Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2024/03513

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2024/03513

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг*  дугаар хороо,  ** дугаар хороолол, ** тоотод оршин суух, Б  овогт Д ын Л  /РД:ХЙ****/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1** дүгээр хороо, Зайсан тэнгэр рашаан, 1**-*- тоотод оршин суух, С  овогт Л ын П /РД:ЧМ******/-т холбогдох

Түрээсийн болон байр ашигласны төлбөр 6 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Т ,өмгөөлөгч Б.Э 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Т л оролцов.

/хариуцагч Л.П гт тус шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй талаарх хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх ба нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйгээр шийдвэрлэв./

 

Нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Л  хариуцагч Л.П т холбогдуулан түрээсийн болон байр ашигласны төлөгдөөгүй зардалд 6 646 970 төгрөг гаргуулахаар шаардсныг, шүүх хуралдаанд 6 300 000 төгрөг гаргуулахаар багасгаж шаардсан.

а. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т миний бие Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Зайсан тэнгэр рашааны 1**-** тоотод байрлалтай өмчлөх эрхийн Ү2*****гэрчилгээтэй 2 өрөө орон сууцыг иргэн Л.П т 2022 оны 10 дугаар сарын 04-ны өдөр гэрээ байгуулсан тухайн байрандаа 2022 оны 09 дүгээр сарын 16-ний өдөр орсон тухайн байрны нэг сарын түрээсийн төлбөр 1 200 000 төгрөгөөр тохиролцож ашиглалтын зардлыг түрээслэгч Л.П бүрэн хариуцахаар харилцан тохиролцсон. Бидний хооронд байгуулсан гэрээ нэг жилийн хугацаатай байсан боловч бид амаар харилцан тохиролцож гэрээний хугацааг 2024 оны 06 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл сунгасан. Гэтэл түрээслэгч нь гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй. Орон сууцны түрээсийн төлбөр болох 6 200 000 төгрөг, ашиглалтын зардлаас 100 000 төгрөгийг төлөөгүй байх тул хариуцагч Л.П ээс дээрх 6 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахад ашиглалтын зардал Сөх-ийн төлбөрт 133 500 төгрөг, цахилгааны төлбөр 46 580 төгрөг, ус, дулааны төлбөр 266 980 төгрөг, нийт 446 970 төгрөгийг төлөөгүй байснаас нэхэмжлэл гардаж авсны дараа 346 970 төгрөгийг төлж, 100 000 төгрөгийг төлөөгүй үлдээсэн байна. энэ талаараа тайлбартаа бичсэн байгаа. Иймд 6 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан төлбөрөөс ашиглалтын зардал болох СӨХ 133 500 төгрөгийг, цахилгааны төлбөр болох 46 580 төгрөгийг төлж барагдуулсан. Харин ус дулааны төлбөр 266 890 төгрөгөөс 166 890 төгрөгийг төлж 100 000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Мөн Ц.Т р, Л.Пү  нарын байгуулсан түрээсийн гэрээг 2022.09.16-2023.09.16-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатайгаар гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа нэгэнт дууссан, дахин сунгасан буюу сунгах тухайгаа бичгээр болон гэрээ байгуулаагүй байх тул гэрээнд заагсан төлбөрөөр нэхэмжлэл гаргах нь учир зүйн дутагдалтай гэж үзэж байна. Уг байр нь ямар ч тавилгаггүй, гадна хүүхдийн талбайгүй, хажуу айлын барилгын дуу чимээ ихтэй байсан учир тав тух муутай байсан. Иймд анхны түрээсийн төлбөрөөр нэхэмжлэх боломжгүй. Мөн түрээслэгчийн талаас түрээсийн төлбөрөө төлөх шаардлага утсаар мэдэгдэхдээ үг хэлээр доромжлох, түрээслэгчээс өөр эрэгтэй хүнээр утсаар яриулах зэрэг нь зохимжгүй байсан. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг багасгах хүсэлтэй байна. Л.Пүрэвцэцэг би Хан-Уул дүүргийн Иргэний хэрийн анхан шатны шүүх хуралдааныг хүндэтгэн үзэж байгаагаа илэрхийлж байна. Гэвч шүүх хуралдаанд өөрийн биеэр очиж оролцох, бусад шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухайгаа үүгээр уламжилж байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс 2022.09.23-ны өдрийн 0475 дугаар итгэмжлэл, 2022.10.04-ний өдрийн 0572 дугаар орон сууц хөлслөх гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, Д.Пү ийн 2024.06.07-ны өдрийн баталгаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Зайсан сүлд СӨХ-ны 2024.09.03-ны өдрийн тодорхойлолт, төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан, зэргийн ирүүлсэн байна. /хх-ийн 4-10, 35-36/

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

  2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...Бидний хооронд байгуулсан гэрээ нэг жилийн хугацаатай байсан боловч бид амаар харилцан тохиролцож гэрээний хугацааг 2024 оны 06 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл сунгасан. Гэтэл түрээслэгч нь гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй. Орон сууцны түрээсийн төлбөр болох 6 200 000 төгрөг, ашиглалтын зардлаас 100 000 төгрөгийг төлөөгүй байх тул хариуцагч Л.П ээс дээрх 6 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарлажээ.

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...100 000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Гэрээний хугацаа дууссан, дахин сунгасан буюу сунгах талаар бичгээр гэрээ байгуулаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг багасгах хүсэлтэй байна гэжээ.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбар зэргээс дараах байдал тогтоогдож байна.

Талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 0572 дугаар орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Зайсан тэнгэр рашаан **-*** тоотод байрлах, 54.65 м.кв талбайтай орон сууцыг 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд сарын 1 200 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 5-6/

Дээрх гэрээний дагуу хариуцагч Л.П нь 2022 оны 9 дүгээр сарын 23-нд 1 000 000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 16-нд барьцаа 1 200 000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 08-нд 1 200 000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 25-нд 200 000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 09-нд 1 200 000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 31-нд 1 000 000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 10-нд 1 200 000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 20-нд 450 000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 21-нд 750 000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 07-нд 1 200 000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 08-нд 1 000 000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 21-нд 200 000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 23-нд 1 200 000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 26-нд 1 200 000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 07-нд 900 000 төгрөгийг, 2023 оны 12 дугаар сарын 08-нд 300 000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 05-нд 1 200 000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 07-нд 1 200 000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 08-нд 800 000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 29-нд 400 000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 29-нд 400 000 төгрөгийг нэхэмжлэгчийн Хаан банкны 50******* тоот дансанд шилжүүлсэн байх ба хариуцагч Л.П  нь үлдэгдэл төлбөрийг төлөөгүйгээс маргаан үүссэн байна.

5. Талууд 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр тооцоо нийлж, хариуцагч Л.П нь ...2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр байрыг хүлээлгэн өгч, түрээсийн төлбөрөөс 6 200 000 төгрөг дутуу, СӨХ 133 500 төгрөг, цахилгаан 46 580 төгрөг, ус, цахилгаан 208 300 төгрөгийн үлдэгдэлтэй гэх баталгааг өгсөн байна. /хх-ийн 9/

6. Талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан Эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заажээ.

7. Хариуцагч Л.П нь түрээсийн гэрээний хугацаа дууссан, бичгээр дахин сунгаагүй гэж татгалзаж байх хэдий ч 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл тухайн орон сууцанд амьдарч байсан үйл баримтын тухайд маргаагүй байна.

Эдгээрээс дүгнэхэд хариуцагч Л.П  нь түрээсийн төлбөр төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэлгүйн дээр, ашиглалтын зардалд 100 000 төгрөгийг нэхэмжлэгч өөрөө төлж барагдуулсан баримт хэрэгт авагдсан байх тул хариуцагчаас 6 300 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Л д олгохоор шийдвэрлэв.

8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.П ээс 6 300 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Л д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Л ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121 302 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.П ээс улсын тэмдэгтийн хураамжид 115 750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Л д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай..

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ