан, халдлага үргэлжилсэн цаг хугацааны дараалал болон энэ нь хэргийн өөр бусад нотлох баримтуудаар хэрхэн давхар нотлогдож байгаа талаар огт дүгнэлт хийгээгүй атлаа ...талийгаач А.Бшүүгдэгч Э.С татаж, газар унагаах явцад шүүгдэгч Н.И, Г.М нар өшиглөсөн буюу эдгээр 3 шүүгдэгчийн идэвхитэй үйлдлийн улмаас талийгаач А.Бзодуулсан даруйдаа нас барсан” гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, үндэслэл муутай дүгнэлт хийсэн. Тодруулбал “Монгол хуушуур” зоогийн газрын хяналтын камерын дэлгэцийн цагаар 01:20:09 секундэд 10 дугаартай хүн /гэрч Үүрийнцолмон 5 дугаартай хүнийг буюу Иийг татан босгож, зодоонооос салгаж холдуулж байгаа ба энэ үйлдэл болсны дараа буюу дэлгэцийн цагаар 01:22.22-01:20:31 хооронд 9 секундийн хугацаанд газар унасан хүний /талийгаач/ ойролцоо зогсох хүмүүсээс /С, М нар/ хэд хэдэн удаа хохирогчийн биед халдаж өшиглөх мэт үйлдэл хийж байгаа нь харагддаг. Бичлэгээс харахад талийгаачийн биеийн аль хэсэгт яг хэн нь /С, М/ хэдэн удаа өшиглөж, цохисон нь тодорхой харагдахгүй байгаа хэдий ч гэрч Үүрийнцолмон, Энхбаатарын мэдүүлгүүдээр 170 см орчим, жинсэн өмдтэй, цахилгаантай саарал цамцтай залуу газар уначихсан залуугийн толгой дээр дэвсэж зодсон гэх мэдүүлгүүдээр энэ нь давхар нотлогддог. Тиймээс дээрх цаг хугацаанд болсон зодооны үед иргэн А.Бы амь нас хохирсон гэж үзэх нөхцөл байдал байгаа бөгөөд Иий хувьд энэ үед зодооноос хол хараад зогсож байгаа тухайн нөхцөлд хохирогч А.Бы амь хохироход хүргэсэн гэмтлийг шүүгдэгч И учруулсан гэж үзэх боломжгүй. Нөгөөтэйгүүр шинжээчийн 310 дүгнэлтээр И талийгаачийн толгой болон хүзүүн тус газарт өшиглөж цохисон гэж дүгнээгүй байхад шүүх яагаад Иий үйлдэл нь талийгаачийн нас барах шалтгаан болсон гэж үзэн мөн нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлээр гаргаж дүгнэлт хийж чадаагүй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ”Шинжээчийн дүгнэлтийг шүүх ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана гэж заасан хуулийн шаардлагад нийцээгүй. Хэргийн үйл баримт хамгийн ойроос харсан гэрч болох Т.Үүрийнцолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд нь яллах төдийгүй цагаатгах нөхцөл байдлыг тогтооход чухал ач холбогдолтой. Гэрч Т.Үүрийнцолмон нь 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн /1хх 171-172/, миний тухайд газар унасан залууг харахад ямар ч хөдөлгөөнгүй болчихсон байсан гэж мэдүүлсэн байдаг ба анхан шатны шүүх гэрч Үүрийнцолмон энэ хэргийн аль ч талд хамааралгүй хөндлөнгийн гэрч гэж үзсэн мөртлөө гэрчийн мэдүүлгийг тодруулж хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагааг шүүхийн шатанд хийж талуудын эрх тэгш байдлаар мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангах арга хэмжээ аваагүй атлаа дан ганц яллах талыг баримтлан гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж байгаа хэрэг юм. Түүнчлэн талийгаач А.Бы толгой болон хүзүүн тус газарт  И өшиглөж эсхүл цохиж үхэлд хүргэсэн гэмтлийг учруулсан гэж үзэх хангалттай үндэслэл, эргэлзээгүй баримт, нотолгоо байхгүй нөхцөлд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 болон 1.3-т заасан нотолбол зохих байдлууд тогтоогдоогүй тохиолдолд хүн алах субъектив санаа зорилготой байсан гэж дүгнэх боломжгүй юм. Иймд Н.Ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийн зүйлчлэлийг зөвтгөн хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Аийн өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Талийгаач Бы хүү 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн. Хүүхдээ 3 сартай байхад буюу 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр энэ гэмт хэргийн улмаас нас барсан. Нийгмийн даатгалын сангаас талийгаачийн сарын дундаж цалин хөлсийг 555.287 төгрөг гэж тогтоож, талийгаачийн хүүд тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 310.000 төгрөгөөр тогтоож, 310.000 төгрөгийг олгож эхэлсэн. Шүүхийн шийтгэх тогтоолын 16 дугаар талд шүүх тэжээгчээ алдсаны тэтгэмж, цалин хөлсний зөрүүг гаргахдаа Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаартай тушаалын хавсралтаар тогтоосон дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7.10 дугаар зүйлд зааснаар 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно гэсний дагуу буюу 960.965 төгрөгөөр тооцолгүй Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт зааснаар талийгаачийн дундаж цалин 960.965 төгрөгийг гурав хуваасан байдаг. Үүнээс эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас тогтоосон сар бүр олгох 310.000 төгрөгийг хасаж, зөрүү 10.321 төгрөгийг хүүхдийг 18 нас хүртэл буюу нийт 2.157.089 төгрөг болгож, тэжээгчээ алдсаны цалин хөлсний зөрүү гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” гэж заасан байтал дундаж цалин 960.965 төгрөг гэж тогтоосон байтлаа ямар үндэслэлээр 3 хувааж 320.000 төгрөг болгож тогтоогоод байгаа нь ойлгомжгүй байна. Талийгаачийн хувьд нэг л хүүхэдтэй, 3 хүүхэдтэй байсан бол гурван хүүхдэд нь хуваагаад шийдвэрлэсэн байна гэж ойлгохоор байтал үндэслэлгүйгээр 3 хувааж 320.000 төгрөг болгож багасгасан. Бидний зүгээс Нийгмийн даатгалын сангаас 555.287 төгрөг гэж тогтоосноос тэжээгчээ алдсаны тэтгэмж 310.000 төгрөгийг хасаад үлдсэн 245.287 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж буюу хүүхдийг 18 нас хүртэл олгох гэж үзээд нийт 51.264.983 төгрөгийг гаргуулж өгнө үү. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргаж буй саналд хариу тайлбар хэлэхэд, камерын бичлэг болон гэрч Үүрийнцолмонгийн мэдүүлэг хоорондоо зөрдөггүй. Иймд анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага болон гэм буруу дээр хийсэн дүгнэлт үндэслэлтэй болсон гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор А.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байна. Шүүгдэгч М.Мын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан. Мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан. Гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанарыг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүй нь үндэслэлтэй. Энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэж байна. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтөөр хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хүртэлх хугацааг тоолдог болсон. Иймд яллагдагчаар татсан хугацаа нь нэг жилийн хугацаанд хамаарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлд хамаарахгүй байх тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийн хувьд обьектив шинжийн хувьд нийтийн хэв журмыг зөрчиж хүний халдашгүй байх эрх чөлөөнд халдсан, хүч хэрэглэсэн үйлдэл тогтоогдож байдаг. Энэ гэмт хэрэгт шүүгдэгч Э.Б, Н.И, Г.М, М.М нарын бүлэглэсэн үйлдлээр энэ гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдсон. Э.С, Н.И, Г.М нарын хувьд тухайн гэмт хэрэг үйлдэгдэх явцад үргэлжилсэн үйлдлээр талийгаачийг ар хүзүүнээс нь татаж унагаагаад, унасан байхад нь дээрээс нь цохиж хүч хэрэглэсэн болох нь камерын бичлэгээс тодорхой харагдаж байдаг. Камерын бичлэгт үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт камерын бичлэгийг шинжлэн судалсан. Камерын бичлэг дээр байгаа хүмүүсийг хэн нь хэн болохыг, аль нь ямар үйлдэл хийсэн болохыг бүгдэнд нь харуулаад шүүгдэгч нарыг оролцуулж шинжлэн судалсан. Шинжлэн судлахад “энэ биш, тэр биш, энэ хүнийг танихгүй, мэдэхгүй” гэдэг байдал гараагүй тул тухайн камерын бичлэгт байгаа хүмүүсийг таньж олуулах ажиллагааг шүүгдэгч нараар хийлгэх шаардлага байгаагүй. Гэрч Үүрийнцолмон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Камерын бичлэгт үзлэг хийж, таньж олуулах ажиллагааг Үүрийнцолмонгоор хийлгэсэн байдаг. Шүүхээс хэргийг прокурорт буцаахдаа Үүрийнцолмонгийн дээрх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо, оролцсоны дараа тухайн тэмдэглэлд гарын үсэг зурсан хэлбэрүүд нь хоорондоо зөрүүтэй байгаа учраас эдгээр нотлох баримтуудыг шууд үнэлэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсч байна. Иймд энэ нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан уу, үгүй юу гэдгийг шалга гэж хэргийг прокурорт буцаасан. Энэ нөхцөл байдлыг шалгах зорилгоор гэрч Үүрийнцолмонгоос мэдүүлэг авсан. Үүрийнцолмон дээрх ажиллагаанд өөрийн биеэр оролцож өөрөө тухайн гарын үсгүүдийг зурсан болохоо мэдүүлсэн байдаг. Мөн тухайн гарын үсгүүдийг харьцуулан шинжлэн судалж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр Үүрийнцолмон өөрөө гарын үсгээ зурсан болох нь тогтоогдсон. Үүрийнцолмонгийн гэрчийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаанууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заасан үндэслэл журмын дагуу авагдсан. Энэ хэрэгт ач холбогдолтой нотлох баримт болох нь тогтоогдсон. Үүнийг шүүх зөв үнэлсэн. Шүүгдэгч Г.М камерын бичлэг дээр талийгаачаас 5 метрийн зайд байсан гэж байна. Энэ нь худлаа. Камерын бичлэгээс хангалттай харагддаг. Э.С татагдаж унасны дараа М цаанаас ирээд гуравдагч этгээдийн биеэр хөдөлгөөн нь халхлагдаж байдаг болохоос биш 5 метрийн зайтай байгаад байгаа үйл баримт камерын бичлэгээс харагддаггүй. Талийгаач дээр очдог. Шүүгдэгч Н.Иий үйлдэл мөн камерын бичлэгээс тодорхой харагддаг. Дээрээс нь жийж өшиглөөд, доошоо тонгойгоод цохиж байгаа үйлдэл харагдана. Камерын бичлэгт мөн Э.Сгийн үйлдэл нь татаж унагаагаад хөл нь хэсэг харагдаж байснаа хөл нь алга болсон байдаг. Хэсэг хугацаа өнгөрөөд тухайн үед талийгаач хөдөлгөөнгүй болсны дараа Э.Сг татаж гарган ирж буй үйлдэл харагдана. Тэгэхээр талийгаачид учирсан гэмтэл нь Н.И, Г.М, Э.С нарын идэвхитэй үйлдлээс учирсан гэмтэл юм. Гэмтэл авснаар талийгаач нь идэвхитэй үйлдэл хийх боломжгүй, амь насыг нь аврах боломжгүй хүнд гэмтэл авсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тохирсон байна гэж үзсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинж нь шүүгдэгч Э.Сгийн үйлдэлд хамаарч байна гэж гомдол гаргасан байна. Тухайн танхайрах гэмт хэрэг үйлдэгдэх явцдаа бусад хүний эрүүл мэнд хохирох, нас барах нөхцөл бий болж хүний амь нас хохирсон байхыг хэлдэг. Өөрөөр хэлбэл, байшин барилга шатаах, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж бусдад хүч хэрэглэсэн үйлдэл нь цаашаагаа үргэлжилж хүний амь нас хохирох нөхцөл байдалд хүргэх, хүрсэн байхыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилдэг. Гэтэл Н.И, Э.С, Г.М нарын идэвхитэй үйлдлээс шууд хүний амь нас хохирсон байгаа нь хүнийг алах гэмт хэргийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзсэн нь хэргийн үйл баримттай тохирсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй . ...” гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.И, Г.М, М.М, Э.Бнар 2019 оны 1 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Sea” баарны орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, А.Бдарж унаган, толгой тус газар цохиж хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг,

шүүгдэгч Э.С, Н.И, Г.М нар бүлэглэж “БЕАТ” караокены үүдэнд иргэн А.БЭ.С татаж унагасан үед толгойд нь цохиж их, бага тархины орой, суурь хэсгийн аалзан хальсан доорхи тархмал цус харвалт бүхий гэмтэл учруулан алсан гэмт хэрэг,

шүүгдэгч М.М нь хохирогч Л.Этолгойн тус газар цохиж, эрүүл мэндэд нь зулайн няцарсан шарх, хамрын нурууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:      

хохирогч Л.Эын: “...Бид “Sеа” баар руу орсон. Бааранд ороод 2 шил 0.75 литрийн Болор нэртэй архи авч уусан. Архи ууж байхдаа бид нар баарнаас гарч тамхи татаж байсан ба миний хувьд архиндаа их согтоод тасарчихсан, өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон. Нэг ухаан орж сэргэсэн чинь манай ажлын Бат-Амгалан гэх залуу намайг нойлын өрөөнд оруулчихсан түшээд зогсож байсан. Нойлын өрөөнөөс гараад шууд Гэмтлийн эмнэлэг рүү такси бариад явсан ба эмнэлэг дээр очиход Бат-Амгалан “Бнас барчихсан байна” гэж хэлж байсан. Миний хувьд бусдад зодуулчихсан байсан ба намайг эмч өрөө рүү авч ороод толгойд оёдол тавьсан. Шинжилгээ өгч эмнэлгээр өглөө болтол явсан. Тэгээд эмнэлгээс гарч Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс рүү очоод талийгаачийг хүнд зодуулж нас барсан гэдгийг мэдсэн. Би ямар хүнд зодуулж гэмтэл авснаа мэдэхгүй байна. Шарав надад хэлэхдээ “чамайг 1 залуу зодчихсон зогсож байсан” гэж хэлсэн. Яг ямар хүн намайг зодсоныг мэдэхгүй байна. Толгойны баруун талд хагарчихсан байсан ба Гэмтлийн эмнэлэг дээр очиж 2 оёдол тавиулсан. Мөн хамар хугарсан байсан. Өөр гэмтэл учраагүй. ...” /1хх 164, 204/,

гэрч Г.Шаравын "... Бид нар караоке дотор 0.75 граммтай Вива нэртэй архи хувааж уугаад, уг караокегоос 22 цаг 30 минутын үед гараад гадаа тамхи татаад, нэг хэсэг гадаа зогсож байгаад, тэндээсээ 23 цагийн үед хорооллын Тедигийн зүүн талд үйл ажиллагаа явуулдаг “Sеа” нэртэй бааранд орж суугаад 0.75 граммын Болор нэртэй архинаас эхлээд нэгийг авч, дахин нэгийг аваад ууж байхдаа 00 цаг 50 минутын үед байх Ббид хоёр тамхи татах гэж гараад, тамхи татчихаад буцаад орох гэхэд уг баарны үүдэнд 7-8 залуу зогсож байсан. Бид хоёр хажуугаар нь зөрөөд гарах гэхэд уг залуучуудын дундаас хар өнгийн саравчтай малгайтай, туранхай, 165-168 см орчим өндөртэй, 22-24 орчим насны залуу манай найз Быг харснаа "... чи муухай хараад байна уу” гэж хэлэхэд манай найз Б"... чам руу муухай харахаар яадаг юм” гэж хэрүүлийн өнгө аястай хэлэхээр нь би Быг түлхээд, чи жаахан хүүхэдтэй хэрэлдэж яах гээд байгаа юм гээд түлхэж оруулаад ширээн дээрээ очиж суусан. Тэгээд 10-15 минутын дараа би, талийгаач Б, Э, Энхбаатар бид 4 хамтдаа тамхи татах гэж гараад, уг баарны урд талд ТҮЦ-ний хойд талд тамхи татаад сууж байхад өмнө нь талийгаач Бтай хэрэлдсэн, нөгөө хар өнгийн саравчтай малгайтай залуу хажууд нь зогсож таараад, бид нар руу харснаа "... өө энэ байна” гээд талийгаач Б, найз Э нартай дахиад саравчтай малгайтай залуу хэрэлдээд, нөгөө хар өнгийн саравчтай малгайтай залуутай талийгаач Б, найз Э нартай зууралдах үед цаанаас нь хар өнгийн саравчтай малгайтай залуугийн найзууд гэх 7-8 залуучууд ирээд зууралдахаар нь би Саруул, Баатар, Амгаа нарыг дуудах санаатай дотогшоо гүйж ороод буцаад гараад ирэхэд манай жижиг биетэй Э ТҮЦ-ний ард ухаан алдсан, нүүр ам нь цус болсон байдалтай хэвтэж байхаар нь очоод босгоод “Sеа” баарны 00-ийн өрөө рүү авч орж нүүр гарыг нь угаагаад сэргээгээд зогсож байхад гаднаас Амгаа орж ирэхээр нь “... чи Эыг хараад зогсож байгаарай, би нөгөө хэдийг аваад ирье” гээд баарнаас гарахад талийгаач Бмаань Монгол хуушуурын урд ухаан алдсан байдалтай, дээшээ хараад хэвтэж байхаар нь "... юу болов оо, та нар чинь зүгээр үү, цагдаа дуудъя” гэж бусаддаа хэлээд би шууд 102-т дуудлага өгөөд дараа нь 103-т залгаж хэлсэн. Тэгээд би 103 их удаж ирэх байх гэж бодоод Саруултай хамт талийгаачийг хэвтэж байсан газраас нь гар дээрээ дамжлаад Гэмтэл рүү аваад явсан. Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв дээр очиж дотогш оруулаад эмчид үзүүлэхэд нас барсан байна гэж хэлсэн. Талийгаач Быг анх маргалдсан хар өнгийн саравчтай малгайтай залуугийн найзууд зодож алсан. Гэхдээ хэн хэн нь яаж цохиж зодсонг харж чадаагүй. Би Эыг нойлын өрөө рүү оруулаад гараад ирсэн юм. ...” /1хх 185/,

гэрч Э.Энхбаатарын "...2019 оны 1 дүгээр сарын 23-ны орой манай “Бишрэлт трэйд” ХХК-ийн борлуулалтын албаны хамт ажилладаг Саруул, Амгаа, Б, Баатараа нар Модны-2, Гандангийн уулзвар дээр нэг караокед байна гэхээр нь би 21:00 цагийн үед очсон. Караокены нэрийг нь санахгүй байна. Намайг очиход манай ажлынхан нэг хүний 3 шил пиво уусан байсан. Тэгээд намайг очсоноос хойш манай ажлын залуу Шарав нэмэгдэж ирсэн ба дахиад хүний нэг шил пиво хувааж уугаад мөн 0.75 литрийн Вива архи нэг шилийг зургуулаа хувааж уусан. Тэгээд бид нарыг тус караокеноос 23 цагийн үед гарч байхад манай ажлын Э ирсэн. Этай нийлээд бид нар долуулаа болсон ба тэндээс гараад Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Sea” бааранд бүгдээрээ 23:00 цаг өнгөрөөгөөд орсон. Бид нар “Sea” бааранд ороод хүний нэг шил пиво, 0.75 литрийн нэг шил Болор архи авч хувааж уусан. Бид нар архи, пиво уунгаа бүжиглэсэн. Э, Шарав бид гурав 00:00 цаг өнгөрөөгөөд байхаа, цагийг нь нарийн санахгүй байна, нойл ороод юм ярьцгаасан. 00-оос эхлээд Шарав бид хоёр гарсан ба ширээн дээрээ очтол манайхан ширээн дээрээ байхгүй байсан. Би ажлынхаа найзуудынхаа араас гартал нэг танихгүй залуу миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би нүүрээ хамгаалтал нөгөө залуу намайг газар унагасан. Тэгтэл нэг мэдэхэд талийгаач БSea баарны зүүн талд газар дээшээ хараад хэвтсэн байсан. Талийгаач Быг хэн газар унагасныг нь би анзаараагүй ээ. Ямар ч байсан Быг газар унасан байхад аль залуу нь цохисоныг би анзаараагүй. Хоромхон зуур бужигнаад өнгөрсөн болохоор юу болсныг ч мэдээгүй. ...” /1хх 190/,

гэрч Х.Буянбаатарын “...хамт ажилладаг найзууд болох Саруул, Бат-Амгалан, Шарав, Энхбаатар, Ббид нар зургуулаа гадуур гарахаар болоод тухайн өдрийн 20 цагийн үед Аз их дэлгүүрийн өөдөөс харсан замын эсрэг талд нь байх Саунд вип нэртэй караоке ороод бөөнөөрөө 2 цаг дуулж суунгаа Вива нэртэй 0,75 литрийн нэг шил архи, нэг хүний 2-3 шил пиво ууцгаасан. Бид нар 23 цагийн үед уг караокеноос гарах үед Э ирээд, бид нар долуулаа Sea нэртэй баар руу ороод хүний нэг шил пиво буюу нийт 7 шил пиво, 0.75 граммын Болор нэртэй архи аваад уух зуураа бөөнөөрөө бүжиглэсэн. Тэр хооронд манай найзууд хэзээ гарсан талаар би мэдэхгүй байна. Би ширээн дээр сууж байтал Бат-Амгалан орж ирээд хувцаснуудаа ав, гаръя гэхээр нь би бүх хувцсаа аваад уг баарнаас гарсан чинь цагдаа нар ирсэн байсан. ... Гэмтэл дээр очсон чинь Бухаангүй байсан. Эмч үзээд нас барсан байна гэж хэлсэн. Тухайн үед ийм л зүйл болсон. ...” /1хх 196/,

гэрч П.Саруулын “...2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр цуг хамт ажилладаг найзууд болох Энхбаатар, Бат-Амгалан, Буянбаатар, Шарав, Бнарын хамтаар зургуулаа гадуур гарахаар болоод тухайн өдрийн 20 цагийн үед Аз их дэлгүүрийн өөдөөс харсан замын эсрэг талд нь байх нэрийг нь санахгүй байна, нэг караоке ороод бөөнөөрөө 2 цаг дуулж суунгаа Вива нэртэй 0.75 граммтай нэг шил архи, нэг хүний 2-3 шил пиво ууцгаасан. Тэгээд бид нар 23 цагийн үед тухайн караокеноос гарах үед Э ирээд бид SЕА нэртэй баар руу ороод нэг ширээнд суугаад хүний нэг нэг, нийт 7 шил пиво, 0.75 граммтай Болор архи аваад уух зуураа бөөнөөрөө бүжиглэсэн. Хэн, хэзээ, яаж гарсан талаар мэдэхгүй байна, ямар ч байсан Шарав ирээд манайхан зодуулаад байна гэж хэлэх үед удаа ч үгүй араас нь Борж ирээд би зодуулчихлаа гэж хэлээд өөрөө буцаад гүйгээд гарсан. Түүний араас Шарав гарсан. Тэгэхээр нь би араас нь куртикээ өмсөөд цүнхээ үүрээд гарахад Э зодуулчихсан газар хэвтэж байсан. Тэгэхээр нь би тэнд зодоон хийж байсан нөгөө талын хар малгайтай цамцтай залууг барьж аваад та нарыг цагдаад хэлнэ гэж хэлсэн. Би очоод харсан чинь Бы толгойноос цус гарсан байдалтай Монгол хуушуурны хаалганы урд хэвтэж байсан. Манай найзууд руу согтуу залуучууд орилоод дайраад байсан. Тэгэхээр нь шууд 103 руу залгаад дуудлага өгсөн. Быг амьсгалж байна уу гэж үзэхэд амьсгалахгүй байсан. Тэгээд би найзыгаа хэвтэж байсан газраас нь татаж холдуулаад эмнэлэг ирэхийг хүлээж байх зуураа Бы толгойноос гарсан цусыг малгайгаараа дарж тогтоох гэж оролдсон. 103 ирэхгүй удаад байхаар нь Быг аваад Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод Быг үзүүлэхэд нэг эмч ирж үзээд энэ хүн чинь нас барсан байна гэж хэлсэн. Намайг талийгаач Б, Шарав нарын араас гарахад Буянбаатар, Бат-Амгалан хоёр юу болсон талаар мэдээгүй бааранд үлдсэн. Намайг яг гарахад Э баарны урд зодуулчихсан хэвтэж байсан. Харин Энхбаатар хэсэг залуучуудтай муудалцаад зогсож байсан. Шаравыг хаана байсан талаар хараагүй. Харин талийгаач БМонгол хуушуур зоогийн газрын урд толгойноос нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. ...” /1хх 175/,

гэрч Ш.Бат-Амгалангийн “...2019 оны 1 дүгээр сарын 23-ны орой ажлаа тараад компаний оффис дээр очоод байж байтал 20 цагийн орчим надтай хамт ажилладаг Саруул, Буянбаатар, талийгаач Бнар намайг хаана байгаа юм бэ, бид нар Ахуйн үйлчилгээний энд караокед байна, хүрээд ир гэж хэлэхээр нь би явж очсон.  Караокеноос гараад хорооллын “Sea” гэдэг нэртэй баар руу орохоор болоод явсан ба баарны гадна очиход хамт ажилладаг Э ирсэн. Ингээд бид нар баар руу ороод 2 шил 0.75 литрийн Болор нэртэй архи аваад уугаад юм яриад сууж байтал Шарав, Э, талийгаач Бнар тамхи татлаа гээд гадагшаа гарсан. Гэтэл 5 орчим минутын дараа Шарав буцаж орж ирээд гадаа талийгаач Б, Э хоёр хүмүүстэй маргалдаад зодолдох гээд байх шиг байна гэж хэлэхэд Саруул, Энхбаатар хоёр Шаравтай хамт гарсан. Миний тухайд бааранд үлдсэн ба манай найз Буянбаатар архиндаа согтоод тасарчихсан бүжгийн талбай дээр бүжиглээд байж байсан учраас хараад байж байсан. Нөгөө хэд орж ирэхгүй удаад байхаар нь Буянбаатарт очиж, чи наанаа бүжиглээд байж байгаарай, би гарчихаад ороод ирье гэж хэлээд баарнаас гарахад Эын толгой нь хагараад нүүр ам нь цус болчихсон Шарав түшээд сандал дээр сууж байсан ба талийгаач БМонгол хуушуур гэдэг нэртэй хоолны газрын урд талд газар уначихсан байсан ба ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй байсан. Талийгаачийн хажуу талд Саруул зогсож байсан ба наад талд нь Энхбаатар хүмүүстэй хэрэлдээд зогсож байсан. Тэгэхээр нь би буцаж баар руу ороод Буянбаатарыг хувцас хунараа ав, явъя гэж хэлчихээд би буцаад баарнаас гарсан чинь баарны хаалгаар Шарав Эыг түшээд алхаад орж ирсэн. Тэгэхээр нь би Эын хажуу талаас нь түшээд нойлын өрөө рүү аваад явсан. Нүүр амыг нь угаачихаад бүжгийн талбай руу очиж Буянбаатарыг хувцсаа аваад гараад ир, явъя гэж хэлээд Эыг түшээд аваад гарсан. Бид хоёрын араас Буянбаатар хувцас хунараа аваад гарч ирсэн. Намайг Эыг аваад гараад ирэхэд талийгаач Б“Монгол хуушуур” гэсэн бичигтэй хоолны газрын урд уначихсан, ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Хажууд нь Энхбаатар, Саруул, Шарав нар зогсож байсан ба өөр таних хүн байгаагүй. Тэгэхээр нь Э, Буянбаатар бид гурав Энхбаатар, Шарав, Саруул гурав дээр очоод юу болсон юм бэ, Бяагаад газар хэвтэж байгаа юм бэ гэж асуухад Саруул надад хандан Бзодуулаад газар уначихлаа гэж хэлсэн. Миний тухайд Быг очоод харахад баруун билүү, зүүн талын шанаанаас нь цус гарч байсан ба Саруул өмссөн байсан малгай билүү, маскаараа толгойноос нь гарч байсан цусыг тогтоогоод дарж байсан. Түргэн тусламж ирэхгүй байсан учраас бид нар такси бариад Гэмтлийн эмнэлэг рүү Быг аваад явсан.  ...” /1хх 231/,

 

гэрч М.Пүрэврагчаагийн “...би 2019 оны 1 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01:00 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Монгол хуушуур” зоогийн газарт хамгаалагчийн ажлаа хийгээд байж байсан. Тэгтэл манай ажлын гадна чимээ шуугиан гараад байхаар нь гараад хартал манай зоогийн газрын зүүн урд талд хэсэг залуучууд хоорондоо зодолдоод байсан. Нэг залуу нь газар унасан байдалтай байсан ба нөгөө бусад залуучууд нь нэг их удаагүй салаад явцгаасан. Харин тэр газар унадаг залуугийн найз нь бололтой нэг залуу үлдсэн. Би хэн нь хэнийгээ зодож цохисоныг мэдэхгүй байна, баахан залуучууд бужигнаад байсан болохоор учрыг нь олоогүй ээ. Тухайн газар унадаг залууг хэн нь газар унагасныг би мэдэхгүй байна. Би тэр зодоон хийгээд байсан залуучуудын гадна төрхийг сайн санахгүй байна. Зодоон хоромхон зуур болоод өнгөрсөн. ...” /1хх 179/,

гэрч Т.Үүрийнцолмонгийн: “...би 2019 оны 1 дүгээр сарын 24-ний шөнө 00 цаг өнгөрч байхад ганц хоёр пиво уух санаатай хорооллын “Sea” бааранд орсон. ...хар өнгийн саравчтай малгайтай залуу нь нэг намхан, туранхай залуутай ТҮЦ-ний хажууд заамдалцах үед миний хажууд зогсож байсан найзууд нь наанаас нь очоод нөгөө өндөр биетэй залууг цохиод, зодож эхлэхээр нь би салгах гээд дундуур нь ороход нөгөө намхан биетэй залууг нь ТҮЦ-ний ард ухаан алдтал нь зодоод байхаар нь би зодож байсан гурван залууг нь салгахад нөгөө гурван залуу зүүн тийшээ буюу Монгол хуушуурын зүг рүү гүйгээд явахаар нь би араас нь дагаад гүйхэд нөгөө залуучуудтай хамт явсан саарал өнгийн ноосон цамцтай залуу "...чи намайг өшиглөдөг хэн бэ” гээд нэг өндөр биетэй залууг араас нь цохиод авахад найзууд нь тал талаас нь орж ирээд зодож эхлэхэд нөгөө залуу арагшаа дээшээ харсан байдалтай унах үед толгой хэсэгт нь нэг саарал өнгийн цамцтай 170 см орчим өндөртэй, анх намайг Аюуш гэдэг найзаас танай хувцсаа тайлаад байсан залуу хаана байна” гээд маргалдаад байсан залуу газар уначихсан байсан. Залуугийн толгой руу нь дэвсээд байхаар нь би нөгөө залууг татаад “чи одоо болиоч, та нар байж бай, одоо цагдаа ирнэ” гэж хэлсэн. Нөгөө зодуулсан залуу нь газар хэвтээд байсан. Тэгэхээр нь би Sea баарны хамгаалагч нарт тэнд нэг залуу ухаан алдаад уначихлаа, зодсон хүн нь баар руу орчихлоо гэж хэлээд би өөрөө баар руу орж куртикээ авахад нөгөө залуучууд байхгүй болчихсон байсан. Саарал өнгийн ноосон цамцтай залуу “чи намайг өшиглөдөг хэн бэ” гээд өндөр биетэй залууг араас нь цохиод авахад найзууд нь тал талаас нь орж ирээд зодож эхлэхэд нөгөө залуу арагшаа харсан байдалтай унах үед толгой хэсэгт нь саарал өнгийн цамцтай, 170 см орчим өндөртэй, анх намайг манай Аюуш гэдэг найзаас танай хувцсаа тайлаад байсан залуу хаана байна гээд асууж маргалдаад байсан залуу газар уначихсан байсан залуугийн толгой руу нь дэвсээд байхаар нь би нөгөө залууг татаад “чи одоо болиоч, та нар байж бай, одоо цагдаа ирнэ” гэж хэлсэн. Саарал өнгийн ноосон цамцтай 170 см орчим өндөртэй залуу бол тухайн өдөр төрсөн өдөр нь болж байсан лоф тоглоомын газарт ажилладаг залуу байгаа юм. Энэ залуу эхний удаад болсон зодоонд оролцоогүй ба хажууд талийгаач гэх өндөр залуугийн араас нь очиж цохиж унагасан. Энэ үед саарал цамцтай залуутай хамт явсан найзууд нь болох хар өнгийн куртиктэй, дотуураа цэнхэр өнгийн бэлтгэлийн цамцтай, саравчтай малгайтай залуу болон анх маргааныг эхлүүлдэг хар өнгийн саравчтай малгайтай, намхан туранхай залуу хоёр гүйж очоод газар унасан залуугийн дээрээс нь дэвсэж зодоод байсан. Мөн саарал өнгийн цамцтай 170 см орчим өндөртэй залуугийн тухайд газар унасан залуугийн толгойн дээр нь дэвсээд байсан. Ингээд би явж очоод саарал цамцтай залууг салгаж, чи болиоч, та нар байж бай, цагдаа дуудчихсан гэж хэлсэн чинь саарал цамцтай залуу нь энэ хавийн цагдаа нар надад хамаагүй ээ, би бүх цагдааг нь танина гэж хэлж байсан. Миний тухайд газар унасан залууг харахад ямар ч хөдөлгөөнгүй болчихсон байсан. Би саарал цамцтай, 170 см орчим өндөртэй, талийгаач гэх залууг цохиж унагаад толгойн дээр нь дэвссэн залууг сайн танина. Царай төрхийг нь сайн харсан. Мөн хар өнгийн өвлийн куртиктэй дотуур нь цэнхэр өнгийн бэлтгэлийн цамц өмссөн, саравчтай малгай өмссөн залууг харвал танина. Мөн хар өнгийн бэлтгэлийн цамцтай, анх нэг залууг ТҮЦ- ний ард хоёр найзтайгаа нийлж зоддог, цэвэрхэн царайтай залууг харвал танина. Өөр бусад хүмүүсийн царай төрхийг сайн хараагүй учраас танихгүй байх. ...” /1хх 168-172/,

гэрч Д.Цэнд-Аюушын “...би Sea баарны хажуугийн Меланж бааранд угтагчаар ажилладаг. Тухайн үед би ажил дээрээ байж байгаад гадаа зогсож байхад хажуугийн Sea баарны гадаа хэсэг залуучууд зогсож байсан бөгөөд түүний урд талын ТҮЦ-ний тэнд 2 залуу тамхи татаж байснаа баарны гадаа байсан залуучууд дээр 2 залуу ирээд нэг залууг нь дуудаад цааш нь татаж авч яваад ТҮЦ-ний хажууд аваачаад нэг залуу нь цохих шиг болсон. Гэтэл миний хажууд зогсож байсан залуучууд манай найзыг зодож байна гээд наанаас нь очоод тэдгээр 2 залуутай зодоон хийж эхэлсэн. Би дундуур нь ороод зодооныг нь салгасан чинь тэдгээр залуус хоорондоо зодоон хийгээд салахгүй байсан. Тухайн үед баахан залуучууд учир зүггүй зодолдоод эхэлсэн. Бөөн зодоон болсон. Хэн нь хэнтэйгээ зодоон хийгээд байгаад миний хувьд тэдгээр хүмүүсийг сайн танихгүй болохоор хэлж мэдэхгүй байна. Монгол хуушуур хоолны газрын үүдэнд нэг хүн нь газар унасан байсан” /1хх 207-209/,

гэрч Г.Энхсайханы "...2019 оны 1 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө манай бааранд үйлчлүүлж байсан саарал өнгийн ноосон цамцтай, цагаан цайвар жинсэн өмдтэй, 20 гаруй насны залуу “гадаа хүмүүс томроод байна, өөрөө хамгаалагч нь мөн үү” гэж асуухаар нь “би хамгаалагч нь байна, юу болсон юм” гээд хамт гарсан чинь баарны гадаа 3 хэсэг залуучууд маргалдаад байх шиг байхаар нь “та нар одоо боль” гэж хэлсэн чинь хоорондоо гар бариад уулзацгаагаад буцаад баар руу орсон.  Дараа нь гадна талаа харах гээд үүд рүү гарсан чинь хар өмдтэй, хар куртиктэй залуу нэг залууг сугадсан орж ирэхээр нь юу болсон, яасан юм гэж асуусан чинь манай найз гадаа хүмүүстэй зодоон хийгээд гэж хэлэхээр нь “00 руу орж цусаа угаа” гэж салфетка өгчихөөд зөрөөд гарсан чинь баарны үүдэнд хүн байхгүй байхаар нь зүүн тийшээ харсан чинь Монгол Хуушуурын үүдэн дээр түцний ард 2-3 залуу зогсож байсан бөгөөд хажууд нь нэг залуу газар хэвтсэн, хамт байсан залуу нь манай найз сонин болчихлоо гэж хэлэхээр нь юу болсон юм гэж асуухад залуучуудтай зодолдоод гэж хэлэхээр нь газар хэвтэж байсан залуугийн гүрээний судас дээр дарахад гүрээний судас нь цохилж байсан. Мөн хамраас нь уур гарч байсан. Зодсон хүмүүс нь хаашаа явсныг асуухад ийшээ явсан гэснээ явсан чигийг нь зааж өгөөгүй” /1хх 211/,

гэрч Н.Билгүүний: “...би Мтой 2007 оноос найзалж нөхөрлөж эхэлсэн ба одоо найз нөхдийн харилцаа холбоотой байдаг. 2019 оны 1 дүгээр сарын 23-ны шөнө 03 цаг 40 минутын орчимд санаж байна. Миний “ЭТО БИЛГҮҮН” гэсэн фасебүүк чат руу М өөрийнхөө хаягнаас “хаана байна, бид хэд сая хороололд зодоон хийсэн, дороо хийгээд 2 удаа цохисон чинь ухаан алдсан, бид нар дийлсэн, алсан” гэсэн утгатай чат бичсэн юмаа. Би одоо яг юу гэж чат бичсэнийг нь сайн санахгүй байна. ...” /1хх 215/,

шинжээч эмч Ц.Бадралын: “... их, бага тархины орой, суурь хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтлийн улмаас талийгаач нас барсан. Мөн их, бага тархины орой, суурь хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтлийг талийгаач авсан даруйдаа биеэ даан үйл хөдлөл хийх боломжгүй ба эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй гэмтэл юм. Харин дух, баруун, зүүн чамархайн хуйхны дотор гадаргуу, хүзүүний ар хэсгийн булчин дахь цус хуралт, зүүн чамархайд няцарсан шарх, зулгаралт, дух, баруун чамархай, баруун чихний дэлбэн, хөхлөг сэртэнд учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг хөнгөн зэрэгт хамаарна. Хоёр эгэмд цус хуралт, дух, цээжинд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүдийн аль нь үхэлд хүргэсэн гэмтлийг үүсгэсэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Харин талийгаачийг үхэлд хүргэсэн их, бага тархины орой, суурь хэсгийн аалзан хальсан доорхи тархмал цус харвалт гэмтэл нь толгой болон хүзүүн тус газарт хүч үйлчлэн цохигдох үед нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Энэ гэмтлийг авсан даруйдаа идэвхитэй үйл хөдлөл хийж чадахгүй ба эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй гэмтэл юм. Цусанд 3 промиллоос дээш спиртийн агууламж илрэхийг хүнд зэргийн согтолт гэж ойлгоно. ...” /1хх 246/,

шүүгдэгч Э.Бгийн яллагдагчаар өгсөн: “...М ирээд Иийг цохисон залууг өмнөөс нь ирээд дэгээ тавиад унагасан чинь нөгөө газар унасан залууг И нэг удаа өшиглөсөн, түүний дараа И, М бид хоёрт хандан унасан залууг өшиглө гэж хэлэхээр нь М газар унасан залуугийн толгой хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. ...миний хувьд толгой руу нь өшиглөөд цаашаа зугтаагаад түцний араар орсон, эргэж хараагүй. Намайг С авах гээд явж байхад миний толгой руу нь өшиглөсөн залуу цаанаа гадна талдаа шилэн том цонхтой дэлгүүрийн өмнө 3-4 залуутай зогсож харагдсан. ...дараа нь миний толгой руу нь өшиглөсөн залуу цагдаа дээр ирэхэд толгойгоо боосон харагдсан” /3хх 140/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 809 дугаартай “...бараан өнгийн саравчтай малгайтай, юүдэнтэй куртик өмссөн, куртикээ тайлахад босоо захтай, 2 ханцуй нь цэнхэр, хөх өнгийн цамцтай хүнийг 3 гэж дугаарлая. /зураг 344/, дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 01:05:55 секундээс 01:06:10 секундын хооронд 1, 12 дугаартай хүмүүс дүрс бичлэгт дүрслэгдсэн хаалгаар орохоор явахдаа 3 болон 5 гэж дугаарласан хүнтэй харьцаж буй үйл хөдлөлийг харуулав. /зураг 41-50/, дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 01:11:27 секундэд 1, 2 дугаартай хүмүүс дэлгэцийн зүүн доод булангаас дүрс бичлэгт орж ирэх ба 2 дугаартай хүн баруун гараараа дохих /дуудах/ үйлдэл /зураг 124-134/ хийж байна. Энэ үед 5 дугаартай хүн хүмүүсийн дундаас гарч ирэхэд 1 дугаартай хүн 5 дугаартай хүний хувцасны энгэрээс барьж аван татаад цааш явна. /зураг 138-160/, дүрс бичлэгийн цагаар 3 дугаартай гадуур хувцас куртикээ тайлан дэлгэцийн зүүн доод булан руу яван дэлгэцээс гарна. /зураг 171-177/, дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 01:12:04 секундэд 3 дугаартай хүн дэлгэцийн доод буланд доош тонгойн баруун гараараа 3 удаа цохиж буй мэт хөдөлгөөн хийж байна. Энэ үед түүний хажууд 5 дугаартай хүн мөн адил тонгойсон байдалтай байна. / зураг 180-194/ 3 дугаартай хүн дээш босох үед 5 дугаартай хүн тонгойсон байрлалаас хэвтэж буй хүнийг баруун гараар 1 удаа /зураг 198/, 01:12:07 секундэд дахин 1 удаа баруун гараараа цохих мэт үйлдэл хийж /зураг 201/ байна” гэх дүрс бичлэг. ...” дүгнэлт /2хх 161-189/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 310 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн ch05_20190124001522 гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 01:19:59 секундээс эхлэн дэлгэцийн доод талаас 8 дугаартай хүн газар унаад босож ирэхэд түүний араас 3 дугаартай хүн зууралдах үед 3 дугаартай хүний араас 1 дугаартай хүн зууралдсан байдалтай цааш /зураг-12/ явахад 8 дугаартай хүн унах үед тэдний ард явж байсан 4,5,10 /зураг-13/ дугаартай хүмүүсийн 4 дугаартай хүн нь 1 дугаартай хүний араас татан /зураг 14, 15/ газар унагаад хойш чирэн, онгорхой байх хаалга руу /дотор тал/ татан ороход 4 дугаартай хүний их бие болон 1 дугаартай хүний толгой хэсэг дүрс бичлэг харагдахгүй байх тул /энэ үед 4 дугаартай хүн газар суун хөлөө жийсэн байдалтай 1 дугаартай хүний наад талд харагдаж байна. /1,4 дугаартай хүмүүсийн үйл хөдлөл /зураг 18-19/ харагдахгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийн цагаар 01:20:07 секундэд 5 дугаартай хүн цааш харсан байрлалтайгаар, 1 дугаартай хүнийг баруун хөлөөрөө өшиглөх мэт үйлдэл хийх ба 1 дугаартай хүний хаалга өшиглөсөн нь 5 дугаартай хүний биед халхлагдан харагдахгүй /зураг -17/ байна. Үүний дараа 5 дугаартай хүн нь газар цааш харсан байрлалтай хэвтэх 1 дугаартай хүний их биеийн баруун хажуу хэсэг орчим зүүн хөлөөрөө дэвсэх мэт үйлдэл хийх ба хаана дэвссэн өшиглөх нь тодорхой харагдахгүй байна. /зураг 22,23/, энэ үед зодоон болж буй хэсэгт 10 дугаартай хүн ирж зодооны наана ирж зогсон /хүмүүсийн үйл хөдлөлийг халхалсан байдалтай/ 5 дугаартай хүнийг татаж босгож байна. ...” /2хх 194-200/,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 389 дугаартай “...А.Бы цогцост их, бага тархины орой, суурь хэсгийн аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, дух, баруун, зүүн чамархайн хуйхны дотор гадаргуу, хүзүүний ар хэсгийн булчин дахь цус хуралт, зүүн чамархайд няцарсан шарх, зулгаралт, дух, баруун чамархай, баруун чихний дэлбэн, хөхлөг сэртэн, хоёр эгэмд цус хуралт, дух, цээжинд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ямар байрлалд учирсан болохыг нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаач нь их, бага тархины орой, суурь хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Ходоодонд 100.0 мл орчим цайвар бор өнгийн өтгөн хоолны үлдэгдэл агууламжтай байна. Талийгаач нь гуурсанцар, элэг, ходоодны архаг үрэвсэл өвчинтэй байсан нь үхэлд нөлөөлөхгүй. Цус нь 1 дүгээр бүлгийн харьяалалтай, ... 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 04 цаг 30 минутын цогцосны анхны үзлэгээр нас бараад 3-5 цаг орчим болсон байна. ..."  /1хх 240-242/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 354 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Т.Үүрийнцолмонгийн гэх гарын үсгийн туршилтын загварууд, Улсын ерөнхий прокурорын Эрүүгийн хэргийн төв архивт хадгалагдаж буй Хан- Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 187/2018/0353/э, хэргийн дугаар: 1710002620208 Овог: Түвдэнсүрэн, Нэр:Үүрийнцолмон, Хуулийн зүйл анги 17.1-2- 2.1 гэсэн хавтаст материалын 23,24,38,45,48,58,187,194,195 дугаар хуудсуудад байх Т.Үүрийнцолмонгийн гэх гарын үсгийн чөлөөт загварууд нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл гэсэн баримтын 1 дүгээр хуудасны арын нүүрний дунд хэсэгт Танилцсан гэрч гэсний ард, /Т.Үүрийнцолмон/ гэсний урд зурагдсан гарын үсэг, 2 дугаар хуудасны арын нүүрний доод хэсэгт Гэрч гэсний ард Т.Үүрийнцолмон гэсний урд зурагдсан гарын үсэг, 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл гэсэн баримтын 1 дүгээр хуудасны доод хэсэгт Танилцсан гэрч” гэсний ард /Т.Үүрийнцолмон/ гэсний урд зурагдсан гарын үсэг, 1 дүгээр хуудасны доод хоосон талбайд зурагдсан гарын үсэг, 2 дугаар хуудасны доод хоосон талбайд зурагдсан гарын үсэг, 3 дугаар хуудасны доод хэсэгт Мэдүүлэг өгсөн Гэрч гэсний ард, Т.Үүрийнцолмон гэсний урд зурагдсан гарын үсэг, 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Дүрс бичлэгээр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл гэсэн баримтын 1 дүгээр хуудасны доод хоосон талбайд зурагдсан гарын үсэг, 2 дугаар хуудасны доод хэсэгт Оролцсон Гэрч гэсний ард, Т.Үүрийнцолмон гэсний урд зурагдсан гарын үсэг зэрэг гарын үсгүүд нь Т.Үүрийнцолмонгийн гэх гарын үсгийн чөлөөт туршилтын загваруудтай тохирно. ...” /6хх 29-44/ гэх дүгнэлт,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...хар өнгийн саравчтай малгайтай /малгайны гол хэсэгт цагийн өнгийн бичлэгтэй/ үстэй захтай куртиктэй залууг зааж “энэ залуу бол намхан биетэй анх маргааныг эхлүүлсэн залуу мөн байна. /Н.И/, мөн анх нэг залууг ТҮЦ-ний ард 2 найз болох хар өнгийн бэлтгэлийн цамцтай цэвэрхэн царайтай залуу /Э.Б/, болон хар өнгийн куртик, дотуураа цэнхэр өнгийн бэлтгэлийн цамц, хар өнгийн саравчтай малгай өмссөн 2 залуутай нийлж зодсон /Г.М/. Үүний дараа бас 2 найз болох саарал өнгийн цамц өмссөн залуу /Э.С/ болон хар өнгийн саравчтай малгай өмссөн /Н.И/ залуутай нийлж нэг залууг газар унагааж байгаад дээрээс нь дэвсэж зодсон залуу мөн байна. ...” гэсэн, 

мөн “саарал өнгийн цамцтай залууг зааж энэ хүн бол саарал өнгийн цамцтай 170 орчим см өндөртэй /Э.С/ анх намайг Аюуш гэдэг найзаас танай хувцсаа тайлаад байсан залуу хаана байна гэж асуусан, мөн чи намайг өшиглөдөг хэн бэ гээд өндөр биетэй залууг араас нь цохиж унагаад, хар өнгийн куртик, дотуур нь цэнхэр өнгийн бэлтгэлийн цамц, хар өнгийн саравчтай малгайтай байсан /Г.М/ болон анх маргааныг эхлүүлсэн залуутай /Н.И/ нийлж байгаад талийгаач гэх залууг цохиж унаган дээрээс нь дэвсэж зодсон залуу мөн байна гэж хэлээд заасныг,

мөн энэ залуу анх ТҮЦ-ний ард цэвэрхэн царайтай, хар өнгийн бэлтгэлийн цамц өмссөн залуу /Э.Б/, анх маргааныг эхлүүлсэн намхан, саравчтай малгайтай залуутай нийлж нэг залууг зодсон, үүний дараа саарал өнгийн цамц өмссөн залуу/Э.С/ болон анх маргааныг эхлүүлсэн саравчтай малгайтай намхан залуутай нийлж /Н.И/ талийгаач гэх залууг зодсон хүн” мөн байна гэж хэлээд заасныг, мөн “энэ хүн намайг доромжилсон, /Э.Б/ мөн анх ТҮЦ-ний ард намхан биетэй маргааныг анх эхлүүлсэн саравчтай малгайтай залуу /Н.И/ болон хар өнгийн өвлийн куртик, дотуураа цэнхэр өнгийн бэлтгэлийн цамц, хар өнгийн саравчтай малгай  өмссөн 2 залуутай нийлж нэг залууг зодсон” залуу мөн байна гэж хэлээд заасныг, мөн “баарны үүдэнд цаашаа харж зогсох залууг зааж энэ залуу дээрх хүмүүстэй хамт явсан. Гэхдээ зодоон цохионд оролцоогүй хүн мөн байна. ...” гэсэн камерын бичлэг /1хх 143-147/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.С, Н.И, Г.М нарыг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, мөн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч М.Мыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэгт, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч Э.Бг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч Э.С, Н.И, Г.М нар бүлэглэж буюу амь хохирогч А.БЭ.С татаж унагах үед Н.И, Г.М нар толгойд нь цохих, өшиглөх зэргээр хүч хэрэглэн их, бага тархины орой, суурь хэсгийн аалзан хальсан доорхи тархмал цус харвалт бүхий гэмтэл учруулан санаатай алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар, мөн Э.Б, Н.И, Г.М, М.М нарын “Sea” баарны орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, А.Бдарж унаган, толгойн тус газар цохиж хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн шүүгдэгч М.Мын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

 

Шүүгдэгч Н.И “...Би хохирогчийн бие тус газар халдсан нь үнэн ба хохирогчийн толгойд дэвсэлж өшиглөсөн үйлдэл огт байхгүй байхад энэхүү эргэлзээтэй байдлыг нягтлан үзэлгүйгээр анхан шатны шүүхийн шүүгчид шийдвэр гаргасанд гомдолтой байна. ...” гэсэн,

 

шүүгдэгч Э.Сгийн “...би зодооныг салгаж байсан бөгөөд хохирогчийг зодож цохиогүй, алах бодол огт байгаагүй. Гэвч тэрхүү зодооныг салгах гэж хохирогчийг санамсаргүй байдлаар унагаж амь насаа алдах нөхцөл байдалд хүргэсэндээ үнэхээр харамсаж байна. Иймд надад оногдуулсан хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн,

 

 

 

шүүгдэгч Г.М “...Шинжээчийн дүгнэлтээр 8 гэж дугаарласан Энхбаатартай маргаж зодолдсон нь үнэн. Энэ тухай Энхбаатар ч мөн адил гэрчийн мэдүүлэгт хэлсэн байдаг. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч М.М “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа тул дахин нягталж, миний гомдлыг барагдуулж өгнө үү. ...” гэсэн,

            шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Ц.Осоржамаа “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан  шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А“...шүүхээс миний дүүгийн амь насыг 12.113.436 төгрөгөөр л үнэлсэнд би туйлын гомдолтой байна. Талийгаач гэмт хэрэгтнүүдийн гарт амь насаа алдаагүй байсан бол шүүхийн шийдвэрээр гэмт хэрэгтнүүдээс хохирогчид гаргаж өгсөн энэхүү 12.000.000 төгрөгийг цалингаараа нэг жилд энэхүү мөнгийг олоод хань ижил, үр хүүхэд, ах дүү нарын хамт сайхан амьдраад л явж байх байсан. Анхан шатны шүүх миний энэхүү гомдлыг хүлээн авч шийдвэрлээгүйд туйлын гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж миний гомдлыг хангаж өгнө үү.. ...” гэсэн,

шүүгдэгч Э.Бгийн өмгөөлөгч Г.Энхболд “...Шүүгдэгч Э.Бнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Мөн бусдад төлөх төлбөргүй. Мөрдөн шалгах болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Г.Мөнхбат, Т.Багахүү нарын хамтран гаргасан “... Г.М нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдээгүй болох нь хэрэгт байгаа баримтаар нотлогдож байх тул Г.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Э.Сгийн өмгөөлөгч Д.Тунгалаг, Б.Батбаяр нарын хамтран гаргасан “... Шүүгдэгч Э.Сгийн хувьд зодсон, цохисон асуудал тогтоогдоогүй. Энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эргэлзээ төрж байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгчид ашигтай шийдвэрлэх зарчмаар шүүгдэгч Э.Сд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Н.Иий өмгөөлөгч Г.Эрдэнэхүү “...Н.И нь хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдээгүй тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,  харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Камерын бичлэг /1хх 143-147/ болон тухайн үйл баримтыг шууд харсан гэрч Т.Үүрийнцолмон /1хх 168-172/ нарын мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Э.С нь амь хохирогч А.Бараас нь цохиж унагасны дараа Н.И, Г.М нар нь амь хохирогч А.Бд хүч хэрэглэн толгойн тус газар өшиглөж /дэвсэж/ зодсон нь нотлогдсон бөгөөд тэднийг үйлдлээрээ санаатай нэгдэж амь хохирогч А.Бд хүч хэрэглэн зодож амь насыг хохироосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Анхан шатны шүүх нь шүүгдэгч Э.С, Н.И, Г.М нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.С, Н.И, Г.М нарт тус бүр 14 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хэргийн зүйлчлэл болон ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Э.Мын үйлдсэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба шүүгдэгч Э.М нь тухайн  гэмт хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тухайн зүйлд заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Э.Мын iphone 5 загварын гар тусыг хураан авсан тухай тогтоол хэрэгт байхгүй байх тул түүний утсыг буцаан олгох талаар заах шаардлагагүй гэж үзэв.

Анхан шатны шүүхээс амь хохирогч А.Бы нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбарыг үндэслэн түүний сүүлийн 3 сарын цалинг 2.882.897 төгрөгөөр тогтоож, дундаж цалинг 960.965 төгрөгөөр тооцож /5хх 187/, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт зааснаар /960.965:3=320.321 төгрөг/ тогтоож, үүнээс Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын газраас тогтоосон сар бүр олгох 310.000 төгрөгийг хасаж, талийгаач А.Бы хүү Б.Жавхланг 18 нас хүртэлх хугацаагаар тооцож нийт 2.157.089 төгрөгийг тэжээгчээ алдсаны цалин хөлсний зөрүүг тогтоож, шүүгдэгч Э.С, Н.И, Г.М нараас тэнцүү хувааж тус бүрээс 719.029 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруу гэж үзсэнгүй.

Харин шүүгдэгч Э.Б, М.М нарын үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээж байгаа, мөн хувийн байдал зэргийг харгалзан Э.Бд оногдуулсан 2 жилийн хорих  ялыг 1 жилийн хорих ял, мөн М.Мод оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялыг 1 жил 3 сарын хорих ял болгон тус тус хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Н.И, шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Ц.Осоржамаа, шүүгдэгч Э.С, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А, шүүгдэгч Г.М,  шүүгдэгч Э.Бгийн өмгөөлөгч Г.Энхболд, Ж.Гантулга нарын хамтран гаргасан, шүүгдэгч Г.Мгийн өмгөөлөгч Г.Мөнхбат, Т.Багахүү нарын хамтран гаргасан, шүүгдэгч Э.Сгийн өмгөөлөгч Д.Тунгалаг, Д.Батбаяр нарын хамтран, шүүгдэгч Н.Иий өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, шүүгдэгч М.М нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4  дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 582 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “...шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, ...” гэсэн хэсгийг “...шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, ...” гэж,

мөн заалтын “...шүүгдэгч Э.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, ...” гэсэн хэсгийг “...шүүгдэгч Э.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, ...” гэж,

3 дахь заалтын “...М.Мод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 90 хоног буюу 3 сарын хугацааг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, ...” гэсэн хэсгийг “...М.Мод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 90 хоног буюу 3 сарын хугацааг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.И, шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Ц.Осоржамаа, шүүгдэгч Э.С, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А, шүүгдэгч Г.М,  шүүгдэгч Э.Бгийн өмгөөлөгч Г.Энхболд, Ж.Гантулга нарын хамтран гаргасан, шүүгдэгч Г.Мгийн өмгөөлөгч Г.Мөнхбат, Т.Багахүү нарын хамтран гаргасан, шүүгдэгч Э.Сгийн өмгөөлөгч Д.Тунгалаг, Д.Батбаяр нарын хамтран гаргасан, шүүгдэгч Н.Иий өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, шүүгдэгч М.М нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ӨСӨХБАЯР

 

                                      ШҮҮГЧ                                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧ                                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ