Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 201/МА2020/0016

 

С.Тгийн нэхэмжлэлтэй,  Ч.С, Н.Т нарт холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 сарын 09-ний өдрийн 138/ШШ2020/00442 дугаар шийдвэртэй,            С.Тгийн нэхэмжлэлтэй, Ч.С, Н.Т нарт холбогдох  зээлийн гэрээний үүрэгт 4 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Н.Т, түүний өмгөөлөгч Д.Урансувд, хариуцагч Ч.С нарын гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 5 сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Н.Т, түүний өмгөөлөгч Д.Урансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч С.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.С, Н.Т нар нь 2019 оны 06 сарын 10-нд С.Т надаас зээлийн гэрээ байгуулан 3 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй авсан. Тухайн үед би Тыг огт танихгүй хүн байсан учир Сг хамтран зээлдэгчээр гэрээ хийсэн. 3 000 000 төгрөгийг Тын ........................ тоот харилцах дансанд хийсэн. Гэтэл өнөөг болтол төлж барагдуулахгүй хугацаа хойшлуулсаар байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд С, Т нараас үндсэн зээлсэн 3 000 000 төгрөг болон зээлийн гэрээний 2.6 дахь хэсэгт заасан 0,5 хувийн алдангийг өнөөдрийг хүртэл тооцон 1500000 төгрөгийн хамт нийт 4 500 000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. 2019 оны 06 сарын 10-ны өдөр Т гэж хүн 3 000 000 төгрөг зээлж авсан нь үнэн. Өөрийн авсан мөнгөө яаж зарцуулсан гэдгийг нь би мэдэхгүй байна. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг бизнест доголдол үүсэх гээд байна гэж ярьж байсан. Намайг зээлсэн мөнгөө нэхэхээр Т нь авсан мөнгөө эргүүлж өгнө, гарцаагүй асуудал гараад байна гэж хэлдэг байсан. Сг би таньдаг нь үнэн. Тиймээс хамтран зээлдэгч болоод зээл гаргуулах хүсэлтэй байна гэж хэлсэн. 2 хувааж дээрх төлбөрийг төлнө гэж ярьж байсан. Гэтэл одоо 10 сарын дараа би тал мөнгийг нь Сд өгсөн гэж тайлбарлаад байна. Гэхдээ Сд шилжүүлсэн мөнгө нь бусдад төлөх өр гэж ярьж байсан. Тиймээс би Н.Таас дээрх төлбөрийг нэхэмжилж байна. Т л надаас мөнгө авсан. Гэхдээ би өмгөөлөгчөөс зөвлөгөө авч нэхэмжлэлээ гаргасан байгаа. Нэхэмжлэл дээр ерөнхий процессийг тайлбарлаж бичсэн байгаа. Т байнга худал хэлдэг. Луйврын шинжтэй үйлдэл хийсэн гэж ойлгогдож байгаа. Надаас энэ мөнгийг авсан нь үнэн л юм чинь би мөнгөө нэхэмжлэх ёстой гэж бодож байна. Тэгэхээр хариуцагч нар хоорондоо тохиролцох ёстой гэж санагдаж байна. Тиймээс зээлийн гэрээний дагуу мөнгөө гаргуулах хүсэлтэй байна.” гэжээ.

Хариуцагч Ч.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би дүүгийнхээ хэлснээр Т гэх хүнийг Ттай уулзуулан тэд өөрсдөө тохиролцон мөнгөө авч өгөлцсөн. Т нь Тын ................ тоот харилцах дансанд мөнгөө шилжүүлсэн гэдэг. Т ч Тыг сайн танихгүй болохоор намайг хамтран зээлдэгчээр гэрээ хийсэн. Т Т нар гэрээний дагуу хүү тооцон өгч авалцаж байсан. Иймд Т авч хэрэглэсэн мөнгөө хариуцах ёстой тул би уг мөнгийг төлөх үндэслэлгүй. Н.Т нь ...З.Хилийн-Охин гэх хүнээс мөнгө зээлж хүү алданги тооцон 1835000 төгрөгийг миний харилцах дансаар дамжуулан З.Хилийн-Охин бэлнээр авсан. Энэ талаар Т өөрөө сайн мэдэж байгаа. Өмнөх зээлсэн мөнгөө хааж надаар дамжуулан төлсөн байдаг. Иймд Т Тд зээлсэн мөнгөө өгөх ёстой тул би уг мөнгийг төлөх үндэслэлгүй. Би Тыг огт танихгүй. 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр манай дүү маань надад хандан найзад маань мөнгө хэрэгтэй байна гэж хэлж байсан. Манай дүүгээс мөнгө авсан юм байна лээ. Хүүтэй мөнгө зээлсэн боловч төлж чадахгүй болсон байсан. Тэгээд манай дүүтэй хамт Т ирээд дахиад мөнгө зээлж өгөөч гэж гуйсан. Тэгэхэд нь би манай багын найз мөнгө зээлдэг юм. Үнэхээр намайг оролцуулахгүйгээр зээлээ төлбөл би хэлж өгч болно гэж хэлсэн. Тэгээд ярилцаж тохиролцоод би Ттай хамт Т дээр очиж мөнгө зээлж өгсөн. Анх 2 000 000 төгрөг гэж хэлж байсан боловч яг авдаг дээрээ 3 000 000 төгрөг болгоод өгөөч гээд 3 000 000 төгрөгийг зээлсэн. Т нь маш их худлаа ярьдаг хүүхэд. Ганц Т ч биш нөхөр нь хүртэл энэ асуудалд оролцсон. Би зээлж авч өгснийхөө дараа надад хамааралгүй юм чинь гээд хаячихсан юм. Гэтэл найз маань над руу гэнэт залгаж болохгүй байна гэж хэлсэн. Надад зээл авсан даруйдаа 1 830 000 төгрөг шилжүүлсэн нь үнэн. Гэхдээ энэ нь 2019 оны 02 дугаар сард зээлж авсан мөнгөө төлж байгаа л хэлбэр юм. Ээжийнхээ дэргэд миний буруу гэж хэлж байсан байтал өнөөдөр 1 минутын дотор надад шилжүүлсэн, намайг 1 830 000 төгрөгийг авсан гэж тайлбарлаж байгаад бухимдаж байна.”  гэжээ.

Хариуцагч Н.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг огт зөвшөөрөхгүй. 2019.06.10-ны өдрийн зээлийн гэрээг бид 3 байгуулсан нь үнэн. 3000000 төгрөг миний дансаар шилжүүлсэн нь үнэн. Энэ зээлийн мөнгөнөөс би 1170000 төгрөгийг авсан, мөнгө авсны дараа Ч.Сгийн дансанд 1830000 төгрөгийг нь шилжүүлсэн. Уг зээлийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлж авсан. Би өөрийнхөө хариуцан авсан мөнгөө Тд төлж үүргээ гүйцэтгэсэн. Тухайлбал: 2019.08.04-ний өдөр 300000, 2019.09.16-ны өдөр 300000 төгрөг, 2019.10.17-ны өдөр 600000 төгрөгийг Тын данснаас явуулсан болно. Тиймээс миний нийт төлсөн 1200000 төгрөгөөс төлөөгүй үлдсэн мөнгө бол 87000 төгрөг болж байна. Нэг сарын 10 хувийн хүүд 117000 төгрөг төлнө. Ингээд 1170000 дээр нэмээд 117000 бүгд 1287000 төгрөг, үүнээс төлсөн 1200000 төгрөг үлдэгдэл 87000 төгрөг болж байна. Би энэ үлдсэн байгаа 87000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Би 2019 оны 02 сард Сгийн дүүгээс 1 500 000 төгрөг зээлсэн байсан. Ингэхдээ ямар ч бичгийн гэрээ байгуулаагүй. Гэхдээ би энэ мөнгийг хүүтэй нь хамт төлж дуусгасан. Би С гэж хүнийг танихгүй. Хилийн-Охин гэж дүүгээр нь холбогдож танилцсан. Тэгээд эгчтэй маань уулз гэж хэлээд С, Хилийн-Охин бид гурав уулзсан. Би тэдэнд үнэхээр дээрх төлбөрийг төлж чадахгүй байна гэж хэлсэн. Тэгэхэд С эгч манай найз мөнгө зээлдэг хүн байгаа юм уулзъя гэж хэлсэн. Тэгээд Маршал хотхоны гадаа очиж Ттай уулзаж мөнгө зээлсэн. Өмнө нь өөр хүнээс зээлж авсан байсан 1 500 000 төгрөгийг хүүгийн хамт 1 830 000 төгрөг болгон Сгийн данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл 1 170 000 төгрөгийг нь би өөрөө хэрэглэсэн. Би гэхдээ өмнө нь авсан мөнгөө барагдуулсан гэж үзэж байна. Одоо Т нь надаас 4 500 000 төгрөг нэхэмжилсэн байна. Би Т гэж хүний данс руу 1 200 000 төгрөг шилжүүлсэн. Одоо би ямар ч төлбөрийн чадваргүй болсон. Хувийн ажлуудаа зогсоосон. Ээждээ туслаад л ажил хийж байна. Хуулийн дагуу төлөх шийдвэрийг даган биелүүлнэ.” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 сарын 09-ний өдрийн 138/ШШ2020/00442 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Т, Ч.С нараас 2 550 000 /хоёр сая таван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 200 000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 /наян зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.С, Н.Т нараас 55 750 /тавин таван мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Тд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Т, түүний өмгөөлөгч Д.Урансувд нар 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “ ...Бид Н.Т, Ч.С нараас 2 550 000 төгрөг гаргуулж гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхээс нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор бүрэн дүүрэн үнэлэхгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч 2019.06.10-ны өдөр Н.Т, Ч.С нартай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага тавьсан. Зээлийн гэрээнд талууд маргаагүй болохыг шүүх зөв тайлбарласан. Н.Таас өөрийн дансаараа С.Тд 1 200 000 төгрөг төлсөн болохыг тогтоосон. Хариуцагч Н.Тын дансаар 3 000 000 төгрөг шилжүүлж 1 830 000 төгрөгийг Ч.С, 1 170 000 төгрөгийг Н.Т нар авсан болох нь дансны хуулгаар нотлогдсон. Харин Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж үзээд хариуцагч нараас зээлийн гэрээний биелэгдээгүй үүргийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл зээлдэгчийн шилжүүлсэн мөнгөнөөс 1 830 000 төгрөгийг Ч.Сгийн дансанд шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсон ба хариуцагч Н.Т нь Ч.Сд өгсөн болохоо нотолдог. Ч.С өөрөө энэ мөнгийг зээлдэн аваагүй гэх боловч зээлийн гэрээ байгуулснаар үүрэг үүснэ гэдгээ маш сайн мэдэж байгаа. Тиймээс эдгээр 2 хариуцагчийн хувьд тухайн мөнгийг хувааж авсан хэмжээгээр үүрэг үүсэх байтал тодорхойлох боломжгүй гэж шүүхийн дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Ч.Сгаас нэхэмжлэгч С.Тд нэг төгрөг ч эргүүлж төлөөгүй буюу үүргээ огт гүйцэтгээгүй байна. Харин Н.Т 1 200 000 төгрөг төлсөн. Гэвч өөрийн авсан мөнгийг төлчихөөд Ч.Сгийн гүйцэтгээгүй үүргийг нэмж төлөх буюу дахин мөнгө нэмж төлөх нь шударга ёсонд нийцэхгүй. Иймд Н.Т, Ч.С нарын С.Тд төлбөр төлөх үүрэг тодорхой буюу мөнгийг хуваан авсан хэмжээгээр төлөх үүрэгтэй гэж маргаж байх тул нэхэмжлэгчид төлөх төлбөрийг 2 хариуцагчийн хувьд хамтатган биш хариуцагч нэг бүрт ногдох хэмжээгээр тодорхойлж өгөх нь зүйтэй байна. Ингэснээр шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, хууль ёсны байх шаардлагыг хангах юм.” гэжээ.

Хариуцагч Ч.С 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “ С.Т, Н.Т бидний хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч С.Т найз нь энэ хүнийг танихгүй хамтрангаар зээлсэн гээд гарын үсэг зурчих гэж хэлсний дагуу хамтран зээлдэгч болсон. Н.Т Х-ээс 2018 оны 11 сараас хойш 1 500 000 төгрөгөөр нийт 3 удаа зээлж 4 500 000 төгрөг зээлсэн гэдэг. Х-д өгөх 1 500 000 төгрөгийн зээлийг 1 830 000 төгрөг болгон нэг удаагийн 1 500 000 төгрөгийн хүүгийн хамт миний дансаар шилжүүлж өгсөн байдаг. Энэ талаараа шүүхэд болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа “2019 оны 6 сарын 10-ны өдөр зээлийн гэрээг бид 3 байгуулсан нь үнэн. 3 000 000 төгрөг миний дансаар шилжүүлсэн нь үнэн”, “би 2019 оны 2 сард Сгийн дүүгээс 1 500 000 төгрөг зээлсэн байсан. Өмнө нь өөр хүнээс зээлж авсан байсан 1 500 000 төгрөгийг хүүгийн хамт 1 830 000 төгрөг болгон Сгийн дансруу шилжүүлсэн” гэж байгаа нь С.Тгаас зээлж авсан мөнгөөр өөрийн өмнө нь авсан зээлээ дарж хэрэглэсэн нь тодорхой байна. Шүүх шийдвэр гаргахдаа Н.Т 3 000 000 төгрөгөө өөрөө авч өөрийн зээлийг дарсан талаар тайлбарлаж хэлсээр байтал надад 2 550 000 төгрөгийг хувааж гаргуулах шийдвэр гарсанд гомдолтой байна. Иймд үндсэн хариуцагч болох Н.Т нь тайлбартаа уг мөнгийг өөрөө хэрэглэснээ зөвшөөрч байх тул Ч.С надаас гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.Т нь хариуцагч Ч.С, Н.Т нарт холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 4 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 3 750 000 төгрөг болгосныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 1, 43 дахь талууд/

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Ч.С, Н.Т нар нь 2019 оны 06 сарын 10-ны өдөр нэхэмжлэгч С.Ттай бичгээр зээлийн гэрээ байгуулж, 3 000 000 төгрөгийг, нэг сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлж авсан, нэхэмжлэгч С.Т нь мөн өдрөө 3 000 000 төгрөгийг хариуцагч Н.Тын ХААН банкны дансанд шилжүүлсэн, хариуцагч Н.Т нь 2019 оны 08 сарын 04-ний өдөр 300 000 төгрөг, 2019 оны 09 сарын 16-ны өдөр 300 000 төгрөг, 2019 оны 10 сарын 17-ны өдөр 600 000 төгрөгийг тус тус буцаан төлсөн үйл баримтууд тогтоогдсон байна. /хх-ийн 4, 5, 29-31 дэх талууд/

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ.”, 242.3-т “үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох боловч хэрэгт авагдсан баримт болох зээлийн гэрээгээр хариуцагч нар нь хамтран үүрэг хүлээсэн байна.

Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байхыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т заасан.

Хариуцагч нарын хамтран хүлээх үүрэг нь зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр үүссэн байх тул анхан шатны шүүх гэрээний үүргийн биелэлтийн үлдэх хэсгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т заасан агуулгыг зөрчихгүй гэж үзэв.  

Хариуцагч Ч.С нь “энэ мөнгийг Н.Т авч хэрэглэсэн тул би хариуцахгүй” гэж, хариуцагч Н.Т нь энэ мөнгөнөөс Ч.С 1830 000 төгрөгийг авсан. Би өөрийн авсан мөнгийг төлсөн.” гэж тус тус маргалдаж байх боловч хариуцагч нарын энэхүү маргаан нь тэдний хоорондын харилцааны асуудал учраас нэхэмжлэгч С.Ттай байгуулсан зээлийн гэрээний үүргээс хэн аль нь чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

Иймд хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагч Ч.Сгийн 55 750 төгрөг, Н.Тын 55 750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2020 оны 04 сарын 09-ний өдрийн 138/ШШ2020/00442 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ч.С, Н.Т нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар  хариуцагч Ч.С, Н.Т нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 55 750 төгрөг төлснийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД                            Ж.ДОЛГОРМАА

                                             З.ЭНХЦЭЦЭГ