Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/1231

 

 

 

 

   

     2020           9             22                                       2020/ДШМ/1231

 

                                         П.Лхолбогдох эрүүгийн

                                                    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:           

прокурор Г.Цогтгэрэл,

шүүгдэгч П.Л, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1395 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаартай прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч П.Лхолбогдох эрүүгийн 1809014460616 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Оросын Холбооны Улсын иргэн, П.Л, 1990 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 4 хүүхдийн хамт ............. тоотод оршин суух бүртгэлтэй, /.............. дугаарын пасспорттой/;

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 603 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Шүүгдэгч П.Л нь 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Арслантай гүүрний орчимд хохирогч Ж.Мцүнхнээс түүний өмчлөлийн “Ай Фоне-6 Плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч 624.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Арслантай гүүрний орчимд хохирогч Т.Мхалааснаас түүний өмчлөлийн “Ай фоне-6 Плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч 392.000 төгрөгийн хохирол учруулж бусдад нийт 1.016.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: П.Лүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад нотолбол зохих байдал болох “...гэмт хэргийг хэн үйлдсэн...” болохыг эргэлзээгүй тогтоох нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байх тул шүүгдэгч П.Лхолбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Цогтгэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “...нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад нотолбол зохих байдал болох “...гэмт хэргийг хэн үйлдсэн...” болохыг эргэлзээгүй тогтоох нь хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдолтой байх тул шүүгдэгч П.Лхолбогдох эрүүгийн 1809014460616 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Гэтэл шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь үнэлэх буюу шүүхийн хэлэлцүүлгээр харьцуулах замаар шинжлэн судлах ажиллагааг хийлгүйгээр буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд дотоод итгэлээр үнэлнэ” гэсэн заалтыг тус тус зөрчсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч П.Л нь дээрх гэмт хэргүүдийг өөрөө үйлдсэн талаараа мөрдөн байцаалтын шатанд удаа дараа мэдүүлж прокурорын хяналтын шатанд хэргийг хялбаршуулах тухай хүсэлт гаргаж байсан. Түүнчлэн хэрэгт авагдсан эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлд гэрч Л.Оюунзаяагийн цүнхнээс 3 гар утас гарч ирсэн талаар тусгагдаагүй байна. Шүүгдэгч П.Л нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Л.Оюунзаяагийн цүнхнээс 3 утас гарч ирсэн, түүний өмнөөс хэрэг хүлээж байгаа талаар мэдүүлсэн мэдүүлгийг шүүх үнэлж буцаасан нь үндэслэлгүй болжээ. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч З.Мөнх-Эрдэнийн “...машинд очоод суусан чинь удаагүй энгийн хувцастай цагдаа ирээд бид нарыг шалгаад машинаас болон Любовоос гар утаснууд гарч ирсэн. Тэгээд тэр утаснуудыг хулгайн гар утас гээд цагдаагийн газарт авч ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Л.Оюунзаяагийн “...Любовьтой тааралдаад хамт Улаанбаатар зочид буудлын зүүн талын зогсоолд Баттулга дээр очсон ба машинд нь ороод сууж байсан чинь энгийн хувцастай цагдаа нар ирээд бид нарыг дагуулаад цагдаагийн газарт авч ирсэн...” гэж мэдүүлсэн зэргээс шүүгдэгчийн шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлэг няцаагдаж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт зааснаар “хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэхээр тус тус хуульчилсан бөгөөд анхан шатны шүүхийн захирамжийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж, гэрч З.Мөнх-Эрдэнэ, Л.Оюунзаяа нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна. Мөн шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ямар мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх талаар тодорхой дурдалгүйгээр ерөнхий байдлаар хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй болно.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 1395 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч П.Лөмгөөлөгч Э.Мөнхзолбоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлд Оюунтуяагийн цүнхнээс 3 утас гарч ирсэн байхад түүний өмнөөс хэрэг хүлээж байгаа талаар шүүх үнэлж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг эргэлзээгүй тогтоох нь зүйтэй гэж буцаасныг хууль зөрчсөн гэж ярьж байгааг буруу гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоох нь мөрдөн шалгах ажиллагаа юм гэж үзэж байгаа учир хоёр гэрчийг шүүхэд авчирч байцаалт авч, хэргийг хэн хийснийг нотлон тогтоох ажиллагаа явуулахгүй. Тийм учраас П.Л анх дөрвүүлээ байхдаа баривчлагдаж, нэгжлэгт ороод шөнийн 2 цагт хүүхдүүдээ эзгүй орхисон байсан тул мөрдөн байцаалтын анхны мэдүүлгийг авахдаа хамт байсан хүмүүс нь хоорондоо ярилцаад “чи өмнө мэдүүлэг өгч байсан туршлагатай, шүүхээр орж байсан учир бүх гар утсаа даагаад мэдүүлэг өгчих” гэсэн гээд тохиролцож мэдүүлсэн гэдэг. Үүнийг үнэн зөвөөр, эргэлзээгүйгээр тогтоох нь зүйтэй гэсэн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч П.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Гэрч З.Мөнх-Эрдэнийн “...машинд суугаад удаагүй энгийн хувцастай цагдаа ирээд бид нарыг шалгаж машинаас болон Любовийн биеээс гар утаснууд гаргаж ирсэн. Тэр утаснуудыг хулгайн гар утас гээд цагдаагийн газарт авч ирсэн. ...” /1хх 190-191/, гэрч Л.Оюунзаяагийн “...Любовьтой тааралдаад хамт Улаанбаатар зочид буудлын зүүн талын зогсоолд Баттулга дээр очсон ба машинд нь ороод суухад энгийн хувцастай цагдаа нар ирээд бид нарыг дагуулаад цагдаагийн газарт авч ирсэн. ...” /1хх 192/, яллагдагч П.Л“...2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр би өөрийн хамтран амьдрагч болох Баттулгын хамт машинтай явж байгаад багшийн дээд орчим, Улаанбаатар зочид буудлын хажууд  машинаа зогсоогоод Баттулга тэндээ үлдсэн байсан. Би багшийн дээд орчмоор явж байгаад Арслантай гүүрний орчим 2 эмэгтэй хөтлөлцөөд явж байсныг нэгнийх нь гадна хүрэмний халааснаас нь Ай фонь спейс грэе загварын гар утсыг нь хулгайлж авсан. Тэгээд дахиад арслантай гүүрний орчим гадаад эрэгтэй хүнтэй хамт явж байсан эмэгтэйн цүнхнээс нь ай фоне 6 плас загварын гар утсыг нь хулгайлан авсан. Тэр утсаа бусад утаснуудын хамт нөхрийн машин дээр очоод машинд нь хийчихсэн байсан юм. Хулгайлж авсан утаснуудыг цагдаагийн газарт бүгдийг нь хураан авч, хохирогч нарт нь хүлээлгэн өгч хохирол төлбөргүй болсон. ...” /1хх 179, 188-187/ гэсэн мэдүүлгээс үзэхэд энэ хэрэгт нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзэв.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Шүүгч захирамжиндаа зөвхөн шүүгдэгч П.Лмэдүүлэг болон түүний өмгөөлөгч З.Мөнхзолбоогийн тайлбарыг бичиж, гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг эргэлзээгүй тогтоох нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзсэн нь тодорхой бус ойлгомжгүй байх бөгөөд чухам ямар ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж байгаа үндэслэлээ заагаагүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1395 дугаартай захирамжийг хүчингүй болгож, прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1395 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хүртэл П.Лурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                     Д.МЯГМАРЖАВ        

 

ШҮҮГЧ                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ  

                       

                                   ШҮҮГЧ                                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ