Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 18

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 363 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ч.Б гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох, хүүхэд асарсны 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч Ч.Б гийн давж заалдах гомдлоор 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Б , хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М , нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Миний бие төрийн байгууллагад тасралтгүй 17 жил ажиллаж байгаа бөгөөд одоо хүүхэд асрах чөлөөтэй байгаа. Миний бие нөхөр Ц.А тэй 2005 онд гэр бүл болж, 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэр бүлээ албан ёсоор батлуулж, 14 жил хамт амьдарч байгаа бөгөөд бидний дундаас төрсөн хүүхэдгүй тул манай гэр бүл хүүхэд үрчлэн авах хүсэлтэй байсан. Бид 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн нярай хүүхэд үрчлэн авсан. Хүүхэд үрчлэн авахдаа би ээлжийн амралтаа эдэлсэн бөгөөд ээлжийн амралтын хугацаа 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дуусч, энэ өдрөөс үргэлжлүүлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар хүүхэд асрах чөлөө хүсч, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улсын ерөнхий прокурорт хандаж хүсэлтээ гаргасан. Мөн хүүхэд асарсаны 60 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг гаргуулах талаар байгууллагаас нийгмийн даатгалын хэлтэст хандахад хүүхэд үрчлэн авсан эхэд олгох боломжгүй гэсэн хариу өгсөн байсан. Ямар учир шалтгааны улмаас тэтгэмж олгох боломжгүй тухай тодруулахад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/30 дугаартай тушаалаар баталсан "Иргэн /даатгуулагч/-д эмнэлгийн хуудас олгох журамд зааснаар хүүхэд үрчлэн авсан эхэд эмнэлгийн хуудас олгохгүй гэсэн заалтаар олгох боломжгүй гэсэн болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт "нярай хүүхэд үрчлэн авсан эхэд хүүхдийг 60 хоногтой болтол хугацаагаар амаржсан эхийн нэгэн адил чөлөө олгоно" гэсэн хуулийн заалтыг зөрчсөн журмын заалтаар миний эрхийг зөрчиж байгаад гомдолтой байна. Монгол улс хүн амаа өсгөх бодлогыг баримталдаг бөгөөд өнөөдөр үр хүүхэдгүй өч төчнөөн гэр бүлүүд байдаг, тэд үр хүүхэдтэй болохын төлөө болохоос болохгүйгээ хүртэл өндөр зардалтай эмчилгээнд дотооддоо болон гадаад улсад явдаг ч эдгээр гэр бүлүүдэд тусалж дэмжсэн төрийн нэг ч бодлого, хөтөлбөр, хөнгөлөлт гэж байдаггүй. Гэтэл хуулиас давсан энэхүү журмаас болж хүүхэд үрчлэн авсан олон гэр бүлүүд хохирч байна. Монгол улсын Үндсэн хуулинд заасан хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн хуулийн заалтыг зөрчиж, хүүхэд үрчлэн авсан эхчүүдийг хүүхэд төрүүлсэн, үрчилснээр нь ялгаварлан гадуурхаж байгаа нь шударга бус, мөн миний бие 17 жил тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлчихөөд түүнийхээ үр шимийг хүртэж чадахгүй байгаадаа туйлын харамсаж байна. Иймд миний бие шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд хүрсэн тул хүүхэд асрах хугацааны 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох нийт 5,254,400 төгрөгийг Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж өгнө үү" гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжпэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Иргэн Ч.Б  нь 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нярай хүүхэд үрчлэн авч, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 105.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхэд асрах чөлөө авсан байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эхэд жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах эрхтэй. Мөн хуулийн 19.2-т Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг хангасан даатгуулагч эх, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж заасан. Нийгмийн даатгалын хэлтэс нь жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг олгохдоо эрүүл мэндийн байгууллагын бичсэн эмнэлгийн хуудсыг үндэслэн олгодог болно. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын дэвтэр, эмнэлгийн байгууллагаас олгосон эмнэлгийн хуудсыг, оршуулгын тэтгэмжийг нас барсан тухай гэрчилгээг үндэслэн олгоно гэж заасан байдаг бөгөөд иргэн Ч.Б  нь эмнэлгийн хуудас бичүүлээгүй байгаа нь нийгмийн даатгалын сангаас амаржсаны тэтгэмж олгох үндэслэлгүй байна.

Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/30 дугаар тушаалаар иргэн даатгуулагчид эмнэлгийн хуудас олгох журам батлагдсан. Журмын 25.1-д нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19-д заасан жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн нөхцөлд жирэмсний 31-32 долоо хоногтойд хяналт тавьж буй эрүүл мэндийн байгууллага олгоно, 4.1-д Дараах тохиолдолд эмнэлгийн хуудас олгохгүй, 4.1,7-д хүүхэд үрчлэн авсан эх гэж заасан. Нийгмийн даатгалын байгууллага нь эмнэлгийн хуудас бичих эрх бүхий байгууллага биш бөгөөд эрүүл мэндийн байгууллагаас олгосон эмнэлгийн хуудсыг нягтлан шалгаж нийгмийн даатгалын сангаас тэтгэмжийг олгодог. Эрүүл мэндийн байгууллага эмнэлгийн хуудас бичиж олгоогүй байхад нийгмийн даатгалын сангаас тэтгэмжийн зардал гардаггүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 105.1 дэх хэсэгт нярай хүүхэд үрчлэн авсан эхэд хүүхдийг 60 хоногтой болтол амаржсан эхийн нэгэн адил чөлөө олгоно гэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 105.1 дэх хэсэгт заасан энэ заалт нь тухайн эхэд чөлөө олгох харилцааг зохицуулж байгаа бөгөөд жирэмсэн амаржсаны тэтгэмж олгоно гэсэн заалт биш юм. Иймд тус хэлтэс нь Ч.Б гийн нэхэмжпэлийн дагуу 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгох хуулийн үндэслэлгүй байна гэжээ. 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 363 дугаартай шийдвэрээр:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Б гийн Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан, хүүхэд асарсны 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох нийт 5.254.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжпэгч Ч.Б  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. гэж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч Ч.Б  давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх болсон үйл явдал, баримтад бодитой дүгнэлт хийж чадаагүй, хэтэрхий нэг талыг барьж, түйлширч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь: Манай гэр бүл 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн 3 хоногтой нярай хүүхэд үрчлэн авч миний бие гэртээ хүүхдээ харж, өсгөн хүмүүжүүлж байгаа бөгөөд анхан шатны шүүхэд "хүүхэд асарсаны 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж" гаргуулах түхай нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасан чөлөөг бус мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу хүсэлтээр чөлөө олгосон тухай шүүхийн шийдвэрт тусгасан байна. Миний бие тухайн үед байгууллагаараа дамжуулан чөлөө олгохтой холбоотой хүүхэд асарсаны тэтгэмж гаргуулахаар хүсэлт гаргахад Нийгмийн даатгалын байгууллагаас боломжгүй гэсэн хариу өгсөн учир энэхүү хуулийн зохицуулалтыг хэрэглэлгүйгээр надаас чөлөө олгох хүсэлт гаргүулсан гэж үзэж байгаа бөгөөд энэ нь миний нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн түхай хуулийн 19'дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй" гэсэн хуулийн заалт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болжээ. Мөн шүүхийн шийдвэрт "хүүхдийг тээж төрүүлсэн эхэд энэ тэтгэмж олгогдоогүй, дээрх хуульд заасан болзлыг хангаагүй" гэх үндэслэл нь хүүхэд үрчилж авсан эхэд энэхүү тэтгэмжийг авах эрхийг олгохгүй юм гэжээ. Тэгвэл дээрх хуулийн заалт болон энэхүү хуулийн 192 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан болзол шаардлагыг хангаагүй хүүхдээ тээж төрүүлсэн эх энэхүү тэтгэмжийг авч чадаагүй тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэл төлж, эрүүл мэндийн шалтгаанаар хүүхэд төрүүлэх боломжгүйн улмаас нярай хүүхэд үрчлэн авсан эх яах вэ. Шүүхийн шийдвэрээс харахад "тээж төрүүлээгүй бол хохь чинь" гэсэн утгыг илэрхийлж хүүхэд тээж төрүүлэх боломжгүй миний эрхийг хязгаарлаж байна. Магадгүй миний бие өөрөө хүүхдээ тээж төрүүлэх боломжтой байсан бол...

Мөн шүүхийн шийдвэрт энэхүү тэтгэмжийг зөвхөн "эхэд" олгох ёстой мөнгө гэж тайлбарласан ба цаана нь төрсөн хүүхдийн эрхийг орхигдуулж, "хуульчлагдаагүй, хуульчлагдаагүй" гэсэн үгийг хэд хэдэн удаа дурджээ. Хүүхэд төрсөн бол бүх зүйл дуусахгүй амаржсан, төрсөн үеэс хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүрэг нь шууд үүснэ.

Гэр бүлийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 "үрчлэгдсэн хүүхэд нь төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ", 59.2 "үрчлэн авсан эцэг эх нь төрсөн эцэг, эхийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ" гэсэн нь үрчлэн авсан хүүхэд төрсөн хүүхдийн, үрчлэн авсан эцэг эх, төрсөн эцэг эхийн адил эрх эдэлж, үүрэг хүлээхийг хуульчилсанаас үзэхэд шүүхийн шийдвэрт тусгаснаас харин ч эсрэгээрээ төрүүлсэн эхийн бүх эрх үүрэг дуусч, үрчлэн авсан эхэд шилжиж байгаатай холбоотойгоор мөнгөн тэтгэмж авах эрх ч багтаж үүнээс улбаатайгаар тэрхүү тэтгэмж нь хүүхдээ асрахад тухайн эхэд эдийн засгийн хөшүүрэг болж байгаа мөнгөн тэтгэмж гэж ойлгож байна.

Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейн 1946 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 217А/Ш/ тогтоолоор баталсан "Хүний эрхийн түгээмэл тунхаглал"-ын 22 дугаар зүйлд "Хүн бүр нийгмийн гишүүний хувьд нийгмийн хангамж эдлэх эрхтэй, 25 дугаар зүйлийн 2-т "Эх нялхас онцгой асрамж, туслалцаа авах эрхтэй. 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр баталсан "Хүүхдийн эрхийн тухай конвенци"-д хүүхдийн бие бялдар,оюун ухаан гүйцэд төлөвшөөгүйн улмаас түүнийг төрөхөөс өмнө болон төрсний дараа онцгой халамж, хамгаалалт, түүний дотор эрх зүйн зохих хамгаалалт шаардлагатайг дурджээ. Үүнээс үзвэл дөнгөж төрсөн нярай хүүхдийг үрчлэн авч өөрийн хүүхэд мэт өсгөх явц нь эхэд хэдийгээр өөрт байгаа дутуугаа нөхөж буй мэт өнгөц харагдах боловч цаад утгаараа тэр учир мэдэхгүй, хаана өсөж торниж байгаагаа ухаарах боломжгүй хүүхдийг "хүн" болгож авна гэдэг маш их хатуужил, айдас давхар явж байгаа тул мэдээж төрсөн эхэд тохиолддог "төрөлтийн синдром"-ыг даван туулахад зориулагдсан амаржсаны тэтгэмж олгогдох ёстой. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан "хүүхэд, гэр бүлийн эрх ашгийг төр хамгаална" гэсэн хуулийн зохицуулалттай нийцэж байна гэж үзэж байна.

Конвенцийн 2 дугаар зүйлийн 1-д "Оролцогч улсууд хүүхдийг түүний эцэг,эхийг ... төрсөн болон бусад байдлаас үл шалтгаалан аливаа хэлбэрээр алагчилахгүй,энэхүу конвенцид заасан бүх эрхийг хүүхэд бүрийн хувьд хүндэтгэн хандана. 2 дугаар зүйлийн 2-т "Оролцогч улсууд хүүхдийг, түүний эцэг, эхийг аливаа хэлбэрээр алагчилахгүй бөгөөд шийтгэхээс хамгаалах бүх зохистой арга хэмжээг авна" гэсэн нь сэтгэл зүйн маш том сорилийг туулан гарч байгаа надад хүүхэд үрчлэн авсан гэдгээр алагчилан бие махбодийг сэргээхэд зориулан олгож буй тэтгэмжийг өгөхгүй гэдэг нь шийтгэлээс өөрцгүй мэт санагдаж байна. 2 дугаар зүйлийн 1-д "Нийгмийн хамгаалалын улсын байгууллага, шүүхээс хүүхдийн талаар явуулах үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхолыг хангахад анхаарлаа хандуулна, 7 дугаар зүйлийн 1-д "Хүүхэд төрмөгцөө эцэг эхээ боломжийн хирээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрхтэй гэснээр дөнгөж төрсөн нярай хүүхэд үрчлэн авсан эх би хамт байж,өсгөх үүргээ хэрэгжүүлсэн. Мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцийн үндсэн 4 зарчмын нэг болох хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих эрхийг илүү хүндлэх ёстой. Эсэн мэнд амьдрах эрхэд наад зах нь эцэг, эхийн хайр халамжийг хүртэх, үл ялгаварлал орно. Ингэхээр хүний эрх хүүхдийн эрхээс эхлэх учиртай.

Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д "Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна", 6 дугаар зүйлийн 5-д өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асран болох хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй гэж заасан конвенци болон хуулийн заалтыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.

Хөдөлмөрийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д "нярай хүүхэд үрчлэн авсан эхэд хүүхдийг нь 60 хоногтой болтол хугацаагаар амаржсан эхийн нэг адил чөлөө олгоно" гэсэн хуулийн зохицуулалтыг юу гэж ойлгох уу. Энэ зохицуулалт нь амаржсан эхтэй нэг адил гэж ойлгогдохоор байна. Хэрвээ хүүхэд үрчлэн авсан эхэд зөвхөн чөлөөний түхай асуудал яригдах юм бол хуулийн 105 дугаар зүйлийн зохицуулалт байх шаардлага байхгүй. Зөвхөн энэ хуулийн 106 дугаар зүйлээр зохицуулагдана гэж миний бие ойлгож байна. Эрүүл мэндийн шалтгааны улмаас хүүхэд төрүүлэх боломжгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж төрөөс олгох 1 удаагийн мөнгөн тэтгэмжийг олгож, эрхэм шүүгч та бүхэн миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү... гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх тухайн эрх зүйн харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ч.Б нь Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан хүүхэд асарсны 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 5.254.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, Цалингийн тодорхойлолт, Хүүхэд асрах чөлөө олгох тухай тушаал, Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн гэрчилгээ, ********** дугаартай А.С  2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрснийг бүртгэсэн гэрчилгээ, Ч.Б гийн нийгмийн даатгалын ****** дугаартай дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

Хариуцагч Нийгмийн даатгалын хэлтэс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М  нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасан зохицуулалт нь эхэд чөлөө олгохтой холбоотой заалт тул тэтгэмж олгоход хамааралгүй мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг хүүхэд үрчлэн авсан эхэд олгох хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарласан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ч.Б , Ц.А  нар 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/173 дугаартай хүүхэд үрчлэх тухай захирамжаар 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн Ш овогтой Б.С г үрчлэн авсан нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн засаг даргын захирамж, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Ч.Б  нь хүүхэд үрчлэн авахдаа би ээлжийн амралтаа эдэлсэн бөгөөд ээлжийн амралтын хугацаа 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дуусч, энэ өдрөөс үргэлжлүүлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар хүүхэд асрах чөлөө хүсч, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Улсын ерөнхий прокурор тушаалаараа 2 жилийн хугацаагаар хүүхэд асрах чөлөөг олгожээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 5-д өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй бөгөөд монгол улсын иргэн энэ үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар нярай хүүхэд үрчлэн авсан эхэд хүүхдийг 60 хоногтой болтол хугацаагаар амаржсан эхийн нэгэн адил чөлөө олгоно гэж, Гэр бүлийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т үрчлэгдсэн хүүхэд нь төрсөн хүүхдийн нэгэн адил эрх эдлэж, үүрэг хүлээнэ 59.2-т "үрчлэн авсан эцэг эх нь төрсөн эцэг, эхийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ" гэж тус тус заажээ.

Ниймгийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зорилт нь Ниймгийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлж тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд даатгуулагчид ниймгийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Б  нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу ...болзол журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэтгэмжийн даатгалын шимтгэлийг 12 сараас доошгүй хугацаанд шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж тус тус заасны дагуу даатгуулагч эх, хүүхэд асарсны тэтгэмжийг адилтгаж авах нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зорилтод нийцнэ гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Б гийн давж заалдсан гомдлыг хангаж, Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 363 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс хүүхэд асарсны тэтгэмж 5.254.400 төгрөг /таван сая хоёр зуун тавин дөрөв дөрвөн зуу/ гаргуулж нэхэмжлэгч Ч.Б д олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Нэхэмжлэгч Ч.Б  давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ё.БЯМБАЦЭРЭН

        ШҮҮГЧИД                        Д.МӨНХӨӨ

                                                          М.ХҮРЭЛБААТАР