| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2024/03557/И |
| Дугаар | 102/ШШ2024/04062 |
| Огноо | 2024-08-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2024/04062
| 2024 оны 08 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2024/04062 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: тоотод оршин суух хаягтай, , нэхэмжлэлтэй,
хариуцагч: тоотод оршин суух, рд: , холбогдох,
гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: манай эхнэр 2007 оноос намайг хуурсан. Хэд хэдэн удаагийн баримтууд байна. Харилцаж байсан үеийнх нь мессежний хуулбарууд байдаг. Тэр бүгдийг баримтжуулна гэхээр хувь хүний нууцтай холбоотой шаардлага хангахгүй болж байх шиг байна. Саяных хамгийн сүүлийн баримт. Намайг унтдаг орон дээр үлдээгээд явсан байна лээ. Үүнийг би доромжлол гэж үзэж байгаа. Энэ хүний явдлыг олон удаа уучилсан мартах гэж маш их хичээсэн. Одоо тийм шаардлага байхгүй учраас салах хүсэлтэй байна. Нэг гэрт хамт амьдрах боломж байхгүй... гэв.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Эгч ах хоёр маань 2002 оноос хойш 22 жил хамт амьдарч байгаа. Би эгчийгээ 2007 оноос хойш хүнтэй явж байгаа гэдэгт итгэхгүй байна. Намайг оюутан байх үе буюу 2003 онд эгч маань гэртээ зодуулсан гэх шалтгаанаар ирж байсан. Эгч маань мессеж бичдэг байсан үе байгаа сэтгэл санаа хөрөөд мессежээр бичиж байсан үе байгаа. Тэрийг харчхаад намайг хүнтэй явалддаг гэж янз бүрээр хэлдэг байсан. Түүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Хариуцагч нь хэлэхдээ 2009 онд 10-аад жил намайг гадуур хүнтэй уулздаг гэж сэтгэл зүйн дарамт, доромжлолоос болоод өөртөө итгэлгүй болсон үедээ би ажлын шугамаар танилцсан хүндээ сэтгэл санаагаа хуваалцан чатаар харилцдаг байсныг мэдээд үүгээр намайг дарамталдаг болсон. 2007 оноос хойш 2024 онд хүртэл намайг араар тавьсан гэж хүн үнэмшихгүй зүйл ярьж явдгийг мэдэж авлаа тийм зүйл байхгүй. 2023 онд хүн байхгүй байх үед намайг элдвээр харааж зүхэж гэрээс нүцгэн хөөж гаргах үед айсандаа цагдаа дуудсан. Цагдаа ирэх үед энэ хүүхнийг хүчирхийллийн төвд аваачиж өг гэж хашхирч байсан гэсэн. 2022 онд хөдөө ажлаар яваад ирэх үед өөрөөс нь зөвшөөрөл авалгүй явлаа гэж зодсон. Зодсоныхоо дараа хоёр зүйл бичиж өгсөн. Өөрийн нэр дээр байдаг байраа шилжүүлж өгнө, 150,000,000 төгрөг шилжүүлж өмчийн маргаанаа шийднэ гэж бичсэн. Нэхэмжлэгчийг надад өгөхөөр амласан зүйлээ өгсний дараа би гэр бүлээ цуцлуулна. Гэр бүлээ цуцалтал энэ гэрт байх эрхийг минь баталгаажуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна... гэв.
4. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн
Нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/
Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх /хэргийн 3 дугаар тал/
Гэрлэсний гэрчилгээ /хэргийн 4 дүгээр тал/
Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ иргэний үнэмлэх /хэргийн 5-7 дугаар тал/
2024.01.05-ны өдрийн дугаар Шийтгэвэр /хэргийн 8-10 дугаар тал/
Цалингийн тодорхойлолт /хэргийн 8 дугаар тал/
Юнимэд интернэйшнл эмнэгийн төлбөрийн баримт 2ш /хэргийн 30-31 дүгээр тал/
5. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Хариу тайлбар /хэргийн 17-18 дугаар тал/
Итгэмжлэл /хэргийн 29 дүгээр тал/
Томилолтоор ажиллаж байгаа тухай баримт /хэргийн 32-35 дугаар тал/ нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ...гэрлэлт цуцлуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...гэр бүлээс гадуурх харилцаатай болж гэр бүлийн халуун дулаан уур амьсгал байхгүй, таарч тохирохгүй болсон... гэж тайлбарласан.
3. Хариуцагч ...гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, амласан зүйлээ шилжүүлэхийг хүсэж байна... гэжээ.
4. Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2002 онд танилцаж 2002 оны 07 сарын 22-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас 2002 оны 12 сарын 27-ны өдөр хүү С.Мөнх-очир, 2005 оны 07 сарын 18-ны өдөр хүү С.Мөнх-Амар нар төрсөн болох нь гэрлэсний гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ иргэний үнэмлэх, зохигч талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 4-7 дугаар тал/
5. Нэхэмжлэгч хариуцагч хоорондын таарамжгүй харилцааны улмаас бие биедээ үнэнч байх, гэр бүлийн гишүүд бие биеэ халамжлах хүндэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, харилцан ойлголцох зэрэг гэр бүлийн дотно харилцаа холбоогүй болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч маргаагүй нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.
6. Зохигч талуудын дундаас 2002 оны 12 сарын 27-ны өдөр хүү С.Мөнх-очир, 2005 оны 07 сарын 18-ны өдөр хүү С.Мөнх-Амар нар төрсөн бөгөөд хүүхдүүд 18 насанд хүрсэн болох нь тэдний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх баримтаар тогтоогдож байна.
7. Иймд зохигчдын гэрлэлтийг цуцалж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
8. Хариуцагч бичгээр ирүүлсэн тайлбартаа ...амласан зүйлээ шилжүүлэх... гэсэн боловч энэ талаар ямар нэг шаардлага гаргаагүй, талууд эд хөрөнгийн маргааныг баримтаа бүрдүүлэн жич шийдвэрлүүлэх боломжтойг тайлбарлах нь зүйтэй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
11. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, томилолтоор ажиллах тухай бичгийн баримтаар тогтоогдож байх тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан р, нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдсугай.
4. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн Иргэний Гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ