Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2016/00974

 

“Улаанбаатар такси транспорт сервис” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01918 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 897 дугаар магадлалтай,

“Улаанбаатар такси транспорт сервис” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Вертекс-Эсодик” ХХК, Б.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээ цуцалсны улмаас учирсан хохирол 231 108 080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “Вертекс-Эсодик” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гүенбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь “Вертекс-Эсодик” ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 13/44 тоот Смарт такси систем бүтээх тухай гэрээ байгуулсан. Гэрээний 5.4-т зааснаар гүйцэтгэгч нь смарт такси сервер хангамжийн программыг бүтээж, удирдлагын төвийн компьютерт суурилуулж, үйл ажиллагааг эхлүүлэх, үүрэг гүйцэтгэх боломжийг хангасан байдлаар захиалагчид хүлээлгэн өгөх, гэрээний 5.4.2-т заасны дагуу төхөөрөмжийг 350 ширхэг суудлын авто машинд суурилуулж өгөхөөр харилцан тохиролцсон. Гэвч хариуцагч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул манай зүгээс дахин нэмэлт хугацаа тогтоосон ч биелүүлээгүй. Талуудын байгуулсан гэрээний хугацаа 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болоход хариуцагч тал үүргээ биелүүлээгүй тул 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 14/01/042 тоот албан шаардлага хүргүүлсэн, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж хугацааг сунгасан. Гэвч гүйцэтгэгч нь 350 ширхэг смарт төхөөрөмж суурилуулахаас 97 ширхэг бүтээгдэхүүнийг доголдолтой байдлаар суурилуулсан тул түүнийг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд доголдолгүй болгож актаар хүлээлгэж өгсний дараа дахин гэрээ байгуулахаар болсон ч нэмэлт гэрээний дагуу хариуцагч “Вертекс-Эсодик” ХХК нь ямар ч ажил гүйцэтгээгүй тул бидний зүгээс 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 15/02/047 тоот албан бичгийн дагуу гүйцэтгэгч талд гэрээнээс татгалзах болсноо албан ёсоор мэдэгдсэн. “Вертекс-Эсодик” ХХК-д шилжүүлсэн 205 788 262 төгрөгийг буцаан өгөхийг шаардаж байна. Гэрээний 12.1-д заасны даруу алдангийг тооцсон ба Иргэний хуульд нийцүүлсэн байдлаар тооцож 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 91 хоногоор тооцож 25 319 818 төгрөг нийт 231 108 080 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 205 000 000 төгрөг шилжүүлсэн гэж байгаа ч 180 000 000 төгрөгийг манай компанид шилжүүлж, 25 000 000 төгрөгийг манай компанийн дансанд шилжүүлж өгөөгүй. Нэхэмжлэгч тал 4-5 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн гэж баримт өгсөн ч бид хүлээж аваагүй. Харин н.Тулга нь компанид ажиллах хугацаанд танай байгууллагаас мөнгө аваад бидэнд шилжүүлж өгөөгүй. Нэхэмжлэгчийн өгсөн төлбөрт тааруулан тоног төхөөрөмжийг суурилуулсан. Монголд анхдагч, баримт хэвлэж өгдөг такси бий болсон. “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК-д 2013 онд хүлээлгэж өгсөн ба 2 жилийн хугацаанд тоног төхөөрөмжийг ажиллуулж байна. Гүйцэтгэсэн ажлаас программ хангамжийн асуудал маш хэцүү боловч “Вертекс-Эсодик” ХХК ажлыг бүрэн гүйцэтгэж өгсөн. Гэрээний 1-т программ хангамж, 2-т тоног төхөөрөмж бүтээх, 3-т суурилуулалт гэх шаттайгаар гүйцэтгэхээр болсон. Бид 180 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Ажил хүлээлгэж өгөх гэсэн боловч нэхэмжлэгч байгууллагын захирал болон удирдлагууд солигдсон. Программ хангамжийн ажлыг бүрэн гүйцэтгэсэн. Тухайн үед бидний зүгээс гэрээний дагуу ажлыг бүрэн гүйцэтгэж байсан боловч үлдэгдэл 53 000 000-73 000 000 төгрөгийг шилжүүлж өгөөгүй. Гэрээ цуцлах саналыг мэдэгдсэн гэж байгаа боловч энэ талаар зөвхөн н.Тулгатай холбогдож төлбөр өгч авдаг байсан. Бид өөрсдийн зүгээс мөнгө гаргаж тоног төхөөрөмж авсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01918 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 355 дугаар зүйлийн 355.1.-д заасныг баримтлан “Вертекс-Эсодик” ХХК-иас 135 616 134 төгрөг гаргуулж “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 95 491 946 төгрөгийн нэхэмжлэл болон Б.Мөнх-Эрдэнэд холбогдох нэхэмжлэлийг  тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 313 500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Вертекс-Эсодик” ХХК-аас 836 030 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК-д олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 897 дугаар магадлалаар Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01918 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 205 дугаар зүйлийн 205.1., 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг баримтлан хариуцагч “Вертекс-Эсодик” ХХК-аас 205 788 262 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25 319 818 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...836 030 төгрөг...” гэснийг “...1 186 891 төгрөг...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 635 410 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Вертекс-Эсодик” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Талуудын хооронд 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 13/044 тоот бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан нь мөн чанартаа ажил гүйцэтгэх гэрээ болон худалдах-худалдан авах гэрээний агуулга шинж чанарыг өөртөө агуулсан нийлмэл гэрээ юм. Тухайлбал дээрх гэрээний дагуу 1-т программ зохион бүтээх, 2-т смарт такси систем /хайрцагласан/, 3-т угсралт суурилуулалтын ажил хийхээр тохирсон холимог гэрээ. “Вертекс-Эсодик” ХХК нь дээрх гэрээний дагуу хамгийн гол ажил болох программ зохион бүтээх ажлыг бүрэн дүүрэг гүйцэтгэн улмаар 97 ширхэг смарт такси систем /хайрцагласан/ суурилуулан өгсөн. Үүний дараа нэхэмжлэгч нь суурилуулсан смарт такси систем ашиглаж үйл ажиллагаа явуулж байсан. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 180 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн ба үүнээс илүү мөнгө шилжүүлээгүй төдийгүй тухайн үед 25 000 000 төгрөгийг нэмж шилжүүлсэн гэж маргадаг ч манай компанид орж ирээгүй. Өөрөөр хэлбэл энэхүү бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дийлэнх ажил нь хийгдсэн ч харамсалтай нь нэхэмжлэгч харилцан тохиролцсоны дагуу төлбөрийн үлдэгдлээ хийгээгүйн улмаас ажил гүйцэтгэх боломжгүй болсон. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4.-т “Төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчилнэ.”, 248 дугаар зүйлийн 248.2.-т “Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно” гэжээ. Гэрээний дагуу ширхэг смарт такси системийг хүлээн авсан тухайгаа нэхэмжлэлдээ дурдаж ашигласан байдал нь хавсаргасан баримтуудаас нь харагдаж байна. Гэрээний нийт үнэ 253 198 184 төгрөг бөгөөд энэ үнэнд 350 ширхэг смарт такси систем нийлүүлж угсрах байснаас 97-г суурилуулж ажиллуулсан. Анхан шатны шүүхээс 1 ширхэг смарт такси систем 723 423 382 х 97 = 70 172 068 төгрөг болсныг нэхэмжилсэн үнийн дүнгээс хасан 135 616 137 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343.4., 248 дугаар зүйлийн 248.2.-т заасанд нийцэж байгаа боловч хариуцагч компани нийт ажлын 90 орчим хувийг хийсэн байдлыг харгалзан үзээгүй нь учир дутагдалтай шийдвэр юм. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1.-д заасны дагуу магадлалаар нэмэгдүүлсэн 70 172 128 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.   

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн үндэслэлтэй болжээ. Хоёр шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг оновчтой тодорхойлж, алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1., 232.6 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Давж заалдах шатны шүүх гэрээнээс татгалзсан үйл баримтыг үндэслэн эрх зүйн үр дагаврыг хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК нь хариуцагч “Вертекс-Эсодик” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж шилжүүлсэн 205 788 262 төгрөг, алданги 25 319 818 төгрөг нийт 231 108 080 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн гэрээгээр  “Вертекс-Эсодик” ХХК нь мөн оны 12 дугаар сарын 23-ны дотор смарт таксийн сервер программ хангамжийг бүтээх, удирдлагын төвийн диспетчерийн персональ компьютерт суурилуулах, 350 ширхэг суудлын автомашинд төхөөрөмжийг суурилуулж хүлээлгэн өгөх, “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК ажлын үр дүнг хүлээн авмагц үнийг төлөх тохиролцоог Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв.

Гэрээний дагуу нэхэмжлэгчээс ажлын хөлс, материалд 205 788 262 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байх ба хариуцагч үүнээс 25 000 000 төгрөгийг аваагүй гэснээс гадна 97 автомашинд смарт таксийн системийн төхөөрөмжийг  суурилуулсан тул хөлсийг өгөхгүй гэж маргажээ.

Ажил гүйцэтгэгч буюу хариуцагч “Вертекс-Эсодик” ХХК нь гэрээнд заасан хугацаанд ажлыг гүйцэтгээгүй бөгөөд талууд 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэмэлт гэрээ байгуулсан боловч хариуцагч үүргээ биелүүлээгүй, нэмэлт хугацаа тогтоосон ч үр дүн гараагүй тул гэрээ цуцлагдсан байна. /хх-19-37 дугаар тал/

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.-д зааснаар ажил гүйцэтгэгч үүргээ ноцтой зөрчсөнөөс гэрээ цуцлагдсан бол захиалагч гэрээг цуцалж, өөрт учирсан хохирлоо ажил гүйцэтгэгчээс шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь 97 автомашинд смарт таксийн системийн төхөөрөмжийг суурилуулсан боловч программ хангамжийн ажил хийгдээгүйгээс ашиглаагүй, цаашид ашиглах боломжгүй, үүнээс өөр ажил хийгдээгүй тул гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нь шилжүүлсэн мөнгөө буцаан шаардсаныг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1., 205 дугаар зүйлийн 205.1.-д заасан зохицуулалтаар хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий болжээ. Ажил гүйцэтгэгч гэрээг цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлын хөлсийг авах боломжтой боловч зохих хэмжээний ажлын үр дүн байхгүй тул 97 автомашинд суурилуулсан төхөөрөмжийн үнэ, хөлсийг суутгахыг хүссэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. 

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.-д “Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж  ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй” гэж заасан. Г.Тулга нь хариуцагч компанийг төлөөлөн үндсэн болон нэмэлт гэрээг байгуулж байсан, хоёр талын тооцоо нийлсэн баримт, уулзалтанд оролцож байснаас үзэхэд “Вертекс-Эсодик” ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэхээр байх ба 25 000 000 төгрөгийг Г.Тулга авсан, манай компани аваагүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй хариуцагч “Вертекс-Эсодик” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээгийн гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хангах боломжгүй байна.

Монголд Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 897 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч “Вертекс-Эсодик” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээгийн гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 57.4.-т зааснаар хариуцагч “Вертекс-Эсодик” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 510 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА