Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 394

 

Д.Б, Ч.Н, М.Ж

нарын нэхэмжлэлтэй, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний

ерөнхий газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч

Я.Болдод холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь        

Шүүгчид:                      Г.Банзрагч

                                     Б.Мөнхтуяа

                                    Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:            Ч.Тунгалаг

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0371 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 221/МА2018/0434 дүгээр магадлал,

Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Тэтгэмж нөхөн төлүүлэх тухай” №36/12-02-02 тоот актыг хүчингүй болгуулах тухай.

Хариуцагч Я.Болдын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0371 дүгээр шийдвэрээр: Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д заасныг тус тус баримтлан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Тэтгэмж нөхөн төлүүлэх тухай № 36/12-02-02 тоот актыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий Д.Б, Ч.Н, Н.Жнарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б, Ч.Н, М.Жнарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0434 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0371 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7.а-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б, Ч.Н, Н.Жнарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Тэтгэмж нөхөн төлүүлэх тухай” 36/12-02-02 тоот актыг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3, 50 дугаар зүйлийн 50.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Н, М.Ж, Д.Б нараас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Ч.Н, М.Ж, Д.Б нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгож шийдвэрлэсэн байна.

         Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагч Я.Болд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Я.Болд миний бие Увс аймаг дахь Улаангом Политехникийн коллежийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж сургалтын албаны арга зүйч Ч.Нт 4.442.045 төгрөг, 4.045.464 төгрөг, нийгмийн ажилтан Д.Бд 3.650.742 төгрөгийн 5 жилийн тэтгэмжийг тус тус олгосон нь Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь заалтыг зөрчсөн тул төлбөрийн акт тогтоосон юм.

4. Дээрхи нэр бүхий 3 иргэн миний тавьсан актыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн Монгол улсын санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид актыг хүчингүй болгох гомдол гаргасан боловч ерөнхий байцаагч хянаж үзээд миний тавьсан актыг хуулийн үндэслэлтэй байна гэж үзэн хэвээр баталсан.

5. Мөн дээрхи шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан юм. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хэргийг хянаж үзээд 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0371 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.

6. Нэхэмжлэгч тал Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг шүүх хянан үзээд улсын байцаагчийн актыг бүхэлд нь хүчингүй болгосонд миний бие уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хянан үзэж улсын байцаагчийн тавьсан актыг сэргээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, Боловсролын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан зөв тайлбарлажээ.

8. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 36/12-02-02 дугаар актаар “Улаангом политехникийн коллежийн сургалтын албаны арга зүйч Ч.Н, М.Ж, нийгмийн ажилтан Д.Б нарт 5 жилийн тэтгэмжийг олгосон нь Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19.3, Боловсролын тухай хуулийн 43.1 дэх заалтыг зөрчсөн” гэх үндэслэлээр Ч.Нээр 4,442,045 төгрөг, М.Жгаар 4,045,464 төгрөг, Д.Бар 3,650,742 төгрөгийг тус тус нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн, нэхэмжлэгч нар нь уг актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...тэтгэмжийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хянаж олгохыг зөвшөөрсөн байхад бүрэлдэхүүнд нь ажилладаг аудит акт тавьсан нь зүйд нийцэхгүй, ...хууль буруу хэрэгжүүлсэн” гэж маргажээ.

9. Увс аймгийн Улаангом политехникийн коллежийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн А/36 дугаар тушаалаар Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д заасныг баримтлан тус коллежийн ерөнхий эрдмийн арга зүйч Ч.Нт 4,442,045 төгрөг, мэргэжлийн боловсролын арга зүйч Н.Ж-д 4,045,464 төгрөг, мөн захирлын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/53 дугаар тушаалаар нийгмийн ажилтан Д.Бд 3,650,742 төгрөгийн тэтгэмж олгосон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

10. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, түүнтэй адилтгах мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын багш нь Боловсролын тухай хуулийн 43.1-д заасан баталгаагаар хангагдах...”-аар заасан, хуулийг баталж, дагаж мөрдсөн буюу 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7 дахь заалт нь “сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн багшид 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох” гэсэн агуулгатай байсан ба уг заалтыг өөрчлөн найруулсан 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл тэтгэмжийг зөвхөн “багш”-д олгож байжээ.

11. Харин, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2012 оны 5 дугаар сарын 09-ний хуулиар тус хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д “дараах этгээдэд 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох, 43.1.7.а-д сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмч, 43.1.7.б-д сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн энэ хуулийн 43.1.7.а-д зааснаас бусад багш, туслах багш” гэж зааж тэтгэмж авах этгээдийн хамрах хүрээг дэлгэрүүлжээ.

12. Үүнээс үзэхэд, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7 дахь заалтаар зөвхөн “багш”-д тэтгэмж олгох харилцааг зохицуулж байсанд өөр бусад этгээд хамааралтай болсон, тухайн тохиолдолд мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, түүнтэй адилтгах мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын сургалтын менежер, нийгмийн ажилтан зэргийг тус сургалтын байгууллагын “багш”-тай адилтган авч үзэж, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “...багш нь Боловсролын тухай хуулийн 43.1-д заасан баталгаагаар хангагдах...” гэж заасны дагуу “багш”-ийн хувиар биш харин 43.1.7.а-д хамаарч буй хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, сургуулийн нийгмийн ажилтны хувиар тэтгэмж авах эрхтэй гэж үзэхээр байна.

13. Мөн Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын 3 дугаар хавсралтаар “Мэргэжлийн боловсрол олгох сургуулийн төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл”-ийг тогтоохдоо мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн сургалтын менежерийн албан тушаалтай дүйцүүлэн жиших мэргэжлийн албан тушаалыг “багш” гэж заасан, тухайн маргааны хувьд нэхэмжлэгч Ч.Н, М.Жнарын албан тушаалын нэр нь сургалтын албаны “арга зүйч” боловч “сургалтын менежер”-ийн чиг үүргийг гүйцэтгэж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, тэдний албан тушаалыг “сургалтын менежер” биш гэж хариуцагч маргаагүй байна.

14. Харин “сургуулийн нийгмийн ажилтан”-г Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т тусгайлан тодорхойлжээ.

15. Иймд, нэхэмжлэгч нарын албан тушаалыг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасан “...сургалтын байгууллагын багш нь Боловсролын тухай хуулийн 43.1-д заасан баталгаагаар хангагдахаас гадна...” гэсний “багш”-тай адилтган авч үзсэнийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

16. Түүнчлэн Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7.а заалтын “хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, сургуулийн нийгмийн ажилтан”-г зөвхөн сум, тосгон, багийн сургуулийн тухайн ажилтнууд” гэж тайлбарлах үндэсгүй, уг 43.1.7-д заасныг бүхэлд нь хэрэглэхээр “эшлэл” болгон Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасан тул мэргэжлийн сургалтын сургуулийн сургалтын менежер, нийгмийн ажилтан нь “тэтгэмж” авах эрхтэй.

17. Нэхэмжлэгч Ч.Н, М.Ж, Д.Б нар нь тухайн албан тушаалуудад тус тус 5 жил ажиллаж, тэтгэмж авах эрх үүссэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, давж заалдах шатны шүүх 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7.а заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан зөв тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т заасанд нийцжээ.

18. Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Я.Болдын хяналтын журмаар гаргасан “...санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч хянаж үзээд миний актыг хуулийн үндэслэлтэй гэж хэвээр баталсан, ...актыг сэргээж өгнө үү” гэх гомдлоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА201/0434 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Я.Болдын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ