Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2020/ДШМ/1215

 

 

 

 

 

 

     2020           9             18                                        2020/ДШМ/1215

 

 

М Р Жхолбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Н.Нарангэрэл,

хохирогч Г.Н, түүний өмгөөлөгч Э.Энххэрлэн,

шүүгдэгч М Р Ж /M R J/, түүний өмгөөлөгч С.Энхбат,

орчуулагч Г.Ундармаа,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 456 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Нгийн өмгөөлөгч Э.Энххэрлэнгийн гаргасан давж заалдах гомдлоор  М Р Ж /M R J/-т холбогдох эрүүгийн 1910026720331 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М Р Ж /M R J/, 1985 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Австралийн холбооны улсад төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тээвэр зуучлалын мэргэжилтэй, “Вейр Минералс Монголиа” ХХК-д ложистик менежер ажилтай, ам бүл 1, ........................ тоотод оршин суух бүртгэлтэй,ял шийтгэлгүй, №.................. дугаарын паспорттой;

 

Шүүгдэгч М Р Ж /M R J/ 2019 оны 11 дүгээр сарын 2-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Минт цэнгээний газрын бүжгийн талбай дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найзыг нь цохилоо гэх шалтгаанаар Г.Нгартаа барьсан байсан стаканаар нүүр рүү нь цохиж, хөлөөрөө бие рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь духанд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун чихний дэлбэнд зулгаралт, тархи доргилт бүхий хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: М Р Ж /M R J/-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М Р Ж /M R J/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М Р Ж /M R J/-ийг 1.350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М Р Ж /M R J / нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжгэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М Р Ж /M R J/-ээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт 6.774.136 /зургаан сая долоон зуун далан дөрвөн мянга нэг зуун гучин зургаа/ төгрөг гаргуулан хохирогч Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 57-12 тоотод оршин суух, /РД:НВ75031414/, Том цагаан овогт Гочоогийн Нд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Н нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий СD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт М Р Ж /M R J/ нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Г.Нгийн өмгөөлөгч Э.Энххэрлэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч М Р Ж нь хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдэхдээ өөр гэмт хэргийн шинжтэй буюу Сингапур улсын иргэн Сиев Пинг Фүктэй нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд нь халдсан гэмт хэргийн шинжийг давхар агуулсан болох нь Г.Нгийн “Анх ази царайтай залуу миний цээж орчим газарт цохиод цааш түлхсэн юм. Тэгэхээр нь би эргэж хараад ази царайтай залууг гараараа 1 удаа цохьсон. ... Энэ үед Европ царайтай сахалтай залуу миний хажуу талаас цохиод намайг газар унагасан. Энэ үед дээрээс өшиглөсөн. ... Ази царайтай залуу болон Европ царайтай залуу 2 намайг зодсон...”,  “2019 оны 11 дүгээр сарын 1-нээс 2-нд шилжих шөнө ...Австрали улсын иргэн намайг санаатай түлхсэн, би тэр үед газар унах гээд тэнцвэрээ алдаж яаж байна гээд гараа далайлгасан чинь Сингапур улсын иргэн миний зүүн талын чих рүү өшиглөсөн.  ... би газар унасан чинь хамгаалагч нар болон манай найз нар ирээд салгасан. ... Камерын бичлэг шүүж үзсэн чинь Сингапур улсын иргэн миний зүүн талын чих рүү өшиглөсөн чинь хамт байсан Монгол иргэн бас намайг өшиглөхөд Австрали улсын иргэн текнээс пивоны бакалаар миний толгойны баруун хөмсөгний дээд талд нэг удаа цохисон.” /хх 31/, гэрч Д.Батхүүгийн “...Намжааг нэг гадаад залуу араас нь түлхсэн юм. Тэгсэн чинь Н эргээд харсан чинь Нг түлхсэн залуу нүүрэн тус газарт нь цохиод авсан юм. Энэ үед Н газар унахаар нь би гүйж очоод нөгөө гадаад залууг түлхээд холдуулсан юм. Тэгтэл нөгөө гадаад залуу миний араар тойроод Намжилмааг босч амжаагүй байхад нь гартаа барьчихсан стаканаар Нгийн нүүрэн тус газарт нь цохиод авсан. ... Ер нь бол 2 гадаад залуу байсан ба 1 нь ази царайтай, нөгөөх нь Европ хүн байсан. ... Ази царайтай ...орилж, хашгираад Н руу дайраад байсан боловч хүмүүс уг залууг хориод ойртуулаагүй. ... асуудал дууссаны дараа үйлчлэгч ирээд шалан дээр туссан болон хагарсан стаканыг цэвэрлэж байсан.” /хх 55/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “02:23:02-д Сингапур Улсын иргэн SIEW PING FOOK Г.Нгийн баруун шанаан тус газарт баруун гараараа цохив.”, “02:23:03-д Г.Н нь Сингапур Улсын иргэн SIEW PING FOOK-ийн баруун шанаан тус газарт баруун гараараа зөрүүлэн цохисны газар унах үед Австрали Улсын иргэн Moore ricky James босч ирэв.”, “02:23:05-д Австрали Улсын иргэн MOORE RICKY JAMES газар унасан Г.Нгийн дээрээс нь баруун гараараа цохих гээд дайрах ба баруун гартаа юм барьсан байгаа мэт харагдаж байв.”, “02:23:02-д хохирогч Г.НАвстрали Улсын иргэн MOORE RICKY JAMES-ийг цохьсны дараа Сингапур Улсын иргэн SIEW PING FOOK Г.Нгийн баруун шанаан тус газарт баруун гараараа цохив.” /хх 187/ тэмдэглэл зэргийг харьцуулан судалвал уг хэрэгт Сингапур улсын иргэн SIEW PING FOOK нь миний үйлчлүүлэгчийг Австрали Улсын иргэн MOORE RICKY JAMES-тэй бүлэглэсэн гэж үзэхээр атал анхан шатны шүүх “...хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд болон хяналтын камерын бичлэг зэргийг харьцуулан судлахад шүүгдэгч М Р Ж болон түүний нөхөд болох Сингапур залуу, Монгол залуусын зүгээс бусдыг илтэд басамжилж доромжилсон, хохирогчийн биед бүлэглэн халдсан, тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдуулж, үйлчлүүлж буй олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.” гэсэн нь дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Сингапур Улсын иргэн Сиев Пинг Фүкт хохирогч Г.Нгараар цохин унагааж, газар унасан хойно нь Австрали улсын иргэн М Р Жтэй бүлэглэн өшиглөн зодож байгаа үйлдэлд нь хариуцлага хүлээлгэлгүйгээр зөвхөн Австрали улсын иргэн М Р Жт холбогдох үйлдлийг шүүхээр шийдвэрлүүлсэн нь шударга ёсны зарчимд нийцсэнгүй.  Хэрэг бүртгэлт мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг учрал болсон гэх цэнгээний газрын хяналтын камерын бичлэг бүхий диск эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргагдсан. Дээрх сиди бичлэгт хэргийн үйл баримтууд сэргээн дүрсэлж маш тодорхой бичигдсэн бичлэг бүхий сиди нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлах гэсэн боловч тодорхойгүй шалтгааны улмаас бичлэг уншигдах боломжгүй байсан бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судлах боломжгүй нөхцөл байдал бий болсон. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий чухал нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаагүй, шинжлэн судлах боломжгүй нөхцөл байдал бий болсон, дээрх сиди бичлэг бүхий эд мөрийн баримтыг нотлох баримтаас хасч тооцоогүй атлаа хэргийн үйл баримтыг хэрэгт авагдсан бусад нотлох баримтад тулгуурлан шүүгдэгч М Р Жийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй болно. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч М Р Жт холбогдох эрүүгийн хэрэгтээ 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр танилцаж, маргааш нь буюу 4 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурцад “...Эрүүгийн хууль болон энэ хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөв хэрэглээгүй байх тул дээрх үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү.” гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаа дуусч шүүхэд шилжүүлэх саналтай, мөрдөгч хэргийг прокурорт хүргүүлсний дараа яллах дүгнэлт үйлдэгдэхээс өмнө миний бие прокурорт дээрх үндэслэлээр хүсэлтийг гаргасан байхад уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчиж, хүсэлт гомдол гаргах эрхийг хязгаарласан. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тохиолдолд шүүх, прокурор, мөрдөгч нь орчуулга хийх, хэлмэрчлэх мэдлэг, чадвартай хүнийг орчуулагчаар томилно” гэж хуульчилжээ. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн орчуулагчаар Г.Ундармааг оролцуулсан бөгөөд түүнийг хэрхэн, яаж томилсон тогтоол хэрэгт авагдаагүй, албан ёсны эрхтэй орчуулагч мөн эсэх нь тодорхойгүй, энэ хуульд заасан журмыг зөрсөн гэж үзэж байна.

            Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Г.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэйгээ санал нэг байна. ...” гэв.

           

            Шүүгдэгч М Р Жийн өмгөөлөгч С.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн өмгөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн эрхийг хязгаарласан гэж ярьж байна. Өмгөөлөгч Э.Энххэрлэн прокурорт тодорхой ажиллагаа хийлгэх тухай хүсэлтийг гаргасан. Үүний дагуу прокуророос хариу ирүүлээгүй гэж байгаа нь хохирогчийн гомдол, хүсэлт гаргах эрхээ эдэлсэн гэж ойлгогдож байна. Мөн орчуулагчийн асуудалтай холбоотойгоор хавтас хэргийн 223-224 дэх талд орчуулагч Г.Ундармаагийн орчуулга хийх зөвшөөрөл, мөрдөгчийн орчуулагч томилсон тогтоол авагдсан. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн буруутай үйлдлээс болсон байдаг. Бааранд хохирогч, шүүгдэгч нар маргалдсаны улмаас шүүгдэгч арай хүчтэй цохисон. Үүний улмаас гэмтэл учирсан байдаг. Хохирогч тухайн үйлдэл гарах шалтгаан нөхцөлийг өөрөө бүрдүүлсэн. Үүнийг шүүх хавтас хэргийн хүрээнд зөв дүгнэсэн гэж үзэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар сиди бичлэг авагдсан бөгөөд уг сидинд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд зааснаар үзлэг хийж бэхжүүлсэн. Талууд уг бичлэгтэй танилцсан. Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч камерын бичлэг үзэх хүсэлт гаргасны дагуу бичлэгийг үзэж талууд тохиролцсон. Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, шүүхээс тогтоосон 6.677.000 төгрөгийн хохирол төлбөрийг ял оногдуулах шүүх хуралдаанд авчирч төлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

            Шүүгдэгч М Р Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэйгээ санал нэг байна. ...” гэв.

 

            Прокурор Н.Нарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М Р Ж нь хохирогч Г.Нгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх үзсэн. Мөн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас болсон. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Сингапур Улсын иргэнтэй бүлэглэж үйлдсэн гэх үйл баримт тогтоогддоггүй. Энэ нь бусад гэрчийн мэдүүлэг, камерын бичлэгээс харагддаг. Камерын бичлэгээс үзэхэд Сингапур Улсын иргэн нэг удаа цохиж байгаа харагддаг боловч хохирогч Г.Нд учирсан гэмтэл нь шүүгдэгч М Р Жийн үйлдлийн улмаас учирсан болох нь Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн хохирогчид учирсан гэмтлүүдийн аль нь гэмтлийн зэрэгт хамаарах талаар шинжээч эмчээс мэдүүлэг авсан байдаг. Иймд Сингапур Улсын иргэний үйлдлийн улмаас хохирогчийн биед ямар нэг гэмтэл учраагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад зөв үнэлэлт дүгнэлт хийсэн гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М Р Ж /M R J/ 2019 оны 11 дүгээр сарын 2-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Минт цэнгээний газрын бүжгийн талбай дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найзыг нь цохилоо гэх шалтгаанаар Г.Нгартаа барьсан байсан стаканаар нүүр рүү нь цохиж, хөлөөрөө бие рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь духанд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун чихний дэлбэнд зулгаралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Г.Нгийн “...2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр би өөрийн найзууд болох Батхүү, Төмөр нартай манай ажил дээр уулзаж, ажил хэргийн талаар ярилцаад хоолонд орчихоод салцгаасан юм. Тэгээд орой 20 цагийн үед санаж байна, Батхүү, Төмөр нартай дахин уулзаж, ...Минт бааранд очсон. Ингээд Минт бааранд 22 цагийн үед орсон санагдаж байна, цай, ус ууж сууж байгаад 00 цаг өнгөрөхөд архи, пивоор үйлчилж эхэлсэн. Бид 3 нэг шил 0.75 литрийн архи аваад уусан ба миний хувьд сүүлийн үед архи амсаагүй байсан учраас нилээн согтож эхэлсэн. Тэгээд ариун цэврийн өрөө орох гээд явах үедээ таньдаг хүмүүстэй таарч бас ганц хундага архи уусан. Энэ хооронд бүжгийн талбай руу гарч бүжиглэж байхад сахалтай, өндөр гадаад залуу миний араас түлхсэн. Тэгэхээр нь би эргэж хараад намайг түлхсэн залуу руу гараа далайгаад цохьсон байх. Гэтэл хаанаас ч юм гэнэт намайг цохиод газар унагаачихсан. Ингээд би газар унаад өндийгөөд босох гэхэд дахин намайг цохиод унагасан. Энэ үед миний духны баруун хэсгээс цус гарч эхэлсэн. Манай найз Батхүү ирж, нөгөө залууг салган хамгаалагч нарыг дуудаж, цагдаад дуудлага өгсөн.

...Эмчилгээнд гарч байгаа зардал, мөн ирээдүйд гарах зардлаа гаргуулж авмаар байна. Одоо гоо сайханы мэс засалд орж, баруун хөмсөгний дээрх сорвио арилгуулмаар байна. Мөн хөмсөгөө задлуулснаас хойш үүсээд байгаа бизнесийн алдангаа төлүүлэх хүсэлттэй байна. Дээр нь нэмж сэтгэл санаагаараа хохирсон учир сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ. ...” /1хх 24-25/,

 

гэрч Сиев Пинг Фүк /Siew Pnig Fook /-ийн “...2019 оны 11 дүгээр сарын 2-ны орой М Р Ж болон хоёр монгол найзын хамт хүүхдийн 100 орчим пабд сууж байхад нэг найз маань Минт бааранд үнэгүй оруулж өгнө гэхээр нь бид нар Минт бааранд очсон. Тэгээд vip тасагт ороод уух юм авсан ба Нг харахад нилээн согтуу, эргэн тойрныхоо хүмүүсийг өдөж хоргоогоод байсан. Хүмүүс түүнээс холдож байсан бөгөөд бүжгийн талбай дээр байж байхад Н над руу ирээд миний гар луу цохиж, миний уух юмыг асгасан. Тэгэхэд тэнд байсан хоёр эмэгтэй “боль” гэж хэлээд дундуур орж зогсоохыг оролдоход Н миний нүүр лүү алгадсан. Тэгээд гараа атгаж байгаад миний шанаа руу цохиход М Р Ж хажуугаас орж ирээд Нгийн нүүр хавьцаа цохьсон байх гэж бодож байна, тухайн үед М Р Ж надад туслах гэж л орж ирсэн. М Р Ж бид хоёр гарахаар явж байхад хамгаалагч нар ирээд М Р Жийг их хэрцгий байдалтай авч явсан. Би араас нь дагаж хамгаалагч нарын өрөөнд ороход Н миний уруул орчим дахин нэг цохьсон бөгөөд найз нар нь намайг доромжлоод байсан. Манай монгол найз хамгаалагч нарын өрөөнд орсон боловч бас нүүрэндээ нэг удаа цохиулаад гараад ирсэн. ...” /1хх 44-52/,

 

гэрч Д.Батхүүгийн “..Н бүжгийн талбай руу ороод бүжиглэсэн ба би тейкний хажууд суугаад харж байсан. Нг нэг гадаад залуу араас нь түлхэж, нүүрэн тус газар нь гараараа цохьсон. Энэ үед Намжмэа газар унасан ба би гүйж очоод болиулсан чинь тойрч ирээд Нг босож амжаагүй байхад гартаа байсан стаканаар нүүрэн тус газар нь цохьсон. Миний харснаар европ царайтай залуу Нгийн араас түлхээд, эргээд харахад нь нүүрэн тус газар нь цохиж унагасан. Ингээд би салгахад намайг тойрч ирээд стаканаар дахин цохьсон. ...Харин Ази царайтай залуу зодоонд оролцсон эсэхийг мэдэхгүй байна. ...” /1хх  53-55/,

 

гэрч Д.Дэмбэрэлдоржийн “...Рики надад хэлэхдээ “би цохьсон” гэж байсан. Чухам аль хэсэгт нь цохьсон талаараа хэлээгүй. ...” /1хх 59-61/,

 

гэрч Г.Бямбасүрэнгийн “...Европ царайтай залуу босож ирээд нөгөө залууг цохиж газар унагаасан. Тэгэхэд л согтуу залуугийн нүүрнээс цус гараад эхэлсэн. Нүүрний яг аль хэсгээс нь цус гараад байгааг нь мэдээгүй. ...Ази залуу зодоонд оролцоогүй. ...” /1хх 65-67/,

 

шинжээч эмч Т.Чимэд-Очирын “...Духанд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун чихний дэлбээнд зулгаралт, тархи доргилт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун чихний дэлбэнд учирсан зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Мөн дүгнэлт хэсэгт тархи доргилт гэж 2 удаа бичигдсэн байгаа нь нэг ойлголт болно. Духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Баруун чихний дэлбэнгийн зулгаралт нь мөн мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. ...” 1хх /76-77/,

 

шүүгдэгч М Р Ж //M R J/-ын яллагдагчаар өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 2-ны шөнө 00 цаг 30 минутын орчим Минт бааранд Монгол найз болох Тайсон, түүний найз гэх нэрийг нь мэдэхгүй залуу болон Сингапур улсын иргэн Siew Ping Fook бид 4 хамт орж үйлчлүүлсэн юм. Баар руу ороод Тайсон найзтайгаа хамт өөр өрөөнд орсон ба Siew Ping Fook бид 2 тусдаа өөр газарт үлдсэн юм. Ингээд Жин нэртэй архи граммаар авч ууцгаасан. Тухайн үед бид нар их согтоогүй эрүүл байсан. Ингээд Siew Ping Fook бид хоёр текэн дээр ойрхон зогсож байсан 2 монгол охинтой танилцаад юм яриад зогсож байтал нэг согтуу эрэгтэй хүн нөгөө 2 охины ард талаас нь ирж байхаар нь Siew Ping Fook бид 2 нөгөө 2 охиныг хамгаалж өөрсдийнхөө ард оруулж зогссон чинь нөгөө согтуу залуу хүрч ирээд Siew Ping Fook-ийн гар руу нь цохиод байгаа юм шиг харагдсан. Тэгснээ Siew Ping Fook-ийн гартаа барьчихсан ууж байсан стакантай жин рүү цохиод унагаачихсан юм. Тэгэхэд Siew Ping Fook нөгөө согтуу залууг өөрөөсөө холдуулж түлхсэн чинь нөгөө залуу зөрүүлээд Siew Ping Fook-тэй хамт түлхсэн чинь нөгөө согтуу залуу миний зүүн талын эрүүн тус газарт цохьсон юм. Тэгэхээр нь зөрүүлээд нөгөө согтуу залуугийн нүүрэн тус газарт цохьсон. Тэр залууг цохихдоо би гартаа барьчихсан ууж байсан жинтэй стаканаар нөгөө залууг цохьчихсон юм. Энэ үед нөгөө залуу газар унасан ба би ч бас манараад хажууд нь унасан байх. Ингээд би босч ирээд Siew Ping Fook-тэй хамт уг газраас гарахад Siew Ping Fook нүдний шилээ мартчихсан байсан учраас буцаж ороод нүдний шилээ хайж байтал Минт баарны хамгаалагч нар ирээд Siew Ping Fook бид хоёрыг авч явсан. ...” /1хх 230-232/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 13304 дугаартай “...Г.Нгийн биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун чихний дэлбээнд зулгаралт, тархи доргилт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ....” /1хх 77/ гэх дүгнэлт зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М Р Ж /M R J/-ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч М Р Ж /M R J/-ийн Минт цэнгээний газрын бүжгийн талбай дээр “найзыг нь цохилоо” гэх шалтгаанаар Г.Нгартаа барьсан стаканаар нүүр рүү нь цохиж, хөлөөрөө бие рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ

 

            Шүүгдэгч М Р Ж /M R J/-т оногдуулсан ял шийтгэл нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирчээ. 

 

Хохирогч Г.Нгийн өмгөөлөгч Э.Энххэрлэн “...энэ хэргийг Австрали улсын иргэн Сингапур улсын иргэнтэй бүлэглэн үйлдсэн болох нь харагддаг. Энэ байдлыг анхан шатны шүүх анзааралгүйгээр шийтгэх тогтоол гаргасан нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 184-189/, гэрч Сиев Пинг Фүк /Siew Pnig Fook /1хх 44-52/, Д.Батхүү /1хх 53-55/, Д.Дэмбэрэлдорж /1хх 59-61/, Г.Бямбасүрэн /1хх 65-67/ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд Сиев Пинг Фүк /Siew Pnig Fook/ нь  М Р Ж /M R J/-тэй бүлэглэн Г.Нзодсон гэх үйлдэл тогтоогдохгүй байна.

 

Мөрдөн байцаагч 2020 оны 4 дүгээр сарын 7-нд тухайн хэрэгт орчуулагч Г.Ундармааг томилсноор /1х-223х/  тус орчуулагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байх тул анхан шатны шүүх орчуулагчийг хууль бусаар томилсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

           

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Нгийн өмгөөлөгч Э.Энххэрлэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 456 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Нгийн өмгөөлөгч Э.Энххэрлэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ