Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2017/0793

 

“Г ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Н.Хонинхүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч М.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н нарыг оролцуулан, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Г ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр шийдвэрээр: Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 48 дугаар зүйлийн 48.7, 48.7.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г ф” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дорноговь аймгийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 26/2016 дугаар актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ. 

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “Г с” ХХК нь Дорноговь аймгийн барилга хот байгуулалтын газрын даргад холбогдуулан  комиссын актад гарын үсэг зураагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, актад гарын үсэг зурахыг даалгах тухай нэхэмжлэлийг гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад одоогийн нэхэмжлэгч “Г ф” ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан. “Гэрэлт фокус” ХХК нь тухайн үйл байдлыг шүүх хуралдааны явцад мэдсэн. Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байхад захиргааны хэрэг үүсгэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Дорноговь аймгийн Засаг даргад хандсанаас хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзвэл 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр буюу мэдсэнээс хойш даруй 6 сарын дараа Дорноговь аймгийн Засаг даргад хандсан байна. Улсын комиссын акт зурагдсан үйл байдлаас шалтгаалж нэхэмжлэгч “Г ф” ХХК-ийн хуулиар хамгаалагдсан ямар эрх ашиг хөндөгдсөн эсэх, яаж сэргээх талаар нэхэмжлэлд дурьдаагүй төдийгүй ойлгомжгүй байна. Шүүгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3, 53.4-т заасныг зөрчиж захиргааны хэрэг үүсгэсэн үйл байдал нь хууль зөрчсөн байна. Нэгдүгээрт бидний зүгээс барилгын салбарт ашиг сонирхол, үйл ажиллагааны чиглэл нэгтэй оролцдог хуулийн этгээд биш, хоёрдугаарт нэхэмжлэгч компанитай ажил гүйцэтгэх гэрээний үнэ хөлс цаг хугацаанаас хоцорсонтой холбогдуулан ажлаа хаяж явсанаас арга буюу дараагийн компаниа оруулан ажиллуулсан. Тухайн баригдсан орон сууц нь чанар, стандартын шаардлагыг бүрэн хангасан талаар улсын комиссын дүгнэлтэнд тусгагдсан, орон сууцанд захиалга өгсөн айл, өрхүүд захиалсан байрандаа орж амьдарч байгаа нь хэний эрх ашгийг ямар байдлаас шалтгаалж зөрчсөн нь тодорхойгүй нөхцөлд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэл хангагдсанаар ямар үр дүнд хүрэх гэдэг нь ойлгомжгүй төдийгүй нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаатай холбоотой юм. Нэхэмжлэгч тал тус компаниас авлагатай гэдэг ба энэ нь гэрээний агуулга буюу иргэний журмаар шийдвэрлэгдэх маргаан гэдэг нь харагдаж байна. Хэргийн материалд 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 65 айлын ил далд ажлын акт 79 хуудас материал, 65 айлын орон сууцны барилгын хувийн 103 хуудас материал, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтууд болон гэрч Ч.Чулуунцэцэг нь хурлын тэмдэглэл зөвхөн дутуу байсан гэсэн мэдүүлгүүдээр баримтын нөхөн бүрдүүлэлт хийж дуусгасан байтал хуульд заасан бичиг баримтуудыг дутуу гэж дүгнэснээс бус хуульд заасан баримтаас ямар баримт нь дутуу байгаа талаар огт дурдаагүй дүгнээгүй нь үндэслэлгүй юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ”  гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Г ф” ХХК нь Дорноговь аймгийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст холбогдуулан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 26/2016 дугаар актыг хүчиннгүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “тухайн барилгын ерөнхий гүйцэтгэгч болох манай компаниас барилгын ажилтай холбоотой техникийн баримт бичгүүдийг гаргаж өгөөгүй байхад улсын комиссыг ажиллуулан дүгнэлт гаргуулсан нь хууль бус” гэж маргажээ. 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Тодруулбал, 

“Г с” ХХК нь зоорийн давхар бүхий 1 давхартаа үйлчилгээний төвтэй 6 давхар 65 айлын орон сууцны барилгыг бариулахаар 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Г ф” ХХК-тай “Барилга угсралтын ажил гүйцэтгэх” 01 дугаартай гэрээг байгуулсан байх ба уг гэрээгээр ажил гүйцэтгэгч “Г ф” ХХК нь орон сууцны барилгын угсралт, дотор гадна засал, хүчит төхөөрөмж, халаалт салхивч, цахилгаан, цэвэр бохир усан хангамж, холбоо дохиолол, гадна тохижилт, зам талбай, гадна инженерийн шугам сүлжээ, өндөржилт, парпедын өндөрлөг, шавардлага, гадна тагтны тавцан цутгах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр, захиалагч “Г с” ХХК нь барилга, байгууламжийн бэлэн болсон обьектийг хүлээн авч эцсийн тооцоо хийхээр харилцан тохиролцжээ. 

Дээрх гэрээний дагуу баригдсан барилгыг ашиглалтад хүлээлгэн өгөхөөр захиалагч нь улсын комисс ажиллуулах хүсэлт гаргахдаа Барилгын тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-д заасан баримт бичгийг бүрэн бүрдүүлээгүй байсан, барилгын чанарын баталгааг барилга угсралтын ажлын гүйцэтгэгч биш барилгын дотоод заслын ажлыг хийсэн “Их Модун” ХХК гаргасан нь холбогдох хуулийг зөрчсөн болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр тогтоосон байна.

Харин маргаан бүхий комиссын акт хүчин төгөлдөр болсны дараа, дахин уг үндэслэлээр барилгын ажлын гүйцэтгэгч “Г ф” ХХК нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй тул шүүх захиргааны хэрэг үүсгэж нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь зөв боловч ийнхүү шийдвэрлэхдээ маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхол бодит байдалд зөрчигдөөгүй болохыг анхаараагүй нь буруу.

Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна” гэж зааснаас үзвэл комиссын акт нь тухайн барилга байгууламж анх батлагдсан зураг төслийн дагуу баригдсан эсэх, бусдын аюулгүй байдлыг хангахуйц хэмжээнд баригдсан эсэхийг шалган зөвшөөрөл олгож байгаа захиргааны акт бөгөөд барилгын ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий болон туслан гүйцэтгэгч хэн болох, аливаа хохирлыг хариуцах этгээдийг тодорхойлж байгаа баримт бичиг гэж үзэхгүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд тайлбарлаж байгаагаас үзвэл ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотой, өөрөөр хэлбэл гүйцэтгэсэн ажлын хөлсөө бүрэн аваагүй гэх үйл баримтын улмаас “Г ф” ХХК, “Г с” ХХК-ийн хооронд маргаан үүссэн, гүйцэтгэгч нь бүрдүүлж өгвөл зохих бичиг баримтаа захиалагчид хүлээлгэж өгөөгүй зэрэг нь нотлогдож байх ба ажил гүйцэтгэх гэрээнээс үүдэлтэй маргаанаас шалтгаалж уг гэрээний дагуу баригдсан барилгыг ашиглалтад хүлээн авсан улсын комиссын актыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсаныг эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахаар гаргасан гэх боломжгүй. 

Талуудын ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэхтэй холбоотой маргаан нь Иргэний хуулиар зохицуулагдаж шийдвэрлэгдэх асуудал болно.

Захиргааны хэргийн шүүхийн мөн чанар, зорилго нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч нийтийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан хууль бус актын улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог бөгөөд маргаан бүхий акт нь нэхэмжлэгч “Г с” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй,  маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг сонирхол хэрхэн сэргээгдэх нь ойлгомжгүй, эрх зүйн үр ямар дагаварт хүрэх нь тодорхойгүй байхад анхан шатны шүүхээс Барилгын тухай хуулийн 3.1.2-т заасан “барилгын үйл ажиллагаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдлыг хангах” зарчмыг зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн барилгын салбарын үйл ажиллагаанд эрх, тэгш, бие даан оролцох хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. 

Иймд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...тухайн орон сууц нь чанар, стандартын шаардлагыг бүрэн хангасан талаар улсын комиссын дүгнэлтэд тусгагдсан, орон сууцанд захиалга өгсөн айл, өрхүүд орон сууцандаа амьдарч байгаа нь хэний эрх ашгийг ямар байдлаас шалтгаалж зөрчсөн, нэхэмжлэл хангагдсанаар ямар үр дүнд хүрэх нь ойлгомжгүй” гэх гомдлыг хангах нь зүйтэй байх ба нэхэмжлэгч нь Дорноговь аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 7/809 дүгээр албан бичгээр хариу авсан хугацаанаас тооцон шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацаандаа байх тул “хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна. 

          Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан “Г ф” ХХК-ийн “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 26/2016 дугаар актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.                           

                             

                                                     ШҮҮГЧ                          Э.ЛХАГВАСҮРЭН 

                                                     ШҮҮГЧ                          Н.ХОНИНХҮҮ  

                                                     ШҮҮГЧ                          О.НОМУУЛИН