Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/1229

 

 

 

 

 

 

   2020             9             22                                       2020/ДШМ/1229

 

 

         Т.Мхолбогдох эрүүгийн

                        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Г.Эрдэнэ,

шүүгдэгч Т.М өмгөөлөгч Г.Батцэцэг, Б.Сүрэнхүү,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 602 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.М өмгөөлөгч Б.Сүрэнхүүгийн гаргасан давж заалдах гомдлоор Т.Мхолбогдох эрүүгийн 1902008640383 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Дархан уул овгийн Т.М, 1976 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Авто-инженер мэргэжилтэй, “Баянгол тариалан” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 1,............... тоотод бүртгэлтэй боловч .................. тоотод  оршин суух,  /РД: ................../;

 

Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 103 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

 

Шүүгдэгч Т.М нь өөрийн түрээслэн амьдардаг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Цастын 57 дугаар байрны 36 тоотод Нэгдсэн үндэстний байгууллагын 1971                              оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан “метамфетамин”-ны агууламжтай гялгар уутны хамт 0.5 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөлт бодис, Нэгдсэн үндэстний байгуулгийн 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтанд багтсан Кокайн /cocaine/-ын агууламж бүхий гялгар уутны хамт 3.9 грамм жинтэй хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлт бодисыг хууль бусаар олж авч хадгалсан,

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Цастын 57 дугаар байрны 36 тоотод Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан “метамфетамин”-ны агууламжтай байж болошгүй “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэт нөлөөт бодисыг Г.А200.000 төгрөгөөр худалдсан,

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт Нэгдсэн үндэстний байгуулгийн 1971 Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан “метамфетамин”-ны агууламжтай байж болзошгүй 0.3 грамм орчим “мөс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах эм сэтгэцэт нөлөөт бодисыг иргэн У.М500.000 төгрөгөөр худалдсан,

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шангрила 2 “ зочид буудалын B2 давхарт өөрийн биедээ Нэгдсэн үндэстний байгуулгийн 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан “метамфетамин”-ны агууламжтай гялгар уутны хамт 1.8 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Г.А, У.М нарт худалдаалах зорилгоор хууль бусаар авч, биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогдожээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Т.М үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Мхолбогдуулан “2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Цастын 57 дугаар байрны 36 тоотод Нэгдсэн үндэстний байгуулгийн 1971 Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан “метамфетамин”-ны агууламжтай байж болзошгүй гэх “ мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Г.А200.000 төгрөгөөр худалдсан, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны  Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан “метамфетамин”-ны агууламжтай байж болзошгүй 0.3 грамм орчим жинтэй “мөс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг иргэн У.М500.000 төгрөгөөр худалдсан“ гэх үйлдлийг Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.Мийг хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Моногдуулсан хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.М цагдан хоригдсон 92 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Т.М нь бусдад төлөх төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт битүүмжилсэн Т.М өмчлөлийн 77-00 УАЕ улсын дугаартай “Мерседес бенз                 жи-55” тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хяан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гялгар уутны хамт 0.9531 грамм жинтэй, цэвэр жин нь 0.7747 цагаан өнгийн таластлаг зүйл, шар өнгийн тагтай, талны гол хэсэгт 2 цоолсон нүхтэй 2 ширхэг гуурс шургуулсан шилэн сав,цагаан өнгийн тагтай, цэнхэр өнгийн хуванцар сав /дотроо 3 давхар тасалгаатай/ уг саванд байсан №1 гэж дугаарласан зиплок гялгар ууттай мөс мэт цагаан өнгийн нунтаг зүйл, Waterproof гэсэн бичлэгтэй резинээр боосон гялгар ууттай цагаан өнгийн нунтаг, OG four 2.0 гэсэн бичлэгтэй резинен сав, лидокаин гэсэн бичлэгтэй, толгой хэсэг нь хагарсан 2 ширхэг тарианы усны шил, дотроо цайвар болон хар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл 2 ширхэг, тайрсан, цоолсон гуурс мэт зүйл 10 ширхэг, үзүүр хэсэг нь харлаж бохирлогдсон нарийн гуурс мэт зүйл, саарал өнгийн тагтай, тагны хэсэгт сарал өнгийн гуурс мэт зүйлийн сав, 2 талдаа хөвөнтөй мод 1 ширхэг толгой хэсэг нь эвдэрсэн дөрвөлжил шоо бүхий дүрстэй асаагуур гэх зэргийг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газарын харъяа Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Мавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг  2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ

 

            Шүүгдэгч Т.М өмгөөлөгч Б.Сүрэнхүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн үйлдсэн гэм буруу дээр маргаагүй. Зөвхөн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан ялыг багасгаж өгөхийг хүсэж байна. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “та хэний хамт амьдарч байна” гэхэд “хүү эцэг эхийн хамт амьдардаг” гэж хариулсан. Шүүгдэгч Т.М эх Ё.Гажидмаа 73 настай, цөсний хүүдий авахуулсан, элэг, өөрчлөлттэй гэсэн эмнэлгийн баримтууд байгаа. мөн хавтас хэрэгт Т.М бага хүүхэд болох М.Билиг-Очир, 2009 онд төрсөн Билгүүн-Очир нарыг асран хамгаалж харж хандах шаардлагтай байдаг. Түүнчлэн Т.М нь “зүүн өвдөгний дунд чөмөгний дотор булууны үеийн гадаргуугийн мөгөөрс элэгдэж нимгэрсэн. Баруун өвдөгний дунд чөмөгний дотор булууны үеийн гадаргуугийн мөгөөрс элэгдэж нимгэрсэн ба субхондрол хаван нэвчдэстэй. Дотор мениск ихээр арын эвэр урагдсан” гэсэн оноштой цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай зэрэг эдгээр хувийн байдлыг харгалзаж үзэх шаардлагатай байна. Хэдийгээр Т.М нь мансууруулах бодис хадгалсан, хэрэглэсэн гэж байгаа боловч түүний хувийн байдал, эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан хорих  ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.    

 

            Шүүгдэгч Т.М өмгөөлөгч Г.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Б.Сүрэнхүүгийн давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Т.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Бусдад учруулсан хохиролгүй. Шүүгдэгч нь 180 см өндөртэй 100 кг гарсан жинтэй учир  өвдөгний чагтан холбоо урагдалттай. Эрүүл мэндийн болон ар гэрийн байдлыг харгалзан үзэж давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг 2 жил болгон багасгаж өгнө үү. ...” гэв.

                                                                             

            Прокурор Г.Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Т.М сэтгэцэд нөлөөт бодисыг  худалдсан гэх хоёр үйлдлийг хэрэгсэхгүй болгосныг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөнхжаргал  “төлбөрийг бэлэн болон дансаар шилжүүлж байсан” гэж мэдүүлсэн. Мөнхтөрийн дансанд Мөнхжаргалаас хэд хэдэн удаагийн үйлдлээр мөс шилжүүлсэн болох нь нотлогддог. Мөн шийтгэх тогтоолд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулснаа бичихдээ   техникийн шинжтэй алдаа гаргасан байна. Мөн прокурорын яллах дүгнэлтэд худалдаалах зорилготой, худалдаалах зорилгогүй аль болохыг тодорхой тусгаагүй. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна. ...” гэв.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                                                       

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байгаа учир давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байх тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзэв.   

 

Учир нь, шүүгдэгч Т.М нь  Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Цастын 57 дугаар байрны 36 тоотод Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан “метамфетамин”-ны агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хэзээнээс эхэлж хэдий хугацаанд, ямар зорилготой хадгалсан эсэх нь тодорхойгүй байна.

 

Сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилготой, эсвэл худалдаалах зорилгогүй байсан эсэх, энэ хэргийг байнга, тогтвортой үйлддэг байсан эсэхийг нарийвчлан тогтоох шаардлагатай бөгөөд энэ талаархи прокурорын дүгнэлт тодорхой бус байна.

 

Т.М нь  Г.А, У.М нарт мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдахыг завдсан, тэдэнд тухайн бодисыг шилжүүлэн өгсөний дараагаар буцаан авсан эсэх,Г.А, У.М нар нь шүүгдэгч Т.Мөөс сэтгэцэт нөлөөт бодисыг худалдан авах гэсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж тогтоох нь хэргийг шүүхээр шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой бөгөөд эдгээр нөхцөл байдлыг шалган тогтоосны эцэст хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дээрх нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй тул шүүгдэгч Т.М өмгөөлөгч Б.Сүрэнхүүгийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийг хянан хэлэлцээгүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 602 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Мхолбогдох 1902008640383 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Эрүүгийн хэргийг прокурорт очтол шүүгдэгч Т.Мурьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                        

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.МЯГМАРЖАВ     

 

      ШҮҮГЧ                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

      ШҮҮГЧ                                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ