| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2017/0564/Э |
| Дугаар | 487 |
| Огноо | 2017-12-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Мөнхзул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 487
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхням,
улсын яллагч А.Мөнхзул,
хохирогч С.Б,
шүүгдэгч Ж.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас С овогт Жын Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708 01102 20120 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
С овогт Жын З, Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Дөрвөлжин суманд 1974 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, ... тоотод оршин суух, регистрийн дугаар ..., урьд
- Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн __ дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тэнсэж, хянан харгалзсан.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Ж.З нь 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” караоке баарны үүдэнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.Бг цохиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ;
1. Шүүгдэгч Ж.З: “...2017 оны 8 дугаар сарын 23-ны орой 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Депогийн автобусны буудлын хажууд байдаг “...” бааранд есүүлээ хамт орсон. Тэгээд Н, П, Г бид нар үлдээд нэг шил архи авч уусан. Тэгээд Г бид хоёр гадаа гарч тамхи татчихаад ороод ирсэн чинь Н, П хоёр өмнө болсон асуудлаасаа болж хоорондоо маргалдаад байхаар нь би Пийг нэг удаа алгадсан. Гэтэл хохирогч Б та нарын архи болсон байна одоо харьж амарцгаа гээд баарнаас гаргасан. Гэтэл Н нь хохирогч Б эгчтэй маргалдаж үсдэлцсэн тэгэхээр нь би салгах санаатай татсан чинь хохирогч Б нь газар унасан...” гэв.
2. Хохирогч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “...” бааранд ажлаа хийж байсан. Тухайн өдөр шүүгдэгч З нь 8 хүнтэй хамт орж ирээд үйлчлүүлж байгаад 4 хүнтэй хамт үлдсэн. Тэгээд удаагүй З нь гаднаас орж ирээд хамт явж байсан нэг залуугаа цохиод унасан. Тэгэхээр нь би Зг салгаад баарнаас гаргасан. Гэтэл З гаднаас орж ирээд дахин муудалцах гээд байхаар нь би баарнаас гаргахад З нь баарны үүдэнд байсан камерыг гараараа дарсан байсан. Гэтэл буудлын хүмүүс камер оролдоод байхаар нь боль гэж хэлэх үед З нь буудлын хоёр ажилтантай маргалдах гээд дайраад байхаар нь баарнаас гаргаад гадна хаалган дээрээ зогсож байтал Н миний хажууд зогсож байсан. Тэгээд З нь гараа хадаасанд урсан байсан. Түүнийг нь Н хараад буудлын хүмүүстэй алалцсан гээд орох гээд дайрсан. Тэгэхээр нь би оруулахгүй гээд зогсож байтал З нь намайг цохисон, нэг мэдсэн чинь би газарт унасан байсан. Харин З, Н хоёртой хамт явсан хоёр залуу нь миний хажууд зосгож байсан боловч надад туслаагүй. Гомдолтой байна. Шүүгдэгч З нь надад 500.000 төгрөгийг өгсөн. Би шүүгдэгч Згээс 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд ажилгүй байх үеийн цалин хөлс 600.000 төгрөг, эмнэлэгт хэвтэж эмчилгээний зардалд 400.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч С.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Депогийн буудлын ард байрлах “...” нэртэй караокед ажил дээрээ байхад оройн 19 цагийн үед “...” зах дээр ажилладаг 7-8 хүн үйлчлүүлэх гэж орж ирсэн. 22 цагийн үед тэдгээр хүмүүс нэг нэгээрээ цуварч яваад нэг эмэгтэй, 3 эрэгтэй үлдсэн. Тэгтэл хоёр эрэгтэй нь гэнэт зодолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёр эрэгтэйг караокенаас гаргасан чинь буцаж орж ирээд хоорондоо зодолдох гээд хаалган дээр зогсоод байсан. Би тэднийг караокед буцаж оруулахгүй гээд хаалган дээр зогсож байхад нэг эрэгтэй нь намайг баруун гараараа цохиод би тэнцвэрээ алдаад шатны уруу унасан. ...би шатнаас унахдаа зүүн гараа дараад унасан бөгөөд зүүн гарын шуу гэмтсэн. толгойны ар талд хавдсан, нуруу, хавирга өвдөж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8),
“...З гэдэг залуу Н гэдэг хүүхэнтэй хамт явж байсан. Би хаалга дараад тэднийг оруулахгүй гээд зогсож байтал Н гэдэг хүүхэн миний хувцаснаас татах гэж байгаад үстэй хамт зулгааж намайг хаалганаас холдуулах гээд түлхсэн. Тэгтэл цаанаас З ирээд намайг баруун гараараа хүчтэй цохиж намайг шатны уруу унагаасан. Н, З хоёр намайг нийлж зодож гэмтэл учруулаагүй. Згийн намайг цохиж унагаасан асуудлаас болж би биедээ гэмтэл авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50),
2. Гэрч Н мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 23-ны орой 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “...” караокед 9-лээ орсон. Тэндээс 5 хүн цуварч явсаар З, П, Г бид дөрөв үлдсэн. Тэгээд сууж байтал ямар шалтгаантайг нь мэдэхгүй З Пийн нүүр лүү гараараа цохиод авсан. Тэгтэл П уурлаад босоод иртэл Г Зг аваад караокеноос гарсан. Би тэгээд Пийг дагуулаад мөн араас нь гарсан. Намайг гарч байхад З дээшээ гардаг шатан дээр бармен гэх эмэгтэйтэй маргалдаад, нөгөө эмэгтэй нь оруулахгүй гээд хаалган дээр хашаад зогсож байсан чинь З хаалга онгойлгох гээд тохойгоороо тэр эмэгтэйгийн цээжинд цохисон чинь тэрээр арагшаа унасан. Унахдаа гараа дарж унасан байх...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12),
3. Гэрч Н.Нийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 8 дугаар сарын 23-ны орой 23 цагийн үед ажил дээрээ ирсэн. Тэгэхэд доор ...бааранд зодоон болоод байх шиг байсан. Би гэртээ харих гээд гарсан чинь Баясаа эгч уйлчихсан сууж байсан. Тэгэхээр нь би очоод өргөж босгоод “яасан бэ эгч” гэсэн чинь “толгой өвдөөд байна, хөдөлж чадахгүй байна” гээд дотогшоо орсон. Тэгэхэд дэргэд нь 4 хүн байсан...нэг нь Баясаа эгчийг түлхсэн. Нөгөө гурав нь зодоонд оролцоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14),
4. Гэрч М.Ггийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Н, З, П бид 4 үлдээд бид нар 2 шил “Соёрхол” нэртэй 0.75 граммын архи хувааж уусан. Ууж байтал П, З нар хоорондоо маргалдаад З нь Пийг нүүрэнд нь цохисон. Тэгэхээр нь караокены эгч бид хоёр салгаад аваад гарсан. Гадаа үүдний шатан дээр З буудлын хүмүүстэй маргалдаад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41),
5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 10826 дугаар дүгнэлт:
“...Хэсэг газрын үзлэгт: Баруун зулайн ар хэсгийн хуйханд овойж хавдсан, тэмтрэлтээр эмзэглэлтэй, зүүн шууны дээд хэсгээс сарвууны дунд хүртэл аравч хэлбэрийн гөлтгөнөн боолт хийгдсэн. Баруун далны дээд хэсэгт 4х3см бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай, тэмтрэлтээр эмзэглэлтэй. ГССҮТ-ийн 2017.08.23-ны үзлэг онош: Зүүн гарын шуу ясны далд хугарал, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэжээ. 2017.08.23-ны зүүн шууны 2 байрлалын рентген зурагт шуу ясны доод булууны хэсэгт хөндлөн хугаралтай. ДҮГНЭЛТ:
1. 2. С.Бгийн биед зүүн гарын шуу ясны далд хугарал, баруун зулайн хуйх, баруун даланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29),
6. Шүүгдэгч Ж.Згийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2015 оноос “...” зах дээр хүний портер машиныг жолоодож цалинжиж ажилладаг. 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 18 цагийн үед зах дээр хамт ажилладаг 8 хүний хамт...Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Депогийн автобусны буудлын хойд талд үйл ажиллагаа явуулдаг “...” караокед орсон. Тэндээ ороод архи ууцгаасан бөгөөд нэг нэгээрээ явсаар байгаад тэр караокед Н, П, Г бид дөрөв үлдсэн. П, Н хоёр урьдын наймаанаас болж маргалдаж эхлэхээр нь би Пийг “эмэгтэй хүнтэй муудалцаад яаж байгаа юм, хаашдаа өнгөрсөн хэрэг дахин сөхөөд яахав дээ чи” гээд хацар луу нь нэг удаа алгадсан. Тэгтэл тэр караокены эзэн хүүхэн бид дөрөв дээр ирээд “амьтан хүний амгалан тайван байдал алдагдууллаа, одоо явцгаа, та нар хэмжээ чинь болчихсон байна” гэж хөөж гаргасан. Тэгээд караокены гадаа Н, П, Г бид дөрөв тамхи татаад зогсож байтал Н гэнэтхэн “бид дөрвийг энэ муу авгай яахаараа хөөж гаргадаг юм” гээд бид нарыг дотогш оруулахгүй гээд үүдэн дээрээ зогсож байсан караокены эзэн хүүхнийг үсдэж зулгаахаар нь би дундуур нь орж салгах гээд караокены эзэн болох Б гэх эмэгтэйг татаад салгатал үүдний 2 шаттай довжоон дээрээс хальтраад газар унасан. ...Би Б гэдэг хүнийг зодож цохиогүй. Зүгээр салгах гэж л татаж унагаасан. Тухайн үед би халамцуу байсан учраас хүчтэй татчихсан байж магадгүй. Тэгээд татаад тавих эрчинд газар унасан байх... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47),
7. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 35, 34), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 62),
- хохирлын баримтууд (хавтаст хэргийн 17-18, 20-27), “Натур” эмнэлэгт толгойны КТГ зураг авахуулсан мөнгө тушаасан баримт (хавтаст хэргийн 19) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс шүүгдэгч Зд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Ж.З нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Депогийн автобусны буудлын хойд талд үйл ажиллагаа явуулдаг “...” караоке баарны үүдэнд, 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр, бусадтай хувийн таарамжгүй харьцаа үүсгэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, шууд санаатай үйлдлээр, хохирогч С.Бг цохиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь
- Хохирогч С.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр...“...”...караокед ажил дээрээ байхад...“... зах” дээр ажилладаг 7-8 хүн үйлчлүүлэх гэж орж ирсэн. 22 цагийн үед тэдгээр хүмүүс нэг нэгээрээ цуварч яваад нэг эмэгтэй, 3 эрэгтэй үлдсэн. Тэгтэл хоёр эрэгтэй нь гэнэт зодолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёр эрэгтэйг караокенаас гаргасан чинь буцаж орж ирээд хоорондоо зодолдох гээд хаалган дээр зогсоод байсан. Би тэднийг караокед буцаж оруулахгүй гээд хаалган дээр зогсож байхад нэг эрэгтэй нь намайг баруун гараараа цохиод би тэнцвэрээ алдаад шатны уруу унасан. ...би шатнаас унахдаа зүүн гараа дараад унасан бөгөөд зүүн гарын шуу гэмтсэн. толгойны ар талд хавдсан, нуруу, хавирга өвдөж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8),
“...З ирээд намайг баруун гараараа хүчтэй цохиж намайг шатны уруу унагаасан. ...Згийн намайг цохиж унагаасан асуудлаас болж би биедээ гэмтэл авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50),
- Гэрч Н мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг гарч байхад З дээшээ гардаг шатан дээр бармен гэх эмэгтэйтэй маргалдаад, нөгөө эмэгтэй нь оруулахгүй гээд хаалган дээр хашаад зогсож байсан чинь З хаалга онгойлгох гээд тохойгоороо тэр эмэгтэйгийн цээжинд цохисон чинь тэрээр арагшаа унасан. Унахдаа гараа дарж унасан байх...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12),
- Гэрч Н.Нийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би гэртээ харих гээд гарсан чинь Баясаа эгч уйлчихсан сууж байсан. Тэгэхээр нь би очоод өргөж босгоод “яасан бэ эгч” гэсэн чинь “толгой өвдөөд байна, хөдөлж чадахгүй байна” гээд дотогшоо орсон. Тэгэхэд дэргэд нь 4 хүн байсан...нэг нь Баясаа эгчийг түлхсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14),
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 10826 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 29),
- Шүүгдэгч Ж.Згийн мөрдөн байцаалтад өгсөн: “...караокены гадаа Н, П, Г бид дөрөв тамхи татаад зогсож байтал Н гэнэтхэн “бид дөрвийг энэ муу авгай яахаараа хөөж гаргадаг юм” гээд бид нарыг дотогш оруулахгүй гээд үүдэн дээрээ зогсож байсан караокены эзэн хүүхнийг үсдэж зулгаахаар нь би дундуур нь орж салгах гээд караокены эзэн болох Б гэх эмэгтэйг татаад салгатал үүдний 2 шаттай довжоон дээрээс хальтраад газар унасан... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч З нь хохирогч С.Бг цохиж улмаар хохирогч нь шатны уруу унасан болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шатны уруу унаснаас болж хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь, улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргав.
- Шүүгдэгчээс гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөх саналын гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч З нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч З нь ... зах дээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав. Харин шүүгдэгч нь торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай саналыг хүлээн авах боломжгүй. Өөрөө хэлбэл шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилтай байх тул уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар Зг торгох ялыг 3 (гурван) сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.
III. Бусад асуудлаар
Хохирогч С.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.500.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч З нь 500.000 төгрөгийг төлж барагдуулсан. Энэ талаар хэн аль нь маргаагүй болно. Хэрэгт баримтаар
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд үзүүлсэн орлогын ордер 8000 (хавтаст хэргийн 17),
- Натур эмнэлэгт толгойн КТГ хийлгэсэн бэлэн мөнгөний орлогын баримт 120.000 (хавтаст хэргийн 19),
- “Амин ус” эмийн сангаас эм авсан зарлагын баримт 44.000 (хавтаст хэргийн 20),
- “Цогт ээж” эмийн сангаас эм авсан гүйлгээ хийсэн баримт 21.000 (хавтаст хэргийн 21)
- “Натур” эмнэлэг рентген кабинетын тооцооны хуудас 55.000, 30.000 (хавтаст хэргийн 22, 23)
- Монгол эм импекс концерн цахим баримт 45.500 (хавтаст хэргийн 24),
- “Цонхлонбүрэн” ХХК эмийн цахим баримт 11.104 (хавтаст хэргийн 25),
- “Сэтгэшгүй” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бэлэн мөнгөний орлогын баримт 550.000 (хавтаст хэргийн 26) төгрөгийн буюу нийт 884.604 төгрөгний хохирол, гэм хорын баримт нь хуулийн шаардлага хангасан байна. Иймд хуулийн шаардлага хангасан 884.604 төгрөгийн үнийн дүнгээс шүүгдэгчийн төлсөн 500.000 төгрөгийн үнийн дүнг хасаж үлдэх 384.604 төгрөгийг иргэний хуульд заасны дагуу шүүгдэгч Ж.Згээс нэг сарын дотор гаргуулж хохирогч С.Бд олгох нь зүйтэй байна.
Харин хохирогч С.Бгын нэхэмжлэлээс ажилгүй байх хугацааны буюу олох ёстой орлого 1 сарын цалин болох 615.396 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь цаашид гарах бусад зардлаа хууль ёсны шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн 17080110220120 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. С овогт Жын Зг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Ж.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Згээс 384.604 төгрөгийг 1 сарын хугацаанд гаргуулж, хохирогч С.Бд олгохыг даалгаж, хохирогч Б нь өөрт учирсан бусад гэм хорын зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээснийг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ