Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 218

 

                       

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган,

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 1721000800046 дугаартай хэргийг 2017 оны 09 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч ******* овогт ******* *******, Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 1985 оны 09 сарын 01-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-*******/, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа засал чимэглэлийн ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Ялалтын 19-23 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 сарын 19-ний өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл.

 

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2017 оны 07 сарын 21-ний өдөр 20 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг “Цант” гэх газар оршин суух ******* гэрт хохирогч ******* маргалдан улмаар өшиглөж зодсоны  улмаас ******* биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй учир мэдүүлэг өгөхгүй” гэв.

            Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 сарын 21-ний орой хөдөө эмээгийн гэрт сууж байхад ах эмээ рүү элдвийн юм хэлээд байхаар нь би ахыг үхэр малаа харахгүй гээд уурласан чинь ах ууж байсан цайтай стаканаа шидэхээр нь би уурлаад ахтай маргалдсан юм. Тэгэхэд ах хагарсан стаканы сэнжийг аваад над руу дайрахаар нь би хойд талын ор руу түлхэж унагаагаад нэг удаа хэвлий орчим нь өшиглөсөн. ...Хөдөө явахад биеийн байдал нь зүгээр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31/

            Хохирогч П. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 сарын 21-ний орой 18 цаг 30 минутын орчим манай эгч хүү ******* ирээд хөдөө явъя гээд машинд суулгасан. Тухайн үед 2 залуугийн хамт явж байсан бөгөөд замд явж байхдаа тал шил архи, тал пиво уусан. Тэгээд ээжийн гэрт очоод байж байхад ******* надад та үхэр малаа усалсангүй аймгаар хэслээ гэж хэлэхээр нь би өөдөөс нь чамд хамаагүй гэж хэлэхэд уурлаад намайг дарж унагаагаад миний гэдэс рүү хоёр удаа өшиглөсөн. Тэгээд би бахирахад ******* гарсан бөгөөд тухайн үед миний хэвлий орчмоор өвдөөд гэдсээ бариад машинд суусан...”  гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 сарын 28-ны өдрийн 450 тоот дүгнэлтэд: “******* биед хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэсний урагдал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэндийн энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх-ийн 24/

            -Гэрч мэдүүлэг /хх-ийн 18/

            -Гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 19/

            -Гэрч мэдүүлэг /хх-ийн 20/

            -Гэрч мэдүүлэг /хх-ийн 21/

            -Шүүгдэгч *******ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-31/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2017 оны 07 сарын 21-ний өдөр 20 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг “Цант” гэх газар оршин суух ******* гэрт хохирогч ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг дарж унагаад хэвлий руу нь өшиглөсний улмаас хохирогчийн биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал бүхий гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн “... ах хагарсан стаканы сэнжийг аваад над руу дайрахаар нь би хойд талын ор руу түлхэж унагаагаад нэг удаа хэвлий орчим нь өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31/, түүнийг давхар нотолсон хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн: “...******* надад та үхэр малаа усалсангүй аймгаар хэслээ гэж хэлэхээр нь би өөдөөс нь чамд хамаагүй гэж хэлэхэд уурлаад намайг дарж унагаагаад миний гэдэс рүү хоёр удаа өшиглөхөөр нь бахирахад ******* гарсан бөгөөд тухайн үед миний хэвлий орчмоор өвдөөд гэдсээ бариад машинд суусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/, гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн: “...Ямар ч л байсан хоорондоо маргалдаад аяга шидээд тэр хоёр гэрийн хойд талын орон дээр зодолдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 19/, Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 сарын 28-ны өдрийн 450 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг авагдсан нотлох баримтаас үзэхэд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэсний урагдал гэмтэл нь шүүгдэгч *******ын хохирогчийн хэвлийн хэсэг рүү 1-2 удаа санаатай өшиглөсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн ба түүнийг давхар нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хоорондоо зөрүүгүй, хэн хэндээ нөлөөлөөгүй, бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, мөн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 07 сарын 28-ны өдрийн 450  тоот дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий, эргэлзээгүй байх тул дээрх нотлох баримтуудыг шүүх үнэн зөв, хууль ёсны гэж үзсэн болно.

Иймд шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д., гэрч нарын мэдүүлэг, Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 сарын 28-ны өдрийн 450 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо  нөхөн төлсөн байх тул түүнд шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 сарын 19-ний өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан байх бөгөөд энэ хянан харгалзсан хугацаанд шүүгдэгч гэмт хэрэг шинээр үйлдсэн боловч 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар тэнсэгдсэн хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг яаж нэмж нэгтгэх талаар нарийвчлан зохицуулалт байхгүй байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэх шаардлагагүй гэж үзэж, шүүгдэгчид өмнөх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэж ял оногдуулаагүй болно.

            Шүүгдэгч нь бусдад төлбөргүй байх тул түүний эзэмшлээс Дорнод аймгийн Баянтүмэн сумын Сансар 1 дүгээр гудамжны 0 тоотод байрлах 5000 м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар битүүмжилсэн Прокурорын 2017 оны 9 сарын 01-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгож, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлбэл зохино.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг /хохирогчид эмчилгээний зардалд 540000 төгрөг өгсөн/ тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6,7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* *******ыг 1 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогчид 540,000 төгрөг өгсөн/ болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлээс Дорнод аймгийн Баянтүмэн сумын Сансар 1 дүгээр гудамжны 0 тоотод байрлах 5000 м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар битүүмжилсэн Прокурорын 2017 оны 9 сарын 01-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгож, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж түүнийг эдлэх ялыг 2017 оны 12 сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

        

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР