Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2024/03413

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 26 өдөр

 

 

 

Дугаар 183/ШШ2024/03413

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *** дугаар хороо, Маршал таун, **** тоот хаягт оршин суух, Ч овогт Р гийн О /РД: **********/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, **** дугаар хороо, Махатма Ганди гудамж, өөрийн байранд байрлах, Ж  ХХК /РД: **********/-д холбогдох

 

21.093.193 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Р.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, гэрч Ж.Н, нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Р.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Р.О нь өөрийн төрсөн эгч Р.Т гийн хамт С ХХК-ийг ажиллуулдаг. Миний бие нь 2022 оны 7 дугаар сард Хан-Уул дүүрэгт Кинг Таур" Хотхонд ***** дугаар байрны **** тоот 167 м/кв-т орон сууцыг худалдаж авсан ба шалны паркетыг өөрөө хийлгүүлэхээр барилгын компанитайгаа тохирсон. Ингээд Ж ХХК-ийн "Мишээл Экспо" худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг лангуунаас өөрийн мөнгөөр цагаан шаргал өнгийн 150 м/кв-т паркет худалдаж авч тухайн худалдаж авсан байрандаа наалгаж шалыг паркетлуулуулсан. Гэтэл тухайн худалдаж авсан шалны паркет нь наалгасны маргааш нь ховхорч хендийрөн хотойж, ангал үүсэн шаарлага хангасангүй. Миний бие тэр даруйд нь Ж  ХХК-ийн "Мишээл Экспо" худалдааны төвд байрлах худалдан авсан лангуун дээрээ очиж худалдагчид хэлэхэд нягтлантай уулз гэсэн. Миний бие нягтлан худалдагч нартай уулзаж учир байдлыг танилцуулан тухайн шалны паркет нь хагарч хөндийрсөн шаардлага хангахгүй байгаа талаар мэдэгдэж зургийг үзүүлсэн. Улмаар нягтлантай нь ********** тоот утсаар холбогдож давхар мэдэгдсэн. Гэтэл тухайн Ж компанаас ерөнхий инженер н.Д г явуулж үзүүлсэн ба инженер н.Д нь тухайн шалны паркет шаардлага хангахгүй болсон гэдгийг хэлж нүдээрээ хараад явсан. Мөн удирлагууддаа хэлж асуудлыг шийдэж өгөхөөр болсон ба өнөөдрийг хүртэл намайг хохироосоор шийдэж өгсөнгүй. Аpra буюу шүүхэд хандаж байна. Миний бие 150 м/кв-т цагаан шаргал өнгөтэй шалны паркетыг нийт 21.093.193 төгрөгөөр худалдаж авсан. Паркетны мөнгийг Ж ХХК-ийн хаан банкны ********** гэсэн дансанд дараах байдлаар хувааж өөрийн хаан банкны дансаар болон С ХХК-ийн дансаар шилжүүлж төлбөрийн тооцоог хийсэн. 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 9.702.863 төгрөгийг С ХХК-аас шилжүүлсэн. 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 9.702.863 төгрөгийг өөрийн хаан банкны ********** тоот даснааас шилжүүлсэн. 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1.867.520 төгрөг нийт 21.093.193 төгрөгийг төлсөн. Одоо нөгөө шалны паркет нь шаландаа ангайж ховхороод байж байгаа. Мөнгөө буцааж авч дахин паркет авч шалаа шаллуулж байрандаа ормоор байна. Маш их хохирч байна. Иймээс Ж ХХК-аас шалны паркетны үнэ 21.093.193 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Р.О ы нэхэмжлэлийг шаардлагыг сонслоо. Дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр С  компаниас паркетны урьдчилгаа 50% гэж 9.790.000 төгрөгийг манай компанийн Хаан банкны дансаар орж ирсэн байдаг. 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 145.82 м2 паркетан шалыг хайрцаг, сав баглаа боодолтой нь жолоочоор хүргүүлсэн. Тэгээд 8 дугаар сарын 01-ний өдөр үлдэгдэл мөнгөө шилжүүлсэн. 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр паркет дутчихлаа гээд 1.687.000 төгрөг төлөөд манай компаниас паркет нэмж авсан. 2022 оны 12 дугаар сард буюу паркет авснаасаа хойш 5 сарын дараа манайд гомдол ирээд н.Д  инженер газар дээр нь очиж үзээд манай компани хариуцахгүй. Учир нь паркет нь аль хэзээний хүлээж аваад угсарч суурилуулчихсан байсан. Угсрахаасаа өмнө янз бүрийн дефект доголдол байсан бол манайх сольж өгч болно, угсарсны дараа боломжгүй гэж газар дээр нь ирж дүрс бичлэг, үзлэг тэмдэглэл хийчхээд явсан. Шүүхээс дээрх бичлэгийг судалсан. н.Д инженерийг гэрчээр асуулгасан. Эднийх өөрсдөө гүйцэтгэгч компанитай ажил гүйцэтгэх гэрээ хийж шалаа угсруулсан байна лээ. Тэр угсрагч компанийнх нь яг угсарч байгаа, хариуцаж байгаа хүн нь манай инженер н.Д той утсаар ярьж зөвлөгөө авсан. Иргэний хуулийн 343.1 буюу ажил гүйцэтгэх гэрээний гэрээгээр ажил гүйцэтгэгчийн захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэл, захиалагчийн уг ажлын үр дүнг хүлээж авах хэлцэлд хүрсэн гүйцэтгэх үүргийг тус тус хүлээдэг гэсэн байгаа юм. Гэтэл Р.О  Ж ХХК нарын хооронд энэ харилцаа үүсээгүй. Худалдан худалдан авах гэрээний харилцаа үүсээд манайх чанарын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө, бараагаа хүлээлгээд өгчихсөн. Манайхаас авснаасаа хойш буюу 7 дугаар сарын 29-нөөс хойш тухайн паркетэн шалыг яаж хадгалсан, яаж угсарсан, яаж арчилсан гэдгийг манай компани мэдэхгүй. Ийм учраас одоо нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа нэг шалтгаан болно. Хоёрдугаарт нэхэмжлэгчийн шаардах эрхийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2 Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ гэж заасан байдаг. Дансны хуулгаас харвал 7 дугаар сарын 26-нд 9.720.000 төгрөгийг С компаниас сүүлийн 2 гүйлгээ буюу 8 дугаар сарын 1-ний, 8 сарын 10-ны өдрийн энэ 2 гүйлгээг Р.О гэдэг хүний нэрээр Хаан банкны манай Ж группийн данс руу шилжүүлсэн байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд болохоор С компани биш Р.О гэдэг нэхэмжлэгч орж ирчихсэн нэхэмжилж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-д зааснаар энэ компанийн ямар нэгэн баримт бичиг, нотлох баримтууд хэрэгт авагдаагүй. Тиймээс 9.720.000 төгрөгийг Р.О нэхэмжлэх эрхгүй болчхоод байгаа юм. Гуравдугаарт н.А  жолоочийн мэдүүлгээр 7 дугаар сарын 29-нд паркетыг хүргэж өгсөн, Р.О ы өгсөн утасны дугаараар нэг залуу гарч ирээд паркетыг буулгаад хүлээж авсан гэдэг. Шинжээчийн дүгнэлт гарсан байгаа хэдий ч эвдрэлийн шалтгааныг тогтоож чадаагүй. Ер нь эвдрэлд орчихсон зүйлийг очиж үзэж шинжилж байгаа юм чинь мэдээж тодорхой хэмжээний шаардлага хангахгүй гэж дүгнэлт гарах нь тодорхой. Хамгийн гол нь юунаас болж энэ гэмтэл эвдрэл нь гарсан бэ гэдэг үндсэн шалтгааныг нь шинжээч тогтоогоогүй. Ийм учраас шинжээчийн дүгнэлтийг барин дүгнэх нь учир дутагдалтай. Нөгөөтээгүүр эхний шинжээчээр томилогдсон компани хэрэг дээр шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй гэдэг дүгнэлт гаргасан. Тэгэхээр 2 шинжээчийн дүгнэлт бол 2 өөр байгаа. Шинжээч н.Т ийн дүгнэлтийн асуулт 3-д нь паркетыг буруу наасан гэх үндэслэлгүй гэж хариулаад дүгнэлт хэсэгтээ болохоор угсралтаас шалтгаалаагүй гэсэн байна. Энийг угсрах үед паркет нь ямар нэг доголдолгүй байсныг бол баталж байгаа. Доголдолтой байх юм бол мэдээж зөв угсрагдахгүй, зөв наахгүй. Тэгэхээр угсарч наасан паркет доголдолгүй байсан байна гэдгийг эндээс тогтоогдож байгаа. Хэрвээ угсарч эхлэхэд зөрүү гарч, шаардлага гаргахгүй байсан бол угсрах үед гүйцэтгэгч тал буюу паркет шахаж байгаа тал шаардлага гаргаад угсрах ажлаа зогсоох бүрэн боломжтой байсан. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-д ажил гүйцэтгэхээр захиалагчийн шилжүүлсэн материал, ажил гүйцэтгэх аргын талаар захиалагчийн өгсөн зааварчилгаа нь ажлын үр дүнд муугаар нөлөөлөхөөр байх юм бол захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Хэрвээ доголдолтой байсан бол ажил гүйцэтгэгч энэ үүргээ захиалагчид мэдэгдээгүй, нэгдүгээрт үүргээ биелүүлээгүй, эсвэл энэ паркет нь ямар нэгэн доголдолгүй байсан учраас ажлыг үргэлжлүүлж гүйцэтгэж дууссан гэж үзэж байна. Гэвч угсарч дуусгаад 4 сарын дараа гомдол гаргасан. Нэхэмжлэгч нь шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээ биелүүлээгүй. Учир тухайн үед ажил гүйцэтгэгч буюу паркет шахуулж байгаа хүмүүс нь ямар нэгэн ажил гүйцэтгэхээр таны өгсөн материал шаардлага хангахгүй байна гэдэг мэдээллийг хэрвээ өгсөн бол энэ хүн тухайн үед нь энэ асуудлыг шийдэж өгөөгүй, үгүй бол гомдол гаргаагүй, тухайн материал маань шаардлага хангаж байсан гэдгийг нотолж байгаа. Мөн шал угсарсан н.О  гэх хүнээс гэрчийн мэдүүлэг авсан. Гэрч мэдүүлгээр хэлэхдээ Үйлдвэрээс алдаатай гарах боломжгүй, би маш туршлагатай, олон удаа шахаж байгаа, ер нь бол тал талх үйлдвэрээс гардаггүй шиг ийм материал доголдолтой, эвдрэлтэй шал үйлдвэрээс гарсан ямар ч боломжгүй юм гэж мэдүүлсэн. Энэ шалыг угсрах ажлыг олон жил хийсэн туршлагатай, ийм асуудал гардаггүй зэргээр өөрийгөө мэдлэг чадвар, бүтээгдэхүүний чанар байдлын талаар илтгэлтэй баттай ярьснаас үзэхэд паркетыг шахах үед ямар нэг доголдолгүй байсныг бас нотолж байгаа. 5 боодол паркет буцаасан гэж гэрч мэдүүлсэн. Энэ шалыг манай компанид буцааж өгсөн гэх ямар нэгэн баримт байхгүй. Шаардлага хангахгүй гэж буцаасан тухай үйл явдлаа нотолсон баримтыг ч хэрэгт нэхэмжлэгч талаас гаргаж өгөөгүй. Харин шал дутлаа гэж хэлээд буцаасан гээд байгаагийнхаа хэмжээтэй дүйцэхүйц хэмжээний шалыг өөрийнхөө мөнгөөр худалдаж авсан. Хэрвээ тухайн паркет маань доголдолтой байсан бол доголдлыг тухайн үед худалдан авагч өөрөө шалгаж хүлээж авах үүрэгтэй, мэдэх боломжтой байсан. Манай компани ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, доголдолгүй шалгаж хүлээлгэж өгсөн. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.3-д зааснаар тухайн эд хөрөнгийн доголдол нь худалдан авагч түүнийг тээвэрлэх, хадгалах, ашиглах журам зөрчсөнөөс, эсхүл гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүссэн учраас нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж үзэж байна. Доголдолтой байсан бол эд хөрөнгө хүлээж авах үедээ 255.1.1 буюу эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээж авсан гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, 2022.07.26-ны өдрийн баримт, 2023.01.11-ний өдрийн шилжүүлгийн баримт, Р.Т гийн иргэний үнэмлэхний хуулбар, 2023.01.12-ны өдрийн 2023-1/15 дугаар Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023.05.03-ны өдрийн итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.

 

Хариуцагч талаас: 2023.03.24-ний өдрийн итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024.06.05-ны өдрийн итгэмжлэл, гаргаж өгсөн байна.

 

Зохигчдын хүсэлтээр шүүх үзлэг хийж, Ц.Д , Э.У , Ө.О , Р.А  нараас гэрчийн мэдүүлэг авсан, Э ХХК-ийг шинжээчээр томилсон.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.О  нь хариуцагч Ж  ХХК-д холбогдуулан 21.093.193 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Ж  ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч Р.О  Ж  ХХК-ийн Мишээл экспо худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг лангуунаас 150 м.кв цагаан шаргал өнгийн паркетыг 21.093.193 төгрөгөөр худалдан авч 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 9.702.863 төгрөгийг Ж  ХХК-ийн Хаан банкны ********** тоот дансанд, С ХХК-ийн Голомт банкны********** тоот данснаас, 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр үлдэх 9.702.863 төгрөг, 1.687.500 төгрөгийг өөрийн /Р.О /-ны Хаан банкны ************ тоот данснаас тус тус шилжүүлжээ.

 

Ж  ХХК паркетан шалны мөнгө 21.093.193 төгрөг орсон талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ...паркетыг наасны маргааш нь ховхорч хөндийрч шаардлага хангаагүй тул тэр даруй худалдан авсан газартаа хандсан боловч, арга хэмжээ авахгүй байсан... тул шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлав.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа иргэн Р.О ы хувьд 150 м.кв цагаан шаргал өнгийн паркетыг 21.093.193 төгрөгөөр худалдан авсан тухайд маргахгүй, паркет худалдан авснаас хойш ямар хүмүүсээр шахалт угсралтыг хийлгүүлсэн, яаж арчилсан зэргийг мэдэх боломжгүй, худалдан авалт хийснээс хойш олон сарын дараа гомдол гаргасны дагуу манайхаас инженер н.Д  очиж үзээд манайх хариуцахгүй гэсэн тайлбарыг өгсөн байдаг. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Тус шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2023/12570 дугаар шүүгчийн захирамжаар Э  ХХК-ийг томилсон ба 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ШД 11/23 тоот дүгнэлтээр ... Иргэнд Р.О д худалдсан паркетан шал нь үйлдвэрээс чанарын хяналтаар ороогүй байх магадлалтай, дээжүүдийн эр эм ховилын зузаанд хэмжилт хийж үзэхэд угсарсан шалан дээр гарсан 1,62 мм-ийн өндөр намын зөрүү угсралтаас шалтгаалаагүй болох нь батлагдаж байна. Ж  ХХК-иас гаргуулсан уг шалны угсралтын заавар бүтээгдэхүүний гэрчилгээ нь эхний удаад хуулбар хувь, 2 дахь удаад ерөнхий техник шаардлага ирүүлсэн байх бөгөөд иргэн Р.О д худалдсан парт бүтээгдэхүүний хил гаалийн хяналтаар он сар өдрөөр батлагдах чанарын гэрчилгээ түүнийг орлох бичиг баримт гэж үзэх үндэслэлийг хангаагүй тул... дүгнэлтийг гүйцээж хүргүүлэв гэжээ.

 

Шүүх 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШЗ2024/0853 дугаар шүүгчийн захирамжаар Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн хоблоог дахин шинжээчээр томилсон бөгөөд 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ***** дүгээр албан бичигт Шүүхийн шижилгээний тухай хуулийн 19.1.8-д заасныг үндэслэн шинжээчээр оролцохоос татгалзаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч 2022 оны 8 дугаар сард паркетыг худалдан авч, паркетны талаарх доголдолыг паркет шахаж хийлгүүлсэн өдрөөс 2-3 хоногт паркет хуулрах үед дэлгүүрийн худалдагч н.Н д мэдэгдсэн гэж тайлбарлаж байх бөгөөд, гэрч Ж.Н  Р.О  нь утсаар ярьж байсан. Миний дэвтэрт юу гэж бичсэн байна тэрэнгүүрээ л байгаа. Р.О  Надтай ирж уулзаж мэдэгдсэн зүйл байхгүй. 2022 оны 10 сард утсаар паркетны талаар утсаар ярьсан гэв гэх мэдүүлэг, гэрч Ц.Д гийн паркетыг очиж үзсэн манайхаас ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй талаар тайлбарласан гэх мэдүүлэг өгсөн байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь тухайн паркетын талаарх доголдолыг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан болох нь талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээо тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д ...Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд хуулийн хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулдагдсан буюу нэхэмжлэгч худалдан авсан барааны төлбөрийг хариуцагчийн дансанд шилжүүлжээ.

 

Хариуцагч дээрх хуульд заасан биет байдлын доголдолгүй бараа бүтээгдэхүүнийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадагч түүнийгээ баримтаар нотлоогүй нөгөөтэйгүүр хэрэгт авагдсан паркет техникийн үзүүлэлтүүд, гарал үүслийн гэрчилгээ зэрэг баримтуудад тухайн паркетны модны чанар, дулааны эсэргүүцэл, бондын хүчин чадал, бодит ашиглалтын туршилт зэргийг харуулсан байх бөгөөд энэ нь паркетны ерөнхий техник шаардлагын талааарх баримтыг ирүүлсэн тухай шинжээчийн дүгнэлтэнд дурдсан байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.3-д зааснаар тухайн эд хөрөнгийн доголдол нь худалдан авагч түүнийг тээвэрлэх, хадгалах, ашиглах журам зөрчсөнөөс, эсхүл гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүссэн учраас нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж үзэж маргаж байгаа гэж тайлбарлаж байх боловч, түүнийгээ баримтаар нотлоогүй болно.

 

Иймд 21.093.193 төгрөгийг хариуцагч Жигүүр гранд групп ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Р.О д олгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Э  ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн зардалд 1.400.000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д шүүхээс гаргасан дараахь зардлыг зохигчоор нөхөн төлүүлнэ, 53.1.1-д шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үүрэгт ажилд нь хамаарахгүй бол ажлын хөлс-ийг нөхөн төлөхөөр заасан тул шинжээчийн ажлын хөлс болох 1.400.000 төгрөгийг хариуцагч Ж ХХК-иас гаргуулан Р.О д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж  ХХК-иас 21.093.193 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.О д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 263.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 263.500 төгрөг, шинжээчийн зардал 1.400.000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р.О д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО