Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2024/0099

 

 

 

 

 

2024            01           29                                   1*******/ШШ2024/0099   

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: “А*******” ХХК   

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.А, М.С

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ө.С

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Б, Ж.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: И.Ө

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Б, Ж.М нарын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн НА-24 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.С, хариуцагч Т.Б, Ж.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “А*******” ХХК нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Б, Ж.М нарын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн НА-24 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах шаардлагаар маргаж байна.   

2.Маргааны үйл баримтыг дурдвал      

2.1.Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Б, Ж.М нар нь “А*******” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд /Эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус-Иж бүрэн/ хяналт шалгалт хийж 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн НА-24 дугаартай татварын нөхөн ногдуулалтын актаар 387,818,181.82 төгрөгийн нөхөн татвар, 147,571,164.64 төгрөгийн торгууль, 158,938,503.07 төгрөгийн алданги, нийт 694,327,849.53 төгрөгийн төлбөр тавьсан   

2.2.Нэхэмжлэгчээс тус актыг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Тус зөвлөл уг гомдлыг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хэвээр үлдээсэн.     

2.3.Тус шүүхэд нэхэмжлэгчээс 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан Татварын улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн НА-24 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээр Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Б, Ж.М нарт холбогдуулан 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “А*******” ХХК нь 2006 оноос эхлэн тасралтгүй 14 жилийн хугацаанд барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагааг явуулж байна. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.Б, Ж.М нар нь манай компанийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийгээд 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн НА-24 дугаар Нөхөн ногдуулалтын актаар 387,818,181.82 төгрөгийн нөхөн татвар, 147,571,164.64 төгрөгийн торгууль, 158,938,503.07 төгрөгийн алданги, нийт 694,327,849.53 төгрөгийн төлбөр ногдуулсан. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

“А*******” ХХК нь 2017 оны 06 дугаар сараас нэр бүхий компаниудаас худалдан авалтыг хийж бүтээгдэхүүнийг борлуулсан. Гэтэл 2018 оны 05 дугаар сараас тухайн худалдан авалтын падаан зөрчилтэй буцаах шаардлагатай гэж Татварын ерөнхий газраас анхааруулга гарсан. Үүнтэй холбоотойгоор зөрчилтэй худалдан авалтуудын нэмэгдсэн өртгийн татварыг буцааж тайлагнасан. 2018 оны жилийн эцсээр буцаагдсан нэмэгдсэн өртгийн албан татварын талаар ярилцаж нэмэгдсэн өртгийн албан татваргүй худалдан авалт хийж бидний төлсөн татварыг буцааж өгөх, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвар шивж баталгаажуулж өгөх шаардлага тавихад “С” ХХК-иас падаан шивэгдсэн. Энэхүү шивэгдсэн падаан нь Татварын ерөнхий газраас гаргасан зөрчилтэй гэх компаниудын жагсаалтад байхгүй, тайлан илгээхэд анхааруулга алдаа гараагүй, өнөөдрийг хүртэл ямар нэгэн зөрчилгүй байсан.

Мөн манай компанийн зүгээс “С” ХХК-иас бодит худалдан авалтыг хийсэн бөгөөд энэ нь санхүүгийн анхан шатны баримт болон дансны гүйлгээний баримтаар нотлогдоно. Гэтэл татварын улсын байцаагч Т.Б, Ж.М нар нь зөвхөн “С” ХХК-ийг 2018 оны 1-8 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар үйл ажиллагаа явуулаагүй Х тайлан, аж ахуй нэгжийн орлогын албан татварын 2 дугаар улирлын тайлангаар үйл ажиллагаа явуулаагүй Х, жилийн эцсийн тайлан ирүүлээгүйгээс үүдэн “А*******” ХХК-тай хамааралтай борлуулалт, худалдан авалтын мэдээлэл байхгүй гэж дүгнэн 2018 онд “С" ХХК-иас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын 88 ширхэг падаанаар 3,878,181,818.19 төгрөгийн худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган албан татвар ногдох орлогоос хасаж, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил хэмээн үзэж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасны дагуу нөхөн ногдуулалтын актаар 387,818,181.82 төгрөгийн нөхөн татвар тогтоосон байна. Үүний дагуу нөхөн ногдуулсан татварыг хугацаандаа төлөөгүй гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу 116,345,454.55 төгрөгийн торгууль, 77,563,636.36 төгрөгийн алданги нийт 581,727,272.73 төгрөгийн төлбөр үндэслэлгүй ногдуулсан.

Тодруулбал нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдсан бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1-д заасны дагуу “С” ХХК татварыг төлөх тайлагнах ёстой үүргээ гүйцэтгээгүй байхад “А*******” ХХК-ийг буруутгаж нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь үндэслэлгүй хууль бус байна.

Улсын Их Хурлын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 21 дүгээр Коронавируст халдвар /covid-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай тогтоол, татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн дагуу татварын торгууль, алдангиас чөлөөлсөн атал 2019 оны цалин хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан 7,400,756.62 төгрөгийн татварт 2,633,956.99 төгрөгийн торгууль, 3,120,302.42 төгрөгийн алданги, 2018 оны цалин хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татвар 18,938,813.26 төгрөгт 1,893,861.33 төгрөгийн торгууль, 3,362,733.37 төгрөгийн алданги, 2019 оны дотоодын бараа, үйлчилгээний суутгасан 103,689,556.76 төгрөгийн НӨАТ-т 16,326,916.09 төгрөгийн торгууль, 23,047,052.54 төгрөгийн алданги, 2018 оны дотоодын бараа, үйлчилгээний суутгасан 517,043,406.19 төгрөгийн НӨАТ-т 10,368,955.68 төгрөгийн торгууль, 51,844,778.38 төгрөгийн алдангийг хуулийн хугацаанд тайлагнасан татвараа төлөөгүй хугацаа хожимдуулсан гэж ногдуулсан.

Түүнчлэн 2018 онд 3,878,181,818.19 төгрөгийн зөрчлийн дүнтэй гэж үзэн Дотоодын бараа, үйлчилгээний суутгасан 387,818,181,82 төгрөгийн НӨАТ-г нөхөн ногдуулж, 116,345,454.56 төгрөгийн торгууль, 77,563,636.36 төгрөгийн алдангийг хуулийн хугацаанд төлөөгүй хугацаа хожимдуулсан гэж ногдуулсан байна. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-д “Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, тайлбар хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна” гэж тухайлан заасан байхад 387,818,181.82 төгрөгийн НӨАТ-г нөхөн ногдуулж түүнээс 116,345,454.56 төгрөгийн торгууль ногдуулж байгаа нь нөхөн ногдуулалтын акт илэрхий хууль бус тооцооллын хувьд алдаатай байгаа нь тодорхой болж байна. Учир нь 387,818,181.82 төгрөгийн НӨАТ-т 38,781,818.18 төгрөгийн торгуулийн дээд хэмжээ ногдуулах хуулийн боломжтой. Тиймээс нөхөн ногдуулалтын акт тооцооллын хувьд буруу байгаа нь хууль бус гэж үзэх үндэслэл болж байна. Тиймээс хууль бус нөхөн ногдуулалтын актын улмаас “А*******" ХХК-ийн татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөд байна.

Иймд дээрх тайлбар үндэслэлийг дүгнэн үзэж хууль зөрчсөн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Б, Ж.М нарын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн НА-24 дугаар Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4.Хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Б, Ж.М нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Баянзүрх дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй ******* регистрийн дугаартай “А*******” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, ******* тоот томилолтоор эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус иж бүрэн шалгалтыг татварын улсын байцаагч Т.Б, Ж.М нар 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэв. Татварын хяналт шалгалтаар 4,525,254,353.02 төгрөгийн зөрчилд 387,818,181.82 төгрөгийн татвар нөхөн ногдуулж, 147,571,164.64 төгрөгийн торгууль, 158,938,503.07 төгрөгийн алданги, нийт 694,327,849.53 төгрөгийн төлбөр төлүүлэхээр 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн НА-24 дугаар нөхөн ногдуулалтын акт үйлдсэн. Татвар төлөгчийн гомдол гаргасан улсын байцаагчийн дээрх нөхөн ногдуулалтын актад холбогдох гомдлыг Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл магадлагаа хийж, зөвлөлийн хурлаар Нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаар тогтоол гарган шийдвэрлэсэн.

Татвар төлөгчийн шүүхэд гаргасан гомдолд дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: Нэг. 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 405 тоот өрөөнд “А*******” ХХК-ны захирал Б.Ээтэй уулзаж татварын хяналт шалгалтад хамрагдах талаар мэдэгдэж ерөнхий удирдамж, албан томилолт танилцуулж баримт бичгийн хүсэлт /хш-04/-ийг өгч яаралтай ирүүлэхийг мэдэгдсэн. Хаан банкны 50, 50, 50, Хас банкны 50, Ч*******ны 39, 510100*******5 тоот дансны хуулгуудыг хүлээлгэн өгсөн. Дахин нэмж өгөх баримт байгаа эсэхийг лавлахад нэмж өгөх баримт байхгүй гэсэн тайлбар өгсөн.

Хоёр. Тус компанийн 2018 оны 12 дугаар сарын “С” ХХК-иас худалдан авалт хийсэн гэх 3,878,181,818.20 төгрөгийн падаан нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан болон анхан шатны баримтаар нотлогдоогүй байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 “Анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог” гэж заасан. Татвар төлөгч нь “С” ХХК-тай холбоотой анхан шатны баримт татварын хяналт шалгалтын явц, маргаан таслах зөвлөлд ирүүлээгүйг дурдаж байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Албан татварын суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалт хийнэ”, 14.5-т “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэх заалтыг;

“С” ХХК нь 2018 оны 12 сард нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан илгээгээгүй, 2018 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан Х-ээр илгээсэн нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй байна. Иймд “С” ХХК-аас авсан бараа материалын худалдан авалт нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдоогүй, гэрээ хийгдээгүй, касс тайлан өгөөгүй, харилцах дансаар зарлагын гүйлгээ гараагүй байсан тул зөрчилд тооцсон.

Гурав. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна” гэх заалтуудыг тус тус зөрчсөн зөрчилд дараах байдлаар хариуцлага тооцсон. Мөн хуулийн 73 дугаар зүйл 73.1 "Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд тухайн татварын жилд мөрдөх алдангийн хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн татварын жилийн 1 дүгээр сард багтаан дараах зарчмыг үндэслэн тогтооно" гэх заалтын үндэслэн Нэмэгдсэн өртгийн албан татварын 2018 оны тайлангаар ногдсон 517,043,408.19 төгрөгийг татварын өрөнд 355 хоногоор, 2019 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 103,689,556.76 төгрөгийг татварын өрөнд нийт 364 хоногоор, 2018 онд Хувь хүний орлогын албан татварын тайлангаар ногдсон 7,400,756.62 төгрөгийн татварын өрөнд 365 хоног, 2019 онд Хувь хүний орлогын албан татварын тайлангаар ногдсон 18,938,813.26 төгрөгийг татварын өрөнд нийт 365 хоногоор тус тус тооцсон бөгөөд Covid-19 цар тахлын тархалтаас үүдэлтэй эдийн засгийн богино хугацааны сорилтыг даван туулах, урьдчилан сэргийлэх, бизнес эрхлэгчид дэмжлэг үзүүлэх зорилготой Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн дагуу татвар төлөгчийн ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөх хуулийн заалтыг хэрэгжүүлсэн болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.        

2.Нэхэмжлэгчээс “... улсын байцаагч нар нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа зөрчлүүдийг бүрэн гүйцэт нотлоогүй, мөн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулахдаа тооцооллын алдаа гаргасан.” гэж, хариуцагч нараас “... Нэхэмжлэгч “А*******” ХХК нь маргаан бүхий хяналт шалгалтад хамрагдахдаа өөрөөс шалтгаалах анхан шатны баримтуудаа гаргаж өгөөгүй, улсын байцаагч нар маргаан бүхий актыг гаргахдаа Татварын хууль тогтоомж болон холбогдох маягтуудыг баримталж ажилласан холбогдох хууль тогтоомж зөрчсөн зүйл байхгүй.” гэж тус тус маргажээ.

3.Нэхэмжлэгч “А*******” ХХК-аас Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг гаргасан бөгөөд дээрх шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

4.Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Удирдамж, маягт батлах тухай” А/******* дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3 дахь заалт, 79 дүгээр зүйлийн 79.5 дахь хэсгийг тус тус үндэслэн татварын хяналт, шалгалт хийх ерөнхий удирдамжийг шинэчлэн баталсан байна. 

5.Хариуцагч нар нь дээрх удирдамжийн дагуу 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай томилолттойгоор нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн 2018, 2019, 2020, 2021 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус иж бүрэн хяналт шалгалтыг хийжээ.

6.Дээрх хяналт шалгалттай холбоотойгоор хариуцагч нар нь маргаан бүхий 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №НА-******* дугаар нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн байна.

7.Маргаан бүхий дээрх захиргааны актаар нэхэмжлэгч “А*******” ХХК-ийг 5 төрлийн зөрчлийг гаргасан гэж үзэж, 378,818,181.82 төгрөгийн нөхөн татвар, 147,571,164.64 төгрөгийн торгууль, 158,938,503.07 төгрөгийн алданги, нийт 694,327,849.53 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоожээ.

8.Нэхэмжлэгч “А*******” ХХК-аас маргаан бүхий дээрх Нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байна.

9. Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл нь дээрх гомдлын хянан хэлэлцээд 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тогтоолоор маргаан бүхий татварын улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №НА-******* дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

10.Хариуцагч нар нь маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн 2019 оны Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татвартай холбоотой 7,400,756.62 төгрөгийн зөрчилд 2,633,956.99 төгрөгийн торгууль, 3,120,302.42 төгрөгийн алданги, 2019 оны Дотоод бараа, үйлчилгээний суутгасан нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой 103,689,556.76 төгрөгийн зөрчилд 16,3*******,916.09 төгрөгийн торгууль, 23,047,052.54 төгрөгийн алданги, 2018 оны Дотоод бараа, үйлчилгээний суутгасан нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой 517,043,408.19 төгрөгийн зөрчилд 10,368,955.68 төгрөгийн торгууль, 51,844,778.38 төгрөгийн алдангийг ногдуулжээ.

11.Хариуцагч нар нь дээрх зөрчлүүдийн торгууль, алдангийг ямар хуулийн ямар зүйл, заалтыг үндэслэн хэрхэн тооцож гаргасан талаар шүүхэд болон шүүх хуралдаан дээр тайлбарлан нотолж чадахгүй байх тул энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн асуудал байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-т заасныг тус тус удирдлага болгон       

ТОГТООХ нь:

1.Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 43 дугаар зүйлийн 43.5, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 26 дугаар зүйлийн 26.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 он/-ийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №НА-******* дугаар нөхөн ногдуулалтын актыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт хүчингүй болох үр дагавартай болохыг тайлбарласугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ГАНБАТ