Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2024/0103/З |
Дугаар | 128/ШШ2024/0253 |
Огноо | 2024-03-20 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2024/0253
2024 03 20 128/ШШ2024/0253
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б******* ХХК /РД:*******/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б*******,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М******* нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б******* ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
2. Анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ний өдрийн А/147 дугаар тушаалаар Б******* ХХК-д Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай ******* ам нэртэй газарт 6030 м.кв талбай бүхий газрыг аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн буудаллах, отоглох зориулалтаар ашиглуулахаар 5 жилийн хугацаатай гэрчилгээ олгосон байна.
3. Улмаар газар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглуулах гэрээг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулжээ.
4. Гэтэл Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар тушаалаар нэхэмжлэгч Б******* ХХК-ийн ******* аманд ашиглаж байсан газрыг хүчингүй болгож, ингэхдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэл бүрдсэн гэж үзжээ.
5. Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/1299 дүгээр Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ, гэрчилгээг хураалгах тухай албан бичгээр газар ашиглах гэрээ, гэрчилгээг заасан хугацаанд хүлээлгэх өгөх шаардлагатай талаар мэдэгдлийг хүргүүлсэн байна.
6. Нэхэмжлэгчээс маргаан бүхий захирамжаар захирамжаар газар ашиглах эрхийг хүчингүй болсон талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/1299 дүгээр албан бичгийг гардан авснаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Б******* ХХК Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/147 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газарт 5 жилийн хугацаатай газар ашиглахаар болсон. Б******* ХХК-ийг өөр компани 2021 онд худалдаж авсан. Газар дээр нь 2021 оноос эхэлж үйл ажиллагаа буюу архитектур төлөвлөлтийн даалгавар гаргаж, 2021 онд барилгын ажил эхлүүлэхээр барилгын суурь ухсан. Хэдий 2022 оны эхний сард архитектур төлөвлөлтийн даалгавар гарсан боловч 2021 онд А даалгаврыг хөөцөлдөж, 2022 онд албан ёсоор тушаал гарсан. Тухайн хугацаанд барилгын ажлыг эхлүүлж барилгын суурийг 300 гаруй сая төгрөгөөр хийсэн. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 2023 оны 9 дүгээр сарын 25-ны ******* дугаартай тушаалаар Б******* ХХК-ийн газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д зааснаар зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй гэдэг үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Манай компани 2023 оны байдлаар ямар ч газрын өр төлбөргүй байгаа. Мөн тухайн газар дээр 2021 оноос эхэлж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн тухайн газрын хэсгийг тэгшлэх гэж ажил хийсэн. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй. Захиргааны ерөнхий хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан мэдэгдэх, сонсох ажиллагааг хуульд заасны дагуу хийгээгүй. Манай талаас яаж мэдсэн бэ гэхээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас гэрчилгээгээ хураалгана уу гэх албан бичгээс мэдэж шүүхэд хандсан. Иймд захиргааны байгууллагын гаргасан газар ашиглах эрхийг хүчингүй болгосон сайдын тушаал хуульд нийцээгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар зорилгодоо нийцээгүй, урьдчилан мэдэгдэх сонсох ажиллагаа хийгээгүй байгаа тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалыг хүчингүй болгож өгнө үү. ” гэжээ.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Тус тушаалын гол үндэслэл болсон заалт нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 байдаг. Тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн санал дээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл байна гэж саналаа ирүүлсэн. Үүний дагуу зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж хариу тайлбар ирүүлээгүй, 2023 оны төлбөрийг бүрэн төлсөн харин 2 жил ашиглаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосныг 100 хувийн саналаар дэмжсэн байдаг. Нэхэмжлэгч талаас сонгох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй. Тушаалаа мэдэгдээгүй гэж хэлдэг. Гэтэл сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т зааснаар 21 буюу түүнээс дээш тооны этгээдэд гэдгээр захиргааны байгууллага сонгох боломжоо ашиглаж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан ёсны цахим хуудас дээр мэдэгдэл явуулсан боловч нэхэмжлэгч талаас тухайн өөрийн нөхцөл байдлыг тодорхойлсон хариу тайлбарыг хугацаанд нь ирүүлээгүй байдаг. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас тушаал гарсан. Тушаалаа 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдсэн. Нэхэмжлэгч Б******* ХХК 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гуравласан гэрээ байгуулсан. Газрын тухай хуулийг тайлбарласан Дээд шүүхийн тайлбараас үзэхэд 2 жилийн хугацааг тоолоход нэхэмжлэгч нь хамгийн анхны идэвхтэй үйл ажиллагаа буюу архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан нь 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр байдаг. Энэ нь 2 жилийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх хангалттай үндэслэл байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар тушаалаар Б******* ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.
3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлийн тухайд:
3.1. Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 238 дугаар тогтоол, 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа сунгах тухай тогтоол, 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай, 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ******* дүгээр тогтоол, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 176 дугаар тогтоол, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 259 дүгээр тогтоолоор Корона вирус буюу цар тахлын нөхцөл байдал байсан байна.
3.2. Мөн шүүхээс Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Б******* ХХК нь маргаан бүхий газарт газрын төлбөрийн үлдэгдэлтэй эсэх талаар тодруулахад Хан-уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 10-17/137 дугаар албан бичгээр Бадрал юнайтед ХХК-ийн 2020-2023 оны газрын төлбөрийн үлдэгдэлгүй талаар тооцоо нийлсэн актыг ирүүлсэн байна.
3.3. Иймд газрын төлбөрийг хугацаандаа бүрэн төлөөгүй гэх үндэслэл нь үгүйсгэгдэж байна.
4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийн тухайд:
4.1. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдаас нэхэмжлэгч Б******* ХХК-д 2020 онд таван жилийн хугацаатай газар ашиглах эрх олгосон бөгөөд энэ үед цар тахлын нөхцөл байдал байсан нь нийтэд илэрхий үйл баримт.
4.2. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, хуулийн уг заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж тус тус заажээ.
4.3. Түүнчлэн нэхэмжлэгчид Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 475 дугаар албан бичгээр “...“Ү” ХХК-аар хийлгэсэн аялал жуулчлалын бааз байгуулах төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхэд татгалзах зүйлгүй” гэж ерөнхий үнэлгээ хийх зөвшөөрсөн байна.
4.4. Үүний дагуу нэхэмжлэгч Б******* ХХК-иас 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг авч, схем зураг хийлгэн, уг газартаа барилгын суурь цутгасан байсан нь шүүхээс 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн газрын үзлэгээр тогтоогдож байх бөгөөд үүнээс нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
4.5. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас энэ үндэслэлээр газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо газраа 2 жил дараалан ашиглаагүй болохыг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг заавал харгалзан үзэж, дээрх нөхцөл байдал байсан талаар нягтлан шалгаж, тогтоогоогүй, газрын үзлэг хийгээгүй, маргаан бүхий захирамжийн үндэслэл хуульд нийцээгүй.
5.5. Нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн акт гаргаж буй тохиолдолд маргаан бүхий актын үндэслэл болж буй нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоох нь хариуцагч захиргааны байгууллагын үүрэг юм.
6. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалтад Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэжээ.
7. Хариуцагчийн хариу талбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч маргаан бүхий актыг мэдэгдэх сонсгох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, нэхэмжлэгчээс тайлбар, санал авах боломж олгоогүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.
8. Иймд нэхэмжлэгчийг газрын төлбөрийг графикийн дагуу төлж байсан, газраа зориулалтын дагуу ашиглахад хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон, хариуцагчийн шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх нөхцөлийг хангаагүй, хууль бус байх тул захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8 дахь заалтуудыг тус тус баримтлан Б******* ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б******* ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОДМАА