Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/1232

 

 

 

 

 

 

     2020           9              22                                      2020/ДШМ/1232

 

 

Э.Ххолбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Раднаасүрэн, Я.Энхжаргал,

шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Б.Цэрэндолгор,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1291 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бгийн өмгөөлөгч Б.Раднаасүрэн, Я.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдол болон прокурор Н.Уранбайгалын бичсэн 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 41 дугаартай прокурорын эсэргүүцлээр Э.Ххолбогдох 2003002220181 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Боржигон овгийн Э.Х, 1984 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ............ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:...................../;

 

            Э.Х нь 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун овооны цагдаагийн постын зүүн талын замд Тоёота Приус загварын 16-20 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Долоо. “Замын тэмдэг ба тэмдэглэл” хэсгийн 7.2-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө”,  Арван нэг. “Тээврийн хэрэгсэл байрлан явах” хэсгийн 11.2-т заасан “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтална...” гэх заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч М.Сидийг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

            Тээврийн прокурорын газраас: Э.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Хыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Э.Хурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бгийн нэхэмжилсэн хохирлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Х хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бд 8.200.000 төгрөг өгсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сидиг хэрэгт хавсаргуулж хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлж, шүүгдэгч Э.Хын 993593 дугаартай жолоочийн үнэмлэхийг буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бгийн өмгөөлөгч Б.Раднаасүрэн гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр шүүгдэгч Э.Ххолбогдох шүүх хуралдаанд оролцохдоо шүүх хуралдаан даргалагчаас “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ямар байр суурьтай оролцох вэ” гэж асуухад өмгөөлөгч миний бие “Үйлчлүүлэгч С.Бгийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж шүүх хуралдаанд оролцохоо” илэрхийлсэн байтал шүүх хуралдааны 1291 тоот тэмдэглэлд өмгөөлөгч Б.Раднаасүрэн намайг “Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно, хавтаст хэргээс шинжлэн судлуулах зүйлгүй” гэж миний шүүх хуралдаанд оролцсон байр суурийг илтэд гуйвуулж, өмгөөлөгч миний эрхэнд маш бүдүүлгээр халдаж, өөрийнхөө үйлчлүүлэгчийн эсрэг, шүүгдэгч талд үйлчилсэн мэтээр намайг гүжирдэж, шүүх хуралдаанд миний хэлсэн үг, шүүх хуралдааны тэмдэглэлээс илтэд зөрүүтэй байхад уг шүүх хуралдааны тэмдэглэлдээ шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Баасанбат гарын үсгээ зурж баталгаажуулсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дахь заалтыг ноцтой зөрчсөн байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бгийн өмгөөлөгч Я.Энхжаргал гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”... Шүүх хуралдаанд нотлох баримтаар хураагдсан сидинд бичигдсэн бичлэг нэгдүгээр эгнээ рүү орж дууссан байхад үүнийг дуусч осол гарсан, нэг хүн нь хурдан хугацаанд зорчих хэсгийг гаталж гарсан, харин амь хохирогч тээврийн хэрэгсэлд мөргөгдсөн байна гэх мэтчилэн дөнгөж нэгдүгээр эгнээнд болж дууссан бичлэгийг замын 6 дугаар эгнээ хүртэл болсон мэтээр шүүгч өөрөө ургуулан бодож дүгнэлт хийж байгаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна..Хос-Од мэдүүлэгтээ явган зорчигчийг огт хараагүй гэсэн байдлаар ярьсан байхад хавтас хэрэгт хэргийн газарт хийгдсэн ослын бүдүүвч зурагт тоормозний мөр 12 метр гэж тэмдэглэгдсэн байна. Огт хараагүй бол тоормоз гишгэх шаардлагагүй. Шүүх бүрэлдэхүүнтэй гаргасан техникийн шинжээчийн дүгнэлт, шинжээч нарын тайлбарыг шинжээч нь хийсвэрлэх, таамаглах байдлаар мөргөхгүй байж, шүргэхгүй байх боломжтой байсан, үүсэх үр дагаврыг багасгах боломжтой байсан гэж дүгнэх нь бодит байдлаас өөр үр дүнг зохиомлоор бий болгох учир бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн. Замын хөдөлгөөний дүрэмд миний үйлчлүүлэгчийн эцэг явган зорчигчийг гарцтай газрын гарцгүй хэсгээр, явган хүний гарцтай газрын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарахыг хориглоно гэх заалтыг зөрчсөн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрч байна. Гэтэл Замын хөдөлгөөний дүрмийн 5.12.б заалт дээр аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатай саад хийхийг хориглоно гэж заасан. Гэтэл миний үйлчлүүлэгч гарцтай газрын гарамгүй хэсгээр нэгэнт гарчихсан боловч өөрийнхөө аюулгүй байдлыг хангахын тулд замын тусгаарлах  зураас дээр зогсох үүрэгтэй. Тэгэхэд жолооч яагаад замын тусгаарласан зурвасыг давж орж мөргөсөн гэдэг дээр шинжээчийн дүгнэлт гарсан. Үүнийг шүүгч бүрэлдэхүүнтэй шинжээчид хийсвэрлэсэн байна гэж дүгнэсэн. Явган зорчигч нэгэнт гүйгээд орчихсон бол аюулгүй байдлаа хангахын тулд замын голын тусгаарлах зураасан дээр зогсоно. Тийм учраас жолоочийг замын голын тусгаарлах зураасыг давахыг хориглохыг Замын хөдөлгөөний дүрмээр хориглосон. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгнө үү. ...” гэв.

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...хэлэх тайлбаргүй. ...” гэв.

 

Прокурор Н.Уранбайгаль бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхна шатны шүүх жолооч Э.Х нь зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр зорчиж явсан байх бөгөөд тэрээр “чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр 2 тээврийн хэрэгсэл зогсож байсан учир тэднийг шүргэхгүйгээр тойрч явсан” гэж мэдүүлжээ. Эгнээг тодорхойлсон тасархай цагаан шугамыг давахыг хориглосон дүрмийн заалт байхгүй болно. Мөн 1 дүгээр эгнээг голлож яваагүй нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлөхгүй болно. ...шинжээч нь хийсвэрлэх, таамаглах байдлаар мөргөхгүй байж, шүргэх боломжтой байсан, үүсэх үр дагаврыг багасгах боломжтой байсан гэж дүгнэх нь бодит байдлаас өөр үр дүнг зохиомлоор бий болгох учир бүрэлдэхүүнтэйгээр гаргасан шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх нөхцөл байдал бүрдээгүй болно. ...тухайн осол болоход явган зорчигч нарын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг илтэд зөрчсөн үйлдэл шууд нөлөөлсөн гэж дүгнэх нь зүйтэй байна” гэж дүгнэж жолооч Э.Ххолбогдох хэргийг цагаатгажээ. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зорилго нь “Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршино” гэж заасан ба жолооч Э.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “Замын тэмдэг ба тэмдэглэл” хэсгийн 7.2-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө”, Арван нэг. “Тээврийн хэрэгсэл байрлан явах” хэсгийн 11.2-т заасан “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтална...” гэх заалтуудыг зөрчин зам тээврийн осол хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтэд тусгагдсан зорчих хэсгийн 1, 2 дугаар эгнээнд үүссэн байгаа “дугуйн тоормосны хос мөр”, жолооч Э.Хын жолоодон явсан тээврийн хэрэгслийн урд талын улсын дугаарын гэмтэл, урд салхины шилний цацарч хагарсан байдал зэргээр тогтоогдож байна. Тээврийн цагдаагийн албаны 247 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч гаргасан дүгнэлтээ тайлбарлахдаа “...жолооч баруун тийш эгнээ голлож явсан бол толиор цохих, шүргэх, аюулыг зайлуулах гэх мэт учирч болох эрсдэлийг багасгах боломжтой байсан гэж бид үзсэн” гэж, өөрөөр хэлбэл жолооч Э.Х нь 1-2 дугаар эгнээ дамнаж явалгүй Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 2-т заасныг мөрдөн зорчих хэсгийн 1 эсхүл 2 дугаар эгнээнд явсан бол явган зорчигчийг мөргөхгүй байх боломжтой байсан нь тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, гэмтлийн ул мөр, тээврийн хэрэгслийн тоормосны мөр зэргээр тогтоогдож байгаа. Тээврийн хэрэгслийн жолооч нь эгнээг тэмдэглэсэн тэмдэглэлийн дагуу давахгүйгээр явах ба зөвхөн байр эзлэхдээ /аюулгүй байдлаа хангасан нөхцөлд/ тасархай шугамыг давах ба шүүх “...эгнээг тодорхойлсон тасархай цагаан шугамыг давахыг хориглосон дүрмийн заалт байхгүй болно” гэсэн нь буруу дүгнэлт бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.2-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга. үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө” гэж заасан. Явган зорчигч М.Снь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Тав. Явган зорчигчийн үүрэг хэсгийн 5.12-т заасан “Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэсэн заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон хэдий ч, жолооч Э.Х дээрх дүрмийн 1.5-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино” буюу мөн дүрмийн 7.2, 11.2 дахь заалтуудыг зөрчсөнөөс дээрх зам тээврийн осол хэрэг үйлдэгдсэн байхад, шүүх жолооч Э.Ххолбогдох хэрэгт, дээрх буюу хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтийг хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулалгүй, зөвхөн гзрч болон жолооч Э.Хын мэдүүлэгт дүгнэлт хийж түүнд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/1291 дугаартай Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Э.Хын өмгөөлөгч Б.Цэрэндолгор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэж байна. Өмгөөлөгч Энхжаргал Замын хөдөлгөөний дүрмээр хориглосон заалтыг зөрчсөн гэж ярьж байна. Гэтэл бодит байдал дээр Э.Х нэгдүгээр эгнээгээр явж байхад урд нь 2 автомашин байсан тул дохио өгч гүйцэж түрүүлэхдээ хоёрдугаар эгнээнд орсон байдаг. Ингэхдээ тасархай зураас буюу автомашин явахыг зөвшөөрсөн зураасаар давж эгнээ шилжсэн. Нэг урсгал нь 3 эгнээ замтайгаас автомашиных нь хойд талын нэг дугуй цагаан зураасыг 10 см давсан байсан. Гуравдугаар эгнээгээр явах бүрэн чөлөөтэй. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр Э.Хыг буруутгасан заалтууд нь хориглосон заалт биш тэмдэг тэмдэглэгээг анхааруулсан заалт юм. Үүнийг прокурор удаа дараа зөрчиж ойлгомжгүй дүгнэлтүүд гаргасан. Замын хөдөлгөөний дүрмийн 7.1 дүгээр зүйлд заасныг зөрчсөн талаар сүүлийн 3 жилийн статистик судалгааг харахад ямар ч жолоочийг тус заалтаар буруутгаж байгаагүй. Шинжээчийн дүгнэлтээр явган зорчигчийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 дугаар зүйлд заасныг зөрчиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гарц гарамгүй газраар гарч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан гэж дүгнэсэн. Э.Хыг явган зорчигчийг хараагүй гэж байцаалт өгсөн гэж байгаа боловч тэрээр харсан гэж мэдүүлсэн бөгөөд явган зорчигчийг хараад гэнэт зогсоох арга хэмжээ авч тоормоз гишгэсэн, гэнэт хүн гүйж гарч ирээд орсон гэж хэлдэг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар хавтас хэргийн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийлгүйгээр нотлох баримтаас гадуур зүйл ярьж болохгүй гэж үзэж байна. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт осол болохоос өмнө биш болсны дараа үнэлэлт дүгнэлт хийхдээ Замын хөдөлгөөний дүрэмд тодорхой заасан байдаг заалтыг буруугаар тайлбарласан. Шинжээч Алтанболдын мэдүүлэгт “бид нар ингэж үзсэн” гэдэг. Шинжээчид хуулийг өөрсдийн үгээр тайлбарлах ёсгүй, нэг мөр хэрэглэх ёстой. Шүүх үүнд зөв үнэлэлт дүгнэлт өгсөн. Замын хөдөлгөөний дүрмийн 7.1 дүгээр зүйлд заасныг зөрчсөн нь осол гарахад нөлөөлөөгүй. Учир нь, тухайн зам дээрх зураас тасархай зураас байсан тул жолооч давах бүрэн эрхтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн осол гарсан өдөр би ажлаа тараад нэгдүгээр эгнээгээр явж байгаад явган хүний гарч таарахаар нь хурдаа хасаж хоёр тийшээ хараад явган зорчигч байхгүй болохоор нь цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн. Хөдөлгөөнөө үргэлжлүүлж байхад нэгдүгээр эгнээгээр автобусны буудал дээр 2 автомашин зогсож байсан. Тэдгээр автомашиныг шүргэхгүйн тулд зүүн тийш дохио өгч өнгөрч явахад гэнэт урдуур хар бараан хувцастай хүн гүйж гарч ирсэн. Би сандрахдаа тоормоз гишгээд явган зорчигчийг мөргөсөн. Тухайн эгнээ давахыг хориглосон эгнээ биш, үргэлжилсэн эсхүл давхар шугам байгаагүй. Тухайн зам 6 эгнээтэй байсан бөгөөд би нэгдүгээр эгнээгээр явж байсан. Тасархай зураастай зам байсан. Би 5 жил жолоо барихдаа хурд хэтрүүлсэн гэх торгууль нэг ч удаа авч байгаагүй. ...” гэв.

 

Прокуророос Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Н.Уранбайгалийн эсэргүүцлийг дэмжиж байна. Осол гарсан өдөр 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр байсан бөгөөд энэ нь Монголын цагаан сар давцхсан, “Covid-19” өвчнөөс шалтгаалж хөл хорио тогтоосон үед хөдөлгөөний нягтаршил эрс багассан үе байсан. Мөн шүүгдэгч нь нэгдүгээр эгнээнээс хоёрдугаар эгнээ рүү гэрэл дохио өгөхөд хар бараан хувцастай хүн гэнэт орж ирсэн гэдэг. Гэнэт орж ирсэн гэх хар бараан хувцастай хүн зүүн гар талаас гуравдугаар эгнээнээс орж ирж байгаа нь хавтас хэрэгт авагдсан дүрс бичлэгээс харагддаг. Гуравдугаар эгнээнээс орж ирж байгаа хүнийг гэнэт харна гэх ойлголт байхгүй. Харин өөрийнх нь хэлснээр автобусны зогсоол дээр зогсож байгаа хоёр автомашины дундуур гарч ирээд гүйсэн тохиолдолд гэнэт гэх ойлголт яригдаж болно. Гэтэл хөдөлгөөний нягтаршилгүй гуравдугаар эгнээнээс гарч ирж байгаа хоёр хүний зөвхөн нэгийг нь олж хараад “гэнэт харсан” гэж тайлбарлаж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй. Энэ нь хавтас хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн эвдрэлийн зургаас харагдана. Тээврийн хэрэгслийн урд номер эвдэрсэн, салхины шил хагарсан байдаг. Өөрөөр хэлбэл, явган зорчигч үзэгдэх хүрээнд орж ирсэн байдаг. Түүнчлэн шүүх хэрэгт дүгнэлт хийхдээ зөвхөн шүүгдэгчийн мэдүүлэгт үндэслэж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь, хавтас хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн үеэр зам дээр үлдсэн ул мөр  буюу нэгдүгээр эгнээнээс хоёрдугаар эгнээ рүү орох явцад гэнэт хүн гарч ирээд аюулгүйн тоормозоо яаралтай гишгэсэн бол 1-2 дугаар эгнээ рүү чиглэсэн хөндлөн тоормозны 12 см мөр үүсч зам дээр гарах байсан. Гэтэл хэргийн газарт байсан ул мөр 1, 2 дугаар эгнээг дамнасан ул мөр байсан. Нөгөө талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн ярьж байгаа дүрмийн заалтууд хориглосон биш анхааруулах тэмдэг юм. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтад байдаг. Энэ заалтыг зөрчсөн гэж үзэж техникийн шинжээч нар дүгнэлтээ гаргасан. Ингэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл юу байсан гэдэгт хариулт өгсөн гэж прокурорын хувьд үнэлж, яллах дүгнэлт үйлдсэн. Ийм учраас Э.Ххолбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгах саналтай байна. ...” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Прокуророос Э.Х нь 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун овооны цагдаагийн постын зүүн талын замд Тоёота Приус загварын 16-20 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Долоо. “Замын тэмдэг ба тэмдэглэл” хэсгийн 7.2-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө”,  Арван нэг. “Тээврийн хэрэгсэл байрлан явах” хэсгийн 11.2-т заасан “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтална...” гэх заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч М.Сидийг мөргөж амь насыг нь хохироосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Э.Ххолбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүх, “Явган зорчигч М.Снь Замын хөдөлгөөний дүрмийн 5.12. Явган зорчигч дараах зүйлийг хориглоно. Үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй ” гэж үзсэн байна.

 

Хэрэгт авагдсан гэрч Т.Энхтайваны “...Тухайн үед би талийгаачийн “урд түрүүлж гараад манай нөхөр араас гарч ирж байтал 1 дүгээр эгнээгээр машин ирээд мөргөсөн. Автомашины хөдөлгөөн бага байсан учир явган хүний гарцаар гараагүй, явган хүний гарц байсан эсэхийг ч анзаарч хараагүй. Би талийгаачаас түрүүлээд ойролцоогоор 3-4 алхам буюу 1 метр орчим зайтай урд талд нь алхаж явсан. Ар талд “тас” хийх чимээ гарахаар нь эргээд хартал нөхөр маань тээврийн хэрэгслийн урд талд зам дээр хэвтэж байгаа харагдахаар нь гүйж очсон. ...” /хх 64-65, 156/, гэрч Ц.Лхагваагийн “...Чулуун овооны арын автобусны буудлын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явж байхад бид нарын зүүн гар талаас урдаасаа хойшоо чиглэлд гэнэт хар бараан хувцастай эрэгтэй хүн машины урдуур гараад ирэхээр нь эхнэр тормос гишгээд зогсож амжилгүй нөгөө хүнийг машиныхаа урд хэсгээр мөргөхөд явган зорчигч машины хамар хэсэг дээр гарч ирээд салхины шилийг толгойгоороо цохиод цаашаагаа гулгаад газарт унасан. /хх 56-57/, шүүгдэгч Э.Хын “...Чулуун овооны хойд талын автобусны буудал буюу ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд 1 дүгээр эгнээгээр явж байтал уг автобусны буудал дээр 2 тээврийн хэрэгсэл ар  араасаа зогсож байхаар нь зүүн гар тал руугаа дохиогоо өгч 2 дугаар эгнээ рүү шилжин орж хөдөлгөөнөө үргэлжлүүлэхэд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй хар бараан өнгийн хувцастай явган зорчигч гэнэт зүүн талаас гарч ирэхээр нь би авто машиныхаа тоормосыг гишгээд авто машины зүүн урд хэсгээр мөргөж явган зорчигч урд салхины шилэн дээр гарч ирээд, тохой, толгой хэсгээрээ буцаад ойгоод газар унасан. Тухайн газрын зүүн талд гэрэл дохиогүй явган хүний гарцтай байсан учраас би явган хүний гарц руу ойртож ирээд машиныхаа хурдыг сааруулж явган хүний гарцаар зам хөндлөн гарч байгаа явган зорчигч байхгүй байхаар нь цаашаа хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн. /хх 163-165/ гэх мэдүүлгүүд болон 2020 оны 5 сарын 4-ны өдрийн 247 дугаар шинжээчийн дүгнэлтийг хэрхэн ямар үндэслэлээр няцаан үгүйсгэж байгаа шүүхийн дүгнэлтийн үндэслэл болох нотлох баримтуудын агуулга, ач холбогдолын талаар бодитой үнэлэлт өгч, аль нотлох баримтаар прокурорын яллах дүгнэлтийг үгүйсгэж байгаа нь тодорхойгүй байна. Шүүх хуралдааны тэмдэглэлд өмгөөлөгчийн хэлсэн саналыг буруу бичсэн, шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэх болсон үндэслэлээ тодорхой ойлгомжтой дүгнэж бичээгүй зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дугаар зүйлд заасан “Шүүгдэгчийн цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг” цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгах хууль ёсны шаардлагыг хангаагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад “Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэр хүчингүй болох үндэслэл болохооор  заажээ.

 

Мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно” гэж бичжээ. /хх 221/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр сууринаас оролцоогүй болохоо илэрхийлж гомдол гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлийн агуулга буруу бичигдсэнээс шалтгаалсан байна.

 

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бгийн өмгөөлөгч Б.Раднаасүрэн, Я.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдол болон прокурор Н.Уранбайгалийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1291 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1291 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Э.Ххолбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэх хүртэл Э.Хурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ