Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 201/МА2020/0017

 

О.Уий нэхэмжлэлтэй, Ж.Од холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 сарын 07-ны өдрийн 138/ШШ2020/00433 дугаар шийдвэртэй, О.Уий нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Од холбогдох бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсны хохиролд 2 558 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Аын гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 5 сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.У шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч О.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 оны 01 сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө .................. тоотоос ус алдаж бүх өрөөнүүд усанд автаж, хана шал, тааз норж, обой, шал хууларсан. Бас өлгөөтэй байсан хувцас бүгд норж хэрэглэх боломжгүй болсон. Тухайн үед СӨХ-ийн захирал орж ирж үзсэн. Үүний дараа уг айлын хүмүүст энэхүү байдлаа үзүүлж зураг авч баталгаажуулсан. Хохирлоо барагдуулах талаар уг айлын хүмүүстэй уулзаж ярилцсан боловч тохиролцоонд хүрээгүй.  Засвар хийхэд Вендо үнэлгээний газраас гаргасан 1977000 төгрөг, хувцасны үнэлгээ 414000 төгрөг, үнэлгээний үнэ 110000 төгрөг, хивс цэвэрлэгээний 57000 төгрөг, нийт 2558000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагчтай очиж уулзсан. Намайг хэд хоног хүлээчих гэхэд нь хүлээсэн боловч хариу өгөөгүй. Тиймээс үнэлгээний газраар үнэлгээ хийлгэсэн. Одоо 2 558 000 төгрөгийг нэхэмжилж байна. Сар шинэ болох гэж байсан тул хагас дутуу л засвар хийсэн байгаа.” гэжээ.

Хариуцагч Ж.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2020 оны 01 сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө 0100 цагийн үед 00-ын өрөөний цэвэр хүйтэн усны труба нь холбоосоор гэнэт задарч их хэмжээгээр ус алдаж доод айл руу ус алдсан нь үнэн. Тухайн үед ус алдахад миний бие 2 найзынхаа хамт зурагт үзээд сууж байсан бөгөөд нөхөр А нь унтаж байсан ба ус шаагих чимээнээр 00-ын өрөө рүү ороход цэвэр хүйтэн усны хоолой нь задарчихсан ус алдаж байхад нь Дорнод Нийтийн аж ахуй ОНӨҮГ-ын яаралтай дуудлагын утас руу залгах гэхээр утасны дугаар нь олдохгүй, тухайн яаралтай утасны дугаарыг олох гэж бусад хүмүүс рүү залгахад утсаа авахгүй байсан ба 30-40 минутын дараа утасны дугаарыг нь олж дуудлага өгөхөд 30 минутын дараа тухайн байгууллагын ажилтан ирээд усыг шууд хаагаагүй, өөдөөс хэрүүл хийгээд усаа хаахгүй зогсож байгаад хэсэг хугацааны дараа хаасан. Тухайн үед ус алдаж байхыг доод айлууд мэдсэн атлаа НАА-н яаралтай дуудлагын утасны дугаарыг мэдэхгүй байсан. Мөн НАА-д дуудлага өгөхөөр дуудлагатай байна гээд ирдэггүй. Задарсан хоолойг харахад эрэг шураг нь зэвэнд идэгдэж, хоолой нь хоорондоо холбогдож болохооргүй байсан зэрэг нь ус алдах нөхцөл байдал үүсгэсэн. Учир нь миний бие энэ чиглэлийн мэргэжлийн хүн биш, тоолуурын байцаагч нь ямар нэгэн зөвлөгөө өгөөгүй, утсаар холбогдож тоолуурын заалт авдаг, мэргэжлийн хүмүүсээр сантехникт үзлэг шалгалт хийдэггүй, хэвлэл мэдээлэл болон бусад мэдээллийн хэрэгслээр урьдчилан сэргийлэх болон яаралтай дуудлагын дугаарыг байршуулж мэдээлэхгүй байдаг нь иргэдийг ихээхэн хохироодог, тухайн үүссэн хохирлыг Нийтийн аж ахуй ОНӨҮГазар барагдуулах ёстой.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ус алдсан асуудал болдог өдөр эхнэрийн маань найзууд хотоос ирсэн, манайд тэд пиво уугаад байж байсан. Би өөрөө тухайн үед гэртээ байсан. Ус гоожих чимээгээр 00-ын өрөө рүү очиж хараад усыг хаах гэж оролдсон боловч даралттай ус тийм ч амархан хаагддаггүй, хааж болохгүй юм байна лээ. Тэр дороо нийтийн аж ахуйн утасны дугаарыг олж залгах гэж 30, 40 минут болж дуудлага өгсөн. Нийтийн аж ахуйн хүн ирэх гэж бас 30-аад минут болсон. Манай гэрийн шал бүхэлдээ ус болсон тэр дор нь доод талын айл руугаа орж харахад үнэхээр бороо орж байгаа юм шиг ус асгарч байсан. Нийтийн аж ахуйн ажилтан ирчихээд усаа хаахгүйгээр хэрүүл хийгээд хэсэг болсон. Арай гэж усаа хаалгасан. Тэр өдөртөө ямартай ч усаа шавхаж авсан. Дараа нь хүмүүсээс болсон явдлын талаар асуусан. Тэгэхэд зэвэрсэн труба өөрөө идэгдээд резво нь алдагддаг гэж хэлж байсан. Маргааш өдөр нь доод талынхаа айл руу орж нөхцөл байдлыг харсан. Энэ асуудал болсны дараа Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮГ-т хүсэлт гаргасан. Бидэнд тухайн эд хөрөнгийг өмчлөгч өөрөө хариуцах ёстой гэсэн тайлбар гаргаж өгсөн. Бид мэргэжлийн хүмүүс биш учраас халуун, хүйтэн усны шугамнаас ус алдах, алдахгүйг мэдэх боломжгүй. Тоолуурын байцаагч нь утсаар тоолуурын заалтаа авдаг, зөвлөгөө өгдөггүй. Бид Нийтийн аж ахуйн буруутай үйл ажиллагаанаас болж манайх ч гэсэн давхар хохирсон гэж үзэж байгаа.” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 сарын 07-ны өдрийн 138/ШШ2020/00433 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Оаас бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 2 501 000 /хоёр сая таван зуун нэг мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Уд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 57 000 /тавин долоон мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 55 878 /тавин таван мянга найман зуун далан найм/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Оаас улсын тэмдэгтийн хураамжинд 54 966 /тавин дөрвөн мянга есөн зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Уд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч А 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Учир нь үнэлгээ үндэслэлтэй эсэх, мөн яаралтай дуудлагын утсыг хаанаас, хэн байрлуулах үүрэгтэй вэ, усаа хаагаагүйн улмаас 1 секундэд хэдэн литр ус алдах вэ, дуудлага өгснөөс хойш хэдэн минутын дотор нийтийн аж ахуйн засварын ажилтан ирэх үүрэгтэй вэ, дуудлага өгсөн ирсэн цаг хугацааг нарийн тогтоолгуулах, норсон нэхий дээл, булган малгайг дахин ашиглах боломжтой эсэх зэргийг нарийн тогтоолгуулах хүсэлтэй байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч О.У нь хариуцагч Ж.Од холбогдуулан эд хөрөнгөд гэмт хор учруулсны хохиролд 2 558 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 1 дэх тал/

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар 2020 оны 01 сарын 21-22-нд шилжих шөнө хариуцагч Ж.Оын Бумбатын ................... тоотоос ус алдаж, нэхэмжлэгч О.Уий байрны бүх өрөө усанд автаж, хана, шал, тааз норж, обой, шал хууларсан, өлгөөтэй байсан нэхий дээл, булган малгай норж өмсөх боломжгүй болсон, “Вендо” үнэлгээний газрын тогтоосон үнэлгээгээр нэхэмжлэгчиийн эд хөрөнгөд 2 391 515 төгрөгийн хохирол учирсан, үнэлгээний хөлсөнд 110 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон байна. Зохигчид энэ талаар маргаагүй.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг  татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж  чадаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын дийлэнх хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар  зүйлийн 116.2-т заасан “ Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн хууулийн шаардлагад нийцсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Аын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 54 966 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 07-ны өдрийн 138/ШШ2020/00433 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Аын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар  хариуцагчийн төлөөлөгч Аын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 966 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД                             Ж.ДОЛГОРМАА

                                              З.ЭНХЦЭЦЭГ